"Соёо" тууж by Д.Энхболд 2-р хэсэг
2008-03-13
uundaa бичсэн.
Нээрээ ямар урт зохиол вэ?? 4 хэсэгтэй юм байна... Ярилцлага хийнэ гэсэн шүү!!!
Хоёр
Их үд өнгөрч байхад хаалганы хонх жингэнэлээ. Тайлбал нөхөр нь инээмсэглээд зогсож байна. Үзвэл тэр бас урьдын цог золбоогоо гээсэнгүй. Ай даа яг л ийм нүдээрээ инээсэн жавхаатай дэслэгчтэй анх сууж билээ. Должид өөрөө ч нэг л хөнгөн, цовоо цолгиун байв. Галын өрөөнд байх ганц данх, хоол хийнэ гэж авчирсан хувин шанага тэргүүтнээ харахаас л анх гэрлэж байсан нь бодогдоно. Ингэж л эхэлж байсан даа, өнөөдрийнх шиг ор ч үгүй, гурил элдэх ганпанз ч үгүй байсан. Ийнхүү гарын доорх юухнаар ч гэсэн дутагдаж гачигдах нь хэчнээн их аз жаргал авчрах байсныг урд нь даанч төсөөлсөнгүй. Гэвч оройтох юу байхав. Ийм аз жаргалыг үзсэн нь бас л жаргал. Тэгээд ч том өрөөнийхөө голд хоёр хивсээ зэрэгцүүлэн дэвсэж ор засахдаа залуугийнхаа дуулдаг байсан дууг хөнгөнөөр гүвтнэн дуулж байсан билээ. Ингэж пүүгээ дэвсгэрээ аваад ирсэн нь хүртэл их л гэнэн хонгор охин зан шиг санагдаад өөрөөсөө ичингүйрэн дэгэлзэж байтал нөхөр нь энэ. Ийм жавхаалаг. Бид хоёр залуугаараа л байна шүү гэсэн омгорхол өгч байх. Цэвэг тип тап алхалсаар том өрөөнд орж шинелиэ тайлахад Должид чихэр горьдсон хүүхэд шиг л дагав. Нөхөр нь шинель цамцааа өрөөний буланд их л нямбайлан тэвхийтэл эргэснээ
-Нүдийг нь гэв
-Яаж байна.
-Яах вэ дээ, ингэж байна гээд Цэвэг авгайгаа бөхийн үнсэвв. Должид сормуусаа буулагн нүдээ зөөлнөөр аниад “Цайгаа уу даа” гэлээ.
-Нөхөр дэд хурандаа гээч...
Тэр эргээд л хүүхэд болж хоцров. Өнөө нямбайлж хураасан шинель цамц хоёр нь өрөөгөөр нэг нэвсийн хөглөрч орхив.
-Миний өвгөн чинь аймагт ирсэн биш бүр марзан болж орхио юу даа.
-Бид хоёр Нарийны гол дээр явж байлаа. Ёстой л хүүхэд байж дээ гэж хэлээд Цэвэг түрүүлгээ харан бодлогошров. Должид ч тэр аагтайхан цагаа нэг дурсаад тэсгэлгүй инээд алдчихав. Нээрэн л инээдтэй ч байж дээ. Цэвэг ганган шинелийнхээ урд хормойг өшигчин гүйж ирээд тэврээд автал Должидийн суганд байнга явдаг сүлбээрэн зүү нь мултрах мөртлөө бие уруу нь хатгачих нь тэр. Тэр цагт сүлбээрэн зүү гэгч олдошгүй ховор зүйлийн нэг болж байв. Ойр зуур байнга хэрэг болохоос гадна бас гоёл болно. Мөн ч хөгийн юмаар гоёдог байжээ. Тэрхүү гялалзсан сүлбээрэн зүүг сугандаа хатгачихаад гараа зориуд огцом огцом хөдөлгөн мөнөөх зүүгээ гялс гялсхийлгэн гангарах нь тэдний нутгийн залуусын өргөн моод байжээ. Гэтэл нөгөө гоёлдоо хатгуулчихаад Должид орь дуу хадаахдаа “Надад хэр зэрэг хайртай нь одоо л ёстой мэдэгдэнэ” хэмээн давхар сонжиж байж билээ. Гэтэл Цэвэг түүнийг хоёр гурав сэгсэрчихээд цаашаа харайлгачих нь тэр.
-Хөөе чи хаачих нь вэ?
-Өө чи гайгүй юу? Би сандраад хүн дуудах гэсэн юм. Түүний нүд нь дүрлэгнэн үнэхээр сандарчихсан байж билээ. Энэ нэг учралаа нэхэн санаад Должид түсхийтэл инээчихэв.
-Яав хө. Юу бодогдов?
-Ай даа, сайхан байна. Ёстой сайхан байна. Чинийхээ ачаар л муу өвгөн чинь өдий зэрэгтэй явна даа. Ингэхэд муу хүүгээс минь ойрд захиа ирсэнгүй. Сайн л явдаг байгаа даа.
-Харин ээ, муу шөнтгөр хүүгээ ойрноос зүүдлэх нь ихсээд байх юм. Миний айдас ердөө ч арилахгүй юм. Чи айх юм уу? Дандаа л муу юм бодогдоод л шөнө шөнөдөхгүй нойр хулжчих юм.
-Уг нь хамт байвал зүгээрсэн. Яаж ийгээд урь унагачихвал учир байна санж. Би ч гэрээ Мөнхийнд л өгчихье гэж бодоод байгаа шүү. Тэр хоёр эзээдээ найдвартай улс. Ганц хоёр идэшний юм өгчихвөл болох нь тэр. ОЛон хүүхэдтэй улсад гэр орон илүүднэ л гэж үгүй. Харин тийм ээ. За миний өвгөн цайгаа уу. Залуурхана халуурхана гэхэд цайгаа мартаж залуурхах гэж юу байх вэ. Ль эсвэл цайгаа биш намайгаа илүү саначихсан юмуу?
-Цайгаа санана гэдэг чинь чамайгаа л санана гэсэн үг биш гэж үү? Тэрнээс цай санагдах гэж байдаг юм уу?
-За дахиад л марзганах нь уу, орой болъё. Жолооч хүү ороод ирнэ.
-Өвгөн чинь үдээс хойш хэлтэс рүү очихгүй. Чамдаа ямархуу том дарга болсноо үзүүлнэ ээ. Дэлгүүр хоршоогоор оръё. Сайхан дэлгүүр байдаг юм. Бас Гэрэлийгээ ч аваад ирье. Буудалд над дээр их ирнээ. Цамц мамц юухэн хээхэн угаагаад тавьчихсан байдаг юм. Заримдаа хоёулаа энд тэндээс сав суулга цуглуулаад хоол хош хийж иддэг юм. Үдээс хойш тэр хоёр унаагаар хөлөглөж явав. Цэвэг Должидыгоо урд суу суу гэсээр суулгасан юм санжээ. Должидод энэ нь нэг л хачин санагдаад байжээ. Урд өмнө энэ суудалд сууж л байсан. Гэхдээ одоогийнх шиг сонин санагдаж байгаагүй билээ. Зөрж өнгөрөх хүмүүс машин тэрэг рүү хялам хяламхийхэд таньдаг хүн хар харагдах нь уу үгүй юу гэж харцаараа эрэлхийлж явав. Хэн нэг таньдаг хүн харагдвал хажууд нь очиж зогсоод
-Сайн байна уу, хэн ээ? Сайхан өвөлжиж байна уу? Хаа хүрэх нь вэ? Суу л даа. Өвгөн минь аймагт суухаар болсоон хө. Би ч удахгүй ирнэ. Тэгэхээр л нэг сайхан уулзаж ярилцъя гэж хэлэх сэн хэмээн бодож явлаа. Гэтэл энэ жолооч хархүү зогсох нь байтугай харин ч юун дураараа авгай вэ гэж уурлан хялалзаад яана даа ч гэж битүүхэн түгшээд жолооч руу хяламхийн харж явав. Өвгөн маань энэ аймгийн хэр зэргийн зиндааны дарга юм бол оо. Хоёр даргатай ч ярилтгүй байх. Орлогч нарын зиндаанд дүйх болов уу. Тийм болоод л тэрэг унадаг болоо байлгүй дээ. Сайн ханьтай хүн мөн ч сайхан юм даа гэж цээж тэнэгэр бодлоо. Дарга нарын дэлгүүрт орж үзлээ. Ёстой юм болгон байдаг газар юм. Бас л өөрийн нь ижил ямар нэгэн дарга нарын эхнэрүүд бололтой хоёр хижээлдүү эмэгтэй байж байна. Хэлэмгий доломгой ч гэж жигтэйхэн нэг л өөр төрлийн улс ажээ.
