Соёо /тууж/ by Д.Энхболд 3-р хэсэг
2008-03-13
uundaa бичсэн.
Гурав.
Муу нохой бага сургуульд байхын л “энэ Бадрах яагаад Бадрах би яагаад Муунохой болсон юм болдоо” гэж гайх боддог байв. Хүүхдүүд бол бүгд тэнгэрээс ирдэг юм гэж итгэсэн байжээ. Чухамдаа гэвэл Должид хүүдээ тийм бодол төрүүлчихсэн хэрэг. Олон юм шалгаагаад байхаар нь “Миний хүү чинь тэнгэрээс унаад миний хэвлийд орчихсон юм. Тэгээд л тэндээс гарсан юм” гэж хэлээд хүүгээ итгүүлчихсэн билээ. Бид нар бүгдээрээ тэнгэрээс ирсэн гэтэл яагаад Бадрах, яагаад Халиунаа, яагаад Муунохой болчихсон юм болоо гэж ихэд гайхжээ. Нэг өдөр энэ тухайгаа Бадрахад хэлжээ. Бид нар бүгдээрээ тэнгэрээс ирсэн мөртөө яагаад ийм ондоо болчисон юм бэ? Чи Бадрах, би Муунохйо гэж асуув. Хариуд нь Бадрах тачигнатал инээгээд
-хэзээ хүн чинь тэнгэрээс ирж байсан юм бэ? ха ха ха ямар цас бороо биш. Аав ээжээсээ л гардаг юм. Яагаад ондоо байдаг юм бэ гэвэл бид нарын нэрс ондоо юм мэдэв үү? Би бол Бадрах гал гэсэн үг. Асна гэсэн үг. Чи бол Муунохой гөлөөг... гөлөөг май май гэж шогшров
-Тэгвэл аав ээж хэнээс гарсан юм бэ? Чи мэдэхгүй шүү дээ
-Аав ээжээсээ л гарахгүй юу. Иймхэн юм мэдэхгүй байж бас онц сурдаг гээд байгаа юм шүү.
-Үгүй ээ бүр анхны аав ээж хэнээс гарсан юм?
-Бүр анхны аав ээж гэж байдаггүй юм мэдэв үү?
-Байдаг юм
-Байдаггүй юм
-Чи бол ёстой Бадрах биш мэдэв үү?
-Тэгээд юу юм?
-Юу ч биш
-Ална даа чамайг
-Хүнийг алдаггүй юм
-Тэгээд яадаг гэж?
-Үхүүлдэг юм
-Өө баас чинь... Тэгвэл чамайг ална. Нохойг бол алдаг юм мэдэв үү?
-Чи юу ч мэдэхгүй
Бадрах можгосхийн бөхийнгүүт сайртай гараараа нэг том чулуу самардаад “Чиний муу ааваас чинь айх юм уу” гэжээ. Муунохой ч бушуухан яваад өгөв. Түүнээс хойш энэ бодлоо хэнд ч хэлсэнгүй. Бүгдээрээ л шоолдог юм чинь. Бүгдээрээ л нохой нохой май май гэдэг юм чинь. Тэг тэгсээр наймдугаар ангид орсон хойноо л энэ бол нээрээ л зөвхөн нэр юм байна. Би Муунохой биш байж болох юм байна. Нэрээ л сольчих юмсан гэж бодох болов. Наймдугаар ангид ороход нь тэдний ангийг аймгаас ирсэн шинэ багш дааж авчээ. Хуучин багш нь өөр сум руу шилжээд явчихав. Явахын өмнө Муунохойн духан дээр үнсэж “Чи бол миний бахархал шүү. Уран зохиолын ном сайн уншаарай. Ангийнхантайгаа ойртож нөхөрлөөрэй” гэж аминчлан захисан билээ. Шинэ багш ангийн бүх юмыг өөрийн санаанд нийцүүлэн өөрчилөв.Муунохойг анги бүлгийн даргаар томилжээ. Зан ааш нь ч их сонин хүн байв. Хэнийг ч нэрээр нь дуудахгүй.Хаалгаар цухуймагц л журналын тав самбарын алчуур норгоорой, арван нэг, арван зургаа самбарын өмнө гэдэг билээ. Харин Муунохойг тэгж дугаарлахгүй. Гэхдээ нэрээр нь дуудахгүй. Манай даргын нэр жаахан тааруухан юм даа. Дарга л гэж байхаас даа гэнэ
Дарга асуугдаарай гэнэ. Эсвэл “Жижүүр томилоогүй бол нөхөр дарга та өөрөө ангиа угаах асуудалд туналаа даа” гэнэ. Муунохой жижүүр томилж яагаад ч чаддаггүй байлаа. Охидууд болохоор хэлээ гаргаад мм гэнэ. Хөвгүүд нь гөлөөг гөлөөг гэчихээд яваад өгнө. Ганцхан Бямбаа л түүнтэй анги угаалцана. Хүүхдүүд түүнийг Жоохноо гэхээс биш нэрээр нь ер дууддаггүй байжээ. Анги угаалцахдаа олон юм ярихгүй. Ер нь дуу муутай хүүхэд билээ. Муунохой ч эхэн үедээ “Шалгалтан дээр будаалах гэж л долигоноод байгаа биз” гэж бодчихоод царай өгдөггүй байв.Бямбаа ч дуугарахгүй. Ажлаа дуусуут муухан мушийн инээмсэглэчихээд яваад өгнө. Хэд хэдэн удаа тийнхүү хамтдаа анги угаасны дараа Муунохой нэг удаа
-Чи анги угаахдаа их сайн юм аа гэв.
-Би чинь эмэгтэй хүүхэд шүү дээ. Муунохой ч юу гэнэ вэ гэж бодоод сайн харлаа. Тийнхүү нүүр хагарснаас хойш хоёулаа ам хуурайгүй ярьдаг, ингэж яриад угаахад их урамтай байдаг болжээ.
-Чи наймаа төгсөөд яах вэ?
-Мал дээр гарна
-Есөд орохгүй юм уу аймагт суугаад гоё байх даа
-Намайг юу гэж есөд оруулах вэ дээ
-...Нээрэн л тэгнэ дээ гэж бодов. Хичээл эхлэхэд л захирал яриа хийж
-За хүүхдүүд минь та нар анхныхаа даваатай удахгүй золгоно.Тэгэхээр дор бүрийдээ мэрий. Өнгөрсөн жилийн багцаагаар бодоход есдүгээр ангид арав орчим хүүхэд л авах байх. Тэгэхээр барианд орохын тулд одооноос л мэрийх цаг гэсэн билээ. Бямбаа бол тэрхүү барианаас ангид хүн. Тэрхүү тоог гурав дахин өсгөлөө ч Бямбаа барианд багтахгүй хүн билээ. Муунохой ч гэсэн бас барианаас ангид хүн байжээ. Тэр бол тасархай хүн. Тиймээс мөн л Бямбаа шиг барианд орох болов уу яах бол гэж элдвийг боддоггүй билээ.
-Хөдөө гараад л мал маллаад байх уу?
-тэгнэ
-Дандаа юу?
-хаанаас даа. Сумын улаанд буланд бүжиглэнэ. Наймаа төгсчихөөр үдэшлэгт оруулдаг болох юм чинь. Баатартай сууна. Хүүхэд гаргана
-Ямар Баатар, ноднингийн төгсөлтийн үү?
-Тийм. Би чамд нэг нууц юм хэлэх үү?
-за тэг
-Баатар надад захиа өгдөг юм аа
-Яах гэж?
-Яах вэ дээ, сууя энэ тэр гээд л. Бас харанхуй болохоор уулзъя гэдэг юм.
-Чи тэгээд уулздаг юмуу?
-Ичээд байдаг юм. Гэхдээ би зөвшөөрнө гэж боддог оо. Одоо жаахан эрт байна. Гуравдугаар улирал өнгөрөөтөхөөр л зөвшөөрнө.
-Юу зөвшөөрөх юм бэ? Уулзъя гэж үү?
-Чи яасан гэнэн юм бэ? Сууя л гэж зөвшөөрөхгүй юу
Энэ бүхэн Муунохойд нэг л сонин санагдаад байлаа. Ном унших, тоо бодох, аав ээжтэйгээ ярьж өнжихөөс огт өөр юм бас байдаг байх нь ээ. Тэгээд нөгөө шилжээд явчихсан багшийнхаа захисанчлан ангийнхаа хүүхдүүдтэй ойртож нөхөрлөх гэж их л хичээх болов. Тамхи татаж үзсэн чинь толгой нь эргээд унаж бөөн инээдэм болов. Ангийнхан нь ч түүнд их сайн болов. Должид Цэвэг хоёр энүүнд их дуртай. Хүү маань одоо л нэг зүгээр боллоо гэж баярлалдана. Бадрах болоод түүний хэдэн найзыг их бараадна. Харин цаадуул нь тамхиа хамаагүй өгдөг боловч нэг юм нууцлан шивнэлдээд
---За чи харь харь орой болчихлоо аав ээж чинь загнана. Бид нар ийшээ юманд явлаа гээд бүгдээрээ гутлаа тайлж сугавчлаад айлууд дундуур яваад өгнө. Муунохой ч урам нь хугараад буцдаг билээ. Харин нэг орой сониуч сэтгэлээ барьж чадсангүй. Замын дундаас эргэж нөгөө хэдийн сүүтгэнэх барааг алдалгүй дагав. Тэд явсаар Дорж гуайн илүү гэрийн харалдааард нь очоод хэвтэцгээв. Муунохой ч тэднээс хэдэн алхамын зайтай нэг товцгийн ард хэвтлээ. Хэн нэг нь сэмээрхэн мяраагаад л Дорж гуайн илүү гэр рүү орчих юм. Байж байж түүнийг гараад ирэхээр нь нэг нт зөрөөд л орох юм. Хулгай хийгээд байгаа юм болов уу гэж бодохоор барьсан сугавчилсан юм харагдсангүй.
Маргааш нь тэр тухай Бямбаад ярьтал цаадах нь уласхийгээд уурлачихав.
-Гайгүй ч юм болждээ
-үгүй ээ намайг дагуулж яваагүй юм. Би өөрөө л сэмхэн дагасан юм.
-Баатар байсан уу?
-Байгаагүй, байсан бол юу гэж? Дорж гуайн илүү гэрт юу байдаг юм бэ?
-Чи л болж мэдэхгүй байж гэнэ дээ. Хамт явчихаад. Ангиа чи өөрөө угаа мэдэв үү. Би явлаа. Чи бол ёстой өмхий санаатай амьтан. Бас ичихгүй намайг юу гэж бодоо вэ? Багшид хэлнэ дээ. Муунохой гүйж очоод үүд дараад зогсчихов.
-Чи яах гээд байгаа юм. Би хашгирна шүү.
-Чи багшид хэлэх гээд байхдаа яадаг юм ыэ. Бусад нь болоод л байхад би яагаад болдоггүй юм. Би олон ч сороогүй. Хоёр гуравхан л сорсон. Дахиад тийшээ явахгүй юм чинь. Чи багшид битгий хэл лдээ.
-Сорох оо балиар амьтан бэ? Юугийг нь сордог юм чи. Ёстой бодохоос ой гутчихлаа. ЧИ тэгээд одоо яах гээд байгаа юм бэ? Хаалганаас холдохгүй бол би хашгирлаа шүү.
-Чи битгий хашгир лдаа. За юу. Би дахиад тэгэхгүй дээ. Чи намайг нэг удаа уучилчих. Багшид битгий хэл лдээ. Багш аав ээж хоёрт хэлчихнэ. Би ямар Бадрах шиг уушигласан ч биш.
-Чи юун уушиглах муушиглах яриад унав аа
-Яагаав, чи ч нээрээ яаж мэдэх вэ дээ. Тамхийг чинь уушиглахаар толгой эргээд унадаг юм. Би нэг удаа унаад зөндөө удаан хэвтсэн юм. Гэхдээ бас сайхан.
-Аа гэснээ Бямбаа түсхийтэл инээчихэв. Хуураагүй биз
-Юу гэж?
-Тамхи гэж
-Яалаа гэж дээ. Харин илүү гэрт юу байсан юм болоо?
-Чи нээрээ мэдэхгүй юм уу?
-Мэдсэн бол юу гэж асуудаг юм?
-Чи нээрэн сонин хүүхэд юмаа. Түүнийг бүү мэд. Чамд хамаагүй.
Тэр хоёр эвлэрч төдөлгүй ангиа ч угааж гүйцэв.
-Бямбаа хоёулаа цайгаа ууж ирээд ангидаа хамт сууж байя, тэгэх үү?
-Яах гэж?
-Яах вэ дээ Хичээлээ давтахгүй юу. Би бас дандаа чамтай хамт баймаар санагдаад байх юмаа.
-Үгүй ер. Бас их санаатай. Баатарыгаа би яах юм. Тэгээд ч би есөд орж чадахгүй юм чинь хичээлээр яах юм . Харин чи байна шүү дээ Халиунл захиа өгөөч тэр чинь манай ангийн хамгийн хөөрхөн охин шүү дээ. Тэгвэл чинь л хамт хичээл давтаж байя
Тийнхүү тэр хоёр хамтран хичээл хийдэг болов. Муунохой самбарт бодлого бодож Бямбаад тайлбарлаж өгнө. Бямбаа ч хэд хэдэн удаа сайн авч нэг удаагийн хяналтан дээр онц авчихаад их л урамшив. Би хуваарьт багтчих юм биш байгаа даа гэж ярьдаг болов.
-Багтахгүй яах юм бэ
Тэгсэн нэг өдөр бүр юу ч ойлгохоо больчих нь тэр
-Чи чинь яачихав аа. Язгуураа гаргаач ээ
-Би өнөөдөр юу ч ойлгохгүй нь ээ. Ганцхан л юм бодогдоод байна.
-Юу бодогдоод байна?
-Чи үүнийг унш даа.
Тэр нь Баатарын захиа байлаа. Нарнаас саранд навчсаас цэцгэнд гэж хаягласан байв. Задлан уншвал Сэсээр улсаас гаралтай сэмжин цагаан цаасан дээр сэтгэлийн үгээ сийрэнхүүлэн бичлээ гэх мэтээр баахан шүлэглээд чамд зөндөө олон захиа өглөө. Одоо боллоо. Дахиад өгч чадахгүй шүү. Хэрэв зөвшөөрөхгүй бол миний захиаг буцааж өгнө үү. Сэргэлэн цовоо нь ховор ч сэхүүн зангүй нь олон шүү. Зүрхэндээ шархтай хэдий ч тэдний нэгэнд нь захиагаа өгье. Хэрвээ зөвшөөрч байвал өнөө орой найман цагт мал эмнэлгийн загийн дэргэд уулзъя гэсэн утгатай юм байлаа.
-Би одоо яах вэ. Зөвшөөрөхгүй бол болохгүй нь ээ
-Чи өнөө гуравдугаар улирал болохоос нааш зөвшөөрөхгүй гээд байсан чинь яалаа.
-Чи ойлгохгүй байна гэж үү? Наадах чинь өнөө маргаашгүй өөр хүнтэй болчих гээд байна шүү дээ
-Харин тийм байна% за яадаг юм зөвшөөрчихгүй юу даа. Яав л гэж
-Уулзахаасаа айгаад байна аа
-Хоёулаа очоод уулзчих уу?
-Харин ээ
-Тэгье тэгье
Мал эмнэлгийн загийн дэргэд Баатар бөртийтэл зогсож байлаа. Хэн хэн нь дуугарсангүй их л удав. Тэгж тэгж
-Та нар хороо засахаар хэзээ явах вэ гэж асуухдаа Бямбаагийн хоолой чичиргэнэж байв.
-Нэгдлийн орлогч удалгүй явна л гэсэн. Чухам хэзээ явах юм бүү мэд. Тэгээд дахиад л чимээгүй болчихов
-Муунохой танай аав чинь хэзээ ирэх вэ?
-Мэдэхгүй яах гэж?
-Зүгээр л гэснээ Баатар халааснаасаа тамхи гаргаж асаав
-Чи яах гэж тамхи татдаг юм бэ? Уушиг чинь муудна шүү
-Тэгвэл би болилоо. Бямбаа хоёулаа жаахан ийшхэнээ яваатах уу?
-Яах гэсэн юм бэ?
-Яах вэ дээ, ярих юм байна
Бямбаа Муунохой руу харснаа цаашаа явав. Баатар зэрэгцэн алхахдаа шүлсээ гудхийтэл нь их л тод дуулдав. Тэр хоёр мөнөөх их загийн үзүүр тойрч далд орлоо. Би яах юм болоо ингээд л байгаад байх юм болов уу? гэж Муунохойг гайхан байтал тэр хоёр буцаад иржээ. Тэгээд салцгаалаа.
