SoccerReview: Байерн хагас шигшээд!
2010-04-08
uundaa бичсэн.

Тоглолтын эхний 7 минутанд л Даррен Гибсон болон Нани нарыг гоол хийхэд Манчестер Юнайтедийг 3 дахь жилдээ дараалан Аваргуудын лигийн финалд шалгарах нь гэдэгт эргэлзэх хүн тун цөөхөн үлдсэн биз ээ. Гэсэн ч герман машин хэзээ ч бууж өгдөггүйгээ харуулж, энэ жил одтой байгаа голланд хагас хамгаалагч Арьен Роббены гайхалтай гоолын ачаар Байерн Мюнхен 2002 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа.
Өмнөх тоглолтонд шагайндаа гэмтэл аван 3 долоо хоног тоглохгүй хэмээн оношлогдсон Уэйн Рүүни гарааны бүрэлдэхүүнд багтсан нь хамгийн сонирхолтой асуудлуудын нэг байлаа. Сир Алекс Фергюсон хэдийгээр өчигдөрхөн нь түүнийг тоглуулах ямар ч боломжгүй гэсэн ч ийн эцсийн мөчид гарааны бүрэлдэхүүнд багтаасан нь тэр байв. Челсид хожигдсон бүрэлдэхүүнээ Фергюсон нэлээн өөрчилж, Гари Невилл, Пол Скоулз, Райн Гиггз, Димитар Бербатов, Пак Жи Сунг нарыг сэлгээнд суулгасан байв. Харин Байерны бүрэлдэхүүнд Арьен Роббен болон Бастиан Швейнштейгер нар эргэн ирснээс өөр өөрчлөлт гараагүй байсан юм.




Манчестер Юнайтедын энэхүү хожигдол тэднийг нэг тоглогчоос, Уэйн Рүүнигээс хэт хамааралтай болсныг илтгэж байна. Тэд Рүүнигүй Челситэй маш чухал тоглолтыг хийн, ялагдал хүлээж, сүүлийн 3 жил тэргүүлсэн Премьер лигийн тэргүүллээ алдсан. Харин энэ удаа Рүүни төсөөлөмгүй эргэн ирэлтийг хийж, талбайд гарсан ч шагайн өвчний зовиуртай байгаа нь илт мэдэгдэж, улмаар Рафаелийн улаан хуудасны дараа сэлгэгдсэн юм. Бербатовыг муу довтлогч гэж хэн ч хэлэхгүй ч МанЮ-д арай л гологдож байх шиг. Магадгүй Фергюсоны энэ зун хийх гол ажил нь Рүүниг дэмжих довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэх байх болов уу.
Байерн Мюнхен ингэснээр 3 фронтод зэрэг тулалдсан хэвээр үлдэж байна. Тэд Бундеслигийг 2-т яваа Шалькегаас 1 онооны илүүтэй тэргүүлж, Покал буюу цомын тэмцээний финалд Вердер Брементэй тоглохоор болоод байгаа. Аваргуудын лигийн хагас шигшээд яг энэ тоглолттой зэрэг явагдсан Бордо Лион багуудын ялагч болох Лион клубтэй тоглоно. Энэ зун ирсэн Луй Ван Гаалийн тактик болон шинэчлэлт багийн амжилтанд нөлөөлж буй нь тодорхой ч дээрээс нь Роббери буюу Рибери-Роббен гэсэн жигүүрийн 2 дэлхийн зэрэглэлийн тоглогчид тэдний амжилтанд шууд хамаатай. Рибери өнөөдөр тийм сайн байгаагүй ч хамгаалагчдын толгойны өвчин байнга байлаа. Роббены тоглолтыг, түүнийг тоглолтын шилдгээр шалгаруулахад 72 дахь минутанд хийсэн гоол л хангалттай биз ээ. Алдсан гоолууд, гаргасан алдаанууд зэргээсээ хаалгач, төвийн хамгаалалтын тал дээр асуудалтай, энэ зун ажиллах хэрэгтэй болжээ гэдгийг менежер Нерлингер болон Ван Гааль нар анзаарсан гэж найдаж сууя.
1999 оны Аваргуудын лигийн финалд хоорондоо таарч тоглон, шүүгчийн мэдлийн цагт 2 гоолыг хийн МанЮ аварга болж байсан бол 2001 онд Байерн шөвгийн 8-д 2 тоглолтонд МанЮ-г буулгаж аван тэр жилийнхээ аварга болж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил яах бол? Бөмбөг бөөрөнхий, бүгдээрээ харж л сууя. Манчестер Юнайтед, Англи улс Аваргуудын лигээс хасагдаж, Байерн Мюнхен 9 жилийн дараа эргэн шилдэг 4-т ирлээ.
5 сэтгэгдэл:
Сэтгэл нь догдлоод сайхан review бичсэн бэээшд :D
Goy goy manu bhgui odoo haha
Bayern turuulchhin bol ene uundaa yah bol yaahchguildee haha
barcelona bayern 2 taarah bhdaa taarad ongorson jil shig yum bolchix vi
амжилт
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...