АЛБАН ЁСНЫ СУПЕР ГЕНtei Mongolchuuddaa

2011-05-16 Think Twice бичсэн.
Нийслэлийн Боловсролын газрын портал eeoc.mn гэсэн сайт дээр “Монголын түүхийн ам шалгалтын сэдвийн агуулгын хүрээ” нийтлэгджээ. Тэнд “Чингис хааны супер ген” гэсэн асуулт цохиж явах юм. Энэ бол хотын Боловсролын газраас гаргасан шалгалтын албан ёсны агуулга юм байна. Монгол хүний онцгой генийн тухай, монгол хүн тэнгэрээс гарал үүсэлтэй тухай, дэлхийн мөхөл сөнөлийг монгол ген зогсоож аврах тухай, Бурхан монголчуудыг тусад нь бүтээсэн тухай, монгол үндэстэн дэлхийг удирдах тухай, хүн хэмээх бодгал анх Монголд үүссэн тухай, цэнхэр хошного нь дээд тэнгэрийн лого болох тухай, Чингис хааны дээд философийн тухай гэх мэтээр галзуу солиотой улсын яриа, ярилцлага, номлол, ном, сургаал замаа алдсан л даа. Иймэрхүү эрүүл бус санаа нь гагцхүү мэдрэлийн гажигаас ч үүдэлтэй төдийгүй, мөн зальхай луйварчдын мөнгө олох арга барил байдаг нь илэрхий болсон зүйл. Харин ийм солиорлыг албан боловсрол руу оруулж шинэ үеэ хордуулах хэмжээнд аваачдаг нь юу болж байнаа?

Ген гэдэг бол шинжлэх ухааны тодорхой ойлголт. Хромосомын тухайн байрлал дахь удамшлийн нэгжийг ген гэдэг. Ген нь генийн код болох ДНХ болон РНХ-аас бүтнэ. Хүнд 30 мянга орчим ген буюу удамшлийн нэгж бий. Хүмүүн нь хэдэн тэрбум эсээс бүрдэх ба эс болгон иж бүрэн удамшлын мэдээллийг агуулдаг. Эцэг эхээс ирэх генийн нийлбэр хольцоос дараагийн удам тогтдог авч янз бүрийн шалтгаанаар генийн дараалалд өөрчлөлт орно. Үүнийг мутац гэнэ. Мутац нь ихэнх тохиолдолд гажиг шинж чанарыг үүсгэдэг. Нэг үгэндээ мутац ашиггүй. Организмын мутац бараг бүх тохиолдолд эзнээ үхэлд хүргэдэг. Гэвч хэдэн сая мутац дундаас ганц нэг нь илүү дэвшилтэт шинж чанарыг бий болгодог. Чухам энэ нь хувьсан өөрчлөгдөх дэвшлийн шалтгаан болдог. Дэлхий дээр амьдрал үүсээд 3,5 тэрбум жил болоход чухам мутацийн хүчээр анхны бүдүүлэг организм хөгжин хөгжсөөр өнөөгийн хөхтөн хүртэл зам туулжээ. Гений өөрчлөлт нь биологийн шинэ зүйлийг үүсгэдэг. Өдгөө манай дэлхий дээр 1.5 сая зүйлийн организм амьдарч байна гэж үздэг. Энэ хөгжлийн замыг эволюци гэдэг. Хүний генээс ялгаатай “супер ген” гэгчтэй юм бол монголчууд нь биологийн хувьд хомо сапэнсаас өөр зүйлд хамаарах организм болж таарна.