-Юу гэж байна вэ?
-Зөвшөөрөх үү гэнээ. Би зөвшөөрчихлөө. Маргааш дахиад эндээ ууүзъя эндээ уулзъя гэнэ ээ. Би ч ингээд хүний хүн боллоо доо.
-Сайхан юм аа. Хөөш Бямбаа би нээрэн Халиунд захиа өгчихвөл яах бол?
-Яг болно. Чамд яг таарна
-Яагаад таарна гэж?
-Яагаад гэвэл тэр чинь сумын даргын хүүхэд, бас сайн сурдаг, манай сургуулийн хамгийн хөөрхөн охин. Май энийг л хуулаад биччихгүй юу? Шөнө нь Муунохой мөнөөх захиаг мал эмнэлгийн загийн дэргэд уулзъя гэдэгтэй нь ер нь юутай хээтэй нь хуулаад өгчихөв. Гэтэл хариу ирсэнгүй. Гэхдээ Халиун үе үе эргэж хараад Муунохойтой харц мөргөлдөн ичингүйрч доошоо хардаг болжээ. Тэгэхээр нь Бямбаагаас Баатарын захидлыг бөөнөөр нь аваад өдөрт л нэгийг өгч байдаг болов. Тэгсээр сүүлчийн захиагаа хуулахдаа мөнөөх эхний захидлаа давхар хууллаа.Юмыг яаж мэдэх вэ? Хэрвээ Халиун зөвшөөрөхгүй бол Уранчимэгт өгчихнө гэж бодож байв.Уранчимэгийн аав сумын дарга биш болохоос бусад талаараа надад яг таарна гэж сонгожээ. Халиунаас дутуугүй сурдаг. Царай зүсээрээ ч сургууль дээрээ Халиуны дараа л орох хүн гэж дүгнэж байв. Ер нь тэгээд энэ захидлыг олон хувь хуулаад авчихад илүүдэхгүй юм байна гэж бодож байлаа. Захиагаа Бямбаагаар Халиунд өгүүлчихээд орой нь Бямбаа Баатар хоёртой мөнөөх загийн ёроолд хүлээдгээрээ л хүлээв.Тийн хүлээцгээх зуур Баатар мөнөөх л ярьдаг амьдралын нарийн асуудал гэгчээ ярьж суув. Тэр нь Халиуныг зөвшөөрчихвөл Халиунаар дамжуулан ааваас нь дизельчний курст явуулж өгөхийг хүсэх хүсэлт юм. Дизель асаадаг болчихвол болох нь тэр. Цэрэгт очоод чадвал жолооны сургуульд орно. Эс чадсан ч дизель асаах бол жолоочоос нэг их дутахгүй ажил. Энэ муу туслах бригад хэрэг алга. Цалин авахгүй мөртлөө ажил нь хүнд гэж бэрх юм. Бямбаа яах вэ. Наймаа төгсөхөөр нь аргалж байгаад ахуй үйлчилгээнд оруулчихна. Тэгээд л болоод явчихна. Мал дээр гараад амьдралгүй гэж ярьдаг авай. Гэтэл Халиун зөвшөөрдөггүй. Өнөөдөр ийнхүү эцсийн захиагаа өгчихөөд байцгааж байдаг. Баатар харин санаа зовохгүй байв.Цаанаа л юмгүй бол гүйгээд ирэхгүй хаачдаг юм. Чи харин миний хэлснийг мартаадахав гэж байлаа. Муунохой бол дараагийнхаа замыг бодож Уранчимэгийн тухай санааширч байлаа. Гэтэл нэг хүн бүртэлзээд ирж явах нь тэр. Гурвуулаа амьсгаа даран хүлээв.Цаадах нь ойртож явснаа тэндээ зогсчихлоо. Мөн байна, Ёох, ингээд авгайтай болчихдог байжээ. Харин яаж очих вэ. Очоод юугаа ярих вэ? Чамайг зөвшөөрөхгүй бол би яг Уранчимэгт захиа өгөх гэж байсан юм гэж хэлж яасан ч болохгүй юм шүү. Ийнхүү Муунохой балмагдан сандарч шүлсээ гүдхийтэл залгиут
-Би одоо яана аа гэж нөгөө хоёроосоо шивгэнэн асуув.
-Юу яанаа гэж, яваад очооч
-Би айгаад байна аа яах билээ
-Чааваас даа. Авгайгаасаа айгаад байхдаа яадаг юм. Ер нь хүүхнүүдийг анхнаас нь чангахан барьчихсан нь дээр байдаг юм шүү. Алив хоёулаа очъё. Чи харин битгий хулчийгаад байгаарай.
Тэр хоёр Халиун дээр хамтдаа очлоо. Муунохой Баатарын хэлснийг сайн санаж байсан тул хулчигнасан болохгүйн тулд чанга чанга ярьж байлаа. Баатар Бямбаа хоёр тэгсгээд сэмхэн явчихсан байв.
-Халиун чи одоо миний авгай тийм ээ?
-За яршиг даа. Зүгээр үерхэе л гэсэн болохоос
-Чи намайг захиа өгсөнд гайхсан уу?
-Гайхсан. Би чамайг ийм хүүхэд гэж ерөөсөө бодоогүй
-Ямар гэж
-Яах вэ. Ийм.... ер нь л нэг жирийн гэж.... Гэхдээ чиний нэр чинь л эвгүй
-Би өөрөө ч ичдэг юмаа.Чи намайг нэрээр битгий бодож бай. Зүгээр л миний дүрээр л бодчихож бай. Би удахгүй нэрээ сольчихноо.
Ийнхүү тэр хоёр орой болгон уулздаг болов. Уулзах бүрдээ дэвэн дэлхийн юмыг хамж шимэн ам хуурайгүй ярьж суудаг билээ. Муунохойн аавын том сэгсүүргэн дээл хэцэн дээр тохоотой байна. Өглөө бүр ханцуйд нь Муунохой бүсээ хийчихнэ. Үдэш түүнийгээ өмсөөд л явчихна. Халиуныг даарч чичрэхэд гарыг нь ханцуйлан барьдаг байснаа бүсээ тайлан дээлээ хуваан нөмөрдөг болов. Тэгсээр ес эхлэхэд хүйтний эрч даанч айхавтар чангарсан тул Бямбаатай гурвуулаа ангидаа хичээлээ давтах болов. Халиун бол бусад хүүхдээс өөр байх ёстой тул Муунохой ээжийнхээ ч юм уу аавынхаа өгсөн мөнгийг түүнд өгч чихэр захина. Цаадах нь авчраад хуваан иддэг байв.Гэртээ бол тэсэлгүй онгирон манай ангийн Халиун тэгээд ингээд гэж ирээд л байн байн яриад байх болжээ. Должид түүнээс нь сэдэвлэн нэг юм таамаглаад байх болов.
-Тэр Халиун чинь сумын даргын охин билүү?
-Тийм их сайн хүүхэд байгаа юм. Ээж ирэхэд нь олигтойхон байгаарай. Нэг өдөр аав ээж хоёроосоо нэрийг минь солиод өгөөч гэж гуйжээ.
-Миний хүү нэрээ сольж яах гэсэн юм бэ?
-Хүүхдүүд шоолоод байх юмаа
-Хүү минь нэрнээсээ ичиж болдоггүй юм. Харин олдсон нэрийг яаж авч явах вэ гэдэгт их учир бий. Нэр гэдэг цаанаа учиртай байдаг юм.Хэн хүссэн нь зүгээр л хүүхэддээ ийм нэр өгчихье гэдэггүй юм шүү дээ гэж ирээд ойлгогдохгүй баахан сургажээ. Халиун ч тэгсгээд нэр чинь муухай гэхээ больчихжээ. Өдөр хоногийн улираанд ангийнхан нь тэр хэд дээр нэмэгдсээр нэг л мэдэхэд бүх ангийнхны давтлага болж хувиарав. Бадрах болоод түүний хэдэн найз нөхөд л тэртэй тэргүй мал дээр гарна нэгэнт л мал дээр гарах юм чинь муу л гарахгүй нь лав гээд ирсэнгүй. Ийм давтлаганд ганц Бямбаа л дургүй байжээ. Гурвуулаа өөр газар очъё л доо гэж хэлэв. Гэвч ангиас нь өөр газар олдохгүй учир хүүхдүүдээс нуун байж жаал юм нэмж үздэг байв.
Баатар нь болохоор сураад юугаа хийх юм. Наймаа л төгсвөл болоо. Харин миний нөгөө захисныг яасан бэ? Хэлсэн үү? Гэнэ
-Юу билээ
-Яагаа вэ, нөгөө дизель...
-Аа тийм би өнөө орой хэлээдэхье. Тэгээд хэлвэл
-Паах больж үзье, чи минь. Аав уурлана. Тэрний оронд чи өөрөө хэлэхгүй юу. Аав чамд их сайн юм байна лээшд. Цэвэгийн хүү шиг сураач гэж намайг дандаа загнадаг юм чинь гэснэ билээ. Тийнхүү өдөр хоногууд дуутай шуутайхан өнгөрөн одож хаврын ноолгор өдрүүд шувтартал аймгаас нөгөө тэсэж ядан хүлээлгэсэн хуваарь ирж арьан нэгэн хүүхэд баярлуулаад нэг хэсгийг нь гомдоов. Нөгөө нэг хэсэг нь болохоороо “Ёстой юм ёсоороо боллоо” гэх аястай хуваарь сонгосны маргаашнаас эхлээд л ташаан толгой дээгүүрээ өргөн бүс сулбуухан ороож гангараад оройн үзвэр, хагас сайны үдэшлэгт үүд хавьцаа бөөгнөрөлдөн хөх пүүшигний иш сархигналан зуугаад хэнээс ч эмээх юмгүй явцгаах болов. Харин сүүлийн хоёр улирал дараалан сайн сурсан атал Бямбаа л мөнөөх хуваарьт багтсангүй. Түүндээ гутран бүтэн оройжин шогшрон уйлаад ч зогссонгүй чи аавдаа хэл л дээ, би сурч чадна, тэр тоог чинь хэнээс ч дутахгүй ойлгодог болсон шүү дээ гэж Халиуныг дагаж царайчлан гуйв. Халиун түүнийг өрөвдөн аавдаа хэлсэн боловч тусалж чадсангүй.
-Аав нь юугаа мэдэх вэ? Илгээлт сайхан шүү дээ. Тийм их сонирхолтой юм бол эчнээгээр сурна биз гэсэн хариуг нть сонсоод Баатар магнай тэнийн баярлав.
-Ашгүй ашгүй ямар эрдэмтэн болно гэх биш, эрдэмтэн болоод ч яах юм. Ахуй үйлчилгээнд орчиход л болох нь тэр гэв. Намар нь тэднийг аймаг явахад нь хоёулаа гаргаж өгсөн билээ.
-Жаахан Бямбаадаа захиа бичээрэй. Битгий л мартчихаарай гэхдээ нүдэнд нь нулимс тунарав. Тэгээд хүчлэн байж шүлсээ залгихад нь нэгэн дусал энгэр дээр нь уналаа
-Яалаа гэж мартах вэ? Чи харин хариу бичиж байгаарай.
-Бичнэ ээ, бичнэ.
.. Аймгийн сургуулийн дотуур байр нь шил толь оргиод гоё сайхан ч гэж жигтэйхэн юм. Муунохой Халиун хоёр өөр өөр бүлэгт орлоо. Тасагтаа хориул сууна. Энэ дотуур байр сумынхаас тэс өөр. Нэг том өрөөтэй бас нэг жижиг өрөөтэй. Жижиг өрөөнд нь дөрвөн хүүхэд байдгийн хоёр нь аравдугаар ангийнх нөгөө хоёр нь том өрөөнийхөнтэй нас чацуутнууд байлаа. Гэхдээ тэр хоёр аймгийн төвийн арван жилд тавдугаар ангиас эхлэн суралцсан тул тэрхүү тохилог жижиг өрөөнд суух эрх эдэлдэг болсон юмсанж. Харин нийтийн гэгдэн том өрөөнд нь шинээр ирснэ хорин хүүхдийн ор зэрэгцэн жирийх авай. Муунохой аав ээж хоёроо сум орноо санах учир хичээлээс ирүүт л орон дээрээ хэвтэж сэмхэн уйлна. Анхандаа дотуур байрны хоол ч идэж чаддаггүй байв.Түүнээс ч болсон уу их л турж цонхийв. Нэг мэнгэ хөдөлбөл есөн мэнгэ дагана гэгчээр хажуугаар нь доошоо гүйлгэж сандрав. Сумынхаа хүүхдийг хань бараа татан сэм дагавч цаадуул нь тоохгүй инэж хөхрөөд л алга болчихно. Хаагуур ч юугаа ч хийж явдаг юм бүү мэд. Харин завсарлагаар ч юм уу үдийн хоолны дараа Халиун хүний нүд хариулан хүрч ирээд ганц нэг ааруул боорцог өгөхөд нь жигтэйхэн баярлаж уйлчих шахдаг байжээ. Халиун ер өөрчлөгдсөнгүй. Инээж хөхөрч л явна. Тиймээс ч түүний тэгж гэрээ санаад байгааг мэдсэнгүй. Муунохой ч нэрэлхээд тэр тухай ярьсангүй.
-Цамцны чинь товч унаагүй биз? Алийв, захны чинь даавуу хиртчихэж, би угаагаад орой авчраад өгье. Тийн хэлэхийг нь сонсвол Халиун ээж шиг нь бодогдоно. Өвөрт нь унтмаар санагдана. Муунохой хоёрдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан билээ. Ээжийнхээ гарыг хоёр алган завсраа хавчуулаад толгой дороо ивээд унтдагсан. Одоо бол Халиуны гарыг яг тэгж алган завсраа хавчуулаад унтмаар санагдана. Нэг өдөр нөгөө жижиг өрөөнд байдаг үеий нь хоёрын нэг түүнийг дууджээ.
-гөлөөг, Гөлгөө гэхэд нь анхандаа хэн ч анзаарсангүй. Сонсов уу та нар, Гөлгөө тасгийн даргын өрөөнд гэхэд нь хэн нэгнийг дуудаж байна гэж мэдэцгээжээ. Энэ үед Муунохой өдөн дэр уруугаа нүүрээ наан хэвтчихээд сэмхэн уйлж байжээ. Тиймээс сонссонгүй. Гэнэтхэн дэрийг нь суга татав.Өндийн харвал жижиг өрөөний полдгор шар өмнө нь зогсож байжээ.
-Хараач энэ мууг. Орон дээрээ гуталтай хэвтчихээд бас уйлж байдаг байна шүү. Нэрээ мэддэггүй юмуу чи хэд дуудуулах гээ вэ? Яв Тасгийн дарга дуудаж байна. Муунохой босоод тасгийн даргын өрөө руу явтал хурдлаач чи гэж бөгс рүү нь өшиглөв. Тасгийн дарга өндөр горзгор нуруутай, буржгар үстэй, гялтганасан хурц хар нүдтэй цэвэрхэн бор залуу байтал нөгөөх нь уртаас урт эрүүтэй, ширүүн босоо үстэй махлаг загзгар хүн билээ. Тэр нь зураг зурж сууна. Халаагуурдээр чанаад хөлдөөчихсөн үхрийн өөх мах алагласан хавиргануудыг гэсгээх гэсэн бололтой эгнүүлэн өржээ. Бас хөдөө газар ховор үзэгддэг лаазалсан мах хажууд нь зэрэгцүүлэн тавьсан байхыг үзээд Муунохойн арааны шүлс аяндаа асгараад ирэв. Дарга түүнийг цоргитол харавч үг хэлсэнгүй. Улавчтай хөлөө их л цэмцгэр жийгээд сууж байв.Үеий нь хоёр ямар нэгийг уншмар боловч
-Одоо чамд үзүүлээд өгнө өө гайгүй гэж тавласан харцаар хяламхийнэ. Нөгөө загзгар бийрээ норгонгоо “Хөлөө нийлүүл” гэж зандарснаа “Хээхийгээд л орон дээр гуталтай хэвтчихнэ, оройн унтлага болтол орон дээр хэвтэж болохгүй гэснийг мартсан уу аан” гэлээ. Тэгмэгц дагра шанаагаа татвалзуулан араагаа зууснаа их л зуунги аялгаар “Ойрт” гэв. Энэ бол сайны ёр биш гэдгийг Муунохой сайн мэднэ. Ингэж ойртуулаад өшиглөдөг олон хүүхэд тэгж өшиглүүлээд эвхрэн унахыг үзсэн билээ. Тиймээс урагшаа ганц алхав. “Ойртооч чи” Дахиад нэг алхав.
