Хөх хулганы орон - Хэлбэрээр дүүрэн улсад амьдарч байна...

2013-07-06 Battsengel бичсэн.
Хэлбэрээр дүүрэн Монголд амьдарч байна. Магадгүй хэлбэрээр дүүрэн дэлхийд ч амьдарч байж болох юм. 

Хэлбэр гэдэг бол ердөө харагдах байдал. Хэлбэр гэдэг нь зарим хүртэхүйгээр бидэнд бууж буй ердөө эхний л төсөөлөл. Алимаар бол хальс нь л даа. Гэхдээ алимны жинхэнэ шим шүүс хальсны дотор нь байдаг биз ээ. Яг үүн шиг ямар ч юмны хэлбэрийн цаана жинхэнэ дүр төрх, учир шалтгаан, гол зангилаас, ур хийц, тодруулбал мөн чанар нь оршиж, нуугдаж байдаг аа.
Гэтэл өдгөө энд тэндгүй ХЭЛБЭР!!! Энэ бүх хэлбэрийг харсаар залхаж байна. Нэг л их хэлбэрт баригдаж, бусдад сайхан хэлбэр үзүүлэх гэсэн өрөвдмөөр баг зүүгчид энд тэндгүй. Хэлбэрийн цаана нуугдаж байгаа жинхэнэ зангилаас, учир шалтгааныг эрэлхийлэгчид, бүтээгчид тун цөөн байдаг юм шиг. Хэлбэрийг үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ өдгөө хэлбэр нь тэргүүнд тавигдаж, гол зүйл нь хэлбэрийн сүрэнд дарагдах ажээ.

Үгүй ээ, ядаж эрдэм ном, оюун санааны ариун ажил хийж буй хүн нь хэлбэртээд байхаар юу хэлэх вэ дээ. 20-р зуунд Монголд байгууллагдсан ууган сургууль болох Нэгдүгээр дунд сургуулийн захирлын хөөрөгний зураг залуу үеийн хамгийн их уншдаг “ном” болох“фэйсбүүк”-т тавигдаж цөөнгүй хэлбэр хөөгчдөөс өндөр үнэлгээ, сайшаал хүртэж, мань захирал ч хөөргөөрөө сайрхах мэт. Урлагийн бүтээл талаасаа маргаангүй сайхан бүтээл ажээ, тэр хөөрөг. Хэдий тийм ч, оюун санааны үйл хэрэгт зүтгэгчийн хувьд хөөргөөр бус, хүмүүсийн оюун санаанд оруулж буй хувь нэмрээрээ сайрхдаг бол мөн сайхнаа. Тэр бааварлаад байгаа хөөрөгний дараалал нь төө хол байх ёстой атал, мань захирлын тэргүүнд залрах нь тэр ээ, одоо яаая гэхэв. 

Аан бас, сайхан жишээ толгойд орж ирлээ. Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал байнга болдог билээ. Тэр хуралд оролцогчид, бие биенээ бүтээмжит шүүмжлэлээр шүүх бус, зүгээр л бие рүүгээ цэрээ сороод нулимах нь муухай байдаг аа. Тэнд хэлэлцэгдэх бүтээлүүд нь нөгөө л хэлбэртээ баригдаж, эгээ л өтөнд баригдсан мэт харагдана. Тэдгээр бүтээлийг үнэлээд байр эзлүүлэх нь дахиад л хэлбэр төдий зүйл. Тэр байрыг эзлүүлж дүгнэх хүмүүс нь, дахиад л хэлбэрээр үнэлэгдэж гарч ирэгсэд байдаг тул хэлбэрийг хэлбэрээр хэлбэртсээр байгаад таардаг аа. Тэгээд л эрдэм шинжилгээний хурал сайхан нэрийн доор дахиад л хэлбэрийн урсгал байх нь тэр ээ, одоо яаая гэхэв дээ. Ууг нь энэ сайхан хурлын доор, жинхэнэ оюун ухаанч мэтгэлцээн, үр дүнтэй гарцтай бүтээмжит шүүмжлэлүүд өрнөж, улмаар илүү сайн БҮТЭЭЛ гарахад л чиглэх ёстой шүү дээ. Гэхдээ ийм хэлбэр хөөгчид дунд гол чигээ хөөж, хэлбэрийг гаргуунд нь гаргасан жинхэнэ мундагууд, эрдэмтэд шал өөр байдаг юм шүү, тэдгээр хүмүүсийг энд хамруулаагүй гэдгийг ойлгох биз ээ. 