-Цөцгийгөө миний дүү орой хүргээд өгчихөөрэй
-За эгч ээ
-Май энэ бохь, уйдаж зогсохоор зажилж байхгүй юу? Нөгөө юмаа ирэхээр эгчдээ хэдийг тавихаа мартаагүй биз
-Яалаа гэж мартах вэ. Та харин миний хэлснийг?
-Юу билээ? Эгч нь тун их мартамхай шүү
-Аа тийм тийм тэр яах вэ. Бүтчихсэн л гэж бодож бай. Гэхдээ үе үе эгчдээ сануулчихаад байхад гэмгүй. Тэгэхгүй бол хэзээ хойно эгч чинь юу билээ гээд ангайгаад сууж байж мэдэх л хүн шүү. Хүүш нээрэн тийм... Өнөөдөр чинь хонины махтай өдөр билүү?
-Тийм танайх мах авах юм уу?
-Мах дуусаж байгаа юм байна шүү дээ. Хоёр гуя хэдэн нуруу авмаар байдаг. За байз, орой завгүй юмсан.
-Санаа зоволтгүй ээ. Би орой өөрөө хүргээд өгчихье.
-За тэг тэг. Ашгүй...
....Ийм сайхан амьдрал байх гэж. Мөн ч атаархмаар юмаа гэж Должид тэдний яриаг чагнан бодож зогсов. Ийм өндөр өсгийтэй гутал, үстэй дээл олоотох гэвэл Цэвэг олох л байх даа. Миний өвгөн ч хот хүрээ явахдаа захисан бүхнийг минь л авчирдаг даа гэж хүртэл бодов. Юм болгоноос нь авмаар санагдаад идэх уух юманд хэдэн төгрөгөө үрж орхив. Жолооч хархүү харин хөөрхөн ааштай юм. Орж ирээд л авсныг нь тэврээд гарна. Тэгж тэгж түрүүвчээ гөвүүт амсхийв.
-Өвгөн минь энэ их идэж уух юмаар яах гэсэн юм бэ? Хүн хар захисан юм уу гэж гарч явахдаа Цэвэг асуув.
-Мөнхийнд бас Цэвэлмаагийнд яаж хоосон очих вэ дээ.
Тэгээд та хоёрт үлдээнэ. Гэрлээ хичээлтэй. Чи ажилтай, дэлгүүр хоршоо орох зав, хомс олдох биз гэж бодлоо.
-Хажууд байгаа юм чинь ирээд л авчихна шүү дээ. Мөн ч хөгийн юм боддог хүн шүү гээд Цэвэг инээлээ. Дотуур байраар орж Мөнхийнхөө охиныг дагуулж харив. Ийнхүү гэрийн эзэгтэйн хувиар нэгэн шинэ амьдралын зах сэжүүрийг эмхэлж өгөөд Должид буцлаа. Гэхдээ бас нөхрийнхөө ажил дээгүүр очиж үзсэн гэж байгаа. Өрөө нь хивс, толь болоод цэвэр цэмцгэр ч гэж жигтэйхэн юм. Суманд байхад захиргааны зүүн урд буланд хэлтсийн төлөөлөгч гэсэн умгар өрөө оногддогсон. Цэвэг тэнд суухаасаа суухгүй нь их. Ихэвчлэн хөдөө явчихна. Уулзах гэсэн хүмүүс гэрээр нь ирээд л уулзчихна. Ер тэр өрөөний хэрэггүй шахам байжээ. Харин энд бүх юм өөр. Ийм тохилог сайхан суудаг байна. Должидын санаа ч амрав. Хүйтэн нойтон юманд удаан суугаад биеэ сүйтгэчих вий гэж бодож ирснээ бодвол харин ч тэр эзгүй байр сууцандаа хоргодоод байх вий дээ эндээ л сууж байгаасай гэж бодсоор буцав. Бас аймгийн хүнсний үйлдвэрийн даргынд уригдан очиж дайлуулж цайлуулсан гэж байгаа. Гэрийн эзэгтэй мөнөөх дэлгүүрт тааралдсан хоёр шиг хэлэмгийн нэгэн байв.
-Нүүгээд ирэхээр чинь хоёулаа найзална аа. Санаа нийлэхээр хүн олдохгүй ганцаардаад байсан юм. Чи ч налайж намбайгаад үг цөөнтэй, бас сайхан авгай байна шүү. Цаад муусайн дарга нарын чинь авгайчууд наалдаад л ирнэ шүү. Битгий царай өгөөрэй. Нэг их сайхан инээсэн юмнууд наалдацгааж байгаад л нэг мэдэхэд бөөн ховын эзэн болгочихдог юм шүү хэмээн тас тас инээн бас хөмсгөө зангидан байж Должидын олж үзээгүй нэгэн ертөнцийн хаалга нээж өгөв.
-Нээрэн л том том дарга нарын эрхэмсэг авгайчуулд авах гээх эсэн бусын л юм байдаг байлгүй дээ. Харин чи өөрөө нэг их айхавтар юманд орооцолдсон хүн юмаа даа гэж Должид дотроо бодон нууцхан инээмсэглэсээр суув.
-Ганц хүүтэй гэлүү?
-Тийм
-Сайхан юм аа
-Юу нь сайхан байх вэ дээ. Одоо ямар дахиж гарна гэх биш. Хүү минь яаж яваа бол гэхээс л сэтгэл үргэлж шаналж эмтэрч явах юм даа.
-Хөөрхий, хөөрхий. Нээрэн л тийм байдаг байх даа. Би ч энэ олноос залхаж гүйцсэн амьтан. Бушуухан нэг нэг юм дагаад төвхнөөсэй гэтэл бүүр хэцүү юмаа хө. Ээж ээ бахиа өгөөч л гэнэ, нэгнийгээ гарч гүйцээгүй шахам л нөгөө нь зөрж орж ирээд л саахар байна уу ээжээ манайд байдаггүй гээд л эргээд нүүлгэчих юм зүгээр .... Үе тэнгийн хоёр авгай ийнхүү хуучилж сайхан танилцав.
-Ирүүтээ л орж гарч байгаарай. Ямар хол юм биш. Нэг орцноос гараад л нөгөөд орчих юм чинь гэснээ цагаан баадантай юм өгөв.
-Юухэв э, яаж байгаа нь энэ вэ хэмээн цааргалбал
-Юу гэсэн үг вэ? Гэчихээд суганд нь шулуухан хавчуулж орхижээ. Замдаа Должид энэ бүхнээ нэхэн санаж инээмсэглэж явлаа. Нарийндаа гэвэл Цэвэл, Цэвэлмаа хоёртойгоо өдөржин хуучилсан ч дуусамгүй сонинтой буцаж яваа хэрэг.Цагаан цайлган хэлэмгий доломгой тэр л араншингаараа сэтгэлд нь уягдчихаад салахгүй байгаа шинэ танилаа их л таашааж явав. Аймгаас цаг үеийн ажлаар суманд томилогдсон нэгэн төлөөлөгчийн машинд Цэвэг авгайгаа дайж өгсөн юм байжээ.
Аймгийн төлөөлөгч мантгар цагаан хүн угаас дуу цөөнтэйн дээр одоо бүүр ч санаа амар үүрэглэж явав. Должидын хажууд суусан бор залуу ч дуу муутай бололтой. Цонхоор ийш тийш сэрвэлзэн харахаас өөр зангүй. Жолооч ч гэсэн бага л донсолгох нь миний үүрэг гэсэн мэт мөн л дуугүй хүн байжээ. Энэ нь Должидод нэн таатай. Должид бол цайлж суухдаа л яриад байхаас биш ийнхүү аян замд явахдаа ч юм уу, үйл үртэс хийхдээ тэр бүү хэл аяга тавгаа угаахдаа хүртэл алив нэгийг бодох дуртай. Ийн явтал жолооч бүгдийн тав тухыг алдагдуулан нэг сүрхий харайлгачихаад араас нь хараал урсгав.Должидын бодол сарниж залуугийн малгай унав. Төлөөлөгч ч сэрж орхив.Тэрээр арагшаа налж сууснаа
-Өө энэ чинь Хайрханыхаа дэргэд ирчихээ шив дээ. Энд ч чонотой доо. Сайн харж яваарай. Чоно гэнгүүт Должидын нуруу зарсхийгээд явчихав. Бүү харагдаасай билээ гэж дотроо маань мэгзэм шиг уншив. Урьд залуудаа нөхрөө чоно агнаач гэж ятгаж шалж шаардаж байсан удаатай. Бурхан минь. Тэр бол мөнөөх талийгаач Сэд өвгөнтэй яахын аргагүй холбогдох зүйл.