-нааш ир, энэ зураасан дээр ир
Дарга өвдөгнийн нь нүд рүү өшиглөжээ. Муунохой өвдсөн эсэхээ мэдсэнгүй. Гагцхүү унах ёстой гэж бодсон учир унаад өгөв.
-Бааштай хог вэ? Бос чи. Даргын дуу хангинаад явчихав. Муунохой боссонгүй. Түрүүлгээ харсан чигээрээ толгойгоо тэврээд хэвтчихжээ. Дарга хавирга руу нь өшиглөөд байжээ. Гэхдээ оймстой хөлөөр өшиглөсөн болоод ч тэр үү ер өвдсөнгүй. Муунохой ч ёолж ёхолсонгүй, гэхдээ чимээгүй уйлж байжээ. Нулимс нь өөрийн эрхгүй урсаад байжээ. Тэгтэл дарга толгой дээр нь дэвсчихэв. Загзгарын дуу дахин гарч
-одоо болно болно гэв. Муунохой хэвтээд л байв. Нөгөө хоёр гүйж ирээд сугадан босгов.
-Номхон зогс
Муунохой номхон зогсов.
-Өнөөдөр жижүүртэйгээ мэдэж байна уу?
-Мэдэж байна
-Тасаг угаа. Муунохойг тасгаа хичээнгүйлэн угааж байхад тасгийнхан нь хана даган ирийтэл жагсжээ. Хоёр дарга ээлжлэн цаг гаруй яриад сая тасгийнхнаа унтуулав. Муунохойг унтах гэж ороо засаж байтал дарга дуудлаа. Өнөөх эхэллээ гэдгийг Муунохой сайн мэдэж байлаа. Тэр нь жижүүрийн хамгийн сүүлчийн үүрэг билээ. Тасгийн даргын орны пүршийг зөөлөн хөдөлгөн унтан унттал нь үлгэр ярих үүрэг байдаг юм.Үлгэрээ намуухан ярих ёстой. Чанга ярьвал тасгийн дарга нойр сэргээчихлээ гээд тасгаар нь хөөж босгоод элбэг хоёр цаг босгож суулгана. Хэт намуун дуугаар бас ярьж болохгүй. Мөн л тийм шийтгэл ирнэ. Ер энэ залуу бол өөрийгөө зугаацуулах гэж элдэв наргиантай юм их олдог билээ. Тасгийн боксын аварга шалгаруулах гэж нэг сонин юм бий. Тэр нь хоёр шатарчлан зодолдохыг хэлнэ. Огт гэмгүй нэгийгээ учир зүггүй зодож байж аварга болно. Зодолдохгүй бол дарга өөрөө хоёулангийн нь шанаа руу юмуу элэг рүү нь хүчтэй нударгалан уурлуулна. Тэгмэгц даргад уурласан уураа нөгөөхдөө гарган балбадаг билээ. Бас жижүүрүүд нөрөө дөрвийн дүрэмт хувцасыг индүүдэж гутлыг нь тосолж тавих үүрэгтэй. Хүүхдүүд мөрөн дээрээ өмдийг нь тохчихоод олон гутал хос хосоор нь барин үйлчилгээний өрөөнд дугаарлана. Дугаарлагч бүх хүүхэд том том өмд тохсоныг үзэхэд бусад дарга нар бүгд адил бололтой. Байрны багш тэр өрөөнд орж гаравч хүүхдүүдийн хэнээс ч “Энэ чиний өмд юм уу” гэж асуухгүй. Уг нь хүүхдүүд тэгж л асуугаасай “Даргын” гэж хэлэх юмсан. Хүмүүжүүлэгч дарга нарыг жагсааж загнаад дахин энэ мэт юм гаргав аа гээсэй гэсэн харцаар горьдон ширтэвч байрын багш түүнийг нь анзаарах ч үгүй...
Муунохой даргын орны өмнө очиж зогсов. Дарга дээшээ хараад нүдээ аньчихсан хэвтэж байв. Муунохой орны нь өмнө очоод чив чимээгүй зогсчихов. Дарга аниастай чигээрээ
-За яав. Арай юу хийдгээ мартчихаад байгаа юм биш биз гэв. Муунохой чимээгүй л байв. Дарга ухасхийн босмогц богино өмдтэйгээ нөгөө өрөөнд ороод “Босоод” гэлээ. Хүүхдүүд дэрхийн босмогц нээг хоёр гэсэн жигд командаар босож сууж гарлаа. Муунохойг нөгөө өрөө руу ороход тасгийнхан нь
-Энэ нэг муу гайтай юмнаас боллоо гэсэн харцаар хялалзан дуулгавартай нь аргагүй босож сууна. Муунохойн нүүр халуу оргин хорсол бадарч гараа зангидан даргын араас чих руу нь чадлаараа савж орхив.Дарга эргэж хараад мушийтал инээмсэглэв. Тэгээд хагас алхам ухруут элэг рүү нь түсхийтэл өшиглөлөө. Муунохойн нүд харанхуйлж элэг нь тэсэхийн аргагүй янгинан амьсгал авч чадалгүй ээрэв.Гэхдээ элгээ даран ээрэн янцаглан гуйвснаас биш унасангүй. Нүдний үзүүрт даргын цав цагаан хөлийн хуруу харагдана. Тэр хуруунууд ер хөдлөхгүй байв.Муунохой ээрэн гиншигнэн гуйвж байснаа нэг урт амьсгаа авуут толгойгоороо даргын элэг руу мөргөж орхилоо. Цаадах нь дагзаараа орны хөл мөргөн пирхийтэл нурж унангуут элгэн дээр нь нэг нүүрэн дээр нь нэг дэвсчихэв. Дарга эвхрэлдэн түрүүлгээ хармагц айцгаасандаа болоод улам улам хурдлан босож сууж байгаа тасгийнхыхаа өмнүүр гарахаар гүйтэл нэг нь дэгээдчихэв.Даргадаа тийм үнэнч бас байсан хэрэг. Жижиг өрөөний нөгөө гурав нь ч тэр чимээ шуугианаар босоод ирэв. Муунохойг буланд хашиж аваад болжмор харсан харцага шиг л ээлжлэн дайрч гарлаа. Муунохой хүний урманд ёо гэсэнгүй. Тэгтэл
-одоо болно болно. Хойшоо гэх даргын их л тайван дуу сонсогдуут нөгөө хэд сая л нэг юм саллаа. Тэгтэл ч тасхийв. Дарга гараа оролцуулсангүй. Хэдий завандаа амжсан юм, түийтэй гутлаа өмсчихсөн байжээ. Тэр гутлын иртэй юм шиг хурц ширэн ул Муунохойн дух нүд уруул элгийг нь дамжин шилбэнд нь хүртэл тас нясхийн буулаа. Зовуурт хормууд арайхийн нэг юм дуусуут Муунохой эвхрэн унаад хэнгэнүүлэн уйлав. Хэсэг тэгж уйлснаа босож
-Та нар битгий мартаарай. Би өсөхдөө л өснө. Харин та нар битгий мартаарай гэж хүүхдүүд нь унтаад хөндий юм шиг нам гүм болсон байрыг нэлд нь цуурай татуулан хашхирав.Тасгийнхан нь бүртгэнэлдэн босож суусаар л... Муунохой хашгирсаар л байв. Тэгтэл бусад тасгийн хүүхдүүд ар араасаа цувралдан орж ирэв. Тэгээд түүнийг тал талаас нь аргадаж зарим нь алчуур норгож ирээд хамар амнаас нь гоожсон цусыг арчиж цэвэрлэж өгөнгөө худлаа ч юм уу үнэн ч юм уу
-Чи болиорой. Чамд дээрэлхүүлэх гэж энэ хүүхдүүд ирээгүй шүү. Арай дэндэж байна шүү гэж Даргыг зэмлэцгээв. Дарга дуугарсангүй. Нөгөөдүүл нь ч дуугарсангүй. Тасгийнхан нь хөлсөө бурзайлган босож суусаар л. Тэднийг хэн нь ч боль гэсэнгүй. Тэгтэл ч байрын хүмүүжүүлэгч ороод ирэв.
-Юу болоод байна?
-Юу ч болоогүй ээ. Тасгийн жижүүр хийхгүй юм гэнэ ээ. Нэг хоёр алгадсан чинь байраар л нэг хашгираад байна. Омогтой эр бололтой.
-Миний хүү дотуур байранд гэртээ байгаа юм шиг загнаж болохгүй шүү.Алив хамраас нь цус гарах гээд байгаа юм уудаа. Алчуур норгоод ир. Чи хүүхдийн нүүр рүү алгадаж болохгүй шүү. Яв алчуур норгоод ир. Байрын багш Муунохойн нүүрийг их л эвлэг арчиж өгөөд
-За миний хүү ингээд унт. Тасгийнхаа даргын үгэнд орж байгаарай. Энэ алчуураар жин тавьчих. Маргааш нөгөөдөртөө хичээлдээ яваад юу гэхэв. Багш нь ангийн чинь багшид хэлээд чөлөө аваад өгье. Харин чи хүүхэд зодсоноороо хоол цайг нь зөөж өгч байгаарай. Гурав хоног өөрөө жижүүр хий мэдэв үү. За одоо бүгд унтацгаа гээд гарчээ. Маргааш өглөө нь тасгийн дарга бүүршалдаа буучихсан орж ирэв.
-Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь уур хүрээд дүүгээ арай л хэтрүүлчихэж. Ахдаа битгий гомдоорой за юу. Хэрвээ хүн асуувал танихгүй хүүхэд зодчихсон юм гээрэй за юу гэж тасгийнхнаа цайнд нь явуулчихаад царайчлан гуйв. Мөнөөх үхрийн тарган хавирганаасаа ч өгчээ. Муунохой хариу хэлсэнгүй. Хавиргыг нь тоож ч харсангүй буру хараад хэвтлээ. Үдээс хойш Халиун ирэв.
-хөөх чи чинь яачихаа вэ? Чамайг халуурсан гээд байсан чинь хэнд ингүүлчихэвээ гээд духан дээр нь дарж үзэв.
-Танихгүй хүүхдүүд
-Хаана?
-Дэлгүүрийн тэнд
-Чи чинь бараг гадуур гардаггүй байж, яагаад ганцаараа явсан юм бэ? Би жин тавьж өгье. Халиуныг гарахад оргоно гэж бодож байснаа болив. Түүнийг гэсэн хүн энд бас бий. Оргоод очлоо гэхэд аав ээждээ юу гэж хэлэх вэ. Ерөөсөө хүнд муугаа үзүүлэхээ болъё гэж шийдэв. Хэд хэдэн хичээлд сайнтай хоёр ч хичээлд дундтай түүнийгээ засуулъя гэж бодлоо. Хоёр хоног хэвтээд хичээлдээ оров. Тасгийн даргыг ч нөгөө гурвыг ч хүн байна гэж тоохоо болив. Тэр байтугай байрын багш бол өөдгүй амьтан гэж бодох болжээ. Тасгийн дарга түүнийг жижиг өрөөндөө оруулах гэхэд нь орсонгүй. Харин том өрөөнийхөө нэгэн мухрыг эзэгнэн авч үйлчилгээнийхээ өрөөнөөс ширээ сандал олж ирээд тэрүүхэндээ төвхнөөд авав. Гэрээ ч санахаа байчихжээ. Энэ мууг аавдаа хэлээд аймгийн шоронд оруулчихъя гэж боддогоо ч болив. Мөнөөх бужигнаанаас хойш хэд хоног овоо нам гүм байснаа бүх юм хуучнаараа сэргэв. Гагцхүү тэр эргүүлэгнээс Муунохой бүрэн суллагджээ. Жижүүр хийхээ болив. Түүний босоход тасгийнхан нь ид унтаж байна. Ор дэрээ цэмцийлгэчихээд өөрийнхөө орчны шалыг угаачихна. Тоос товрогийг нь арччихна. Тэгээд л хичээлээ уншаад суучихна. Тасгийнхан нь босоод л жагсаж бүх юм хуарангийнхаа хэлбэрээр явагдахад Муунохой л чимээгүй суудаг авай. Чин сэтгэлээсээ ярьж хөөрдөг ганц хүн нь Халиун билээ. Хоёулаа үдийн хоолны дараа ангидаа сууж хичээлээ давтана. Нэг хоёр цаг тэгж суучихаад тасагтаа ирүүт унтаад өгнө. Гэтэл өдрийн цагаар тэгж орон дээрээ хэвтэх нь бусдын хувьд хориотой. Тэд орныхоо өнцөгт шомбойтол суучихаад түүнийг атаархан харна. Орой үдшээр босож суух тасгийнхаа хараад “Хохь нь дээ” гэж бодддог төдийгүй “Чимээгээ жаал аядвал дээргүй юу. Би хичээлээ хийж байна” гэдэг болжээ. Тэгж байтал аав нь хүрээд ирэв.
-Гэрээ санаагүй биз миний хүү
-Үгүй ээ. Харин та намайг эргэнэ гэж наашаагаа битгий олон ирээрэй. Би сайн л сурч байна гэсэн билээ.
Сүүлчийн удаа тасгийн дарга тэр хоёрын дунд ийм нэгэн яриа болов.
-Муунохой чи ер нь хэтрээд байна шүү. Би чамайг хайрлах тусам чи тасгийнхныг уруу татаж байна. Маргаашнаас жижүүр хийгээрэй.
-Чадахгүй шүү. Дуртай юм бол өөрөө хийхгүй юу?
-Чи арай бид нарыг өөрөөсөө айгаад байгаа гэж бодоогүй биз.
-үгүй. Гэхдээ миний нэр Муунохой болохоос биш. Би нохойн хүү биш шүү. Би чамайг яах вэ гээд нэг удаа өнгөрөөсөн дахиад чадахгүй шүү. Чи энд хүчтэй л юм байна. Тэнд очсон хойно чинь чамд биш надад илүү итгэнэ. Ойлгов уу? энийг харин чамд ам бардам хэлчихье. Гар чинь загатнаад байвал загатнаагаа гарга л даа. Зодуур даах зовлого байж л байна гэж даналзав. Тасгийн дарга юм хэлж чадсангүй. Ам нь ангалзаад таг болов. Түүнийг шал галзуу амьтан гэцгээх болжээ. Дахиж бие биетэйгээ бараг үг сольсонгүй. Тасгийнхан нь ч Муунохойд сүйд болох гэвч тоосонгүй. Эргээд л багынх шигээ дув дуугүй, дотогшоо ярьсан хүн болов. Тийнхүү суралцсаар аравдугаар ангийг толгой зоволтгүй төгсөж алтан медаль гарджээ.
Хавар ирж хүүхдүүд хуваарь муваарь гэлцэн үймэлдэхэд Муунохой л хэнэг ч үгүй явж байв. Учир нь хоёрдугаар улирлын дүн гарах гэж байтал түүнийг аймгийн боловсролын хэлтэс дээр дуудсан юм байжээ. Уулзах хүн нь буурал толгойтой сайхан ааштай нэгэн байв.
-За хүү минь ирэх хавар манай аймагт олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь нэг ирэх юм. Ямар ч ар өврийн хаалгагүй, гагцхүү алтан медальтай төгссөн хүнд өг гэсэн байна. Сургууль чинь чамайг л алтан медальтай төгсөнө гэж тодорхойллоо. Хүү минь чи чадна биз дээ?
-Чадна аа
-Дипломат ажилтан бэлтгэдэг сургууль шүү дээ. Мэднэ биз. Явах уу?
-Би уг нь ийм л сургуульд орох юмсан гэж боддог юм.
-Бодох нь тэр. Чиний нэрийг тавьлаа шүү. Харин сайн гарч хөөдөвдөө. Хичээ хичээ хүү минь гэжээ.
Муунохой ч хичээв. Тэгэвч өөрөөсөө илүүгээр Халиунд санаа зовж байв.Тэгсэн Халиун улаан шугамд багтаж малын эмчийн ангид оржээ. Бүх хүүхэд хувиараа автал Муунохойнх л байдаггүй. Өнөө бэлэн сургууль чимээгүй болчих нь тэр.... Гэхдээ Муунохой санаа зовсонгүй. Медалиа ч ав гэсэн. Түүнийгээ авчихсан хойно гэж бодож байв. Юу ч болсон нөгөө буурал хүнтэйгээ энгүүн нэг уулзжээ. Харин цаадах нь түүнийг хармагцаа хөлсөө учир зүггүй арчаад унав.
