"Хөх" хулганы орон
2013-06-28
Battsengel бичсэн.
За, 131dg-ийн гишүүн Д.Батцэнгэл би бээр өөрийн бодлоо буулгасан бичвэрүүдээ цувралаар блог дээрээ буулгаж байя аа :) Ер нь блогтоо салхи оруулаагүй яасан ч их хугацаа өнгөрсөн юм бэ дээ. Дахиж блог чамайгаа ингэж удаан ганцаардуулахгүй гэж найдаж байна :) За ингээд цуврал бичвэрүүдийн маань эхлэл болгож "Хөх хулганы орон"-оо нийтэлье.
"Хөх" хулганы орон
"Эрдэм"-ийн зүйлээр бөөлжөөд байдаг, эрүү цагаан хулгана нэгэн жил ээ..
Агуу түүхт Хөх хулганы орон оршдог ажээ, гэвч одоо агуу түүхт гэдгээс нь өөр үлдсэн зүйл тун маруухан аж. Үүнийг нотлох мэт цагтаа хөрст алтан дэлхийг доргиож, Хөх хулганы орноо мандуулж байсан тэднийг, хаяа дэрлэн зэрэгцэн орших эсвэл харь газраас ажин суух янз янзын "муурнууд" мөрийтэй тоглоомын бай болгох мэт...
Гаднаас ажих тэдгээр муурнуудыг яаая да гэж байхад, ядаж байхад яр гэгчээр өвөр дотроо арцалдах Хөх хулганы орноос төрийн гэх тодотголтой чинэгэр, тарган, хээтэй, цагаан, хар, за элдэв шид нь бүрдсэн муурнууд тодрон гарч ирэх нь юутай сүртэй вэ. Одоо л нэг бид мууртай болж санаа амарлаа, харь газраас ирэх муурнуудыг ч тонилгоод өгөх нь гэтэл, үгүй юм аа. Баларсаан, баларсан! Дотор гадны нийлсэн муурнууд манай Хөх хулганы орныг цөлмөөд дуусах нь байна шүү, муурнууд бол муурнууд л байдаг юм байна!
Гээд хэцүүдэж байтал Хөх хулганы оронд нэгэн таатай мэдээ дуулдлаа шүү. Төрд зөвхөн муурнууд сонгогдоогүй юм байж, зарим хулганууд шургалж амжжээ. Азны юм, тэнгэрийн хишиг! Хөх хулганы оронд "муурнуудтай тэмцэх газар" байгууллагдаж, нөгөө элдэв шид нь бүрдсэн муурнуудтай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах нь байна, сайхан мэдээ!
Гэтэл зарим муурнууд нь үнэхээр "аймар" ажээ. Тэдэн дундаас цагтаа Хөх хулганы орны төрийг тэргүүлж байгаад, сүүлд хулганы арьс нөмөрсөн муур болох нь илчлэгдсэн шар алаг муур онцгойрч байна шүү. Тэр бүр муураа байгаад муурны төрлийн дээд төрөлтөн бар, ирвэс багцааны болж, одоо яана аа. Хэдий тийм ч мэргэдийн сургасны дагуу буюу үнэнээр явбал юуг ч гүйцнэ гэгчээр нөгөө бар, ирвэсийн арьс нөмөрсөн муурны үнэн төрхийг нь илчилж чадлаа. Гэсэн хэдий ч нөгөө "шар алаг" маань хулганы арьс нөмөрсөн хамтрагчдаа Хөх хулганы төрийн суудалд хавчуулж амжжээ...
Хаяа нэг сайхан мэдээ дуулдах боловч дахин дахин Хөх хулганы орны төрд муурнууд сүрэг сүргээрээ сонгогдсоор байх аж. Үе үеийн сонгуулиар л, улиг болсон муурнуудын уриа явах боловч, хөөрхий хулганууд муурнуудыг сонгох нь дуусгавар болдоггүй ээ. Та бүхэндээ хар цагаан, тарган туранхай, өндөр нам, сахалтай сахалгүй, хумстай хумсгүй, сүүлтэй сүүлгүй, гэх мэт төрөл бүрийн муурнуудын урианаас ганц нэгийг толилуулбал,
"Муур мань чинь, Маргаашнаас эхлээд, МАХН-аас гарч, Мауз та нарынхаа төлөө, Маш их зүйл хийх болно..."
"Ам цагаан муур нь, АН-д та нарынхаа төлөө, Аягүй их зүйл хийнэ.." гэх мэтээр урсгаж өгнө дө, хөөрхий.
Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр өнөө муурнууд чинь бас бие биенээ муулна, илчилнэ, харилцан нэгэндээ ".а.аавч" үзүүлнэ, харилцан урвалцана... гээд урсаж өгөх авч, цаанаа нэг л зорилготой, Хөх хулганы орныг "идэх" юм шүү дээ.
Элдэв шид нь бүрдсэн өнөөх гайхал муурнууд эхнээсээ Хөх хулганы оронд дэг журам тогтоож эхэлж байна. Хөх хулганы орныхон шөнө дундаас өмнө орондоо орж унтсан байх ёстой, бүрэнхий болсноос хойш зурагтаа асааж болохгүй гэж эхлээд шөнө дундаас хойш өвөр хоорондоо эвцэлд орохыг хориглоно, эс тэгвээс "Муур Тв"-ээр шууд цацна гэж үргэлжлэх хуулийг баталсан муурнууд, харин өөрсдийгөө "муур гишүүн", "муур сайд", "муур цэц"-ийн "халдашгүй эрх"-ээр хамгаална. Эд нар чинь хэн бэ? Аан муурнууд л байна...
Аан тэгээд, муурнууд ийм байгаа тул эгэл жирийн хулганууд бүгд муур болохыг хүснэ. Үгүй ядаж муурны баас цэвэрлэгч, хошного угаагч болвол муурны хаялганд хариалагдах тул тэр биз. Ингэх нь ч нээрээ аргагүй юм, хөөрхий жирийн хулгана өөрийнхөө хөвөөгөөр цамц нэхээд зарах гэхээр "муурны стандарт"-д нийцэхгүй байна, энэ нь мууранд таарахгүй, тэр нь ч мууранд хортой гээд шатаагаад хаяна...
Муурнууд учраас хулгануудад ийм халгаатай байх нь нээрээ л жам ёсны хэрэг юм уу даа. Хэдий ийм боловч Хөх хулганы оронд маань сайн цаг айсуй...Цөөхөн ч гэсэн жирийн хулганууд өнөө муурнуудыг илчилж, төрхөмд нь оруулахаар хөдөлж буй нь Хөх хулганы орны маань ирээдүйд гэрэл харагдах мэт...
Хорин хэдхэн жилийн өмнөөс л өөрсдийгөө дахин залах болсон, эргэн тойрондоо муурнуудаар хүрээлэгдэх, дотроосоо мөн муурнуудаар идүүлж буй Хөх хулганы оронд маань арай цөөн тооны "муур" агуулсан шинэ үе ирж байна шүү, тосоод аваарай.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...