131dg 2008 онд: 7-р сар [Уйтгараар дүүрэн сар]

2009-01-03 uundaa бичсэн.
7-р сар уйтгартай байлаа. Удтал хамтдаа тохой нийлүүлэн хичээлээ хийж, хуулж, ойлгож, бодож, тасалж байсан ангийнхантайгаа , багшийгаа хамтдаа найран, мурьж, харааж, муулж, сайлж, сайшааж, магтаж байсан ангийнхантайгаа, сургуульдаа хамтдаа гиеүрэн, дэмийрч, күмпүүрч, дүнкүүрч явсан ангийнхантайгаа л хамт байхгүй байсан болохоор л уйтгартай гэдэг үг толгойнд минь орж ирж байна. Гэвч манай ангийнхан бас зүгээр байсангүй...

Конкурснаас авсан оноогоороо их сургуулиудын хуваарь авахаар сургууль болгоны хаалгыг татан, халуун наранд оочерлож байсан манай ангийн хэсэг нөхөд Монголд тохиолдсон хамгийн гутамшигт үйл явдлуудын нэгийг [7 сарын 1] нүдээрээ үзэн, биеэрээ байлцаж, нулимс асгаруулах хийнд өртөн зугтааж, чулуу шидлэн буй хүмсүүдийн мунхагийг гайхан, дуу алдан харамсацгааж амжлаа. Блог маань эх оронч зан гарган Пүнтүүзийнхээ хичээнгүй зангийн ачаар ерөнхийлөгчийнхөө гадаадын сайт дээр байсан андуурсан зурган дээр залруулга хийж чадлаа. Эндээс дэлгэрэнгүйг...

Энэ сарын хамгийн онцлох үйл явдал бол маргаангүйгээр Испанид болсон Олон Улсын Математикийн олимпиадад оролцсон Монголын шигшээ баг, манай ангийн баатруудын үзүүлсэн бахархахгүй байхын аргагүй амжилт юм. Манай ангийн Н.Бямбажав 2 дахь мөнгөн медалиа хүртэж, Г.Оюундарь Монгол улсын түүхэн дэх анхны медаль хүртсэн, тэр дундаа МӨНГӨН медаль хүртсэн эмэгтэй оролцогч болсон бол, Э.Тэмүгэ 3 дахь оролдлогоороо ХҮРЭЛ медаль хүртэн, Б.Мягмаржав маань амжилттай оролцсон билээ. Багийн дүнгээрээ дэлхийн 100 гаруй орноос 29-р байранд орсонд манай ангийнхны үзүүлсэн хувь нэмрийг үнэлэхгүй байхын аргагүй.
АSUULT CUP-2008 хөлбөмбөгийн тэмцээнд манай ангийнхны гол хүчийг нь бүрдүүлсэн 1-р сургуулийн баг цахиур хагалан, бүх өрсөлдөгчдөө давамгайлан удаа дараалан хожсоор АВАРГЫН ЦОМ, мөнгөн шагналаар шагнуулан, хөлбөмбөгийн ертөнцөд 131dg-ийн нэрийг дахин нэг цууриатууллаа.
Баатка маань алс холын Австрали орон луу эрдэм сурахаар хүлгийн жолоо татан, блог дээр өөрийнхөө анхны бичлэгүүдийг тавьж, монголын уран зохиолын шилдэг сайтуудын нэг biirbeh.mn дээр түүний шүлгүүд тавигдаж эхэллээ.
Галаа маань ОХУ явахаар давтлагандаа шамдаж, Төөгөө маань бүжгийн клуб хичээллүүлэн хичээл зааж, дотачид дотагаа тоглосоор л. БЕК ipodoo янзлуулан, жолооны дамжаанд суралцан, түүнийг даган Хулан ч жолооч болохоор сэтгэл шулуудав. Ундрал маань золгүй тохиолдлоор хүнд гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн, хагалгаанд орж, анд нөхөд биднийгээ хэсэг хугацаанд түгшүүрийн байдалд байлгаж дүрсгүйтэв /нтр хаха/. Хөдөө явж, байгалийн сайханд амрагсдын жагсаалтанд Чой, Сүх, Мигаа, Нямхүү нар багтаж, Оюунсайхан, Мөөгий нар гадаад руу яван, юм үзэж, нүд тайлж байлаа.
Идэрчүүдийн Лигийн хөлбөмбөгийн тэмцээнд Мазаалай багийн бүрэлдэхүүнд манай ангийн Батцэнгэл, Зол-Эрдэнэ, Өлзийхутаг, Ундрал, Яруу нар оролцон тоглож, тус бүрийн үүргээ хангалттай биелүүлэн, хэд хэдэн гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялааж байсан юм.
Энэ сар амралтын сар байлаа. Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт хөдөө яван, зуслан гарч, хотод хүүхдүүд нэлээн цөөхөн байлаа. Уйтгартай сар байлаа, бөөнөөрөө цуглан нэг кино үзмээр ч юм шиг, зааландаа ирээд нэг сайхан хөлбөмбөгдчмөөр ч юм шиг...