-Аа, манай хүү юу? Нэг хуваарь наашаа явсан юм уу, үгүй юм уу мэдэгдэхгүй байна гэнээ. Миний дүү яах вэ. Хариад амарч байхгүй юу даа. Би чамайг төдөнд ир гээд дуудуулчихамз гэлээ. Муунохой ч сумынхнаасаа үлдчих вий гэж битүүхэн түгшиж орсон тул уухайн тас болж яаран гарва. Тэд оройд гар бөмбөг тоглож сумын буланд кино үзэж хагас сайнд бүжиглэнэ. Аав ээж хоёр нь
-Миний хүү хаачих нь вэ гэдгээ больжээ. Нөгөө бөмбөг чинь пад пад дуугараад уналаа гэнэ. Бүрий болмогц Халиун тэр хоёр мал эмнэлгийн загийн дэргэд мөр мөрөө түшин суугаад багын явдлаа ярьж бие биеэ шоолон инээлдэх буюу алс ирээдүйгээ ярьж яриандаа автан тэр хол руу өөрийн эрхгүй яардаг байлаа.
-Чи яваандаа элчин сайд болох болов уу?
-Болно юу гэж?
-Ямар оронд суух болоо?
-Мэдэхгүй л дээ. Тийм оронд очиж суу л гэдэг байлгүй.
-Ямар гоё вэ? Москваг нэг үзэх юмсан. Аав анх очоод алмайртлаа төөрч сэргийлэх дээр очиж байж байрандаа хүргүүлсэн гэж их ярьдаг юм.
-Би чамд үзүүлнээ. Манай сургууль Москвад байдаг гэсэн
-Чи намайг аягүй л бол мартчихна даа
-За яалаа гэж дээ. Халиун би чамд нэг юм хэлэх үү?
-Тэг л дээ
-Чи ... Би... Одоо /шүлсээ гүдхийтэл залгив/ том болчихжээ
-Харин тийм. Гэхдээ оюутан болчихсон гэхэд нэг л итгэмээргүй.
-Халиун би чамайг нэг үнсье тэгэх үү? За тэгье л дээ тэгэх үү?
-Хм өөрөө л мэддээ
-Ийм дулаахан байхад чи арай даараагүй биз дээ?
-Яаж байна
-Чичрээд л бас хацар чинь хөрчихөж
-Чи ч гэсэн өөрөө чичирч л байна шүү дээ.
-Би юу худлаа яриад л
-Алив гараа... Тээр чичирч л байна шдээ
-Би аймагт очсоныхоо дараахан гарыг чинь ингэж дэрлээд өвөрт чинь унтах сан гэж боддог байсан.
-За яршиг даа, есөд байхдаа юу?
-Тийм
-Арай чдээ
-Үгүй дээ. Тиймээр биш ээ. Чи намайг ер мэддэггүй байсан л даа. Би ээжийгээ их санадаг байсан юм. Ээжийнхээ гарыг л тэгж дэрлэж унтдаг байсан юм. Тэгэхэд чи надад яг л миний ээж шиг санагддаг байсан.
-Одоо яаж байна?
-Одоо юу. Одоо бол чи яг л миний авгай юм шиг санагдаж байна.
-Яршиг даа
-Нээрэн л юм чинь. Чи миний авгай болохгүй гэж үү?
-Болох л байлгүй дээ. Би ямар мэдэх биш дээ
-Тэгээд хэн мэднэ гэж?
-Чи л мэдэх байлгүй
-Тэгвэл би мэдээд өнөө шөнө хүрээд очно шүү
-Паах, аав ёстой гутлаа шүүрээд л элдчихнэ. Тэгж ч үхэхээ болъё чи минь
-Чи нэг л сонин хүүхэд юмаа
-Яаж байна
-Надад сайн ч юм шиг, эсвэл худлаа ч юм шиг
-Хн.. Өдий болтол үерхчихээд итгэхгүй байхдаа яахав дээ. Би бол чамд итгэдэг ээ
-Нээрэн л итгэдэг юм бол би чамайг ингээд тэврээд сууя.
-Гараа ав л даа
-Яасан?
-Яах юм бэ? Миний гижиг хүрээд инээчих гээд байна. Хүн сонсчихно шүү дээ
-Гараа авчихвал чи уначихна
-ЗҮгээр ингээд сууя л даа. Унахгүй байгаа биздээ. Болиоч дээ... Хүүш ээ тээр хүн ирлээ
-Хаана?
-Тэр...
-Аа
-За яршиг. Би явлаа.: Чи ёстой марзан болчихжээ
-Жаахан сууя л даа
-Орой болчихож. Удахгүй гэрэл унтарна. Хаагуур явав гэж аав ээж хоёр загнаад унана.
-За явъя явъя. Маргааш кино үзээд яах юм. Эндээ уулзъя, тэгэхүү?
-Тэгье. За чи одоо буц буц. Эндээс цаашаа хүн харчихна.
-Би шөнө очно шүү
-Болохгүй. Чи харин нүдээ ань даа. Би чамд сонин юм үзүүлье. Муунохойг нүдээ аньтал Халиун хацар дээр нь шовхийтэл үнсчихээд эргээд гүйчихэв
-Халиун
-Аан
-Би очно шүү
-Гайгүй байлгүй
Гэвч Муунохой очиж чаддаггүй байжээ. Очно гээд л бодохоор өрөөсөн гутлаа далайгаад элдэж яваа Халиуны аав харагдаж “Ёо ёо ёстой балрах нь тэр” гэж амандаа шивнээд нууцхан инээд алдана. Сумынхан Муунохойг илэрхий хүндэлдэг болцгоожээ. Бүүр нэг элчин сайд ирчихсэн юм шиг санагдана.
-Миний дүү ахындаа очиж цай уугаарай. Очихгүй бол гомдоно шүү гэнэ. Тэрхүү гомдоно шүү гэдэг нь Муунохойн зэвүүг их л хүргэдэг байжээ. Цай бол яах вэ. Урьд нь ч орж гараад л ууж иддэг л байв. Ахынхаараа ороорой л гэдэг байв. Муунохой ч тэгэх ёстой юм шиг санадаг байв. Гэтэл одоо болохоор гомдоно шүү гэцгээх болжээ. Гомдоод байхдаа яахав дээ. Ямар хүний хүн байгаа биш... Харин бодоод байхад тэрхүү гомдоно шүү гэдэг нь нэгэн ёсны айлгаж тунирхсан үг байжээ.Тэр бол хүндэтгэлийн үг юм байна гэдгийг ойлгожээ. Тэгээд яваандаа эвгүйрхэхээ ч больжээ. Өөрт нь ч элчин сайд болчихоод ирээд амарч байгаа юм шиг санагдах болчихов. Сумын дарга хүртэл тааралдвал “Манай Муунохой ч том эр болжээ. Орж гарахаа ч бүр болио шивдээ. Сургуульдаа хэзээ явах гэж байна даа” гэв.
-Дуудна гэсээн.
-Аа
-Тийнхүү салаад явмагц нь арай мэдчихсэн юм биш байгаа даа гэж эмээхийн ялдамд үгүй ер нь мэдэх тусмаа сайн бишүү гэж бодогдоод иржээ. Яадаг юм өнөөдөр очдог хэрэг гэж шийдэв. Хөөвөл хөөнө л биз. Арай ч гутлаа бариад элдэхгүй бололтой. Их л бодож аав ээж хоёрт хэлнэ биз, тэр тусмаа сайн юм чинь. Юунаас нь айдаг юм. Ямар сумын дарга болохоос миний дарга биш, яваандаа би илүү том дарга сайд ч болох юм билүү? Аягүй бол тэгнэ дээ гэж бодоод орой нь хөнжил гудсаа хуйлж бариад үүд рүү явжээ.
-Миний хүү яах нь вэ?
-Гадаа унтъя. Гэрт бүгчим байна
-Хаяагаа шуучхаач дээ
-Од харах гэсэн юм аа
-Аа за тэгвэл өөрөө мэд дээ
Гадаа гараад хэвттэл ёстой л чичрээд байгаагаа мэджээ. Маргааш өдийд ямар юмны эзэн болчихсон явж байх бол, Аав ээж хоёрыгоо хөөдөөд хаячихгүй л байгаа даа. Ийм хүнийг тийм сургуульд явуулахгүй гээд л заргалдчихвал ч дүүрлээ шүү. Гэхдээ Халиун даанч дээ тэгүүлэхгүй байгаа гэжбодлоо. Төвийн дизель хэд хэдэн удаа уухчих мэт пад падхийгээд чимээ нь тасрав. Сум даяараа пад харанхуй болжээ. Муунохой өмдөө өмсөж байхдаа больдог ч юм билүү гэж тээнэгэлзэв. Гэвч сэтгэлээ хорьж дийлсэнгүй. Өчигдөр орой биеийнхээ яаж жирсхийж байсныг бодмогц яаравчлав. Гэрийн нь ойролцоо очтол гэнэт айдас нь давамгайлж буцаад явав. Тэгснээ “ер нь үүдийг нь татаад үзье. Түгжээтэй бол санаа амар яршиг буцаад л явчихъя. Хэн бэ? гэж асуусан ч хамаагүй, буцаад л явчихъя” гэж бодоод эргэн очив. Гэтэл үүд түгжээгүй байлаа. Түгжээгүй бол яах байснаа нарийн бодоогүй тул балмагдсандаа яваад орчихов. Орчихсон хойноо хаашдаа дүүрч гэж бодоод ялимгүй тайвшрах ч шиг болж гэрийн баруун тал өөд өгсөж явтал хөлд нь юм ороолдоод падхийн уналаа. Хоймроос Халиуны аав нь
-Хэн бэ? гэлээ
-Би Муунохой байна аа
-Энэ орой болсон хойно яаж яваа юм бэ, хүү минь? Норжоон хөгшөөн лаа байна уу? Гэрэл гаргаач...
-Гэрлээр юухэв ээ гэж хэлчихээд хэлээ хазав. Гэвч өнгөрчээ. Гэрт таг чимээгүй болчихов.Хажууханд нь нэг хүн түргэн түргэн тасалданги амьсгална.Энэ бол Халиун, хоёр дүү нь зусланд явчихсан юм чинь гэж бодов.
-Хээцэс.... Сумын дарга ингэж хэлүүт орны пүрш нажигнаад явчихав.
-За баларлаа, босоод ирлээ яана аа гэтэл чимээ тасрав.Цаашаа эргэсэн бололтой. Өнөө хөлд нь тээглэсэн юм нь сандал байжээ. Тэмтэрч олоод Халиуны орлуу шахан тавьж суулаа. Хэдий хэр тэгж сууснаа мэдсэнгүй. Нэг анзаарвал хойд орны зүгээс ээзгий буцалгах сонстов. Чухам үнэн худлыг бүү мэд. Юутай ч гэлээ амсхийн Халиуныг тэмтрэв.Цаадах нь гарыг нь барьж авуут хэд хэд чимхээд авав. Тэгээд яв гэж байгаа бололтой түлхлээ. Тэгэхээр нь Муунохой эрхий хуруугаа гозойлгов. Аминдаа бүх юм өнгөрсөн одоо зүгээр гэсэн дохио юм. Тийн дохихдоо нөгөө гараар цамцныхаа товчийг тайлж байлаа. Сүүлчийнхээ товчийг мултлуут хэсэгхэн зуур хулчганаснаа одоо дүүрсэн гэж шийдээд хөнжлийн нь сэжүүрийг сөхөв.Тэгмэгц Халиунаас үнэртдэг үнэртэй усны ялдам үнэр сэнхийгээд хамаг бие нь бадайрмагц орны ирмэг дээр сандайлж удсанчгүй намсхийгээд хэвтээд өгчээ. Чимээ гарсангүй. Халиуныг цаашаагаа эргэмэгц суган доогуур нь гараа шургууллаа. Тэр агдагнан чичирч байлаа. Тэгтэл гарын нь алгыг дамжин халуу асгаад хамаг бие нь ирвэгнэн цахилгаан гүйдэлд цохиулчих шиг боллоо.
... Гэнэтхэн тэртээ урьд эцэг эхийн байрны л хавьд бололтой нохой архирч
-Жов чи, яадаг муу улиа вэ? Гэсн дизельчин Ойдов гуайн дуу их л тод сонстоод дахин ажин түжин боллоо. Ойдов гуай бол дизелиэ унтраачихаад лааны гэрэлд арчиж цэвэрлэдэг төдийгүй гадаах том торхноосоо амыг нь жаавийлгасан хувингаар түлшийг нь зөөж банкаа дүүргэдэг сонин зантай хүн билээ.
-Та энэ ажлаа өдрөөр хийж байгаач гэхээр
-Шөнө хийсэн ажил хүн хийгээд өгсөн юм шиг маргааш нь бэлэн зэлэн сайхан байдаг юмаа хүү минь гэх
-тэгвэл мотороо унтраахаас өмнө гэрэлтэйд хийчихэж байгаач. Сүүтэгнээд л ямар олиг байв гэж гэхээр
-Хош чи... Энэ айхавтар сэнстэй нь орооцолдчихвол яах гээв. Эсвэл муу өвгөнөө 220оор хайлуулаад авмаар байна уу? Тэрийг ч харин больёо гэдэг хүн билээ.
Наадам өнгөрөөд удаагүй байтал найман сарын нэгний дотор явах бэлтгэлтэйгээ ир гэсэн дуудлага ирлээ.
Цэвэг Должид хоёр яарамгүйхэн шиг бэлдэж байснаа тэр хэлийг ирмэгц сандарч гарлаа. Ойр орчныхон нь ч хөдлөгөөнд оров. Мөнх сайн сархинагт чихсан үхрийн борц, хатаасан өрөмтэй аваад ирэв.
-Өрмийг нь цайндаа үйрүүлээд уучхаж бай. Наадхаас нь хааяа нэг чимхээд шөл хийхэд ч гаргуун даа. Мах ховор юм гэхчүүлээ гэчихээд өөр ч юм хэлсэнгүй. Гаансаа сугалан шийхнааг нь гаргах гэж хоёр гурав үлээв. Тэгэхэд нь аль өвөл эхлэх гэж байхад хэлж байсныг нь Цэвэг Должид хоёр эргэн санав.... Төө орой болсон хойно Мөнх нүд нь сүүмийчихсэн ороод иржээ. Цэвэг хийж байсан ажлаа түр хойш тавиад
-За Мөнх минь нүдээ хаа ингэж гоёчихоов гэлээ
-Бааран Сүхийн ноогдолт малыг төхөөрч өгөөд шагналыг нь хүртчихээд харьдаг ч юм билүү гэж бодоод явж байтал танайх гэрэлтэй байхаар нь гээд гаансаа сугалав
-Мөн ч ядруу эр шүү. Идшээ ч хийчихэж чадахгүй. Өдий болтол хаагуур явсан хүн юм болоо
-Хөл татахдаа дальдгасхийгээд босон харайгаад байхаар нь “За яршиг чамгүй янзлахыг бодъё. Харин даараад байна. Ёндонсамбуугийнх руу бушуухан гүйж очоод өгөх хөлсөө аваад ир гэсэн чинь уухайн тас арилаад өгч байхгүй юу” гээд Мөнх хүнгэнүүлэн инээв. Цэвэг авдраасаа нэг шил юм гаргаж өр дээр тавиад халуун сав руу гараа явуултал
-Юухэв юухэв Цэвэг минь. Ийм их халуун хайрхан дээр тийм халуун цай уучихвал би тэсэхгүй байх гэжээ
Тэгээд өмнөх ажилдаа шамдуухан орцгоотол Мөнх Должид руу зэрвэсхэн хараад
-Үйл бүт. Сар шинэ алсхан байна санж. Юун эртнээс шамдаав гэлээ
-Мөр зохь. Буруу хойшоо, сар шинийн гоёо бишээ. Хүүгээс захиа ирээд... Гадаад оронд сургуульд явж суралцах боллоо гэсэн байна. Цагийг нь тулгачихаар гараас ямар олигтой юм гарах биш гэж бодоод нухаж сууна. Гээд хүнд битгий хэлээрэй. Олны ам дамжсан юм ямар бүтэх биш. Санаагаар болдог бол дэргэдээ л байлгаад баймаар. Гэвч тийм сайхан хувь олдож байхад ямар зүг байх вэ? Уухайн тас л явахаас...
-Тэгээд юу юугүй явчих хэрэг үү?
-Намраас явах байхаа. Хүү л хөөрөөд урьдчилж дуулгасан байлгүй.
-Аа тийм явдал болж байгаа вий. Тэгвэл ч тарган үнээ борцлоод сархинагт нь хийж өгнөө гэж Мөнх том амалсан юм байж. Цэвэг Должид хоёр тэр үед нь хөөрхий минь согтож орхиж л бодсон билээ. Гэтэл энэ...