... Өвгөнийг гармагц Должид хэсэг зуур мэлрэн зогссоноо гэнэт өөрийнхөө байгаа байдлыг анзаарч авдраа уудлан шинэвтэрхэн дан тэрлэг сэлтээ гаргаж өмсөөд Цэвэлмаа дээр очив.
-Өвгөндөө нэг тус болооч. Холбоон дээр очоод Цэвэгийг дуудаадхаач. Хойд суманд яваа. Намайг бие нь муу байна. Яаралтай өнөөдөр л ир гэж хэлээтхээч гэв. Бие ч гайгүй л дээ, яаралтай хэрэг гараад байна.
-Солиоров уу, муу ёр удаад л. Тэр яаралтай хэргээ хэлээд л дуудчихгүй юу. Яасан юм бэ? Ийш тийшээ явах болчихоо юу?
-Үгүй ээ, чи ойлго л доо. Үүнийг утсаар хэлж болохгүй, ер нь хэнд ч хэлж болохгүй гээд Сэд өвгөний ярьсныг нэгд нэггүй хэлчихэв. Надад совин төрөөд байна. Бас ойрын хоёр гурав хоногт л амжихгүй бол хэзээ ч амжихгүй. Чи миний хэлснийг ойлговуу?
-Сайн ойлголоо. Чи хариад сайхан цай чаначихаад байж бай. Би цаадхыг чинь одоохон дуудуулаадахъя. Цэвэлмаа холбоо руу гүйх тооны явчихав.Бараг хоёр цаг шахам болж ер хойноос нь очдог ч юм билүү гэж бодож байтал Цэвэлмаа урвайсаар ороод иржээ.
-Яав дуудав уу?
-Чиний тэр муу Цэвэг чинь ёстой нэг хэнхэглэх дон туссан цус юмаа. Яаралтай хэрэг шийдэх гээд байна. Нэг их аюултай биш бол эргэж тойрч байгаач. Би хэд хоногоос очно гэх юм. Холбооны охин “Должид гуай түрүүхэн л явж харагдсан яагаа вэ? Энээ тэрээ” гээд үгэнд дурлаад байхаар нь хүнд өвчин тусчихлаа гэж хэлж зүрхэлсэнгүй.
-Даанч яав даа. Цэвэлмаа минь. Би чамд л итгэсэн юм шүү дээ гээд уйлчих шахлаа.
За би одоо очоод ёстой нэг урсгаад өгье дөө гэж үгэлсээр гарч одов. Гэвч Цэвэг хөдөө явчихсан байжээ. Тэр шөнө ирсэнгүй. Өглөө нь холбооны охин ороод ирэв.
-Цэвэг гуай ярьлаа. Таны биеийг ямар байна гэж асууж байна.
-Муу байна аа дүү минь. Хань чинь хэрэгтэй юм уу, тэр чухал ажил чинь хэрэгтэй юм уу гээд асуучихаарай гэчихэв.Холбооны охин ч гараад явав. Цэвэг өнөө шөнөдөө багтаж ирэхгүй бол амьдрал нь ямар ч утга учиргүй болчих юм шиг санагдаад байжээ. Гэтэл тэр ирсэнгүй. Ертөнцөд хүн болсоор тэр өдөр шиг тэгж баяр жаргал зөгнөн мөрөөдөж хүслийн сайханд умбаж хясахын зовлонд тарчилж үзсэнгүй. Шөнө боллоо. Нөхөр байдаггүй. Эхлээд түүнд уур нь хүрч байснаа сүүлдээ цөхөрсөн хэрэг биз. За аа, одоо ч бүх юм өнгөрлөө дөө гэж бодогдоод ирэв. Тэгээд сэтгэлийн нь мухарт ямар нэг юм зангилагдчихаад тавирч үзсэнгүй. Тийм богино шөнө ч үзсэнгүй. Сэртхийх чимээ гарах тоолон өндөлзөж байтал үүр цайчихав.Ёстой нэг урам хугарч “Өө үхсэн хойноо” гэж амандаа хэлсэн төдийгүй бүүр үхэж орхимоор санагдаад тэр муу өмхий Цэвэгт тэр муу цаг завгүй ажилд нь хорсон хорсон уйлав. Тэгэхэд л ёстой жинхэнэ өвчилж орхих шиг болсон билээ. Үд өнгөрсөн тэртээ хойно нөхөр нь нэг юм цухуйв. Түүнийг хараад үхсэн хойноо чамаар одоо яах юм гэж л бодов. Үр л хэлбэл уйлчих гээд байжээ.
-Хүний мотоцикл гуйж унаад гарсан чинь хоёр дугуй нь хоёр дугуй нь ээлжилж хагараад шөнөжин өдөржин алхуулчихлаа байна гээд Цэвэг ч тэрүүхэндээ уцаардуу харагдана. Должид ч тэсэж чадалгүй цорхиртол уйлж орхив.
-Чи чинь яав аа? Гомдлоо гэж үү? Би үхтлээ алхаад ирж байна шүү дээ гэж юу ч мэдэхгүй нөхөр нь үглэж байв. Тэгж тэгж нулимс нь барагдаа юм байлгүй уйлахаа болив. Цэвэг ч одоо л нэг юм тайвширлаа гэж бодоод хажуугаар нь ортол ухасхийн тийрч өшиглөсөн төдийгүй маажиж малтаж дээр нь мордуут нүүр нүдгүй алгадаж үснээс нь зулгаан сэхээ самбаа өгөлгүй зодохдоо үг хэлж чадахгүй Чи ... чи... чи... хэмээн уухичиж байжээ. Дотроо бол дүрэлзэн шатаж оволзон буцалж байв. Чиний тэр муу ажил үр хүүхдээс юугаараа илүү юу юм бэ? Чи хэнд хэрэгтэй юм бэ? Намайг нэг насаар минь зовоон тарчилга гэж хэн чамайг нааш нь явуулсан юм бэ? гэж дотор сэтгэлдээ хашгичин гуугачиж байв. Харин тэр их хараал зүхлийн нь нэг нь ч уруулыг нь давж унасангүй. Хэрвээ тэр үгс гадагшаа унасан бол Цэвэг насан туршдаа гомдох байсан байлгүй. Аз ч юм уу эз ч юм уу тийм юм болсонгүй. Должид нөхрөө зодож зодчихоод цаашаа харан хэвтэхэд бүх бие нь татвалзан чичирч байлаа. Цаана нь бүүр сэтгэлийн нь угт нэг их зовлон байна гэж Цэвэг таамаглажээ. Тиймээс эсэргүүцсэнгүй. Гарыг нь бариад авъя ч гэж бодсонгүй. Хуйх нь тэсгэлгүй хорсохоос гадна элэг рүүгээ тийрүүлчихсэн нь нэг л хачин дүлий оргин өвдөж байв. Хамраасаа гоожсон цусыг арчихаар босохдоо энэ маань яачихаа вэ гэж гайхсаар байв. Хамрынхаа цусыг арччихаад эргэхдээ арай хүн хар айлгаж цочооосон юм биш байгаа даа гэж таамаглаад хэн нэгнийг сэтгэлдээ эрэлхийлэх зуур зөөлнөөр аргадтал Должид асгаруулан уйлав. Тэгэхэд нь л сая нэг юм тайвширч байгааг нь Цэвэг ойлгон шаргуу энхрийлэн аргадав.
-Яасан бэ? Миний хүү. Бие чинь яаж байна? Өвгөн чинь сайхан шөл хийгээд өгөх үү?
-Чи.. чи ёстой муухай амьтан...