2009 гарлаа уулзацгаая

2009-01-02 Үлмэдэх бичсэн.
Энэ жилийн ээлжит уулзалтийг 11н жилийн 1-р сургууль дээр зарлаж байна. Хоцорч нтр тэнэгтвээ цагаа бариарай. Очих уу байх уу дандаа хөлбөмбөг тоглоно гээд бодоод хэрэггүй Хэр зэрэг хүүхэд ирж буйгаас шалтгаалаад сагс хөлбөмбөгөө хослуулж тоглох болно. За манай ангийнхаан маргааш 10 цагт уулзацгаая.


131dg 2008 онд: 6-р сар [Дарамтаар дүүрэн сар]

uundaa бичсэн.
6-р сар дарамтаар дүүрэн сар байсан юм. Ерөнхий шалгалтаа өгөх гэж нэг дарамт, түүнийхээ хариуг хүлээх гэж бас нэг дарамт, зугаалгаар нэг сайхан явчих юмсан гэсэн дарамт Европын аваргад хэн нь түрүүлэх бол гэж нэг дарамт, зуны наранд наршчихгүймсан гэсэн нэг дарамт гээд л бөөн бөөн дарамт...

Энэ сард бидэнд хамгийн чухал, амьдралынхаа нэлээн том алхмуудын нэг болох ерөнхий шалгалтаа өгсөн юм. 3 өдрийн турш үргэлжилсэн энэ шалгалтын дүнгээр бид их сургуульд орон, цаашид хэрхэн амьдрах замаа шийдэх байсан учраас маш өндөр ач холбогдолтой зүйл байсан юм. 11г-ийнхан хуваарийн дагуу ШУТИС-ын байранд шалгалтаа өгөн, өгөхийн тулд 65-д бэлдэн, зарим нь илүү давтлаганд суун олон өдөр нойр, чадлаа алдсны эцэст энэ том давааны ард бид гарсан юм.
5 сард болсон Хонхны баярынхаа үргэлжлэлийг энэ сард 131dg-ийнхан маань хийн, Сэлбэ рүү 2 дахь удаагаа зугаалгаар явлаа. Зугаалга энэ удаа 2 хоног үргэлжилж, дурсах дурсамжтай, бусдаа хийх онигоотой, сайнтай муутай, алдаатай оноотойгоор болж өнгөрсөн билээ. Зугаалгаар зугаатай явлаа, манайхан...
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хэд хэдэн тоглолтыг цугларч бөөнөөрөө үзэн, зовж авахуулсан монтажаа автал гай нь таарч будлиантай болж тааран, хэсэг нөхөд маань Японы шалгалт өгч амжлаа. Олимпиадынхан маань биеэ бэлдэн, олимпиадаа хүлээн, сургуулийн дээвэр дээр төгсөхөөсөө өмнө гарч үзээд алиалж баахан зургаа авахуулж байгаад буулаа...
Энэ сар амралтын эхлэл сар байлаа. Энэ сар сурагч гэдэг нэрнээс салсан эхний сар байлаа. Дарамттай сар байсан ч тэр чинээгээрээ дурсгалтай сар байсан юм.

131dg's NEW YEAR PARTY - Хамгийн рок нь...

uundaa бичсэн.

131dg's NEW YEAR PARTY үнэхээр тасархай боллоо. Монголын Рок хөгжмийн ертөнцөд ид шуугиан тарьж буй Mohanik, North Ducks, The Gums хамтлагууд уран бүтээлээрээ 131dg-ийнхэнд шинэ жилийн бэлэг барьж, манай ангийнхан ч амьд хөгжмийн эрчтэй, цоглог аялгуунд үсэрч, дэвхцэн, түлхэлцэж хөгжин цэнгэлдэж, энэ биеэрээ эрх чөлөөг бас өөрийг мэдэрлээ. 131dg's NEW YEAR PARTY - Хамгийн рок нь байлаа...


131dg 2008 онд: 5-р сар [Дурсамжаар дүүрэн сар]

uundaa бичсэн.
5-р сар бусад хаврын өдрүүд шигээ адал явдлаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин, олз омогтой сар байсан ч сургуулийн дүрэмт хувцсаа өмсөх цаг мөч маань бидэнд дахиж эргэн ирэхгүй холдон одсоор, мөнгөн хонхны жингэнээг сүүлчийн удаа сонсон хонхны баяраа хийн, 10 жилийн амьдралтайгаа салах ёс гүйцэтгэсэн хүндхэн сар байсан юм.