Цэвэг дургүй ч үгүй байгаа бололтой.
-Үгүй чи мөн хөгийн юм боддог хүнээ дээ гээд инээж суув. Ийнхүү бужигнаж бужигнаж сая л бэлтгэл хангагдлаа гэж үзээд Муунохойг явахаас гурав хоногийн өмнө Хайрхан уулынхаа нэг аманд очиж ямаа боон үдэлт хийлээ. Цэвэг том аяганд архи хийж бариад хэсэг зуур бодлогоширон зогссоноо
-Та бүхэн минь бидэнд өлзийгөө мөн ч харамгүй хайрлалаа даа. Должид бид хоёр анх ирээд хүн танихгүй, яагаав нөгөө муу Лувсан гуайгаас гээд түгдэрхийтэл нэг нь залган авч
-Нэгдлийн аж ахуй байсан уу гэлээ
-Тийм тийм сангийн ханхар хар гэр авч бариад Ёндонсамбуугаас илүү гэрийнх нь зуухыг гуйж айл болж байлаа шүү дээ. Гэтэл одоо хүүгээ сургуульд үдэх гээд та нарыгаа тойруулчихаад найрлаж байдаг. Сайхан байна, тун сайхан байна гэтэл нүдэнд нь нулимс гялайтал гараад ирэв. Түүнийг ядам хурууныхаа өндгөөр арчсанаа
-Баярын од харваж байна шүү гээд аягатайгаа уруул дүрүүт хүүдээ хоёр гардан барьж
-За миний хүү амс. Дараа нь энэ олон ах дүүдээ амсуул. Тэгээд өгөөжөө өгсөн нутгийн магнай Хайрхан ууландаа идээнийхээ дээжийг өргө дөө гэлээ. Муунохой аягатайгаас амсаад нар зөв тойрон нутгийнхандаа амсууллаа. Тэд ёс болгон уруул дүрцгээгээд мөнгө өгцгөөж байв. Хүмүүстэй ийнхүү ёслуут ойрмогхоны хадан дээр гараад ертөнцийн зүг бүхэнд хэцийлдэх Хайрханы уул бүхэнд өргөлөө. Ингэснээр үдлэг хавтгайрч эхлэв. Муунохой олноос зайдуу гарч нэгэн их сайр жалганы ирмэг дээр зогсон морь хартал ямар нэг амьтан түүнийг ширтэж байгаа мэт санагдав. Цочисхийн анзаарвал тэр уужим сайрын цаад эргийн ёроолд нэг том чоно оцойн сууж байх нь тэр. Сүүлээ хажуудаа цагираглуулаад зөвхөн үзүүр нь түүнийг даллан мурчигнаж байлаа. Муунохой тэгтлээ ч их айсангүй. Чоно уу даа гэж бодов. Чоно ч сүүлийнхээ үзүүрийг улам хүчтэй мурчигнуулахад даллаж хойшлл ухрав. Ухрахад нь Муунохой өөрийн эрхгүй урагшаа алхлаа. Чоно яг л нохой шиг гийнан ухрана. Тэр хоёрын хоорондын зай холдсон ч үгүй, ойртсон ч үгүй анх бие биенээ харахад хэдэн алд байсан бэ, тэр л хэмжээндээ байжээ. Муунохой нэг хоёроор алхсаар сайр руу ороод очив. Харц нь чононы хоёр ногоон нүднээс салж чадахгүй байжээ. Сайр бол элбэг тавь жаран алхам хүрэхээр өргөн сайр байлаа. Чоно гийнан сүүлээ мурчигнуулан ухарсаар л. Муунохой ч сайр шажигнуулан урагшилсаар байв. Чонын харц бол гуйж аргадсан, ер хүнийхээр бол уйлах гээд ч байгаа юм шиг тийм харц байжээ. Цаад этгээдэд согтуудуу хүмүүсийн дуу чимээ сонстох боловч чоно түүнийг тоосонгүй. Муунохой ч сонсохоо больж байв.
... Должид сэтгэлийн мухарт нэг их уйтгартай ч юм шиг эсвэл нэг их баяртай ч юм шиг юутай ч гэсэн үе үе хөгжөөн наргианд автан цангинатал инээж, дугараа ирэхэд “Талын таван толгой” гээд л тасхийтэл дуулж, тэгснээ нэгэн үе хэлж боломгүй уйтгарт автан бодлогоширч суужээ.Гэтэл гэнэтхэн сэтгэл нь жигтэйхэн хачнаар сэрхийхийн хамт хөх нь чимхийн таталдаад явчихав. Дугуйран суусан улсын дотор хүү нь алга. Ухасхийн босоод майхан руу шагайв. Хэн ч алга. Хөнгөн тэрэгний дээгүүр доогуур шагайж өнгийж үзэв. Том тэрэгнийх нь тэвш рүү хүртэл авирч харав. Хүү нь байсангүй. Тэгмэгц...
-Хүү... миний хүү... Муунохой алга гээд цахиртуулан хашгирав. Хүмүүс ч цочиж орхив. Анзаарвал найрын эзэн нээрэн ганцаараа алга. Должид чухам юунд хөтлөгдсөн юм бүү мэд
-Миний хүү... Муунохой гэж хашхираад сайрын зүг гүйлээ.
Чоны ухралт ягуу ягуухан хурдсаж байв. Тэрээр бөгсөөрөө чулуу сайр шажигнуулан хаман ухарч байснаа болиод хөллөн ухарч байжээ. Гагцхүү сүүл нь хажуудаа мурчигнасаар байв. Тийн ухрах зуур түргэн түргэн их л наалинхай өнгөөр гийнана. Муунохойн алхаа ч хурдасчээ. Тэр хөлөө нэг хоёроор зөөн тавьж байснаа одоо бүр шамдуухан алхаж байв. Гэнэт чонын харц очтон цэнхэртэв. Тэгтэл ч ижийнх нь миний хүү.. Муунохой гэж цахиртсан дуудалт сонстлоо. Чоно ухрахаа болиод зөөлөн архирав. Түүнд соёо байсангүй. Хүнийх мэт жигд цагаан шүд ирийж байв. Муунохойг эргэж хартал чоно нэлээд чанга архирав. Тэгмэгц өөрийн эрхгүй эргэжээ. Эргүүт өмнөө араатан байгааг харж нуруу нь хүйт оргиод явчихав.
-Жов чи гээд бөхийнгүүт чулуу шүүрэв. Чоно уйлах мэт муухай гийнаад гялсхийж эргэж сайрын цаад эрэг дээрх хөх чулууны цаагуур алга болов. Муунохой ч эргээд явав. Эрэг дээр үсрэн гартал ижий нь, ижийгийнх нь араас хүмүүс гүйлдэн ирж явав.
-Миний хүү... Муунохой... чи хааччихав аа
-Морь хараад ирлээ.
-Ёх ёх зүрх амаар гаргачих шахлаа
-Иш Должид минь юун ч сүртэй юм билээ дээ
Бүүр айлгачихлаа байна. Хүү чинь хол явж байдаг. Миний өвгөн биеэ сайн барьж байх хэрэгтэй шүү дээ. Тэсэж давах л хэрэгтэй. Санаж сэдэрч яаж болох вэ дээ. Биеэ барьж байх хэрэгтэй юм гэлцэж байлаа. Гагцхүү Должид л юу ч хэлсэнгүй. Зүрх нь амаараа гарчих шахан оволзтол цохилж тэрээр хүү минь... миний хүү гэж үглэж байвч хүмүүс түүнийг нь сонссонгүй. Уруул нь өмөлзөхийг л харжээ.
... Муунохой бэлтгэл анги гэгчид оржээ. Харин тэнд үздэг хичээлүүд нь Муунохойн хэдийний мэдэх зүйл байжээ. Тиймээс ч багш нар түүнийг
-Чи чинь яагаад бэлтгэлд орчихсон юм бэ? Бэлтгэлгүй сурах хүн андуурагдаад ороод ирчихсэн ют биш биз гэцгээх болов. Гэвч нэгэнт бүх юм шийдэгдээд оройтсон тул “Энд суугаад юухэв. Цаг ашигла. Номын санд суу. Яв яв” гэдэг байлаа. Тэгтэл нэг сайхан ааштай өндөр багш “Чи Англи хэл үзээч. Ирэх жил чамд хэрэг л болно доо” гэлээ. Тэр зөвлөгөөг ер зүйтэй юм байна гэж бодоод англи хэл үзэж суудаг болов. Аймагт анх очоод байранд сууж байснаа бодвол гэрээ онц санасангүй. Харин Халиуныг их үгүйлдэг байв. Түүнтэйгээ захидлаар харилцаж утсаар ярина. Хагас жил ийнхүү англи хэл үзээд төсөр ярьчихдаг, толь бичиг ашиглан ном уншичхдаг болов. Толгой сэргээх далимд хотоор баахан явамтгай, явахдаа зүгээр явахгүй аав ээждээ ч юм уу сумынхаан хэн нэгнийг бодогдмогц жаал зугаа юм авчихдаг оюутныхаа тэтгэмжийн хэдэн төгрөгөө тэгж үрчихээд ходоод дундуурдуу суудаг байжээ. Нэг өдөр тиймэрхүү байдалтай суужээ байтал өлсөөд тэгсэн хэрэг биз нэг их өргөн гудамжинд ямар нэг шар өнгөтэй савны дэргэд идчихмээр юм байх шиг санагдаад байхаар нь тэсэж сууж болсонгүй. “Зүгээр гиюүрч суухаар салхинд жаал явъя байз” гэж бодоод гараад алхчихжээ. Их л алхсан хэрэг биз. Нэг л мэдсэн хотын нэг том гудамж руу ороод иржээ. Урд нь олонтаа явж байсан болохоор ч тэрүү тэрхүү гудамж нэг л их танил дотно санагдаад байжээ. Муунохой цэцэрлэгийн хайс дагаад гудамжны хажуугаар явж байв. Гэтэл өмнө нь нэг их танил сав харагдаадахав. Анзаарвал хог хийдэг шар сав байжээ. Түүний хажуугаар өнгөрөх гэтэл сэтгэл нь хоргодоод байв. Юу билээ гээд эргэн тойрныг хянамгай харвал хайсны ёроолд үрчийтлээ базагдчихсан цаас хэвтэж байлаа. Эргэн тойрон хүмүүс хөлхөлдөвч түүнийг анзаарсан хүнгүйг мэдмэгц аваад үзвэл байдгаараа базаж үрчийсэн арван төгрөг байжээ. Түүнийг үзээд их л гайхав. Урд нь тамхичин оюутнууд ёзоор эрж сандралдахад нь “Тэнд нэг том ёзоор байна” гэж олонтаа аминд нь орж байсан удаатай. Гэхдээ тэр ёзоорыг зүгээр л олоод харчих шиг санадаг байжээ. Цаадуул нь ч түүнийг хурц хараатай гэдэг байлаа. Гэтэл энэхүү мөнгийг яагаад ч үзсэн баймааргүй. Ийшээ явбал юм идчихмээр санагдсан билээ. Тэгэхээр сэтгэлд нь ямар нэг юм байна гэж бодогдох болов. Энэ явдлаас хойш Муунохой мөнгөөр гачигдсангүй. Гийгүүлээд байх юмгүй хэдий ч тав арван юмаар хэзээ ч тасарч байсангүй. Хүүхдүүд түүнээс их зээлдэнэ. Тэр ч тав арвыг дуртайяа зээлдэнэ. Илүү бол байхгүй шүү л гэнэ. Үнэндээ ч илүү юм байдаггүй билээ. Оюутнууд мөнгө зээлдээд бас дуугүй байж чадахгүй тул “Тамхи татахгүй, архи уухгүй тэгэхээр мөнгө юунд үрэх вэ? Энэ ч баяжна даа” гэлцэнэ. Гэвч тэдний атаархал талаар өнгөрч Муунохой баяжаагүй билээ. Харин бэлтгэлээ төгсөхдөө англи хэлийг чамгүй сайн эзэмшчихсэн байв. Үндсэн ангид ороод ч ядарсангүй. Хоёр сар сайн шамдаад л бүх хичээлээ гартаа хийгээд авав. Багш нар ч оюутнууд ч түүний ой ухааныг шагшицгаана. Ийнхүү явсаар эхнийхээ улирлын шалгалтыг өгөөд дуусаад байтал сүүлийн шалгалтыг авсан багш “Чи дэмий хугацаа алдаад байгаа юм биш биз. Шахаж хичээллээд анги алгасаж, хожсон хугацаандаа сэдэв авч оролдвол энэ сайхан залуу оюун ухаан чамайг нэг их удаан дагах ч биш дээ” гэсэн билээ. Муунохойд ч яагаад болохгүй байх билээ. Хий дэмий цагаа алдахын оронд гэж бодогдоод иржээ. Тэгээд амралтаараа ийшээ тийшээ явъя баръя гэсэнгүй. Номын санд сууж өнгөрөөв. Хичээл эхлүүт л багш декантайгаа зөвлөж цаадуул нь ч чадах хүн гэж үзээд хичээлийг нь зэгсэн шахаж өгөв. Тэрээр үдсэн хичээлээс гадна нэмэлт хичээлээр семинар авчихаад номын санд шөнө дөл хүртэл суудаг болов. Ингэж шахсаны үр дүн ч гарч үлдсэн хагас жилд нэгдүгээр ангийнхаа хичээлийг бүрэн, хоёрдугаар ангийн хичээлийн эхний хагасыг үзэж дуусчээ.
Багш нар нь түүнийг урьдчилсан байдлаар шалгаж үзээд зуныхаа амралтаар үлдсэн хагас жилийн хичээлийг эчнээгээр үзээд намар ирмэгц шалгалтуудаа өгч шууд гуравдугаар ангид орж болохыг хэрэг дээрээ зөвшөөрөв. Сургуулийн захиргаа ч тэгж болох үндэстэйг нотолсон бичиг хийж өгөөд
-За ингээд элчин дээрээ очоод зөвшөөрлийг нь авчих. Тэгээд шалгалтаа өг дөө гэсэн байжээ. Элчингийн ажилтан малигар цагаан хшн инээд алдан уулзсан атал хэрэг зоригийг нь сонсох тусмаа нөгөөх инээмсэглэл зугуухан арилсаар Муунохойг яриад дуусахад хөмсгөө бүр нумруулан зангидчихаад сууж байлаа.
-Баталгаа нь хаа байна.
-Энэ байна. Сургуулийн захиргаа энэ хавар хоёр ангийн шалгалтыг цувуулж өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь энэ байна.
-энэ яах вэ, хүү минь. Энэ чинь хууль эрхийн акт биш шүү дээ. Тэр жинхэнэ акт нь хаа байна вэ?
-Байхгү йл дээ.... гэхдээ миний хувьд...
-Иш чи мөн гэнэн байна даа хүү минь. Энэ чинь ганц чиний хувийн асуудал биш шүү дээ, миний дүү. Юм гэдэг чинь цаг дээрээ нарийн. Эд нар чинь бүгд гадаад хүмүүс. Эцсийн эцэст та нарын эх орондоо хэр зэрэг хэрэгтэй мэргэжилтэн болох эсэх чинь биднээс тухайлбал надаас шалтгаалдаг юм шүү дээ. Чи яах вэ тэгсэн ингэсэн болоод багш нараа аргалаад төгсчихнө. Очсон хойноо зэс чинь аяндаа цухуйна. Тэгэхэд л бүх хариуцлага над дээр бууна даа. Тэгээд чи ер нь хугацаа хожиж яах гэсэн юм бэ?
-Сэдэв авч ажиллая гэж бодсон юм
-Хяналтаас гарчихаад хот дамжиж наймаа хийх сэдэв авахыг хүссэн байвал би яах вэ?
-Арай ч дээ. Би тэгж бодоогүй. Үнэхээр л мэрийе гэж бодсон юм.
-Мэрийнэ гэж байгаа чинь зөв. Гэхдээ яарвал даарна гэж мэргэн үг бий. Ингэж сандарч тэвдэж биш, харин ултай суурьтай нухалж мэрий. Ер нь тэгээд би чамайг чинь овоо хүүхэд гэж санасан чинь дэвдэгнэсэн бас нэлээд ажиллах шаардлагатай хүн байсан байх нь ээ гэлээ
Муунохой хорондоо элчингийн нарийн бичгийн даргатай уулзаад ч нэмэр болсонгүй. Харин ч загнуулчихав. Тэгэвч гомдол тасарсангүй, эвлэлийнхээ хорооныхоо даргатай уулзав.