-За за, өвгөн чинь аягахан шөл хийгээдэхье.
-Хэрэггүй, мэдэв үү. Надад одоо юу ч хэрэгггүй. Чи ч хэрэггүй. Должид дахиад л шатаад эхлэв.
-Тэгнэ ээ тэр. Хэн бэ? Чамайг даа гэж бодоод Цэвэг араагаа шажигнатал зуув. Тэгж тэгж шөнө дундаас хойш Должид арайхийн тайвшраад ярьж гарав.Ярих тусам өөрөө түүндээ үнэмшин өдөр шөнө хоёр алхаж ирсэн нөхрөө өрөвдөөд тэр хэмээрээ энэ орчлонг ертөнцийг хатуу хувь заяа хайрласан хүний амьдралыг үзэн ядах үзэл дүрэлзэн ассанаа тэр ч бас төдөлгүй бөхөж бөхөх тусмаа арай ч бүх юм өнгөрчихөөгүй байгаа юм биш биз? Би арай түргэдсэн байж болно шүү дээ гэсэн горь итгэл сэтгэлийг нь эзэмдэн авав. Өдий болтол энэ л горь итгэлээр амьдарч ирлээ. Харин түүний хуурах нь даанч бэрх. Тэгсэн хэдий ч хуурах тусам нь тийнхүү хууртагдъя гэх мэт горь итгэлдээ шимтэн дурлах нь гайхмаар санагдана. Нөхөртөө ингэж ярьжээ.
-Би зүүдлээд түүнээсээ айхдаа чамайг дуудуулсан юм. Бид хоёр хүүтэй болчихсон байх юм. Хүү маань томоо болчихсон гүйж явах юм. Ёстой хөөрхөн хүү байсан шүү. Би бүр нүдийг нь хүртэл харсан.
-Тэгээд ... тэгээд яасан бэ?
-Би сэрчихсэн. Сэрсэн чинь дэрээ нэвт уйлчихсан байсан. Цэвэг түүнийг ер бусын догшин ширүүн бүр хэрцгий гэмээр өөр рүүгээ шахахад булчин шөрмөс нь урьд хожид байгаагүйгээр хөвчрөн чангарав. Должид ийнхүү ярьсандаа тайвшран нөхрийнхөө гарыг дэрлэн бараг л зүүрмэглэн алдаж байтал нэг их нэвсийсэн бараан юм тооноор буугаад ирэх шиг болж сэрхийнгүүт ядарсандаа болоод аль хэдийнээ ээзгий буцалгаж байгаа нөхрөө угзчин сэрээв.
-Яав аа?
-гэрийн гадуур нэг амьтан тойрч гүйгээд байна.
-Гадуур хүн явсан юм болов уу гэж бодоод Цэвэг босохоор өндийлөө
-Үгүй ээ... үгүй.. чи өөрөө.... Чи бушуул л даа гэж шавдуулав
-Ээ чааваас даа... Өвгөнд чинь тэнхэл алга. Үхтлээ ядарчихаж...
-Үгүй чи чадах ёстой. Заавал чад. Тэгээд Должид өөрийн мэддэг бүхнийг шавхаж гарав.
-энэ маань солиорох гээд байгаа юм биш биз? Гэсэн зэвүүн бодлоос өөр юу ч Цэвэгийн толгойд орж ирсэнгүй.
-Чи чинь яачихав аа, сэрээч ээ.
-Амарч унтъя л даа
-Аа мөн чи намайг амруулдаг билүү? Должид нэг л ер бусын гэгэлгэн, бас нэгэн юмнаас айгаад байгаа юм шиг хачин байхыг үзүүт Цэвэгийн нойр хийсэн одов. Энэ маань ингэсээр байгаад намайг орь ганцаар орхиод үхчих юм биш байгаа даа, ааш зан нь яасан айхтар хувирчихав аа гэж бодтол нэг их айдас гэрийн нь тооноор палхийтэл ороод ирэх нь тэр. Тэр ямархуу хэлбэр хэлбэр дүрстэй юм бүү мэд. Гагцхүү нэг тийм юм яахын аргагүй ороод ирсэн нь л мэдрэгдэв. Тэгтэл гэрийг нь тойроод нэгэн хөнгөн хөлийн чимээ гарах нь тэр...
Должид түүнийг учиргүй шавдууллаа. Өөрөө ч удалгүй түүнийхээ ааш хэмнэлд автан яарч адгаж эхлэв. Тэнд урьдын энхрийлэл, мөнөөх Нарийны гол дээрх сэтгэлийн долгилол юу ч байсангүй, ууртай догшин аадар учир зүггүй асгарах шиг л боллоо. Тэгээд бороо түр зогсмогц нэвсгэр үүл голдоо цоорч түүгээр нь наран цацраг шурган орж ирж байтал дахин битүүрэн түнэр харанхуй болоод тэнгэрийн дуу тасхийн хур асгарч байв.Энэ догшин үзэгдэл нэн олон давтагдаад гэнэт ирсэн шигээ гэнэт алга боллоо.Анзаарвал нар аль хэдийн ханын элэгнээс доош гулсан бууж явлаа.
... Өвгөнийг хөдөөлүүлээд хэд хоносны эцэст Должид бие шалтагтай болсноо мэдэж сумын эмчид өөрөө очин хяналтанд оржээ. Энэ удаа бас л хүү гаргах юм шиг бодогдоод гарсан хүү нь айх аюулгүй өсөх юм шиг зөн совин татахын хажуугаар юухнаас ч юм их л цочимхой болчихжээ. Тийн байсаар хугацаа гүйцэж аргагүй төрөх цаг нь ирж дуншсаар эмнэлэгт хүргэгдэв. Должид уг нь нэг их ядралгүй төрчихдөг билээ. Дуншаад эхлүүт Цэвэг аргалийн борцоор хүрэн шөл хийгээд өгчихдөг. Должид түүнийг нь уучихаад л удалгүй төрчихдөг билээ. Энэ удаа ч урьдын ёсноос гажсангүй. Аргалийн борцтой шөдөө ууж аваад гарсан атал эмнэлэг хүрэх зуур Должидын бодол хоромхноо өөрчлөгдөн хэвлий дэх үрээ нөхрөөсөө ч юм уу эмч нараас ч юм уу, аль эсвэл хорвоогоос ч юм уу учир зүггүй харамнан чаргуулдах сэтгэл төрөөд явчихав. Гэхдээ дуншилт даанч ширүүн байлаа. Цэвэг үүдэнд хүлээж суухдаа битүүхэн айдас түгшүүрт автагдан байлаа. Энэ ч яах вэ. Өмнө нь ч ингэдэг байсан. Сувилагч гарч ирээд төрөх ор руу очлоо гэж хэлчихээд ороход нь
-За яамай даа гэж тайвширав. Гэтэл байдаггүй. Нэг цаг, хоёр цаг хүлээгээд хүслэнт үгийг нь хэн ч хэлж ирсэнгүй. Сүүлдээ тэсвэр алдаад таньдгаар нь Дэнсмааг дуудаж асуувал
-Энүүхэндээ гэхэд жаахан хүндрэлтэй байна. Эмч нар иллэг хийж байгаа гэх нь тэр. .. Тэгмэгц сандчаад эхлэв. Гадаа харанхуй болжээ. Цэвэг эмнэлгийн урдуур тойрч гүйгээд амаржих өрөөний цонхон тушаа очин будсан хэсгийн нь дээгүүр өнгийж харлаа. Төрөх орон дээр хэвтсэн эхнэрийн нь царай л харагдах ажээ. Эмч сувилагч нар тойрон зогсоод ерөнхий эмч нь иллэг хйиж байгаа бололтой толгой нь тонголзоно. Должидын царай цонхийж шаргалтаад үе үе дуу тавихад нь Цэвэгийн давсган тушаа часхийж байв. Яана даа гэхээс юунаас нь ч юм хамаагүй байдаг юм бол бурхнаас ч хамаагүй тусламж эрмээр санагдав. Дээд тэнгэр хол, доор газар хатуу гэдэг ямар мэргэн үг, гүн гүнзгий утга агуулгатай сургамж болохыг тэгэхэд ойлгов.Ийнхүү энэлэн шаналан хэдэн цаг зогслоо. Сүүлдээ цонхоор өнгийж харахаасаа ч зүрхшээн гагцхүү эхнэрийн нь дуу часхийн өвдөхийг л мэдэрч зогслоо. Гэнэтхэн эхнэрийн нь дуу часхийн таталдаад явчихад нь сандран харвал байдал яг хэвээрээ. Түүнийг хармагц ай хөөрхий минь хүн бид чинь энэ орчлон хорвоод үр удмаа үлдээх гэж ямар их зовлон гамшгийг гэтлэн давдаг юм бэ дээ, Должид минь чи яасан бөх хүн бэ гэж амандаа үглэн зогсов. Тэгтэл гэнэтхэн хүүхдийн дуу часхийн хадаад явчихуй өөрийн эрхгүй сулдгасхийн сөхөрснөө ум хумгүй босож мөнөөх цонхоороо юуны өмнө Должидыгоо хартал тэр нь нэгэн зүг хиртхийн ширтэж байв. Тэр харцыг Цэвэг ер мартдаггүй. Өөрөө бол тэр үед ёстой л хиртхийн
-Даанч яав даа гээд хашгирчихсан байжээ. Эмч сувилагч нар бүгд цонх өөд харав.Тэр өөдөөс нь мэлрэн ширтчихжээ. Гэрэлтэй өрөөнөөс гадаах харанхуйд юу байгаа нь харагдаагүй бололтой, эмч сувилагч нар дор дорынхоо хийж байсныг үргэлжлүүллээ. Хүү уйлсаар... Должид нүдээ анив. Сувилагч хүүг угааж гүйцээд дээш өргөнгөө Должидод хэдэн үг хэлэв бололтой ам нь хөдлөв.
