Шууд маркетинг

2009-10-18 Tsengel бичсэн.
Чи найзуудтайгаа хөлбөмбөг тоглохоор болж. Тэгээд чи нэг найз дээрээ очиж , “чи манай багт орж тогловол хэзээ ч хожигдохгүй” гэж хэлвэл энэ нь шууд маркетинг болно.

Хэн нэгэн хүнд өөр ямар нэгэн зүйл шаардлагатай болсон үеэс бизнесийн үйл ажиллагаа бий болж хөгжсөөр ирсэн байна. Хүмүүс солилцооны аргуудыг хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр ч тэдгээр нь хэрэглэгдэж байна. Хэдийгээр олонхи бүтээгдэхүүний хувьд үнийн 50 орчим хувийг маркетингийн үйл ажиллагааны зардал эзэлдэг боловч бизнес эрхлэгчдэд байх ёстой чухал зүйлсийн нэг бол сайн маркетинг юм. Хамгийн энгийн байдлаар авч үзвэл маркетинг нь худалдан авагчдадаа хүссэн барааг нь тохирох үнээр, оновчтой газарт борлуулах замаар тэдний хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж авах явдал байдаг.Маркетингийн маш олон төрлийн арга хэрэгсэл,суваг байдаг бөгөөд орчин үед шууд маркетингийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд маш хурдацтай хөгжиж байгаа юм.

АНУ-ын иргэн Лестэр Вандермэн шууд маркетингийг “Американ экспресс”, ”Колумбиа рекордс” компаниуд дээр 1967 онд анх хэрэглэсэн гэж үздэг.Гэвч амьдрал дээр шууд маркетингийн хэрэгсэл болох шууд мэйл нь 1867 онд бичгийн машин зохиогдсоноос хойш АНУ хэрэглэгдэж байгаа юм. Мөн орчин үеийн шуудангийн каталогийг Аарон Монтгомери Вард 1872 онд анх хийсэн баримт байдаг . Түүнчлэн худалдааны каталогийг 15-р зуунд Европчууд хийж байсан байна . Дээрхээс үзвэл шууд маркетингийн ( ер нь маркетингийг) арга хэрэгсэл , сувгийг хүмүүс бидний бодож байснаас эрт хэрэглэж байжээ.

Шууд маркетинг гэдэг нь хэрэглэгчдээс даруйхан хариу авах зорилгоор мэдээлэл харилцааны хэрэгслээр хийдэг шууд холбоо харилцаа ба зуучлагчийн оролцоогүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шууд сувгуудыг хэрэглэх үйл ажиллагаа юм.

Шууд маркетингийн харилцаанд оролцогчид нь газар зүйн байршлын хувьд хаана ч байж болох бөгөөд интернет,телефон, факс гэх мэт харилцаа холбооны орчин үеийн хэрэгслүүдийг ашигладаг тул хамгийн богино хугацаанд харилцаа тогтоох ба нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүнээ богино хугацаанд борлуулах боломжтой байдаг.

Шууд маркетингийн хамгийн чухал асуудал бол мэдээллийн баазтай болох явдал юм.Уг мэдээллийн бааздаа холбоо тогтоосон хүмүүсийнхээ мэдээллийг нэгтгэдэг. Эндээсээ хэрэглэгчдэд ямар үйлчилгээ үзүүлэхээ мэдэх боломжтой байдаг байна.

Шууд маркетингийн хэд хэдэн сувгууд байдаг:
• Шууд мэйл
• Телемаркетинг
• Каталоги, танилцуулах хуудас
• Биечлэн хийх худалдаа буюу гар дээрээс хийх худалдаа
• Шууд ТВ маркетинг
• Нийлмэл шууд маркетинг
(шууд маркетингийн сувгуудыг олон янзаар хувааж болох ба зарим ижил төстэй сувгуудыг нэгтэн дээрх байдлаар ангиллаа)

Шууд маркетингийн уламжлалт сувгуудаар бараа бүтээгдэхүүн борлуулах явц улам бүр хурдацтай хөгжиж байгааг дээр дурдсан. Тэгвэл АНУ-д жижиглэнгийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 3%-иар өсч байхад шуудан илгээмжээр хийгдэх худалдааны эргэлтийн хурдац үүнээс хэд дахин илүү байгаа юм. Мөн интернетээр бараа захиалах тоо хэдэн арван саяд хүрч гүйлгээний орлого 73 тэрбум орчим долларт хүрчээ. Мөн интернет хэрэглэгчдийн тоо 2001 оны байдлаар л гэхэд 100 сая байсан бол одоо энэ тоо хэд дахин нэмэгдэж огцом өсч байгаа юм.

Шууд маркетингийн энэхүү огцом өсөлт олон хүчин зүйлээс хамааралтай байгаа. Хэрэглэгчийн талаар авч үзвэл интернет, гар утасны хэрэглээ өссөнтэй холбоотойгоор илүү хялбар бараа бүтээгдэхүүнийг сонгох захиалах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна машинаар явахад зардал өндөр, замын бөглөрөл, машинаа зогсоолд тавих, цаг хугацаа алдах, жижиглэн худалдааны үйлчилгээний чанар хангалтгүй, кассын урт дараалалд зогсох зэрэг хүндрэлтэй талууд нь гэрт хүргэж үйлчлэх үйлчилгээ хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Харин байгууллагууд буюу бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын нүсэр том бүтэцтэй ажиллах хүчнээр дамжуулан зах зээлдээ хүрэхэд өртөг зардал өндөр байгаатай холбоотойгоор шуудан илгээмжийн үйлчилгээг түлхүү ашиглах болсон , мөн зорилтот хэрэглэгчиддээ хүрэхэд хялбар зэрэг олон хүчин зүйлс шууд маркетингийн эрчимт өсөлтөд нөлөөлж байна.

6 сэтгэгдэл:

Tsengel said... ( 18/10/09 16:20 )

маркетинг дээр хийсэн бие даалтаа товчлоод тавилаа. Сэтгэгдлээ үлдээгээрэй...

Tsengel said... ( 18/10/09 16:21 )

Та хэд бас өөрсдийнхөө хийсэн зүйлүүдээс бага сагыг блог дээрээ тавибал хүмүүст хэрэг болох байх даа...

uundaa said... ( 18/10/09 16:29 )

...хэхэ харин тиймээ, хамгийн сонирхолтой нь хүмүүс буруугаар ашиглавал яах вэ гэж хэхэ...чинийхийг ч тэгсэн тохиолдол байсан шүүдээ, уул нь ийм юманд зориулж форум нээсэн шүүдээ, би бас хэдэн юмаа тавинаа хө..баярлалаа...

Үлмэдэх said... ( 18/10/09 20:42 )

нээрээ форума л ажиллуулж эхэлсэн нь дээр юм байна да, бүгдээрээ л хийсэн бие даалт нтр э оруулаад санал бодолоо солилцуул

Enkh said... ( 19/10/09 19:36 )

тиймээ... форум гоё... гүй хүмүүс хэрэглэвэл хэрэглэж л байг...
хүмүүст үнэлэгдэх гэж хийдэггүй болохоор тэр чухал биш байхаа
надаа бол нийтлэл хэлбэрээр байвал амар байна... кк

KYo said... ( 20/10/09 22:29 )

Tegvel uneher nice

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...