Хорь I
2010-01-29
Tsengel бичсэн.
Хүн төрөлхтөн орой нь үл харагдах уулын оргил өөд улам хурдтай,илүү эрч хүчтэй авирч байна. Ингэж хурдаа авах бололцоо олгосон түүхэн цаг бол 20-р зуун гэдэгтээ хэн ч маргахгүй биз. Энэ зуунд Эйнштэйн харьцангуй онолоо нээж,Рентгэн өөрийн нэрээр нэрлэгдсэн туяг нээж,Ватсон амьдралын нууц кодыг тайлж, ах дүү Райт онгоц нисгэж,Форд “Т” загвараа гаргаж ,сансарт хиймэл дагуул нисгэж,Гагарин сансарт нисч,Нил Армстронг саран дээр гишгэжээ.Мөн дэлхийн хоёр дайнд 80 орим сая хүнээ устгаж,Хирошима,Нагасакид атомын бөмбөг “туршиж”, Гитлер,Сталин нарт дарлагдаж , дэлхий хоёр том лагерт хуваагдсан ч олон улс орнууд эрх чөлөө тусгаар тогтнолоо олж,хүний эрх,эрх чөлөөг дээдлэх болж, Кейнс,Фридман,Фрейд,Жойс,Орвэл нар хүн төрөлхтөнг соён гэгээрүүлж, Луис Армстронг, Биттлз,Элвис Пресли, Жексон нар дэлхийг байлдан дагуулж, Пеле,Жордан нар дэлхийг бишрүүлж дэлхий өөрөө даяаршиж,интернэтийн торон сүлжээнд “хавтгай” болтлоо ороогджээ.
Харин монголчууд бид 20-р зуунд маш том үсрэлт хийж чадсанаар дэлхий нийттэй хөл нийлүүлэн,нэг их хоцроод байхүйгээр алхаж чадах болсон . Энэ зуунд монголчууд бид эрх чөлөө тусгаар тогнолоо олж,дэлхийд Монгол гэдэг улс байдаг юм шүү гэж тодоор зарлаж чадсан билээ.Үүнийхээ төлөөсийг ч бид дэндүү үнэтэй төлсөн.Энэ зуунд бид элэг нэгт ахан дүүсээ хардаж сэрдэж устгаж, 70 гаруй жил ЗХУ-аар удирдуулж , социализм байгуулна гэж дэмийрч байсан ч нүүдэлчдийн соёл иргэншилтэй улс орчин үеийн гэсэн тодотголтой бүгдийг эдэлж хэрэглэх болж,эрх чөлөө тусгаар тогтнол гэж юу болохыг мэдэрч гайхам хол үсрэлт хийж чадсан.
Хорьдугаар зуунд Монголын түүхэнд ямар он сар өдрүүд тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг сонирхож үзье.
1900 онд Улиастайд Манжийн эсрэг Монгол цэргийн бослого гарсан .Эрдэнэ Шанзудба Бадамдорж,Зайсан Цэрэн-Очир нар Хаант Оросоос тусламж гуйхаар одов.
1905 онд Засагт Хан аймагт ард Аюушийн бослого гарав.
1908 онд Их Хүрээнд зүүн хоёр аймаг,Их шавиас бүрдсэн 40 хүүхэд бүхий сурган тэжээх сургууль байгуулав.
1910 онд Их Хүрээнд Гандан хийдийн лам нар ба ард олны үймээн гарчээ.
1911.6 сар Халхын 4 аймгийн хан,чуулган дарга,жанжин тэргүүтэй ноёд лам нар Богдод бат оршил өргөхөөр Их Хүрээнд цугларч,Эрдэнэ Шанзудбагийн яаманд нууц зөвлөгөөн хийжээ.
1911.12.29 Монгол Улсыг сэргээн тунхаглаж,оны цолыг олноо өргөгдсөн гэж нэрлэж Богд Жибзундамбыг хаанд өргөмжлөн Монгол орон Манжийн эрхшээлээс гарсныг зарлав.
1912.2 сар Улиастай хотыг чөлөөлөв.
1912.12 сар Ерөнхий Сайдаар Намнансүрэн сонгогдов.
1913.2.4 Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдав.(харилцан бие биенээ хүлээн зөвшөөрчээ)
1914.4 сар Богд гэгээний өргөөнд “Сүүдэр ший” хэмээх киног гаргав.
1915 онд Хиагтад болсон гурван талын хэлэлцээрээр Монголыг автономит улс гэж хүчээр тулгав.
1918 онд Монгол Улсын Хууль Зүйн Бичиг нэртэй 65 дэвтэр хууль гарчээ.
1919.11.17 Дундад иргэн улс(ДИУ) гадаад Монголын автономитыг “сайн дураар” устгах бичгийг баталсан.
1919.11.22 Гадаад Монголын автономитыг устгах тухай Хятадын ерөнхийлөгч зарлиг гаргасан.
1920.6.25 Бодоо тэргүүтэй Консулын бүлгийнхэн Данзан тэргүүтэй Зүүн хүрээний бүлэгтэй нийлж Монгол Ардын Намыг үндэслэв.
1921.2.11 Барон Унгерн 5 яамтай засгийн газрыг Хүрээнд байгуулав.
1921.3.1 Хиагтад болсон нууц бүлгэмүүдийн хурлаар Монгол Ардын Намыг жинхэнэ ёсоор байгуулсан.
1921.3.18 Хиагтыг чөлөөлснөөр Үндэсний Ардчилсан Хувьсгал анхныхаа ялалтыг байгуулсан.
1921.7.10 Монгол ардын цэрэг Хүрээг Барон Унгерны цэргүүдээс чөлөөлсөн.
1921.7.11 Богд Жибзундамбыг хэмжээт эрхт хаанд өргөмжлөн,Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг тунхаглав.
1921.11.4 Ерөнхий Сайд Бодоо гадаад улсууд руу Монголын талаар захиа илгээсэн.
1922.1.25 Хамжлагат ёсыг халах түүхт шийдвэр гаргасан.
1921.11.5 Монгол Улс –ЗХУ харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх бичгийг баталсан.
1922.8.31 Ерөнхий Сайд Бодоо,Чагдаржав тэргүүтэй 14 хүнийг “улс төрийн эсэргүү” хэрэгт холбогдуулж буудан хөнөөсөн.
1923.3.22 Монгол Улсын бүх иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх анхны алхам хийгдэв.
1924.5.20 Богд Жибзундамба ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
1924.6.7 Намын төв хорооны 3-р бүгд хурал болж Бүгд Найрамдах засаг тогтоох шийдвэр гаргасан.
1924.8.30 Солийн Данзанг хувьсгалын эсэргүү хэмээж буудан хөнөөсөн.
1924.10.24 Үндсэн хуулийн төсөв боловсруулах багийг Ерөнхий Сайд Цэрэндоржоор ахлуулан томилсон
1924.11.8 Улсын анхдугаар хурал эхэлсэн.
1924.11.26 БНМАУ-ыг тунхаглан,улсын анхдугаар Үндсэн Хуулийг батлан гаргасан. Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэх шийдвэр гарсан. Мөн “Ардын эрх” сонин хэвлэгдэн гарсан.
үргэлжлэл бий
1 сэтгэгдэл:
Mongol goy shu bi mongoldoo bh durtai yamar azaar mongold toroo ve goy niitlel bnshu
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...