-Дүү минь энэ чинь ердөө ч үзэгдэж дуулаагүй зүйл байхчив. Хэдэн оймс илүү элээсний хувьд энүүхэндээ гэхэд дэмий юм бодож хайран цагаа үрэхийн оронд цаад номын сандаа очиж суу л гэж зөвлөх байна даа гэв. Бүгд хуйвалдчихсан юм шиг гэж бодоод Муунохой цөхрөв. Харин декан энэ байдлыг нь мэдүүт
-Би хөөцөлдөнө. Танай холбогдох томоохон байгууллагатай ярина гэжээ. Тэгэхэд нь элчингийхээ ажилтнуудын өмнөөс үхтлээ ичив. Гадны хүн ингэж анхаарч байхад даанч дээ гэж бодоод гомдож байлаа. Хэд хоноод декантайгаа хонгилд таартал тэр гунигтайгаар инээмсэглээд толгой сэгсэрсэн билээ. Ихэд урам хугарч гутарсан ч бүх шалгалтаа оюутнуудын хэлдгээр ёстой л дээшээ харж хэвтэж байгаад онц өгчихөөд гэртээ харьжээ. Очиход нь Халиун байсангүй. Гэрийнхэн нь “Оюутны ажилд явлаа. Дараа нь дадлагатай. Энэ зун очиж чадахгүй байх гэсэн захиа ирүүлсэн, харин та нар чинь хотод уулзалдаагүй юм уу” гэцгээж байлаа. Хавар хоёр удаа утсаар ярих гэхэд ирээгүй. Захианы хариу ч өгөхөө больсон, яасан юм бол доо гэж бодлоо. Түүнд зориул авчирсан алчуур, үнэртэй ус хоёроо жаал Бямбаад өгчихлөө. Баатар цэрэгт очоод жолооч болсон. Нэг хуягт хараад л байж байдаг юм байхаа.Зөвхөн хээрийн сургууль болоход л хуягтаа гаргадаг бусад үед нь арчиж зүлгээд л харж суудаг. Хуягт нь бараг нүүрээ тольдчихмоор гялалзсан юм байдаг гэнэ ээ гэж Бямбаа хуучлав. Бямбаа өөрөө ахуй үйлчилгээнд оёдолчин биш харин захиалга авч тасалбар бичээд мөнгө хураадаг хүн болжээ. Баатар ирээд ахуй үйлчилгээний мухлаг авбал худалдагч нь болох санаатай гэнэ. Муу золиг чинь таван сарын өмнө нутгийн чөлөөгөөр ирж арав хоноод явсан нь энэ гээд гэдэс руугаа хараад инээж суув. Муунохой тэр зуныг арайхийн барав. Бүүр уйдаж гүйцжээ. Бушуухан л буцахсан гэхээс өөрийг бодсонгүй. Их хотын чимээ шуугиан, оюутныхаа хөлтэйхэн амьдралд бүүр дасаж орхисноо мэдэв.Битүүхэндээ бол Халиуныг үгүйлж л уйдаад байх мэт санагдаж байжээ. Ангийн нь хөвгүүд цэрэг цуухад явцгаачихаад ярьж хөөрөөд шуугих хүн ч байсангүй. Аав ээж хоёртоо түлээ түлшийг нь бэлтгэж базааж өгөв. Өөр ч олигтой хийчихмээр юм байсангүй.
-Аав чинь заримдаа зүүдлээд миний хүү тэр булангаас нь эцээхэн өргө гээд л ярьдаг юм гэж ээжийгээ хэлэхэд нь аав ээж хоёроо их өрөвджээ. Зайлуул даа, энэ хоёр маань намайгаа санаж бэтгэрч орхих нь дээ. Утсаар л сайн ярьж захиа л сайн бичиж байлгүй болохгүй нь гэж бодов.Иймэрхүү л байсаар буцав. Намар хичээлдээ ороод бас л хийх юм олдсонгүй. Ер ирсэнгүй гээд багш нар үгүйлэх янз алга. Чи заавал хичээлд суу ч гэсэнгүй, бас битгий суу ч гэж хэлсэнгүйд нь жаахан гайхазнаж ганц хоёр хоног явтал ер тоох янзгүй болохоор нь очихоо ч болив. Бага үд хүртэл тайван унтаж амраад их хотын гудамжаар гараа халаасандаа хийчхээд жаал алхана. Өрөөнийхөө хэдийг ирэхээс арай өмнөхөн амжиж очоод хоол цайг нь хйигээд тавьчихна. Цаадуул нь ч дуртай.
-Үгүй нэг ийм хүн байнга байдаг бол мөн сайхан аа. Хоолноос илүү гарсан мөнгийг өөртөө хэрэглэх бүрэн өгчихье гэцгээх бөлгөө. Тэгсээр сүүлдээ гарч явахаас ч залхуу нь хүрээд байх болов.Орон дээр нь дээшээ харж хэвтээд янжуур асаан зууж утааг нь цагираглуулан зугаацдаг байснаа нэг л мэдэхэд уушигладаг, амаараа утааг нь гаргадаг ерөөс тамхичин яаж чаддаг вэ бүгдийг нь чаддаг болсон байв. Тэгсэн нэг өдөр бүүр нэг уйтгартай санагдаад болохгүй болохоор нь гарч яваад хатуухан дарс баахныг авчираад босон суун уув. Мэнэрээд л минчийгээд л нэг сайхан орчинд хөвж эхлэх нь тэр. Тэгсээр уугаагүй үед нь ч дарсны сайхан эхүүн амт тагнайд нь ямагт амтагдах бөлгөө. Гэхдээ дарстайгаа уралдуулан мөнөөх англи хэлээ үзсээр байжээ. Харин дарс нь энэ уралдаанд ялимгүй түрэмгий байлаа. Өдөрт хичнээнийг уулаа ч нэг хоёрыг заавал тавьж хононо. Өглөө нүд аниатай шахуу орныхоо дээд шигэм рүү гараа явуулж дарсныхаа хүйтэн толгойг тэмтэрч олуут нойр нь үргэн оддог билээ. Шалгалт болоход түүртсэн ч үгүй. Тэгээд тасгаараа шалгалтаа амжилттай давсны угаалга хийлээ. Түүнд нь Муунохой анх удаагаа бүрэн эрхтэй гишүүнээр оролцлоо. Ам халцгаагаад ирмэгцээ түүнийг тал талаас нь баахан шахацгаалаа.
-Одоо анги дэвших нь зөв. Хатуухан юм ч бас сайхан шүү гэцгээлээ. Өглөө нь бөөн инээдэм болцгоолоо. Муунохойг л шоолсон ч гэх үү аль эсвэл түүгээр бахархсан ч гэхүү нэг л тийм юм болов.
-Ёстой гайхалтай. Хундагатайгаа барьсан чигтээ хөшөө шиг унтчихсан байсан шүү. ХУндага нь хэлтийгээ ч үгүй байсан. Өнөөдөр ч жирийн өдөр биш. Амралтын өдөр шүү дээ. Тэмдэглэвэл яасан юм бэ? Дотор газар ч хямралтай байна гэлцээд үргэлжлүүлэн тэмдэглэв.Маргааш өглөө нь өрөөгөөр нэг ёолж ёхолсон улс сэрцгээлээ.
-Алив Муунохой минь аминд ороорой. Ёо ёо ёо. Тэр ч байсан хамаагүй ээ. Муунохой бүх халаасаа ухаж үзээд юу ч олсонгүй. Шөнө таксинаас юм авч байсан ч шиг үгүй ч шиг санагдав.
-Юу ч байдаггүй шүү. Орой уг нь хоёр аравт хадгалчихсан шиг л санагдаад байх юм.
-Тэгвэл тэр чинь өнгөрсөн. Таксинаас хоёрыг авах чинь билээ.
-Өө тэгвэл Муунохой чинь найдваргүй болсон байна.
-Баяраа чи л нөгөө өмдөө зарна байгаа.
-Тэгэхээс л биш.
-Азна. Жаахан харъя, бодъя. Юм олдож юуны магад вэ?
-Нээрэн мнай хүнд энд тэнд зээлдүүлсэн барьсан юм байж л байгаа. Сайн бод гэцгэээж Муунохой ч нөгөөхдөө найдан сэтгэлээ нэгжин дуудаж гарав. Гэвч юу ч болсонгүй. Нэг л их бөөдийсөн хар юм байхаас танил гудамж энээ тэрээ таг чиг. Тэр өдрөөс хойш Муунохой мөнгөтэй байхаа больсон билээ. Мөнгө олдож гэмээ нь наадуултайгаа нийлж уучихаад ер тэсгээхээ болив.Ааж ээж, нутгийн танил тал олондоо авсан ховор шивэр юмнуудаа захаас нь эхлээд зардаг болов. Тэгж явахдаа наймаа хийнэ гэдэг бас л нэгэн нууц шинжлэх ухаан болохыг мэдэрч мэдрэх тусмаа түүний олон нууцыг танин мэдэхийг эрмэлзэх болж түүнээ ч сайн сурав. Ухаандаа хүний зуугаар зарах гээд чадахгүй байгаа юмыг барьж гаруут нэг их төвөг удалгүй зуун тавиар зарчихаад хэдэн шил архи аваад орж ирнэ. Тийнхүү наймааны ажилд гаршаад ирмэгц өөрийн юмыг зарах нь тэнэг ажил юм гэж бодох болов.Ер хүний юмыг сайхан зарж өгөөд амиа хоохойлоод явж блох байтал өөрийн юмыг зараад юухэв. Байж л байг. Ямар хоол нэхэх биш. Тэгж яваад Ариунаатай танилцлаа. Ариунаабол заруулах юмаар тасардаггүй хүн. Тэгээд ч нэг их өндөр үнэ хэлэхгүй нь олзуурхууштай. ГЭрээс нь байсхийгээд л нэхий дээл, савхин цамц, тарваганы арьс хүрээд ирнэ. Түүнийг Муунохой борлуулж өгөөд бага биш юм унагаад авчихдаг билээ. Тийм нэг ихээхэн унацтай өдөр Муунохой их ч баяртай, зэгсэн халингар очоод мөнгийг нь өгөнөө гарыг нь атгаад өөр уруугаа зугуухан татлаа.
-За яршиг аа яршиг... Муунохойн ялимгүй түгшүүр баяр баясгалангаар солигдож татсаар хажуудаа суулган бэлхүүсээр нь тэврээд авлаа.
-За яршиг аа яршиг гэдгээ тасралтгүй уншиж билээ. Гэвч нүдээ аниад нарийхан цагаан хуруугаараа тасалгааны агаарыг барьж тавин тэмтрэх мэт нэг атгаж нэг тэнийлгэж байхад шалан дээр тавт аравтаас эхлэн тавьт зуутын дэвсгэртүүд хөглөрөн солонгороод ямар нэг үнгэгдсэн олон өнгийн нүд гайхан ширтэх мэт хунирсан нугалаасууд нь зугуухан тэнийж байжээ.
.... Тийнхүү Муунохой Ариунаагийнд үндсэндээ нүүгээд ирэв.Өөрийнхөө өрөө байраар хааяа л нэг орж гарна. Мөнгөтэй ч байх болов. Гэвч мөнгөний нэг хууль нь байх хэмжээгээрээ үрэгддэг тул тэр хоёрынх ч ийм байжээ. Эхэн үедээ Ариунаа архи өгөмхий, өөрөө ч хамт суугаад балгадаг байснаа нэг л мэдэхэд хорих талын хүн болж хувирав.
-Ариунаа хоёулаа цугтаа суугаад л ууя л даа
-За яршиг аа яршиг, архи уугаад байхдаа яадаг юм
-Чи уудаг л байсан биздээ
-За яршиг даа, тэр чинь өөр үе. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг биздээ
-Тэгвэл би ууя лдаа
-За яршиг аа яршиг. Дандаа л ногоорч байх юм зүгээр. Тэрний оронд хоёулаа байна шүү дээ... Чи наашаа хар даа. За алив л дээ. Энхийг тайлаадах л даа... Чи ёстой муухай зөрүүд юмаа. За яах вэ яахав. Маргааш өгөхгүй шүү. Ёстой яршиг юмаа чи нээрээ.... Гэвч Муунохой нэхэж сүрдүүлж янз дүр аашилж байгаад ханатлаа уугаад болсон гэж үзсэн үедээ л унтдаг байжээ. Хэдийгээр үрэх зарах нь ихссэн ч олдог нь мөн бэрх байжээ.... Ариунаагийнхаас үстэй хөрстэй юм тасралтгүй ирнэ. Миний охин үүнийг боломжийн үнээр зарчихаад мотоциклийн дугуй хоёр хосыг явуулчихаарай гэсэн захиа дагаж ирнэ. Тэр захиа Муунохойн хөх инээдийг хүргэнэ. Ёстой үдийн будаа. Юун боломжийн үнэ байх билээ. Боломжоос нь хэд дахин давуулж зарчихаад мөнөөх хүргэж ирсэн галт тэрэгний хүнд дөрвөн хос дугуй өгөөд явуулчихна. Тээж ирснийн нь шанд тэр хүнд ч хоосонгүй. Үнээ элбэг хоёр гурав нугалж чадах юу л тааралданав түүнийг бэлэглэж орхино. Цаад хүн нь нүдээ их л түргэн түргэн анивчдаг, дуржигнатал ярихдаа үргэлж ийш тийшээ давхийн хялалзаж байдаг сонин зантай ч гэлээ тэрний тэр зан нь ямар хамаа байх вэ. Дундаас нь хожих можих гэдэггүй хүргээд л ирдэг. Аваад л явдаг хүн билээ. Энэнийг нь Муунохой ажил хэрэгч чанар гэж үзэх тул мөнөөх хүнд их л талтай хандана. Гэр уруугаа байн байн захиа бичиж үнэг хярснаас авахуулаад үстэй хөрстэй амьтны арьс их захимхай болов. Цэвэг Должид хоёр хүүгийнхээ захианы өнгө төрх ягуухан хувирч байхыг дор дороо л мэдрэвч бие биендээ хэлэхгүй. Бас байсхийгээд л илгээмж ирээд байхаар нь хариу захиандаа “Миний хүү бидэнд юм хэрэггүй ээ, өөртөө л зориулж бай. Өлсөв цангав. Бид хоёрт санаа зоволтгүй” гэж бичих авай.Цэвэг баахан л хавх харжигнуулдаг ажилтай болов. Мөн ажлаар бусад сумад руугаа яваад ирэхдээ ганзага хоосон ирнэ гэж үгүй. Намрын цагт нэг боодог нуудгайгаар идчихдэг байснаа больж билээ. Тэсэлгүй хорхойсовч арьс нь хайран юм даа гэж бодоод хорхоглоно. Должид идээлсэн арьс нухаж суудаг болжээ. Түүндээ дуртай ч гэж учиргүй. Яарах гэдэг нь ч тоймгүй. Муу хүүдээ тэрнийг нь бушуухан явуулахсан гэхээс ажил дээрээ ч дэгэлзэнэ. Арьсаа түргэн түргэн нухаж суухад арьс хичнээн түргэн элдүүршинэв хүү нь төчнөөн түргэн ирэх юм шиг совин татна. Цайгаа аягалж тавиад арьс шүүдэг, цайгаа нэг балгаад нөгөө арьсаа хэд хэд үнгээд авдаг зантай болчихжээ. Цэвэлмаа үүнд нь их л дургүй
-Чи чинь хаашаа болчхоов дээ. Цайгаа ч нэг түвшин уучихгүй, ганц хоёр бүтэн үг сольчихгүй...Наад арьс чинь чамаас заяа нь зугтахгүй зүгээр гэж зэмлэхэд
-Муу хүүдээ яараад байх юмаа. Одоо энэ хэдийг л нухаадахвал хүү маань хүрээд ирэх юм шиг санагдаад байх юм гэхэд нь Цэвэлмаа дуугүй болж дотроо ихэд хөөрхийлөн “Тэр хүү нь ер яагаад ийм их арьс хэрэглэдэг болчихсон амьтан бэ” гэж гайхширдаг байлаа.
Өдөр хоног ийнхүү урсан одсоор хэн хэний нь хүлээсэн хаврын урь унав. Шалгалт ойртож оюутнууд толгой өөд татахаа болиход Муунохой л тоосонгүй. Ариунаагийнхаас ирсэн савхин хувцас хунарыг хуралдуулж байгаад улирал нь өнгөрөөд олигтой үнээр борлохоо больсон хэдэн үнэг хярсны арьсны хамт аваад нэг л өглөө галт тэргэнд суучихжээ. Хэд хэдэн хот дамжсаар эцэст нь гадаад дотоодын хөлтэйхэн улс тоож очдоггүй нэг бөглүү хотод хүрч арьснуудаа савхин хувцаснууддаа дайлгаж санасан үнээрээ өгчихөв. Тэндээсээ өөр нэг том хот руу нисэж очоод нэгэн танилтайгаа наргин амрах зуур өрнө зүгийн худалдааны нэг эрхэмтэй танилцаж хэл мэддэгийнхээ хэргийг харин ч нэг гаргасан билээ. Хүүхнүүдийн шалдир булдар гоёлоос эхлээд үнэт зүүлт хүртэл боломжийн үнээр олж анх гарснаасаа хориод хоноод Ариунаа дээрээ ирэв.