-Чи минь яачихав даа, нүдээ нээгээч дээ хэмээн Цэвэг шээс нь хүрсэн хүн шиг дэвхцэн үглэж байлаа. Тэгтэл ч Должид нүдээ алгуурхан нээж хүүгээ хараад ядруухан мушийв. Цэвэгийн хамаг бие нь тавираад сая л нэг хөлсөө шудран хүүгээ харлаа. Нялзрай улаан хүү нь сувилагчийн гар дээр байдгаараа орилон дуу хадааж байв.
-Хүү минь чамайг яаж төрөхийг аав чинь харлаа шүү дээ. Бид хоёрынхоо элгийг дахиад битгий л эмтэлж үзээрэй гэж долоон бурхан од руу харан наманчлан шивгэнэлээ.
Харин Должидод бол ингэж удаан дунших нь зовиуртай хэдий ч бүр удаан дуншаасай, хүү минь битгий л гарчихаарай гэж зүрх сэтгэлдээ чандлан үглэхийн учир өвчин нь намдах шиг болж байжээ. Гэвч үе үе тэсэхийн аргагүй болмогц дуу алдаж байжээ. Хүү нь эхийгээ хэдий чинээ зовоож удаж төрнөв төдийчинээ урт наслах юм шиг санагдаад гагцхүү ингэж дунших гэж л орчлонд эмэгтэй хүн болж төрсөн мэт санагдаад ингэж өвдөж өвдөж үхчихсэн ч гомдолгүй мэт эсвэл ингэж дуншиж дуншиж эх болбол сая жинхэнэ эх болох ч юм шиг санагдаад хүүгээ гадна ертөнцөөс эс бүрээрээ харамнан үзэв. Гэвч бүх бие нь нэгэнт эмчийн мэдэлд орчихсон болохоор зөвхөн сэтгэлээрээ, зөвхөн оюун ухаанаар л тэмцэн тулж байлаа. Тийн шүд зуун тэссээр шөнө дүл хүргээд цааш нь яаж ч чадсангүй. Бие нь нэг их хүчтэй бадайраад хүүгээ өөрөөсөө алдаж байгаагаа мэдэв. Тэгтэл ч хүүхдийн дуу часхийхтэй уралдан “Ёо, ёо, би дахиад чадах болов уу” гэсэн бодол орж ирлээ.
-Хөөе ямар мундаг эр вэ гэсэн дуунаар харвал сувилагчийн гар дээр нэгэн цэнхэр нүдтэй бэлтрэг арваганаж байх нь тэр. Сэтгэл нь хиртхийж тархи дүйрэн мансуураад нүдээ анив. Сувилагчийн дуу дахин гарч Должид гуай хар даа, гурван хил зургаан зуун грамм мундаг хүү гарсан шүү. Должид гуай та хар даа гэж дахин дахин зөөлнөөр гуйхад нь худлаа хэлсэн байвал би яана аа гэсэн түгшүүрт бодолдоо нүдээ нээж чадахгүй байлаа. Сүүлдээ тэссэнгүй болгоомжтой харвал арвайсан улаан хүү тэнхээ мэдэн орилж байв. Должид ч “миний хүү” гэж сулбуухан хэлээд инээмсэглэлээ.
... Хүүд хүнээс гажууд нэг л юм байж байх шиг санагдаад Должид өлгийг нь задлуут сэмхэн эргүүлж тойруулж үзэв. Гэвч олон эхчүүдээс зовоод ханатлаа үзэж чадсангүй. Гэртээ ирээд бахаа ханатал шинжив. Хүний хүүхдээс юугаараа ч өөр биш юм гэж уцуст нь санаа амарсан билээ. Хүү нь өлгийдүүлэх дургүй тарвалзаж л байвал ганц болдог бололтой. Ер уйлахгүй амгалан нь дэндсэн хүүхэд байлаа. Ханиад ч хүрсэнгүй гурван насыг давав. Ах нарынхаа насыг давсан хэдий ч санаа амарвал юу болдгийг сайн мэдэх эцэг эх хоёр нь ер тайван өнжсөнгүй. Тэгсээр зовнил нь ердийн зүйл болж орхиод мөнхийн дагуул нь юм шиг санагдах болжээ. Хүү нь өсөж сургуульд оров. Багш нар ой тогтоолт сайтай хэмээн уралдан магтаж гарав. Хүүгээ тийнхүү магтуут л “Түй, түй, магтаал чинь тэнгэрийнх болог”гэж амандаа шившинэ. Хүний өгсөн юмыг тэр дор нь хүүдээ өгнө гэж үгүй. Заавал ижлийг өөрсдөө олж өгөх юм уу эсвэл удаан хугацаагаар хадгалж байгаад өөрийн болсон гэж итгэсэн үедээ л хүүдээ өгнө. Иймээс хүү нь хүний гараас юм авдаггүй болчихжээ. Ямар сайндаа шинэ жилээр бэлэг авах болж Муунохой гэж дуудсаар атал боссонгүй. Должид өмнөөс нь очиж авчээ. Бас хүүхдүүдтэй адил шуугиж тоглох нь үгүй. Ганцаараа гэрийнхээ юухэн хээхэн хийж суух ч юм уу эсвэл ааруул өвөртлөөд дөрвөн дугуйтай тэргээ чирэн аргал түлш түүхээр явчихна. Сургуульдаа ганцаараа торойтол яваад өгнө. Тараад мөн л ганцаараа бөртийтөл гүйгээд ирнэ. Тэгтэл нэг өдөр багш нь тэднийд ороод иржээ.
-Танай хүү ч сурлагаар ямар айлгах юм биш. Гэхдээ их сонин зантай хүүхэд юм. Пионерийн зусланд яв гэхэд яваагүй. Анги олон нийтийн ажил болоход тэрүүхэндээ шомбойтол сууж байгаад л оногдсныгоо хийчихээд явчихдаг, хэн нэгэнд тусалж дэмжинэ гэж үгүй, ажиглаад байхад ганц ч найзгүй юм гэж тэр багш гайхан ярьжээ. Багшийг явсны дараа Должид хүүтэйгээ ингэж яривцав.
-Миний хүү өнөөдөр гадаа гарч ангийнхаа хүүхдүүдтэй нийлж жаал тоглооч дээ. Лапто ч гэнэ үү их наргиантай тоглоомоор тоглоод байгаа бололтой шуугиад байх юм. Миний хүү л гэртээ ганцаараа ээжийгээ манаад суух юм. Хүүхдүүдтэй нийлж шуугиж бай. Сайхан байдаг юм.
-Яах юм. Тэд нар чинь муухай
-За цөг. Чи сайхандаа яаачихаав. Хүнээс илүү юм алга л байна даг.
-Хн. Бадрах эртээр миний цүнхээс дэвтэр хулгайлсан байхчивлээ
-Бадрах тэгээ л биз? Бусадтай нь найзлахгүй юу?
