Хөх хулганы орон - Шарталт
2013-07-10
Battsengel бичсэн.
Хөх хулганы орон - Шарталт
Гашуун ундааг ахиухан хүртсэний маргааш хүмүүс, “шартлаа” гэж гэдэс гүзээ, толгой тархиа барингаа, гавьяа байгуулсан мэт бахархангуй ярьдаг аа.
...“Шараа” тайлна гээд өнөөхөөсөө дахиад татаад хаяна. Улмаар нөгөө бүрзгэр байсан гэдэс дотор нь онгойж, дахиад нэг хундага хөнтрөх хүсэл оргилно. Гээд хэд хэд угсруулаад татаад байтал маргааш нь болжээ. Мөн л толгой нь эргэж мансуурсан байх аж. Тэгээд дахиад нэг татах нь тэр. Бүрэлзээд байсан толгой нь сэргэх шиг болоод угсруулаад хэд хэд хөнтөрчихлөө... Маргааш өглөөний нар аль хэдийнээ манджээ. Толгойд нь гал маналзаж, хэвлийд нь цөмийн дайн болж байгаа мэт. Гэхдээ нэг л бодол толгойд нь оч мэт харвах аж. Одоо ганц татаад л больё оо... Гэсэн ч өглөө бүр шараа тайлсаар л...

Харин... хар усыг өөрийнхөө толгой дээр залаад, өглөө бүр “өөрийнхөө шарыг” өөрөө тайлж байгаа хүмүүс байхад өглөө бүр хэсэг хүмүүс өөр хүнээр шараа тайлаад байгааг та нар анзаарахгүй байна гэж үү ?!?!?
Хэрвээ үүнийг анзаараагүй бол доош нь дэлгэрүүлж уншихыг санал болгоё...
Бид хэн нэгний шараа тайлах “балга архи” болж байгаагаа мэдрэх тусам ямар муухай, ямар өрөвдмөөр, ямар огиудас хүрмээр юм бэ! Учир юу гэвэл, хуучин системийн гүн хордлогод орж “шартсан” этгээдүүд ямар нэг аргаар өдөр бүр шараа тайлах юм аа. Тэд нарыг ингэж шараа тайлахыг харсан залуучууд бараг бүгдээрээ даган дуурайж “шараа” тайлах аргачлалыг нь улам төгөлдөршүүлэх мэт.

Оюутнуудын дунд ч үлэг болсон “олимпиад” гэсэн гадаад үгээр нэрлэгдэх “шар” тайлах үйл ажиллагаанууд зөндөө болдог оо. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг зүйр үг байдаг боловч энэ олимпиадуудын үйл явц ууланд авирч буй хүн бэхэлгээгээ зүлгэж байгааг илтгэх мэт ээ. Ууланд авирч байгаа хүн бэхэлгээ төмрөө зүлгэсээр тасалж орхивол будаа болно шүү дээ, тийм биз. Тэр олимпиадад оролцогчдын ихэнх нь зүгээр л хэлбэрийн араас өөрсдөө хөөж, хүмүүсийн шар тайлж байгаагаа мэдэхгүй байх нь харамсалтай. Мэдээж олимпиад нэртэй учраас сурж мэдэх зүйлс байх нь тодорхой боловч юунд хүргэх гэж байгаа зорилго, чиглэл нь хэн нэгэн шараа тайлж байгааг хангалттай харуулна. Тэгэхээр шар тайлах “балга архи” болоод байгаагаа оюутнууд мэдрэхгүй яваад л байгааг дахиад дурдья. Ингэж хордсон үеийн “шартсан” гэдэс дотрыг нь онгойлгож өгөх шинэ үеийнхэн дараа үеийнхнээрээ шараа тайлсаар байна. Энэ үйл явц үйлийн үр мэт нэгэн ижил тойргоор үргэлжилсээр хаана хүргэх бол. Өвгөнтийнхөн яадаг билээ? Тэнд л биз дээ.

Тэгэхээр найзуудаа, “хөх хулганы орон”-ы шинэ үеийнхээн. Бүгдээрээ хэн нэгний шар тайлах балга архи байхаа больё, тэгэх үү. Хордсон үеийнхний шарыг зөвөөр тайлья, тэгэх үү. Шартсан хүний шарыг аяга бантангаар сайхан тайлдаг гэж дуулж байсан юм байна, ядаж “бантан”-гаар шарыг нь тайлья. Бүр чадаж байвал, хордсон биеийг эмчлэх “дусал” нь болъё. Ингэхгүй бол бид өмнөх үеийнхэн нь дараа үеийнхнээ “шараа” тайлах балга архи болгож байгаа “үйлийн үр”-ийн тойргоос хэзээ ч гарч чадахгүй шүү дээ.
Товчдоо шарталт бол архины хордлого юм доо. Харин социализм, коммунизм гэсэн аюумшигт “сархад”-аар насаараа “хордсон” үеийнхний бүрзгэр дотрыг “балга архи” бус, ядаж “халбага бантан”-гаар засья aa!
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...