За дүүр ч, хөөрхий багш, оюутнуудаа хэлбэртлээ гэж бичээд яахав. 

Хэлбэр, хэлбэр, хэлбэр... Мөрөөдөл бус мөнгөний араас гүйлдэх, мөнгөний араас зогсоо зайгүй өөрийгөө зовоох, увайгүй үйлдэл хийгсэд энд тэндгүй ээ. Мөнгө мөрөөдөл хоёрын дарааллын хувьд мөрөөдөл эн тэргүүнд байх нь зүй ёсны хэрэг бус уу. Тэгээд болоогүй ээ, хүнд сайхан харагдах гэж өөрийгөө ямар ихээр нуудаг юм бэ дээ. Хамгийн хачин нь, үүнийг даган дуурайж баясагчид түм бумаараа байх юм, бүгд толгойгүй мэт. Ууг нь өөрийнхөөрөө байх нь тэр хүнд бурхнаас заяасан хамгийн сайхан оршихуй мэт. Гэтэл тэр оршихуйгаа нуух, тэр оршихуйгаа сонсохгүй бусдыг харанхуйгаар даган дуурайж хэлбэр хөөх нь хамгаас тэнэг ээ. Бусдад сайхан харагдахын тулд өөрийгөө зовоож, тарчлаах нь өрөвдөлтэй ч юм аа даа. Ууг нь хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов гэж сайхан үг байдаг боловч үйлдэл бус үг хэвээр л үлдэж.


Яг үнэндээ Монгол улс асар ихээр мөнгөжиж байгаа, цаашид ч бидэнд ахдахаар их мөнгөтэй болно оо, энэ бол тодорхой зүйл. Хэт амархан мөнгөжих нь биднийг хэлбэрийн араас л дагуулж байна. Хэлбэрийн араас хэт шунаж байгаа нь бараг өдөр алгасалгүй болох элдэв баяр, цэнгээн, хүлээн авалт нэртэй үйл ажиллагаануудаас харж болно оо. Мөн, хэн том хөөрөгтэй вэ, хэн том мотортой машинтай вэ, хэн хөөрхөн эхнэртэй вэ, хэн олон давхар байшинд амьдрах вэ, хэн хамгийн олон угаалын өрөөнд бие засаж, нүүр гараа угаах вэ, хэн үнэтэй хувцас өмсөж, хэн өдөр болгон, цаг минут бүрт өөр өөр цүнх үүрэх вэ гэсэн төгсгөл нь үл харагдах харанхуй хийрхлээс харагдана. Нэг л их чамирхаж, хээнцэрлэж гол чиг шугамаасаа хазайгсад...Эргээд нэг хараасай даа...Гол зүйлээ хийж чадахгүй байж юун хэлбэр, юун чамирхал. Харин гол чиг шугамаа мэдэж байвал, ямар хамаа байхав...

Болоогүй ээ, үргэлжилж өгнө. Ямар ч зүйл хийсэн хэлбэрт баригдагсад...Хүн болгоны харах өнцөг ялгаатай байдаг биз ээ, миний хувьд иймэрхүү л байна.

...Өөрийн дотоод хүслээс оргилон гарах, дотоод сэтгэлээс булаглан урсах цэвэр тунгалаг усны чигийг бид дор бүрнээ зогсож харах ёстой юм шиг ээ. Тэгэхгүй л бол хэлбэрээсээ хэзээ ч салахгүй. Дотоод сэтгэлээс булаглан гарах цэвэр тунгалаг горхио эргэж хараагүй цагт, дэндүү хурдан өөрчлөгдөж байгаа мэт санагдах, хэт их мэдээллийн урсгал бүхий, дэндүү их хийрхэл дунд орших энэ цаг үеийн тээрмэнд тээрэмдүүлээд өөрийн гэх юу ч үгүй үлдэх вий дээ. Иймээс хэлбэрт ороод алга болохгүйн тулд сэтгэлийн тунгалаг горхи, өөрийн тань дотор орших хэзээ ч үл давтагдах өөрийнхөө дүр төрхөө олж аваад, дотоод сэтгэлээс урган гарах сэмбэгэр сайхан мөрөөдлөө олъё оо, тэгээд мөрөөдлийнхөө араас зүтгэе ээ, мөнгөний араас бус...Баяртай хийрхэл, хэлбэрүүд ээ! гэж хэлэх цаг ирэх биз ээ.

1 сэтгэгдэл:

Myadgaa said... ( 7/7/13 19:26 )

mash ih taalagdlaa uneheer unen helber huuj bga ni.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...