-Яах юм. Зарим нь зодооч хулигаан, зарим нь муухай орилдог, зарим нь худалч юм чинь. Та чинь өөрөө л тийм хүнийг муу хүн холхон бай гээ биз дээ?
-Тиймгүй хүн ч байдаг л даа.
-Манай ангид л лав байдаггүй юм билээ. Тэгээд дандаа хүнээс хуулцгаах гэдэг юм чинь. Лхагваа хүрч ирээд л хоёулаа ёстой сайхан найзалъя. Чи найзынхаа тоог бодож өгч бай. Би чиний түлээгийг чинь түүж өгье гэж байхчивлээ.
-Миний хүү тэгэхээр нь юу гэв?
-Би өөрөө түлээгээ түүх дуртай юм чинь...
Должидод хариу хэлчих бэлэн үг олдсонгүй. Харин Цэвэгийг ирэхэд нь энэ тухай ярьжээ.
-За яах вэ. Би муйхардаж байгаад энэ зун зусланд явуулчихнаа. Ер нь ч багадаа хүүхэд янз бүр л аашилдаг л даа гээд цаадах нь ер тоосонгүй.Харин тэр зун нь хүүгээ зусланд явуулах гэж тэр хоёр ёстой л үйлээ барчихжээ. Яаж ч ятгаад дийлсэнгүй. Цэвэг цухалдан хүүгээ хоёр гурван ч удаа сайн гэгч нь алгадчихав. Хүү нь алгадуулчихаад ижий рүүгээ гялтганасан нүдээр харж шүлсээ залгиснаа
-Ижий намайг битгий явуул л даа. Би гэртээ л баймаар байна. Намайг битгий явуул л даа.Ээжээ би машинд суухаасаа айгаад байна гээд солонгоруулан уйлав. Должид хүүгээ өмнө нь ингэж уйлуулж үзээгүйдээ ч тэр үү сэтгэл нь ихэд хямарч эмтэрч орхив. Тэрхүү солонгорсон дуу хүүгийн нь дуу биш ч шиг, хаа нэгтэй сонссон ч юм шиг санагдахыг бодвол мөн ч шиг хачин оргиод за юухэв, юухэв муу хүүгийнхээ нулимсыг барчихлаа гэж Цэвэгийг хорьж болиулав. Тэгээд хүүгээ тэвэрч авуут ухаан зулаггүй үнсэн үмхэлж
-Тэгэлгүй яах вэ, миний хүү. Гэртээ л бай гэж үглэв. Энэ нэг явдлаас хойш хүүгээ ийш тийш нь явуулах гэсний хэрэггүй юм банйа гэсэн давхар нэгэн зовиур сэтгэлдээ маллах болов. Хүү нь жил ахих тусам аливааг нэг л хараад тусгадаг, тусгаснаа тэр хэвээр нь мартчихдаггүй хүн болж байв. Зүйрлэвэл эмнэг тэмээг амыг нь мэдүүлээд л орхидоггүй, заавал эргэж нурууны нь гижгийг үргээж байж л сая эдлэн шив гэдэгтэй адил байжээ. Хүүг зургадугаар ангид байхад бас нэг ийм явдал болов.
Хүү нэг номыг их л шимтэн уншиж сууснс
-Ээж ээ, бид нар чинь чононоос үүссэн юм уу? гэж палхийтэл асуув.
-Хэн тэгж байна?
-энэ номон дээр л тэгж бичсэн байна шүү дээ
-Аа, аль юм бичигдэхийг тэр гэх вэ, миний хүү. Зарим юмыг бодуулах гэж бичдэг, заримыг нь бол зүгээр л энгүүн бичдэг юм гэх чив ээ. Тиймэрхүү л юм байгаа биз
-Үгүй ээ, Монголчууд Бөртэ чоно, гуа Марал хоёрын дундаас үүсжээ гэж бичсэн байна шүү дээ. Энэ чинь эр чоно эмэгтэй хүн хоёрын дундаас монгол хүн үүссэн гэсэн үг биздээ. Харин яагаад заавал энэ хоёрын дундаас ззссэн юм болоо гэж хүү нь гайхав.
-Иш хүү минь наадах чинь домог шүү дээ
-Тэгээд домгийг яах гэж зохиодог юм бэ?
-Хай золиг, ээж нь ч мэдэхгүй л юм байна
-Хүн сармагчнаас гарсан гэдэг чинь бас л домог уу?
-Сургуульд тэгээд л заадаг шүү дээ. Аягүйтвэл бас л домог юм байгаа биз
-Үгүй тэр чинь домог биш. Багш домог биш гэсэн юм чинь
-Тэгвэл домог биш юм байлгүй дээ.
-Би чинь монгол хүн тиймээ ээжээ
-Өөр ямар хүн байх юм
-Аа мэдлээ мэдлээ. Манай улсад чинь сармагчин байхгүй. Энэтхэгт л байдаг гэсэн, тэгэхээр чинь Энэтхэг хүн сармагчингаас гарсан байхгүй юу.
-Хай золиг, тэгсэн л хэрэг байх даа
-Харин би бол чононоос гарсан
-За цөг, би тэгээд чоно болж байна уу?
-Үгүй ээ, та ч биш, би ч биш, бид нар л бүүр анх чононоос гарсан байхгүй даа
-За за дэмий юм яриад унах чинь яав. Гарч түлээгээ оруул.
Хүү нь их л урамгүй гарлаа. Шөнө нь Должид ер бусын муу ёрын зүүд зүүдэлжээ. Должидыг ажлаа хийж байтал мөнөөх яслийн асрагч дүрлийсээр ороод ирэв. Тэр хоёр хөтлөлцөн гүйлдлээ. Асрагч нэг зүг рүү заан амаа ангалзуулав. Тийш харвал сумын хойт овоот толгой дээр нэг их том чоно оцойн сууж байх нь тэр. Бараг газар шүргэсэн урт соёог нь харуут Должид нөгөө чоно мөн байна гээд хашгирчихжээ. Тэгээд ясли руу эргээд гүйлээ. Араас нь асрагч заагаад ангалзаад байна. Гарыг нь дагуулан харвал хүү нь мөнөөх овоот толгой руу мөлхөж явав. Мөлхөж явснаа Должидыг хармагц дөрвөн хөллөн цогив. Тэгснээ сагсайсан сүүл урган хөл нь нарийссаар бэлтрэг болж хувираад улам хурдлан цогив. Тийнхүү цогисоор толгойн бэлд хүрмэгц гэнэтхэн зогсоод эргэж харжээ. Должид ч өөдөөс нь гүйв. Бэлтрэг ээжээ гэж хашгирахыг нь Должид сонсуут гараа сарвайлган
-Миний хүү Муунохой. Муунохой гэж орилсоор гүйлээ. Бэлтрэг Должидын өөдөөс цогив. Наашлах тусам нүд нь бэлтрэгийнх биш харин хүүгийн нь болон өөрчлөгдөж байв. Гэтэл нөгөө том чоно толгойн орой дээрээс ухасхийн бууж бэлтрэгийг гүйцэн ирмэгц долоогоод авав. Бэлтрэг зогтуслаа. Чоно дахин дахин долоов. Бэлтрэгийн харц хурцдан хурцадсаар чоно төрлөө оллоо. Том чоныг цаашаа харайтал бэлтрэг дагав. Должид арга тасрахдаа Цэвэгийг дуудан бахиртал нөхөр нь хаа нэгтэйгээс дотуур хувцастайгаа үсрэн гарч ирэв.
-Чоно... чоно
-Хаана
-Тэр... хүүг дагуулаад явчихлаа шүү дээ
-Ээ нөжөө... Цэвэг буцаж харайлгуут буугаа барьсаар гарч ирэв.
-Буудаач ээ...