-Танайхан чамайг сураглаж ирсэн.
-Яах гээ юм бол?
-Шүүлэг чинь удахгүй эхлэх гэнэ.Чамайг багш нар чинь сураглаад байгаа бололтой.
-За тэр яах вэ. Харин чи энийг хар даа
-Хүүеэ яаж олов оо? Ийм юм бас олддог байжээ?
-Хархүүд чинь бол олддог юм шүү. Алив зүүгээдэх. Хэр зэрэг зохих нь вэ?
-За яршиг даа. Ийм юм зохихгүй бол ч ёстой энэ муу чихийг огтлоод хаясан ч гомдолгүй ээ. За ямар байна?
-Гараад өглөө. Гэхдээ гэмтэй юм байна.
-За яршиг даа. Яаж байна?
-Чамайг их гоёчихвол алдчихаж магадгүй юм байна
-За яршиг даа яршиг. Хархүүгээ харин шагнана аа, би ч бас хоосонгүй шүү. Энийг авчихаад чамайг хүлээгээд л байсан хүлээгээд л байсан
-Напелеон уу даа?
-Би ч бас юм олно шүү
-Бүгдийг нь уучихад гомдолгүй биз
-За яршиг даа. Тэг л гэж авсан юм чинь
-За тэгвэл эрүүл энх, олз омгийн төлөө...
-Хүүш ээ, чи арай нөгөөдүүлээ ганцхан үүнээс өгчихөөгүй биз?
-Тэгэлгүй яах юм бэ. Чи наадахаа ямар үнэтэй гэж бодож байна. Арай гомдолтой санагдаагүй биздээ?
-За хаанаас даа. Харин дандаа л намайг гэж байх юм. Ядахдаа тав арвыг ч гэсэн өөртөө зориулаагүй гэж үү?
-Тэр ч заралгүй яах вэ
-ТЭгээд цаана нь юм үлдсэнгүй юу?
-Юу үлддэг юм бэ. Чамд дориун юм үлдээсэн шүү дээ
-Би чамайг мөнгөтэй ирнэ гэж бодоод аавд костюм, ээжид палаж авчихсан. Бас нөгөө хүн ирэхээр нь нэг дугуй авч өгөөд явуулчихсан. Тэгээд хоолны ч мөнгөгүй болоод чамайг л хүлээж байсан юм. Буцах ойртож байдаг, замынхаа зардлыг яана аа.
-Харин ээ, наадахыг чинь зарчих уу?
Муунохойд нэг л гомдолтой санагдаад хэдэн гашуун үг хоолойн дээр нь гараад ирэв.Гэвч хэлсэнгүй, мөнөөх Напелеоноороо даруулж орхив.
-ЗА яах вэ? Би ч бас ор хоосонгүй. Чи тэр чемоданыг онгойлгоод хар даа. Тэндээс л замын зардлаа олж авахаас....
-Хөөх.... Эд нар чинь бүгд бид хоёрынх гэж үү?
-Тэгэлгүй дээ
Ариунаа хөхөн баясаж хөмсөг нь тэнийж мөнөөх юмнуудыг нь нэг нэгээр нь барьж тавин заримыг нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ
-За ямар байна, зохиж байна уу? Муунохой түүнрүү инээмсэглэн харж “Зохилгүй яах вэ” гэж байв. Тэр дахиад л мөнөөх чемоданыг ухаж гарав.Ухах тусам дуу алдан хүүхэд шиг хөөрнө.
Хүүеэ Франц духи, Мөрөөдөл минь чи мөн гэж үү? Ля ля ля гэж дэвхцэх нь халаг болно. Тэгснээ гүйн ирж Муунохойг хүзүүдэн орон дээр нь дарж унаад цамцны нь товчийг мултлан үнсэж үмхлэв.
-Миний Сээгий... Чи бол Муунохой биш Сэргэлэн... Сээгий тиймээ...
-Тиймээ тийм...
Тиймээ тийм
-Одоо бид хоёр буцахад айлтгүй боллоо. Энэ Франц духины хамгийн жижгээс нь хоёрыг зарахад л бид хоёрт элбэг хүрээд илүү гарна шүү дээ. Хоёулаа манайд очиж хэд хоночихоод танайд хамт очъё.Чи намайг гэртээ дагуулж очно гэж хэлсэн биздээ? Тэгсэн биздээ? Би очмогцоо чиний энэ муухай нэрийг сольчихно. Шинэ паспорттай болно. За юу. Чи одоо муухай нохой биш Сэргэлэн болсон за юу. Сэргэлэн... Сээгий... Сээеэ... Сээеэ гэх нь дээр байгаа биз? Тийм үү? Сонсголонтой сайхан байгаа биз дээ... Тэгэхдээ чи муухай...
-Яасан гэж?
-Хүн хуурдаг ийм муухай жаал гэнгүүт Ариунаа хамрыг нь чимхээд татав.
-Ёо ёо лдоо
-Хүүе чи намайг нэг сайн хараадах даа. Би бэлхүүсээрээ таргалаад байна уу, үгүй юу. Таргалаад байх шиг санагдаад байгаа юм. Ариунааг тийнхүү хэлээд цаашаа харан зогсоход нь ташаан дээрх том хар мэнгийг нь Муунохой үзээд их л гайхаж урд нь анзаардаггүй байсан юм байх даа гэж бодов.
-Алив наашаа эргээдэх. Араасаа сайн мэдэгдэхгүй байна. Ариунаа эргэж хараад сүүмийтэл инээмсэглэв. Тэгээд хоёр гараар бэлхүүсээ шахаад гэдсээ ялимгүй татан
-Ийм баймаар байна уу? гэв
-Зүгээр зогс л доо
-Таргалаагүй юм бишүү. Ийм л байвал зүгээр байна...
... Муунохойг хичээлд ерөөсөө суугаагүй учир шалгалт шүүлэг өгүүлэхгүй гэж хэд хэдэн багш хэлсэн учир биечлэн декантайгаа уулзаж
-Намайг бие даан ажиллахыг зөвшөөрсөн, харин одоо болохоор шүүлэг өгүүлэхгүй байна гэж гомдол гаргав. Декан түүнийг ажиглан харж сууснаа гэнэт нэг юм санасан бололтой яаран тэмдэглэв.
-Чамд шалгалт шүүлэг өгөх бэлтгэл байна уу?
-Байлгүй яах вэ. Би хэнээс ч дутахгүй. Та хараарай.
-За яах вэ. Энэ удаад чамд итгэе. Гэхдээ бидний хооронд ярьсан яриа бий шүү. Чи мартаагүй биз?
Муунохой декан өөдөө харж инээмсэглээд
-Яалаа гэж мартахав дээ хэмээн англиар цэвэрхэн гэгч нь хэлчхэв. Декан толгой сэгсрэн инээгээд “За тэгвэл үзүүл үзүүл” гэжээ. Муунохой ч үзүүлээд өгөв.Шалгалтын өмнө хэдхэн хоног шамдаад л онц гарлаа. Тэгээд Ариунаагийнд ирж хэд хонов.
Аав нь нэг үйлдвэрийн дарга намхан цагаан хүн. Гэртээ байгаа үгүй нь нэг ч их сайн мэдэгдэхгүй. Харин ээж нь гэрт орж эм, гадаа гарч эр болж гялалзсан айхавтар цэцэн цэлмэг хүн байлаа. Байгаа цагтаа ам хуурай байна гэж нэгээхэн бээр ч үгүй. Гэхдээ тэрхүү яриа олон өнгөтэй. Өвгөнтэйгээ тушаах өнгөөр харьцдаг бол Муунохойтой туршиж түншсэн хэрнээ сургамжилсан эелдэгхэн өнгөөр Ариунаатай бол аминчилсан дотно өнгөөр харин хүүдээ бол бүрэн бууж өгөөд сөхөрчихсөн өнгөөр харьцах ажгуу. Муунохойн паспортыг ёстой л алга урвуулахын төдийд солиод өгөв.
-Эвгүй гэдэг нь. Чихэнд сонсголонгүй, сэтгэлд таагүй. Худууд маань ганц хүүдээ нэрийг мөн олж өгдөг улс юмаа даа. За яах вэ, загнавал ээждээ хэлчихээрэй. Ээж авгай нь зүгээр хэдэн үгээр л амыг таглачихна.
Ширээ тойрон цайлах зуур ийнхүү ярихад өвгөн нь тэссэнгүй
-Хн мөн дураараа авгай шүү. Хүний нэр өөрчилчихнө гэдэг чинь тийм санаан дурын хэрэг юм уу, ядахдаа эцэг эхээс нь асуудаг байгаа даа
-Өө аав ээж хоёр яах ч үгүй. Надад өөрт минь эвгүй байдаг юм чинь. Би л өөрөө солих юмсан гэж Ариунаад хэлсэн юм. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биздээ.
-За мэдэхгүй юм даа. Үгүй ер, бас хачин юм үзэх юм даа гэж хэлчихээд босож нөгөө өрөө руу зүглэв
-Миний муу өвгөн бүр өтөлж хоцроо юу даа, эхнэр хүүхдийн ажилд оролцох гээд ч байх шиг. Зөв зөв, наанаа ороод жаал амраад ав гэж араас нь хошуугаа цорвойлгон өгөөд нөгөө хэдрүү нүдээ ирмэв. Ингэж дуутай шуутайхан хэд хоночихоод шинээр мэндэлсэн Сэргэлэн маань Ариунаагаа дагуулан нутаг руугаа мордов. Шуудангийн ногоон онгоцноос буугаад хүүтэй нь хөтлөлцөн ирж яваа дэрвэгэр охиныг хараад Должид дотроо “Пээ” гэж уулгалан өөрийнхөө өмссөн зүүснийг сэм ажиглан хормой хотоо тэгшилж заслаа. Онгоц тоссон бүх хүмүүсийн харц хүү бэр хоёр дээр нь унаж тэдний хөлөөс толгой уруу, толгойноос хөл уруу нь уралдан тэшиж байхыг олж ажаад
-Би чинь ийм л хүүтэй хүн дээ гэсэн омог цээж өөд нь огшоод ирэв. Ер охин хүүхэд биш дагина шиг л санагдав. Бэрээ юунд ч гэсэн дагуулж явах гэнэ. Онцын хэрэггүй атлаа дэлгүүр уруу дагуулаад очдог байв. Тийнхүү хамтдаа явж байхад нь сумын залуусын харц бэрийн нь шилбэн тушаа хулмалзаж арайхийн зориг гарган нүүр өөд нь харцгааснаа улайцгааж байхыг нь үзээд дотроо инээмсэглэдэг билээ. Ааш нь хөөрхөн ч гэж юухэв. Бас тэгээд хотын хүүхэд гэхэд сампин зангидаж дээлийн шилбэ жигтэйхэн цэвэрхэн хадчихаж байхыг үзээд тэсэлгүй хөөрч орхив.
-Ээж маань зааж өгсөн юм. Би дээл хийчихэж чадна. Харин та надад хонины гэдэс шувтрахыг зааж өгөөрэй. Би дор нь л сурчихна. Тэр бүхнийг нь Должид Цэвэл Цэвэлмаа хоёртоо тэсэлгүй хөөрөөд ярьчихна. Надад ч ёстой бэр би Хандмаа таарчээ гэнэ. Цаадуул нь
-Должид минь чиний азын тэнгэр гийжээ гэлцэн үг уралдуулна. Бэрд нь нэг л өө байв.
Тэрээр хэзээ л бол хэзээ нөхрийнхөө өвөр дээр үсэрч очоод хүзүүдэж авуутаа хүүхэд шиг хэлээ хазан эрхэлж гунганах ажээ. Гэртээ ороод хоёулаа таг чиг болчихно. Тийм үед нь болгоомжгүй орох осолтой. Должид нэг үдийн цайгаараа санамсаргүй орж явчихаад гарч ч болдоггүй, чимээ өгч ч болдоггүй, ёстой мэлэрч орхисон билээ. Хүү бэр хоёр нь хөл өвдгөө байдгаар нь орооцолдуулчихсан шав шув хийлцэн наадацгааж байжээ: Бэрийн нь гэрийн халаад ярагдаад хөл гуя нь ил гарчихсан муу хүүг нь ёстой ноолж өгч байв. Должид тэсэж ядан бачимдахдаа дэмий л хоолойгоо зассан болов. Бэр өндийн орон дээрээ өвдөглөн суугаад ер юу ч болоогүй юм шиг
-Өө ээж ирчихээ юу? Халуун саванд цай байгаа гэсэн билээ. Бас нэг удаа дөрвүүлээ байж бйатал бэр нь “Юу болчих нь энэ вэ” гэж гайхмаар түргэн хөдлөн үсэрч очоод Муунохойг хүзүүдээд авчээ. Цэвэг тэр удаа тэссэнгүй хажуу тийшээ харж ханиагаад
-Та хоёр чинь ер хаашаа улс вэ? Ичиж зовохоо яадаг юм. Та нар ичдэггүй юм бол бид ичиж байна. Эх захаа алдсан хаашаа янзын барамнууд вэ гэж зэгсэн сайн загначихав.Должид дотроо гайхширч “Энэ хүүхдүүдэд арай хий юм шүглэчихсэн юм биш байгаа даа” гэж хүртэл бодов. Тэгтэл үгүй бололтой. Мөнөөх Цэвэгт загнуулснаасаа хойш ийгээс хамжааргатай байх болов. Гэхдээ л тэр хоёр гаднаас орж очихдоо үүдэндээ удаан гэгч нь ханиаж, гишгүүр дээр хөлөө чанга чанга дэвслэн чимээлдэг болчихжээ. Тэгтэл шөнө гэж яав аа. Ёстой аюул болдог байв. Гэрэл унтрав уу үгүй юу л шав шув хийлдээд л тэр хоёрыг хүн байна чинээ санах янзгүй, хойморт хэсэг адуу гарчихсан адил болно. Тэр бүрийд Должидод мөнөөх Чадраа бодогдоод тэсэлгүй ичиж бухимдана. Өглөө нь Должид бэрийнхээ нүүрийг харахад нэг л хэцүү санагдаад хулмалзаж байхад цаадах нь хэнэг ч үгүй инээд алдсан хөөрхөн аашаараа л байх аж. Цэвэг дутаасан уу? Аль эсвэл үнэхээр ажил гарсан уу? хойд талын сумдаар яваад өгөв. Должид бэрдээ хэлж захья гэвч нэг л халуун оргиод чаддаггүй байв. Нэг өдөр Цэвэлмаа, Цэвэл хоёртой цайлаад сууж байтал бэр нь ном уншаад сууж байсан нөхрөө учиргүй гижигдэж тэрүүндээ өөрөө хөөрөн агдганажээ. Цэвэлмаа нүүрээ улалзуулан босон харайж
-Цог чамайг... Хаашаа мам бэ? Алийв гэрийн сүүдэрт сууцгаая гэхэд нь Должидын дотор манас хийгээд явчихсан билээ. Тэгтэл бас нэг хэрэг мандав. Ариунаа их эртэч хүн. Өглөө яагаа ч үгүй байхад босож цай чанаад тавьдаг байжээ. Должид тэр занд нь бас их урамшина. Зарим өглөө урамшихдаа нөгөө айхавтар занг нь хүртэл дотроо уучилдаг байлаа.