Энэ сар олимпиад тэмцээн, уралдаан, шалгалтуудаар дүүрэн байлаа. Уламжлал ёсоор сургууль дээр лам ирж ном уншин олимпиадынхны зам мөрийг засаж, ивээлдээ "авах" ёслол гүйцэтгэсний дараа Монгол Улсын Математикийн 44-р Олимпиад явагдан, энэ олимпиадад манай 131dg гал одтой наадаж, боломжит 6 медалийн 4-ийг нь, авах авахдаа эхний 4 байрыг нь хурааж, Э.Тэмүгэ Монгол Улсын аваргаар 2 дахь удаагаа тодорч, Н.Бямбажав, Б.Мягмаржав нар мөнгөн медаль, Г.Оюундарь хүрэл медалиар энгэрээ мялаалгав. Түүгээр ч зогссонгүй Н.Бямбажав Монгол Улсын Физикийн олимпиадад ангиа төлөөлөн ганцаараа оролцон улмаар Хүрэл медаль хүртэж, өөрийнхөө чадал чансаа, авьяас чадвараа Монгол улсад дахин нэг мэдрүүлээд амжлаа.
"АЛТАН ТҮЛХҮҮР" шагналын эзнээр манай ангийн Д.Батцэнгэл тодрон, Л.Сүхбат итгэл даасан сурагчийн номинациар "АЛТАН ТҮЛХҮҮР"-ийн эзэн болж ангийнхнийхаа магнайг дахин нэг тэнийлгэлээ.
Энтеровирусын халдвар манай оронд тархаж, сургууль дээр хорио тогтооно гэсэн цуурхал дэгдэн, Бажгаа Англи руу сурахаар мордох нь гэсэн мэдээлллийг блог нийтэлж, Яруу маань гараа хугалсныхаа дараахан хамраа гэмтээж хийморийн сан уншуулах хэрэгтэй болсноо мэдэрч, ангийнхан маань хичээлүүдийнхээ дүнгүүдийг гаргахаар багш нартайгаа хэн нь хэн бэ гэдгээ мэдэлцэж байлаа. Гуйж, гуядаж, уурлаж, учирлаж, загнаж, залж, инээж, уйлан, алиалж, балайрч байгаад бүгд л хангалттай сайн дүнтэйгээр хувийн хэргээ хаалгаж шалгалтаа өгөх л хүндхэн даваа үлдсэн юм.
Ангийн блогийн админ Төөгөө болон ангийн анхны хамтлаг The Gums нарын албан ёсны блог үүд хаалгаа уншигчиддаа нээж, ангиараа цуглан монтажныхаа зургийг авахуулахаар хэд хэдэн удаа оролдлоо. Усаар байлдаж зугаагаа гарган, халуунд нозоорч хөлбөмбөгөө тоглон хорхойгоо хааяа дарж, гольфийн бөмбөг ид моодонд орсон үе байлаа.
Саяхан л олимпиадад орон хамаг медалийг нь хурааж байсан олимпиадынхан маань түүний дараагаас л олон улсын олимпиадын бэлтгэлд сууж эхлэн, сорил шалгалтуудыг удаа дараа амжилттай өгсөөр Испани улсад болох Олон Улсын Математикийн олимпиадад Э.Тэмүгэ, Г.Оюундарь, Н.Бямбажав, Б.Мягмаржав нар Монгол улсын шигшээ багаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг хүлээх боллоо.
Улсын шалгалтуудаа үлдсэн ангийнхан маань өгч байлаа. Математикийн хичээлийн Улсын шалгалтыг аргагүй МГС анги гэдгээ харуулж бүрэн бүрэлдэхүүнээрээ А дүнтэй өгцгөөсөн бол Монгол хэлний хичээлийн шалгалтыг ч хангалттай дүнтэйгээр даван ард нь гарлаа. Сонгосон хичээлүүдийн шалгалтаа ч бүгдийг нь амжилттай өгч, сургууль төгсөхөд хэрэгтэй бүх зүйлсээ цуглуулж чадлаа. Гэвч чонын амнаас гараад барын аманд гэгчээр биднийг бүр илүү чухал зүйл хүлээж байсан юм.
Нэгэнт шалгалтаа өгчихсөн болохоор ХОНХНЫ БАЯР гэдэг зүйлд анх удаа орж үзлээ. 5-р сарын сүүлийн өдрүүдийг бид хэзээ ч мартахгүй. Энэ л өдөр манай ангийнхан ангидаа сүүлчийн удаа сурагчийн хувиар цуглан, тохой нийлүүлэн суух сурагчийн ширээнээ сүүлчийн удаа сууж, эрдэмт багш нарынхаа хичээл заахыг сүүлчийн удаа сонслоо. Хонхын баяраа, манай ангийнхан хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй, сонирхолтой тэмдэглэн, 10 жилээ үүрд дурсагдах дурсамжтай, мөнхөд яригдах амжилттайгаар өнгөрүүллээ.

Greeting from Batos [video from Singapore]

2009-01-01 uundaa бичсэн.
Бидний дотны анд-найз бас "ах" Батос маань шинэ жилийн баярт маань зориулан өөрийн биеэр мэндчилгээгээ хүргэсэн билээ. Энэ бичлэгийг ангийн шинэ жилээр бөөнөөр үзэх байсан ч техникийн саатлын улмаас үзэж чадаагүй бөгөөд шинэ жилээрээ блог дээрээ хамтдаа үзэцгээж, Батос ахынхаа юу гэж бидэндээ захисныг cонсоцгооё...