-Ээ нөжөө өнөө сумаа контортоо орхичихож... Тэгээд Цэвэг контор руугаа гүйж явах зуур чоно толгойн орой дээр гарчээ. Бэлтрэг эргэж харалгүй цогисоор толгой давав. Харин чоно толгойн орой дээр зогсозноод төдий хүртэл элдсээр явсан Должид руу эргэж хармагц
-Чи миний үрийг булаасан бил үү? Бөртэ чоно би та нарыг орчлонт ертөнцөд бий болгосон байтал чи тэр муу хэрмэл Сэдтэй нийлж эзгүйд үүрийг минь ухан хамгийн хайртай бэлтрэгийг минь суйлсан байх аа. Элэг зүрх минь яаж энэлснийг чи одоо өөрийн биеэрээ үзэх болно. Гэхдээ би чамайг өрөвдөж байна. Чи бидэн адилхан эх юм. Чи намайг яаж хоосоллоо. Би түүн шиг чамайг хоослохгүй ээ. Май энүүнийг ав гээд нэг соёогоо авч шидүүт ха ха гэж инээв. Тийн зэрлэг догшноор инээхэд нь нүдний нь улаан оч огцом эргүүт эргэн тойрон тас харанхуй боллоо. Тэр явчихлаа. Должидын дотор бачууран
-Аа...ааа өгөөч ээ гэж учирзүггүй орилов. Тэгснээ гэнэтхэн сэрэв. Зөнгөөрөө ч сэрсэнгүй. Цэвэг сэрээсэн байв.
-Яав аа, учир зүггүй охилж уйлаад байх чинь... Должид ухасхийн хүүгийнхээ ор руу хартал хүү нь жигд амьсгалан унтахыг үзээд амсхийн анзаарвал дэр нь шалба норчихсон байлаа. Тэр нөхөртөө зүүднээсээ эхлээд болсон явдыг бүгдийг нь ярив. Чадрааг л эгээтэй хэлчихсэнгүй хэлээ хазаж тойроод бусад бүх л болсон явдлыг бүгдийг нь ярьжээ. Ярих тусмаа өөрөө ч туулай шиг хярж Цэвэг ч булчин шөрмөсөө гүвэлзүүлэн тэвэрсээр гараа чангалахын зэрэгцээ амьсгаа нь гайхмаар түргэсэн самсаа нь онголзож байлаа.
-Энэ бүхэн үнэн юм уу гэж асуугаад Цэвэг түргэхэн эргэн харав.
-Үнэн
Тэгмэгц хэн хэн нь агдагнан чичрэв. Цэьэгт энэ бүхэн байж боломгүйн хажуугаар бас байж болмоор ч юм шиг санагдаад ирэв.Эхнэрээ дуудуулуут Самдангийн шинэ мотоциклийг гуйж унаад гарсан, тэгтэл яалаа хоёр шинэ дугуй нь дараагаараа хагарч билээ. Тэр шөнө Должид ямархуу ааш авир гаргалаа даа. Удалгүй Сэд өвгөн бурхан болчихсон. Ийнхүү хөөн бодсоор байтал энэ бүхнээр холбогдсон нэгэн далд ертөнцийг олж харах шиг болов. Чимээ шуугианыг нь ч сонсох шиг болов. Хүү руугаа өнгийж харвал тайван унтаж байна. Юунд ч юм нэг л юманд өдий болтол хууртагдаад байсан шиг санагдав. Энэ бүхнийг сэтгэлдээ тээж хэнд ч хэлэхгүй явна гэдэг ямар их тэвчээр болохыг ч ойлгож хөөрхий муу Должид минь яаж галзуурчилгүй тэссэн юм бол доо ч гэж гайхан шагшрав. Тийнхүү хаа холын сураг шиг өнө эртний домогт барин тавин зүүдэндээ хүүхэд адил итгэцгээж үл үзэгдэх нэгэн аймшигт ертөнцөөс үрээ харамнах хүмүүн бусын айдас төрж тэр нь нарт хорвоод араатан маягийн хүчирхийлэл болон туслаа. Чоно хонинд яаж ордог билээ. Цэвэг чононд тэгж л хандав. Чонын эрлэг болж хувирав. Урьд нь чоно хараад баярладаг байлаа. Хангайн тэнгэртэй амьтан бараагаа харууллаа, энэ хэрэг зөв шугамаараа шийдэгдэх нь дээ гэж билэгшээдэг нь орвонгоороо эргэжээ. Чоно үзүүт л улайран хөөж ононо гэсэн зай багцаандаа ормогц нь ганцхан л буудчихна. Ёстой нам буудна. Буудах бүрдээ май энийг ав гэж заналтайгаар шивнэдэг билээ. Бас Должидод соёог нь авчирч өгнө. Должид түүнийг нь ханцуйндаа нууж хүний нүднээс далд газар ормогц
-Чи өдий төдий бэлтрэгтэй байж миний ганцыг авах гэлүү. Би яалаа гэж олдсон ганцыгаа чамд өгч арай ядан дэвтсэн элгээ хатаах юм бэ? Удахгүй чи соёо биш ийм шороо болно түй түй гэж тарнидаад шороонд булчихаад амсхийвч ахиад л цаана нь үлдсэн шүү дээ гэж бодохоор чадал хүрдэгсэн бол ертөнцийн бүх чоныг нэг хашаанд хөөн оруулмагц бахь барьж очоод соёог нь түүж хормой хормойгоор нь хээр аваачаад булчихмаар санагддаг байв. Гэхдээ нөгөө зүүднийхээ Бөртэ чоныг мартахгүйн учир бэлтрэг л битгий хөнөөгөөрэй гэж эр нөхөртөө захина. Цэвэг ч за л гэнэ. Гэвч Цэвэг түүнийг хуурчээ. Өнөө Чадраатай нийлж Цэвэгийг яаж араар нь тавилаа. Цэвэг тэр хэргийг мэдээгүй хэрнээ Должидоос хариугаа авсан мэт муухай хуурсан билээ. Угтаа бол Цэвэг чонын гэхээсээ бэлтрэгний эрлэг болсон байлаа. Түүний чухам юунд нь шунан дурладгаа өөрөө ч үл мэднэ. Гэхдээ нэг л адтай, ангийн хорхой асаах ид шид мөнөөх ажилд нь байлаа. Тийшээ шургаж ороход үнэртдэг эхүүн нялуун үнэрт тэрхүү ид шидтэй соронз мэт ангийн хорхой нуугддаг байж болох юм. Эсвэл шилэн хүзүүнээс нь базлан шуудайлахад амиа хамгаалж мэдэхгүй бэлтрэгнүүдийн арчаагүйгээр гийнан дуугардагт тэр увайгүй ангийн хорхой нуугддаг ч байж болох л юм. Тийнхүү бөөн ажил удаж байж авсан бэлтрэгнүүдээ Цэвэлмаагийн нөхөр Лхагвад өгчихөөд яваад өгдөг билээ.
-Намайг ингэлээ гэж Цэвэлмаад үг алдуузай. Цаадах чинь Должидод хэлчихнэ чи ямар эс мэдэх биш. Должид дууллаа л бол муурчих хүн шүү гэж захидаг билээ. Лхагва энэ занд нь жаал гайаж байснаа уа золиг чамайг, хорхойтой л юм байлгүй гэж санажээ. Гэхдээ Лхагва удаан тэсээгүй билээ. Нэг шөнө хоёулаа нойроо хулжаан байхдаа чи Должидод хэлчихвээ болохгүй юм гэнэ лээ шүү цаанаа ямар нэг учир байдаг л байлгүй зайлуул гэж байгаад Цэвэгийн хачин зан араншингийн талаар ярьж орхилоо. Үгийн сэжүүр цухуймагц л Цэвэлмаа дүрсхийлээ. Тэгнээ тэр, муухай хог. Даанч нэг хачин үнэр ойрноос үнэртүүлээд л явсан юм. Чонын үнэр байж шүү. Муухай цус. Хэдэн хүүхдээ бодоход яана аа. Цэвэгийн талд ч хүрэхгүй хирнээ бас дагаад навсганаж явдаг байх нь ээ. Цэвэг ч бас Цэвэг. Үр хүүхэд нь тогтохгүй муу Должид амьдаараа хатаж байх. Тэр тэгээд зугаацаж явдаг байх нь ээ. Энэ үр хүүхэд тогтдоггүй нь явж явж Цэвэгтэй л холбоотой. Хийдэг ажил нь нууц, явдаг газар нь ч нууц. Одоо тэгээд тэр нууцын нь зах сэжүүр гэр орон руу нь шургаад иржээ. Тэгнэ байх аа, гайгүй. Маргааш наад ор дэрний цагаан хэрэглэл угаагаарай. Чи өөрөө тэгээд усанд орохоосоо нааш шагайваа чи, босохгүй юу чи юугаа хийгээд хэвтээд байгаа юм. Пөөх, тэр үнэр танарыг нь чоно шиш шэж Лхагвааг зад загнаад хөөчихлөө.