Иймэрхүү анхны ойлголтыг дунд сургуулийн ахлах ангид Ерөнхий биологи гэсэн хичээлээр “албан ёсоор” зааж байгаа. Энэ бол шинжлэх ухаан. Гэтэл нөгөө талд нь түүхийн хичээлээр “супер ген” гэсэн асуултаар бажгадуулж, тэр аймаар юмыг нь Чингис хаан эзэмшиж байсан мэтээр багш нь солиороод унахаар хүүхдэд ямар ойлголт үлдэх вэ? Супер ген гэж лав л шинжлэх ухааны ойлголт байхгүй. Шинжлэх ухаанд Хомо сапэнс сапэнс гэж нэрлэгддэг зүйл болох ухаант хүн нь бүгд ижил генийн бүрэлдэхүүнтэй. Асар том, үнэ өртөгтэй судалгааны эцэст саяхан хүний гений бүх дарааллыг тодорхойлж дуусгасан. Хүний генээс өөр бүтэц зохион байгуулалттай организмыг бид хүмүүнээс ялгахын тулд “амьтан” гэж нэрлэдэг. Хэрэв тэр нь ургамалын аймагт багтаагүй бол шүү дээ. Мөн адгуус, араатан, хөхтөн ч гэж нэрлэх нь бий. Монголчууд болон Чингис хаан нь хомо сапэнс хэмээн шинжлэх ухаанд нэрлэдэг тэр зүйлд багтдаг нь маргаангүй юмдаг. Өвчин зовлонтой, сэтгэцийн гажигтай хүмүүс өвөр хоорондоо л тэр супер генээ ярилцаж таашаал авна уу гэхээс ирээдүйгээ хорлож өвчнөө халдааж нийгмээ хорлох ямар хэрэг байна! Солиорлоо илэрхийлж олонд хүргэх мэдээллийн хэрэгслэл манайд төрөл төрлөөрөө хангалттай олон байгаа шүү дээ.

Боловсролын газрын мөнөөх шалгалтын албан ёсны агуулга дотор “Монголчуудын Европ, Америк руу хийсэн нүүдэл?” гэсэн асуулт бас байх юм. Монгол үндэстэн хоёр мянга, за цаашлуулж бодоод гурван мянган жилийн өмнө бүрэлдэн буй болсон. Яг хэзээ гэдэг нь тун маргаантай хэрэг. Харин Азиас Америк руу хийсэн хүний нүүдэл наанадаж 20 мянган жилийн өмнө болжээ. Энэ бол үндэстэн байтугай орчин цагийн хэл буй болоогүй байсан үе. Судлаачдын үзэж байгаагаар хавсарсан нийлмэл үг бүхий орчин цагийн харилцааны хэлний анхных нь өдгөөгөөс 15 орчим мянган жилийн өмнө буй болжээ. Өмнө нь хүмүүс тодорхой зүйлийг нэрлэх нэршлээр харилцдаг байсан бололтой. Хэлээ дагаад үндэстэн буй болдог. Америк руу нүүдэллэсэн хүмүүсийн гарал үүсэл одоо ч маргаантай хэвээр. Сүүлийн үеийн генетикийн судалгаагаар орчин үеийн монгол үндэстэн ба хойд Америкийн индианчуудын гений нэлээд факторууд ижил байгааг тогтоожээ. Энэ нь монголчууд ба индианчууд цугтаа нэг гарал үүсэлтэй байж болохыг хэлж буй хэрэг юм. Тийм ч байж болно үгүй ч байж болно. Юутай ч 20 мянган жилийн өмнө монголчууд Берингийн хоолойг гаталж Америк тивд суурьшжээ гэсэн өгүүлбэр зохиох гэж байгаа бол үүн шиг инээдтэй тэнэг нотолгоо үгүй. Тэр үед монгол үндэстэн байтугай өнөөгийн алтай овгийн өвөг хэл ч бүрэлдээгүй байсан.

