ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 1-р хэсэг

2008-02-20 uundaa бичсэн.
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын

2008 оны 01 сарын 30-ны өдрийн

05 тоот тушаалын хавсралт

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Энэхүү журмыг Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшинг тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт / цаашид ЕШ гэх/ зохион байгуулж явуулахад баримтална.

1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны Сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, энэхүү журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

1.3. Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид шалгуулагч гэх/ өөрийн хүсэлтээр ЕШ өгнө.

1.4. Шалгуулагч нь монгол хэл, математик, нийгмийн ухаан / нийгмийн тухай мэдлэг, монгол улсын түүх/, гадаад хэл / англи хэл, орос хэл/, хими, физик, биологи, газар зүйн хичээлүүдээс сонгон шалгуулна.

1.5. ЕШ-ын сорилго нь 1.4-т заасан хичээлүүдийн стандартын агуулгад үндэслэн шалгуулагчийн мэдлэгийн төвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар бэлтгэсэн сонгох болон нөхөх хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.

1.6. ЕШ нь их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим бүхий cургалтын байранд буюу ерөнхий шалгалтын төв /цаашид ЕШТ гэх/-д явагдана. Мөн ЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор ЕШТ-д хяналтын дуран суурилуулж болно.

1.7. ЕШТ-д Боловсролын үнэлгээний төв/цаашид БҮТ гэх/-өөс томилогдсон ЕШ-ын Комисс /цаашид ЕШК гэх / ажиллах ба ЕШК-ын гишүүдийн эрх, үүргийг тусгай журмаар зохицуулна.

1.8. Шалгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хүртээмжтэй, жигд хангах зорилгоор ЕШ-ын талаарх мэдээллийг тухай бүрд нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ЕШ-ын лавлах утас 1973, зөвлөгөө, мэдээллийн төвүүд, “Элсэгч” сонин, www.eec.mn веб сайтуудад байрлуулна.

1.9. ЕШ-ын сорилго бэлтгэх, хувилах, хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

ХОЁР. ЕШ-ЫН БҮРТГЭЛ

2.1. ЕШ-ын бүртгэл УБ-ын цагаар орон даяар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эхэлж, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 18:00 цагт дуусна.

2.2. Бүртгэлийн хугацааг 2.1-д заасан хугацаанаас сунгахгүй ба дахин нэмэлт бүртгэл хийхгүй болно.

2.3. Бүртгэлийг онлайн /цаашид Интернет гэх /-аар болон БҮТ-ээс тусгайлан эрх олгосон бүртгэгч бүртгэнэ.

2.3.1.Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын шалгуулагчид интернетээр бүртгүүлнэ. Хэрэв техник, сүлжээний нөхцөл бүрдсэн орон нутгийн шалгуулагчид интернетээр бүргүүлж болно.

2.3.2. www.eec.mn веб сайтаар интернэтийн бүртгэл явагдана.

2.3.3. Интернетээр бүртгүүлэх боломжгүй орон нутгийн шалгуулагчид тухайн аймгийн Боловсрол соёлын газар /цаашид БСГ гэх/-ын санал болгож, БҮТ-өөс тусгайлан томилогдсон бүртгэгчид хандан бүртгүүлнэ. Шалгуулагчид заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

2.4. Бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл үнэн зөв байх
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь өнгөт цээж зураг
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх / 2008 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид /
  • Бүртгүүлэх хуудасыг үнэн зөв бөглөнө.
  • Бүртгүүлсний дараа баганан кодтой бүртгэлийн зурагтай хуудсаа хэвлэж, өөрийн сургуулийн захирлаар тамга дарж баталгаажуулна. Баганан кодгүй, баталгаажуулалт хийгдээгүй, өөрийн мэдээлэл болон зургаа буруу оруулсан бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцно.

2.5. Интернетээр бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг 1.8-д заасан эх сурвалжаар авч болно.

2.6. Интернетээр бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар шилжүүлнэ.

2.7. Орон нутгийн бүртгүүлэгчид бүртгүүлэх хуудасыг БҮТ-ийн вэб хуудаснаас болон аймгийн БСГ болон сурч буй сургуулиасаа авна.

2.8. Орон нутгийн бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банкан дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

2.9. 2008 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтгүй бол бүртгэхгүй.

2.10. Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн ЕШ-д бүртгүүлэх бол БСШУЯ-наас тухайн бичиг баримтыг баталгаажуулсан байна. Баталгаажилт хийгдсэн бичиг баримтыг БҮТ-д заавал бүртгүүлнэ.

2.11. Гадаад иргэн ЕШ-д бүртгүүлэх бол 2.4-д заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулна.

2.12. Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.

2.13. ЕШ-ын хураамж нэг шалгалт 3500 төгрөг, батламж хуудас 500 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна.

2.14. ЕШ-ын хураамжийг эргүүлэн олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй.

2.15. 2008 онд ЕБС төгсч буй шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах шалгалтын төвд шалгалт өгнө.

2.16. 2008 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.


www.eec.mn-ээс ашиглав

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...