-За чи юу болчихов оо? Би яасан юм Өгснийг нь л авсан өөр яагаа вэ?
-За хэн мэдлээ. Яв яа тэр орондоо оч.
Анхандаа сэтгэлийн бөөн зовлон тээж яваа найздаа энийг яриад ч юухэв дээ. Улам л зовоохын нэмэр гэж бодоод унтсан билээ. Өглөө босоод үнсээ аваад гарах гэтэг нэг юм мартагдсан санагдав. Юусан билээ. Бүсээ бүслээгүй юм боловуу гэтэл бүсэлчихэж. Алчуураа зангидаагүй юм болов уу гээд толгойгоо дарж үзвэл зангиджээ. Гутал руугаа харав. Бүгд зүгээр. Энэ чинь арай... гэж бодоод энгэрийнхээ товчийг тайлж үзтэл зүгээр. Тэгээд чухам юуг нь мэдээгүй тул “Хачин юм даа” гэж гүвтнээд гарлаа. Цайгаа ууж хүүхдүүдээ явуулчихаад цоож түлхүүрээ авч гарах гэтэл бас л нэг мартагдсан шиг болоотхов. Жаал тээнэгэлзэж эрсэн атал олсонгүй. Гэрээ цоожилчихоод түлхүүрээ цаваг руугаа шургуулж зогстол захиргаа руу нуруугаа үүрэн алхаж яваа нөхөр нь харагдмагц сая санажээ.
-Нээрэн тийм л дээ. Тэгж нууцлахыг бодоход Должид аягүй бол чоно бэлтрэг битгий хөнөөгөөрэй гэж гуйгаа биз. Гэтэл муусайн юмнуудын байж байгаа царай энэ. За та нар гайгүй ээ гэж дотор сэтгэлдээ хорсон шивгэнээд Должидын ажлаар хэрэг болгон гарахдаа
-Найз нь өнөөдөр танайд үдийн цай ууна. Ярих юм байна гэжээ. Должид хийцтэй цай чаначихсан хүлээн суув. Цэвэлмаа түүнээс нь аягыг уугаад хөлс нь чийхраад ер арья уу, яая даа гэж эргэлзэж суулаа. Должид хэсэг зуур харцаараа нэхээд ярихгүй болохоор нь
-Чи чинь ярих юм байна гээгүй билүү гэж шаллаа.
-Танай Цэвэг урьд ажил ажил гээд л оронгийн бараа хардаггүй юм байсан. Одоо ан ан гээд л хөхийж явах болжээ.
-Гадуур улс амьтан шуугиж дээ. Арай бүгдийг нь мэдчихээгүй байгаа даа гэж бодоод Должидын дотор палхийв. Намайг ч тэгдэг ингэдэг гээд л шуугиж байгаа байхдаа гэхээс айн хиртхийв.
-Дандаа ч биш байхаа, хөөрхий. Мөр дээр таарлаа л гэдэг юм шүү дээ
-Өө чи мэддэг юм уу. Цаадах чинь чамайг мэдчих вий л гэж их айдаг юм гэсэн шүү дээ. Манай атигар бас хэд хэдэн удаа хамт явсан байгаа юм. Жижиг биетэй болохоороо хэрэг болдог юм байхдаа.
-Чоно элдэхэд ч том жижгийн явгаа юун аж. Харин Лхагва овтой болохоор нь хань татдаг биз. Гэхдээ ямар сайн байх вэ. Би цаадахад чинь хэлнэ ээ.
-хөөхөд ч ялгаагүй л дээ. Харин зарим бага амтай нүхэнд ороход л манай тэр хэрэг болж байхгүй юу
-Яалаа яалаа гэнээ?
-Атийчихаад бас бэлтрэгний арьсаар баяжих юм яриад байгаа юм шүү. Цэвэг зүгээр л авчраад өгчихдөг гэнэ. Би цаад мууг чинь хааш нь ч гаргахгүй барьчихна аа гайгүй. Чи ч гэсэн Цвээгт хэлээрэй. Тэдний тэгээд баяжиж гийгүүлдэг ч гайгүй хэвтэнэ ээ. Муу л юм болно... Должид арчиж байсан аягаа барьсан чигтээ гөлөрч орхилоо. Цэвэг минь чи даанч яав даа, даанч яав.... Харцаа дээшлүүлбэл өмнө нь Цэвэлмаа биш харин Бөртэ чоно соёогоо сугалах гээд тэр нь сугарч өгөхгүй байдгаараа угзчин сууж байлаа.
-Хүүе чи минь яаж байна аа гэнгүүт Цэвэлмаа ухасхийн түшээд авлаа.
-Орон дээр жаал хажуулаад авъя. Толгой эргэж байна.
Цэвэлмаа түүнийг орон дээр нь хэвтүүлж өгөв. Миний муу ам уу, ингээд л гай удаад унадаг юм шүү. Яаж байна хө. Өвгөн чинь эмч дуудаадахъя. Дэмий юм ярьчихлаа гэсээр алчуур норгож духан дээр нь тавьлаа.
-Гайгүй боллоо хө. Хэлсэн чинь зөв. Бага дээр нь татаж авахыг бодъё. Тэгээд Цэвэгийг ирэхэд ингэж ярив.
-Сайн явав уу хө. Өвгөн чинь муу ерын юм зүүдлээд түүнээсээ жийрхээд санаа зовж л суулаа гэхэд Цэвэг сэртхийн харав.
-Чи чонын үүрний амсарт мөрөөрөө тээглэчихсэн мөртлөө зүтгээд байх юм. Би гэрээсээ түүнийг чинь нэгд нэггүй хараад байх юм. Тэгээд болиоч ээ, наадахаа орхи гээд л хүү бид хоёр зэрэг зэрэг орилж хашгирах юм. Тэгэх тусам чи улам цаашаа зүтгээд байх юм. Хүү маань бүүр цөхрөөд
-Аав чоно болох гээд байгаа юм уугэж асууж байх юм. Тэгсэн чинь чи тэр үгийг сонсов уу аль эсвэл багтахгүй нь гэдгээ мэдэв үү? Толгойгоо нүхнээс гаргуут энд арван бэлтрэг байна. Чи ор гээд жижиг биетэй хүнийг чирээд байх юм. Тэр хүн орохгүй гээд л цахлаад байсан. Тэгсэн хүү маань “Аав энэ хүнийг чоно болгох гээ юм болов уу” гэх юм гэж ярьтал Цэвэг тооно өөд өлийн харснаа
-Чи бас янз бүрийн юм зүүдэлдэг болжээ. Ер нь юу л болоод байна даа гэжээ. Түүний харцнаас илүү үг хэлсний хэрэггүй гэдгийг Должид олж уншсан билээ.Нээрэн түүнээс хойш элдэв өнгийн юм дуулдсангүй. Должидын мөнөөх хачин араншин ч цагийн аясаар уясан зөөлөрсөөр нэг л мэдэхэд орхигдсон билээ. Тэр тухай хааяа л нэг эргэн санахад нуруу нь хүйт оргино. Энэ удаад ч гэсэн агдагнан чичрээд “Бурхан минь бүү л харагдаасай” гэж сэтгэлдээ үглэж явтал ашгүй Хайрхан уул ард үлдэж санаа амрав. Төлөөлөгч их урамгүй болж “Нүдний буланд торсхийгээд л ороод ирдэгсэн, түүчхээ шивдээ” гэж гүвтнээд суудал дээрээ займчуут “За хө энд чинь орой ажиллаад шөнө цаашаа явна. Цаг ашиглаад дугхийгээд авдаг хэрэг ээ хө” гэнгүүт нээрэн л цагийг тун боломжийн ашиглан донхолзож гарлаа. Должидын дотор тавирч инээд нь хүрэв. Харин хажуудах бор залуу нь ийш тийш их о шамдангуй сэрвэгнэн харах ажээ.
-Одоо ч хүү минь өнгөрсөн байх аа. Үгүй энэ хүмүүс яах дээрээ ингэж юухнаар ч болов ая тал засах гэдэг байна аа гэж бодтол инээд нь хийсэн одоод харин ч зэвүүцэл төрж явлаа.

0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...