-Яах вэ, хөөрхий нялх юм. Яваандаа нас намба сууна, одоохондоо бол ч ёстой л хүүхдээрээ байна. Эрхлэхсэн гэж боддог л байлгүй. Би ч гэсэн муу өвгөндөө бишгүй л эрхэлсэн. Гэм нь хүн хараас зовдог бол зүгээр юм. Гээд яая гэх вэ. Одооны хүүхдүүдийн зан нь юм байлгүй гэж боддог билээ. Тэр өглөө ч гэсэн сэрсэн атал аниатай хэвээр иймэрхүү юм бодож хэвтэв. Гэтэл бэр нь
-Сээеэ...Сээеэ хүүе сэр л дээ. Ус дуусчихаж, хоёулаа цугтаа худаг дээр оччихоод ирье. Хүүе Сээеэ, сэрээчээ гэж дуудахад нь сэрхийв. “Сээеэ гэнэ үү? Энэ хоёр чинь арай Сэд өвгөнийг мэддэг юм биш байгаа даа. Тэрийг надаас гадна Цэвэг, Цэвэлмаа хоёр л мэднэ. Тэр хоёр эгээ яримгүй юм. Тэгээд энэ хүүхдүүд хаанаас мэддэг билээ” гэж гайхширав. Бэрээ гадаа цай чанаж байх зуур хүүгээсээ “Хүү минь, цаадах чинь чамайг өглөө юу гэж дуудаад байв аа” гэж асуужээ. Муунохой эх өөдөө харж инээмсэглээд
-Өө тийм, би нэрээ сольчихсон шүү дээ. Их эвгүй юм аа. Ганц хүүдээ аав ээж хоёр дэндүү хайргүй юм. Тийм нэр өгөөд байхдаа яахав дээ. Хүүхдүүд намайг “май май, гөлөөг гөлөөг” гэдэг байсан. Ямар вэ дээ? За тэр ч яахав, өнгөрсөн хэрэг гэтэл хүү чинь дипломат ажилтан, аягүйтвэл элчин сайд, за тэгээд тэндээсээн юу ч болж магадгүй. Гэтэл Муунохой ямар вэ дээ? Элчин сайд Муунохой. Даанч тусгүй байгаа биздээ. Ингээд л би нэрээ сольчихсон юм
-Яаж байгаа чинь тэр вэ дээ миний хүү
-Ядахдаа аав ээж хоёроосоо асуудаг байгаа даа
-Ээж минь дээ... Би чинь одоо хүүхэд биш шүү дээ. Аль юмыг та нараасаа асууж сураглаж нялхамсаж байх вэ дээ. Биеэ даая. Амьдарч суръя. Тэгэхдээ мэдээж хэрэг өөрийнхөөрөө шүү дээ. Ингэж л шийдсэн юм. Таны бодож байгааг би мэдэж л байгаа, нэрнийхээ учир начрыг ч ойлгодог шүү, ижий. Хөөрхий та хоёрыгоо их өрөвддөг. Улсад хариуцлагатай бол хариуцлагатай ажил хйидэг атал иймхэн юман дээр мунхарч суух юм даа. Эцсийн эцэст нэр гэдэг чинь ердөө л хэдэн үсэгнээс бүтсэн үг шүү дээ. Одоо та намайг хар лдаа. Нэрээ өөрчлөв гээд юу нь өөрчлөгдөөв. Ийм л зүйл шүү дээ. Гэтэл та айж сүсэглэж байх юм. Мунхруулгад автаад шүү. Одоо тэгээд юунаас нь айх юм. Та хүүгээ хар даа. Тээр... Ийм хүнийг чинь ямар ч гай зовлон дийлэхгүй. Тийм байгаа биздээ.
-Цөг нүгэл. Юу болов, учиргүй муу ёрлоод унах чинь гэж хэлэхдээ нэгэн айдас сэтгэлд нь хуйларч байхыг мэдэв. Хүүгээ төрүүлэхдээ яаж мэгдэж тэр нялх амьтныг нэгэн биеэсээ унагахгүй гэж хүмүүн бусын хүч гарган үзэлцлээ. Тэгэхэд төрсөн айдас арилаагүй, шив шинээр сэтгэлийн нь хаа нэгтээ хав дараастай байж байгаад цасан дороос баавгай гарч ирэх шиг гараад ирэв. Гэвч энэ айдсаар яах ч юм билээ. Өмнө нь алгын чинээ улаан үр нь биш, авгай дагуулаад ирчихсэн хээнцэр ганган хүү нь инээмсэглэн сууж байлаа. Тэр улаан цурав амьтныг яг л ийм хүү болгох гэж хорин жил махраагүйсэн билүү? Тэгтэл одоо хорин жилийн сэтгэлийнхээ зовуурийг биелээд биежээд өмнө нь сууж байхад түүнээсээ айх болж байдаг. Хорвоо гэдэг мөн ч айхавтар гүнзгий эргүүлдэг юм байна даа гэж бодов.Зүүднээсээ хүртэл харамлаж зүг чигийг нь гаргасан тэр л зүг рүүгээ үхэн хатан зүтгүүлсэн сэн биш билүү? Тийм шүү дээ. Хүү нь ч тийшээ явсан. Анхандаа дургүй ч юм шиг байсан тал бий. Гэвч тийшээ ёстой тэр л жамаа дагаад явсан. Тэнд нь хүмүүс бий. Ер нь энэ хорвоод хүн болсон бүхэн тийшээ л явдаг... Эцэг эх хэнбугай ч үр хүүхдээ тийш нь явуулдаг номтой юм чинь... Тэгэхээр одоо хүүгээ өөрийнхөө бодол сэтгэл өөд засаж залъя гэхэд ухаан нь ч хөл гар нь ч хүрэхээ больжээ. Ийм цаг бас ирдэг байна. Чухам тэндээс л хүү нь өөрийнхөө ертөнцөд хол тавьж өөрөө өөрийгөө залж чиглүүлэн цаашаа явчих юм байна. Одоо яая гэхэв. Тэнд хүмүүс Цэвэг, Должид хоёрын Муунохойг хүлээж авахыг хүссэнгүй. Харин Сэргэлэн гэдэг гялтгар нүдтэй, өндөр цагаан залуутай болохыг хүсэцгээжээ. Юм ийм байдаг байлгүй, заяа нь мэдэхээс дээ гэж бодов. Бодсоноо Цэвэгтээ хэлэв
-Тийм ч юм уу даа өвгөн минь. Хүүхдийн хэрэгт оролцоод юухэв. Наад тал нь хажуудахаасаа ичиж зовдог биз. Одоо бид хүүгээ биш хүү биднийгээ авч явах цаг ирж байгаа нь л энэ. Ер нь ч чи бид хоёр залуудаад, хүн амьтны ам дагачихсанаас биш нээрээ л бүх юм тэр нэг нэрнээс нэг их шалтгаалахгүй байсан байлгүй. Бид хоёр ийм л нэг хүүтэй болох учиртай байж...
-Хүүгийн маань ааш зан хувирчихгүй байгаа даа. Чамд юм ажиглагдана уу? Тамхи татдаг, архинаас ч буцахгүй байх шиг...
-Зовниод юүхэв дээ. Эрүүл саруул байвал болох нь тэр. Одоогийн хүүхдүүд бүгд ийм болсон цаг хойно. Миний хүү ч бусдынхыг бодвол даруулга сайтай шүү. Цэвэг ийн ярихдаа арай өөрийг бодож байв. Гэхдээ юуны өмнө Должидыгоо зовоохоос эмээв. Нөгөөтэйгүүр бусдын янз бүрий хүүхэд байдгийг үзэв. Тэдний дэргэд хүү нь үнэхээр шал өмнөө хүү билээ. Гэхдээ л сэтгэлийн мухарт Ай хөөрхий, бид хоёр чинь хэдийгээс ингэж бие биеэсээ хулгадаг болчихов гэсэн нэгэн бодол үлдсэн билээ.
... Халиуны аав өөр суманд штлжээд явсан тул тэднийх нүүж оронд нь залуувтар дарга иржээ. Халиун ангийнхаа нэг залуутай сууж хүүхэдтэй болсон сураг дуулдав. Гэвч Сэргэлэн түүнийг онц хайхарсангүй. Ер нь л мартаж эхэлснээ мэдсэн билээ. Зун ч шувтарч Должид Цэвэг хоёр хүү бэрээ үдэх мөн далимд нь худуудтайгаа танилцах, түүгээр ч барахгүй ирэх жилийн зун хурим найр хийх зүйлийг ярилцахаар хот оржээ.
... Сэргэлэн гэсэн шинэ нэрэндээ эзэн нь ч найз нөхөд багш нар нь ч удтал дасахгүй байлаа. Гагцхүү Ариунаа л уйгагүй засаж залруулж цөхрөлтгүй их тэмцлийг явууллаа.
-Та нарт би хэд хэлэх юм бэ? Манай хүн одоо Муунохой биш Сэргэлэн мэдэв үү? Сэргэлэн болсон.Сээеэ гэхэд ямар байна. Дуудахад авсаархан амар байгаа биздээ гэдэг ажээ. Урьд нь ганцаар байхад хийх юмгүй уйддаг байсан бол одоо хийх ажил нь өдөртөө амжихгүй болов. Өөрийгөө төдийгүй эхнэрийг олны өмнө нүүр улайлгахгүй явах хэрэгтэй. Бас хадам эхийн захиж хэлсэн сургаал байна.
-За хүү минь, чи одоо айлын эзэн өрхийн тэргүүн боллоо. Манай энүүн шиг хоймроо лаглайгаад байвал хажуудхаа зовооно. Айлд чинь юм юм л байх учиртайг надаар мэдүүлэлтгүй мэднэ газар.Гэтэл танайд өнөөдөр юу ч алга. Аав ээж хоёр нь туслана аа, туслалгүй ч яахав. Гэхдээ бид нарын туслалцаа гэж юухан байхав. Шальгүй л юм байж таараа. Гол нь чиний л нуруун дээр бууна шүү дээ. Биднийг өгснийг шальгүй гэж харин бүү бод. Арвижуул, түүнд чинь л айл гэрийн эр хүний ухаан оршдог юм. Сургуулиа төгсөөд л нэг их сайхан болчихно гэдэгт итгэж харлав аа. Хүн гэдэг богино настай амьтан. Харин тэр богино насыг өөрийн дураар жаргаж туулах учиртай. За тэгээд үр хүүхэдтэй ч болно. Түүнийгээ шалан дээр өсгөлтэй биш. Тэгэхгүйн тулд одооноос бодолтой байх хэрэгтэй. Бодоод зогсохгүй, шамдах хэрэгтэй. Мөнгөтэй л бол. Бүүр ахиухан мөнгө ол. Тэр мөнгийг чинь бид орон сууц болгож өгнө. Албаны сууц харвал арван жилээс наашгүй гэж мэд. Харин мөнгөөр бол өнөөдөр ч олж болно.За тэгээд унах машин ч олоод ирсэн ямар илүүдэх юм биш. Бид нар та нараас шаазан таваг ч авахгүй. Бүгдийг нь хадгалаад л байж байна. Харин чи төгсөх болоогүй байна энээ тэрээ гэж тайвширав.Оюутан гэдэг сайхан нэртэй боломж дахиад та нарт олдохгүй шүү гэсэн сургамж сэтгэлд нь хадаатай явлаа. Яаж ч бодсон тийм л юм чинь. Сайхан амьдрах юунаас ч чухал. Тэгэх л гэж энэ хорвоод хүн болсон юм байгаа биздээ. Хадмуудын явуулсан зүйл, аав ээжээс нь ирдэг арьс төвд нэг их санасан үнэ хүрэхгүй байв. Тэгээд хот дамждаг боллоо. Ашиг ч унаж л байв. Гэвч сэтгэлд үл хүрнэ. Өнөөдөр арвыг олсон бол маргааш арван тавыг, нөгөөдөр хорь хүргэчихмээр санагдана. Тэг тэгсээр гар дээрээ чамгүй юм нөөцлөөд авав. Одоо эцэг эх, хадмуудын явуулдгийг биш өөрийнхөө гар дээрхийг шүтэн үржүүлэх болов.Томоохон зочид буудлуудаар аялж жуулчдыг отно. Ингэж явахдаа машин тэрэгний тухай элдэв сайхныг төсөөлөн санаашрах болов. Гэтэл бас хоёрын хооронд юм авмааргүй санагдана. Тийм олигтойхон юманд хүрэхэд ахиад л өөрт нь байгаагийн дайны мөнгө хэрэгтэй болж байдаг. Ийнхүү ихээхэн мөнгөний эрэлд хатаж байтал нь умрын нэг том хотод суудаг нөхрөөс нь захиа иржээ.
“Энд мөнгөтэй хүн ахиухан унагаж болох боломж байна. Даанч найз нь ганцаардаад байна. Чамд дөрвөн орон бөглөчихмөөр юм байвал ирээч. Мөнгийг чинь ашиглая. Надад нэг их хэрэггүй. Боломжтой бол ирэх өдрөө товлочих. Би тосоод авъя” гэж тэрхүү захианд бичсэн байжээ. Ингээд л миний ажил бүтээд байдаг юм шүү дээ гэж Ариунаадаа тэсэлгүй сайрхчаад гараад өгөв. Түүний мөнгийг хараад нөхөр нь мэл гайхаж цэл хөхрөнө гэгч л болов. Чамайг ч арай ийм болчихсон гэж санаагүй шүү. За сайн. Хоёулаа ёстой оволзуулж өгнө өө гэж дуу алдав.Үнэхээр оволзуулж өгчээ. Мөнгөнийхээ нэг хэсгийг дорвитойхон хөдлөх гээд чадахгүй байгаа хэдэн оюутанд өндөрхөн хүүтэй зээлүүлчихэв. Нөгөө хэсгийг нь хоёр хувааж аваад гарлаа. Хэлэлцээ, наймаа, наймаа, хэлэлцээ оволзуулж гарлаа. Зарим өдөр тав зургаан цагаар хэлэлцээ үргэлжилж байхад зарим өдөр дан наймаа хийдэг байв. Тэнд авч өгөлцөхгүй юм гэж үгүй. Мөнөөх олж авахсан гэж бодогддог хээнцэр машинуудаа худалдан авч хязгаар нутагт аваачин ахиухан мөнгө болгож үзэв. Ийнхүү бараг л хоёр сар шахам болж байтал Ариунаа утсаар ярилаа. Яаралтай ир. Нутгаас дуудсан, гэхдээ чухам юуны учир дуудсан болохыг хэлсэнгүй. Ажил амжилттай байна. Хэд хоногоос очиж болохгүй юм уу? гэхэд нь зөвхөн болохгүй л гэжээ. Нөхөр нь чамгүй юмтай болоод авсан байв. Эргэж ирээд сэтгэлд таарах машин авах тохироотойгоор нөхрөөрөө үдүүлэн яарч сандарсаар Ариунаа дээр иртэл өмнөөс нь чичирсэн гартаа цахилгаан сунгаж
-Аав чинь гээд мэгшин уйлав. Цахилгаан их л хүйтэн агаад “Аав чинь ослоор нас барав. Яаралтай ир” гэсэн хэдхэн үгнээс бүтсэн байжээ. Сэргэлэн олон юм ч хэлж чадсангүй. Жаал жуул юм хүмээ сандчин эмхэлж айхдаа “Яав даа. Даанч яав даа” гэж үглэсээр байв. Маргааш нь цахилгаанаа аваад элчин дээрээ очлоо. Мөнөөх малигар цагаан хүн цахилгааныг үсэглэн унших мэт таг дуугүй сууж орхив. Түүнийг дуугарахгүй болохоор нь
-Би яаралтай явахгүй бол болохгүй нь гэв. Тэрвээр шүд нь өвдсөн хүн аятай үрчийн байж
-Явалгүй яах вэ. Явалгүй яах вэ. Хөөрхий хөөрхий хэд хоногоор явах вэ миний хүү гэлээ
-Ээж минь ганцаар үлдсэн. Сарын чөлөө авмаар байна. очоод жилийн чөлөө ч авч магадгүй. Ээж минь гайгүй шиг бол хүрээд ирье. Тааруу шиг бол сунгамаар байх юм. Та надад тус болооч.
-За тэг тэг, миний дүү. Жилийн чөлөө авмаар бол надад хэл өгчихөөрэй. Би аяж ийгээд хийгээд өгөмз. Одоо миний хүү сэтгэлээ ч чанга барь. Чамайг хараад байхад дотуураа их автаж магадгүй байдаг шүү. Одоо ер тэгж юухэв. Ямар үхсэнийхээ хойноос үхэх биш. Цаад муу ээж чинь ч настай л амьтан байгаа биз. Юу удах вэ. Нэг л мэдэхэд нүд аниж л орхино. Ер нь тэгнэ л гэж бодоод бэлдээд байх хэрэгтэй юм. Бид тэгж чаддаггүйдээ л алддаг улс. Гэтэл чи энэ Европынхныг хар л даа. Авсаа өөрсдөө хйигээд тавьчихаж байна шүү дээ. Ай даа эд мөн ч их соёлтой улс, эндээс сурах юм мөн ч их байна санж хэмээн тэдэнд их л атаархах бололтой. Олон үглээд сая л нэг юм өндийв. Олж ирсэн бүх л мөнгөө Ариунаад цүнхтэй нь өгвөл авч орныхоо цаагуур нямбай хийгээд
-одоо яах вэ гэв
-Маргааш ниснэ. Сургуульд хэлээрэй
-За за

0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...