Та бүхнийхээ амар амгаланг айлтгая
2008-11-14
Enkh бичсэн.
Интернетээр хэсч яваад олсон зүйлээ хуваалцахыг хүслээ.Та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн үүднээс шүү дээ мэдээж.За тэгээд Энэ талаар санал бодлоо чөлөөтэй солилцьё манайхаан.Энэ талаар өшөө мэддэг бүхнээ нэмээрэй гэмээр байнаа.
ТАРХИНЫ Фитнесс
/"Боннын" Т.Алтангэрэл/
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтдаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлслийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр ринбүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.
1987 odriin soningiin zariin lavlah
Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлслийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.
Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.
Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой судалгаа болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх гэх мэт) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн "Живаго эмч" зохиолд гол баатар нь "би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай" гэж хэлж байсан нь санаанд орж байна. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа.
Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр мэргэжил, бусад шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна. Энэ талаар доор дэлгэрэнгүй өгүүлэх болно.
Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын гүн ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна.
Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодгоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.
Сэтгэлээ танин мэдэхҮй
Буддын сургаал нь сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг бүрэн дүүрэн таньж мэдэх нь буддын сургаалын цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэж болох юм. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг мэдэж болно. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.
Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой гэж Мингүр Ринбүүчи үзсэн нь сонирхол татаж байна. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил гэсэн үг. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа "өнгөө" хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татъя. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхдэдээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямар ч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.
Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүнийг сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямар ч хүнийг өөрийн тогтсон дадал зуршлаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн.
Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртгийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцөлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямар ч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсний шинж юм.
Бурхан багш энэ талаар нэгэн сургаал айлдсан байдаг. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Тэгэхээр хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байж, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр "эрдэнэсийг" нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөх сөн.
Тархины парадокс буюу сэтгэлээг ЧӨлӨӨлӨхҮй
Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр боловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лимбийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх явцад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжилгээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэхдээ түүнийг тархинд хадгалагдаж байгаа бусад мэдээллэлтэй харьцуулж, хайрцаглаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойлдог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон тааламжтай мэдээлэл байж байдаг. Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно.
Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байдлаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тархинд нь тогтож заншсан алимны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.
Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тархинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй "хиймэл загваруудаас" ангижирч болох ба энх амгалан, аз жаргалыг удаан хугацаанд хадгалах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясалгал нь хүний тархины хайрцаглах, аль нэг загварт оруулах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгавруудыг арилгахад гайхамшигтай үр нөлөөтэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай болдог аж.
Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөгтэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэхээр яг бодитоор бидэнд ганцхан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодорхойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэдийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Будда цаг хугацааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харьцангуй чанартай гэж үзээд, туйлын чанараар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өнгөрлөө, зүүд шиг юм гэж хөгшчүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрийгөө "би".гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогтнох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэдийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төөрөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төөрөгдөж, тархин дахь загварууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.
Орчин үеийн тархины судлал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангижрах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бурханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүүтэйгээр лам нар өндөр хэмжээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруулдаг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар нотолсон нь үүний тод жишээ юм.
Хоосон Чанар ба квантын физик
Дээр дурдсан юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх, ухаарах тухайд буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байдлын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлснийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сандал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор харагдаж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрчлөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүүрэхийг анзаардаг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэлдэж, баярлах гуних зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнштэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.
Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцөлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бодит бус чанар гэж нэрлэдэг
5 сэтгэгдэл:
Burkhan orshdog es orshdog eseh ni tiim ch gol zuil bish. Khamgiin gol ni ihenhi humuus burkhanii orshikhuig husdeg. Ihenhu humuus amidrald uchirakh bersheeltei nuureldehdee yamar 1 yer busiin huch uuriig ni avrakh bolno gej husdeg zangaaraa burkhaniig erdeg. Olokh es olokh ni bas l khamaagui. Gol ni burkhan baidag gedeg l khangalttai.
Burkhan orshdog es orshdog eseh ni tiim ch gol zuil bish. Khamgiin gol ni ihenhi humuus burkhanii orshikhuig husdeg. Ihenhu humuus amidrald uchirakh bersheeltei nuureldehdee yamar 1 yer busiin huch uuriig ni avrakh bolno gej husdeg zangaaraa burkhaniig erdeg. Olokh es olokh ni bas l khamaagui. Gol ni burkhan baidag gedeg itgel l khangalttai.
...ммм, маш том сэдэв юм л даа, үнэхээр энэ талаар тийм ч ихийг уншиж судалж байгаагүй нь үнэн болохоор яг юу бичихээ ч мэдэхгүй байна...хязгааргүйд, сэтгэлийн амар амгалангүйд үнэхээр хүрч чадах юм бол энэ л тэр хүний бас нэгэн зорилго биш гэж үү...Жонатан Ливингстон Цахлай гээд нэг зохиол уншсан юм, та нар ч гэсэн уншиж байсан байх, үнэхээр юм бодогдуулахаар зохиол шүү...Түүний хувь дахь нисэхийн төлөөх эрмэлзэл, хичээлт, оролдлого нь дээрх нийтлэлийн бясалгал хийхтэй адилхан санааг илэрхийлж байгаа ч юм болов уу гэж бодож байна...энэ талаар сайн уншвал бас сонирхолтой, тэгээд ч үр дүнд хүрвэл юугаар ч үнэлэшгүй баялагтай болох тийм арга бололтой гэж би дүгнээ байна...баярлалаа...гоё нийтлэл байлаа...
Ene Bum-Erdene bagshiin ebkhuush choi nyamkhuu bid 4 t yarij bsan zuil yum shig bna bi unendee sain oilgoogui l dee gexdee setgeliin talaar bgaa heseg ni taalagdlaa :D
ZA bayrlalaa. Saihan unetei medeeleluud b.aa
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...