Албан ёсны шалгалтын асуултад “Монголын анхны төр Хүннүгийн тухай” оржээ. Хүннү бол өнөөгийн Монгол нутагт үүссэн анхны төрт улс болохоос шууд л монгол үндэстнийх гэсэн баталгаа байхгүй. Хүннүчүүд өнөөгийн монгол, хасаг, хиргис, татаар, түрэг, азербаджан, чантуу, хархалпак, башкир, уйгар, дунгаан, түркмэн, нагой, аваар зэрэг түрэг-монгол угсаатанд бүгдэд нь хамаатай. Хүннүчүүд өвөг монгол хэлтэй байсан байж болно, өвөг түрэг хэлтэй байсан байж болно, эсвэл түрэг-монголын өвөг хэлтэй ч байсан байж болох юм. Судлаачдын ихэнх нь түрэг овгийн хэлтэй байсан гэж үздэг юм билээ. Гэвч маргааны гол энд биш, өнөөгийн манай өргөн уудам нутагт үүссэн анхны төрт улс юм гэдэг нь чухал. Иймээс ч энэ жил 2220 жилийг нь тэмдэглэж байна. Атиллагийн Хүн улсын гарал үүсэл ч их маргаантай байдаг. Баруун хүннүчүүд өрнө зүг нүүдэллэсээр Төв Европт улс гүрнээ байгуулсан гэсэн таамаг нэлээд ноёрхсон ойлголт боловч өөр санал олон бий. Монгол нутагт анхны тулгар төр тогтсоны ой тэмдэглэнэ гэхээр “мөнгөн нүдтэй” галзуучуудын түрүүч нь хүннү хэлний тайлбар толь зохионо гээд мөнгө нэхсээр наагаад ороод ирдэг байх шүү.

Шинжлэх ухаан бол хүндэтгэвэл зохих зүйл мөн. Шинжлэх ухааны баталгаа нотолгоогүй зүйлийг, тэрбайтугай дээрх “супер ген” гэдэг шиг шинжлэх ухааны эсрэг юмаар ялангуяа ирж яваа ирээдүй хойч үеэ мунхруулан ташуурдах нь маш аюултай үзэгдэл. Юугаараа аюултай вэ гэхээр уг Боловсролын газрын албан ёсны шалгалтын асуултыг бэлдсэн хүмүүс шиг мунхаг хойч үе гарч ирвэл монгол үндэстэн мөддөө засарлыг олохгүй шүү дээ. Монголд олон жилийн турш шинжлэх ухаан нь үзэл суртлын зарц байлаа. Сүүлийн хорин жил үзэл суртлаасаа нь арай гэж салж байтал одоо нөгөө тал руу нь хэлбийлгэж мухар сүсэг, галзуугийн больництой холин бантанг нь хутгаж дундад зууны тайлбар руу орлоо.

Хүн үүсээд 100 – 120 мянган жил болжээ. Яг тэдэн сарын тэдэнд хүн буй болсон гэж хэлэх арга байхгүй л дээ. Гэхдээ яг 100 мянган жил болсон гэж үзье л дээ. Тэгвэл 97 мянган жилд нь сэтгэгч хүний оюуныг мухар сүсэг хөтөлсөн байна. Бөө, зайран, удган гээд мухар сүсгийн удирдах төлөөлөл нийгмийн оюуныг хөтөлдөг байжээ. Дараа нь шашин философийн эрин эхлэв. Сүүлийн гурван мянган жил гүн ухаан, шашин нь эхлээд тэргүүлэх соёл иргэншилтэй ард түмний, улмаар цааш дэлгэрэн дэлхийн ихэнх хүмүүсийн оюун санааны хөтөч болсон юм. Шинжлэх ухаан буй болоод ердөө 500 жил болж байна. Өнөөгийн хүн төрлөхтний оюун санаа, мэдлэг, ухаан, сэтгэлгээний чиг баримжаа, хөтлөгч нь шинжлэх ухаан болсон юм. Шинжлэх ухаан хэмээх аугаа зүйлд хүрэхийн тулд хүн төрлөхтөн 100 мянган жил мацжээ.

Баабар

1 сэтгэгдэл:

Think Twice said... ( 16/5/11 01:42 )

Монгол хүний онцгой генийн тухай, монгол хүн тэнгэрээс гарал үүсэлтэй тухай, дэлхийн мөхөл сөнөлийг монгол ген зогсоож аврах тухай, Бурхан монголчуудыг тусад нь бүтээсэн тухай, монгол үндэстэн дэлхийг удирдах тухай, хүн хэмээх бодгал анх Монголд үүссэн тухай, цэнхэр хошного нь дээд тэнгэрийн лого болох тухай, Чингис хааны дээд философийн тухай гэх мэтээр галзуу солиотой улсын яриа, ярилцлага, номлол, ном, сургаал замаа алдсан л даа.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...