Зүгээр л .......

2009-06-19 Enkh бичсэн.

Залхуурал бол авьяас билиг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл

ТИТЭМ ҮГ

Өмнө нь би эрдэм ухаанд суралцах нь хүн болгоны өндөр дээд зорилго байх ёстой тухай ярьсан. Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл, найдвартай туслагч хүнд үгүй. Мөн эрдэм номын оргил өөд махран авирахад хичээл зүтгэл шийдвэрлэх хүч болох тухай хэлсэн. Нэгэн алдар хүндтэй хүнээс амжилт олсон нууцыг нь асуужээ.

Тэрээр “Шилдэг авьяасынхаа ачаар амжилт олсон хүн байдаг бол бас бүр гайхалтай учралаар амжилт олсон нь ч бий. Гэхдээ олонх нь цулгүй хоосон нөхцөл байдлаас үхтэлээ хичээл зүтгэл гаргаж байж одоогийнхоо байр сууринд хүрсэн байдаг юм даа” гэжээ. Залуу хүн чи “Бүхий л чадлаараа хичээж зүтгэхийг” маанийн уншлага шиг болгох хэрэгтэй.

Цаг хугацааг зөв ашиглаж сурах тухайд нэг яриагаа бүхэлд нь зориулсан. Аливаад амжилт олсон хүмүүсийг ажиглаад байхад үйл хөдлөлийнх нь “хурд” нэг гол үүргийг гүйцэтгээд байгаа нь төвөггүй ажиглагддаг. Хэн хурдтай байнав, тэр эрхэм амжилтын охин тэнгэрийн мутраас хишиг хүртэх азтан болж тодордог. Яг л олимпийн наадамд 100 метрт хамгийн хурдан гүйсэн тамирчин алтан медаль зүүлгэж, алдрын титэм хүртдэгтэй адил.


Хурдтай хөдөлж байгаа нь энэ гээд “Бушуу туулай борвиндоо...” гэгч болж болохгүй ээ. Хурдлахын өмнө сайтар бэлдэж, бодож, тунгаах ёстой. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол үг бий. Цаг хугацааг жаахан сунжруулсан хэллэг мөн боловч бэлтгэлгүй, учир утгагүй хурдалж болохгүй, “Яарвал даарна” гэж угтаа сануулж буй ардын гүн ухааны сургаал.

Бодоод, дүлэгнээд, хэмжээд суугаад бай гэсэн үг ч бас биш. Бодох, бэлтгэх, шийдвэр гаргахдаа мөн хурдтай бай гэсэн санаа. “Цаг бол мөнгө”, “Цаг мөнгөнөөс ч илүү” гэх мэт үгийн учир утга гүн гүнзгий. Цаг хугацаа өөрийгөө шижир алт болгон хувиргаж чаддаг ид шидтэн. Оновчтой, дээд зэргээр зөв ашиглаж чадвал шүү дээ. Тийм болохоор л цагийг зөв, хямгатай ашиглаж сурахын чухлыг дахин дахин яриад байгаа хэрэг. Цагийг үр ашигтай зарах аргуудын нэг нь хүн ажил амьдралдаа дэглэм журам тогтоож ажиллах шалгарсан дадал ухаан юм.

“Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэчнээн тэнгэрлиг авьяастай байсан ч тэр авьяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй” гэнэ. Харамсалтай байгаа биз.
Цэргийн нэрт жанжин “Миний амжилтад хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан, тогтсон арван таван минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм” гэж нууцаа хуваалцсан байдаг. Америкийн Ерөнхийлөгч Вашингтоны нарийн бичгийн дарга нь цагаасаа хоцорч ажилдаа ирээд байжээ. Хоцорсон шалтгаанаа цаг нь буруу яваагаас үүдэлтэй мэтээр тайлбарлахыг оролдов. Ерөнхийлөгч “Тийм л юм бол шинэ цагаар солих хэрэгтэй. Эс тэгвээс би нарийн бичгийн даргаа шинэ хүнээр солихгүй бол болохгүй болж байна даа” гэж хэлэн дэглэм журамд нь оруулсан гэдэг.

Бизнесийн алдагдсан ашгийг уйгагүй хичээн зүтгэж байж нөхөж болно. Алдагдсан мэдлэгийг хичээнгүй сурлагаар гүйцэж чадна. Тэр бүү хэл алдагдсан эрүүл мэндийг өөрийн тэвчээр, дэглэм хийгээд эмчийн туслалцаатай буцааж авч магадгүй. Харин дэглэм журамгүйгээсээ алдсан хайран цаг мөч л үүрд мөнх эргэж ирдэггүй юм шүү.

Залуу хүн асар ихийг сурч мэдэх, хийж бүтээх оргилуун дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Харин ямар ч тааламжгүй нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Гээж л орхивол түүнийгээ өөрт байгаа юугаар ч сольж авч чадахгүй.

“Хүн хүсэл мөрөөдөлгүй бол адгуус л болно гэсэн үг...”. Илүү ихийг сурах хүсэл мөрөөдөл, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлээр шатаж яваа хүнд хаалт байдаггүй. Сурах мэдэх хүсэл тэмүүллийн галаа хэзээ ч бөхөөлгүй, гал манасан Прометей шиг бат хатуу, тэсвэр тэвчээртэй зогсох хэрэгтэй. “Гоц авьяас нь тэсвэр тэвчээрээс өөр юу ч биш” гэсэн үг бий. Сурах явцад түмэн бэрхшээл, мянган зовлон учрахыг үгүйсгэхгүй. Хүйтэн бороо, хүчтэй мөндөрт цохиулах тусам нялх ногоо сөөм сөөмөөр өндөрсөн, өтгөрөн ургадгийн адилаар бэрхшээл зовлонг сөрж, сурах хүсэл мөрөөдлийн хүчит жигүүрээ дэвэн урагшлахыг хичээвэл үр шимийг нь алд алдаар хүртэхдээ нэг хүртэнэ. “Чин үнэн хүслэн бол хэзээд амжилтад хүрдэг”.

Хүнд амьсгалах агаар хэрэгтэй байдгийн адилаар мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй гэдгийг дахин давтаад яриад байна. Эрдэм мэдлэгт орой үгүй, ёроол үгүй. Ухаантай хүн “Би өөрийнхөө бага мэдлэгтэй болохыг мэддэгээс цаашгүй” хэмээн улам цааш урагшлах замаа засч явдаг ажээ. Аугаа их Сократ хүртэл “Би юу ч мэдэхгүйгээ мэднэ” гэж хэлдэг байж. Гэтэл манайд эрх мэдэлтэй болмогц л бүхнийг мэдэгч “хэтэрхий мэргэн жараахайнууд” болон төрөл арилжиж, хоолойгоо хиймлээр шахан дүрэмдэж, утгагүй хашгичин байх нь “урт чихтнүүдийн” орилолдоон шиг зэвүүн сонсогдохыг нь яана. “Хэрэв чи эрдэмгүй бол боловсролтой хэмээн бүү дүр үзүүл. Тэгэх нь анхилам үнэргүй цаасан цэцэг мэт юм”. Анхилам үнэргүй цаасан цэцэгний чихэнд чийртэй шарчигнах дуу хэдийчинээ бага сонсогдоно, төдийчинээ сайн.

Миний ярьж байгааг сонсож, уншиж суугаа залуу хүн бүр урлан бүтээх суу билгийг хосгүй ажилч хичээнгүй чанартай гайхалтай хослуулсан хүн болоосой гэж туйлын хүслээ илэрхийлж уриалан дуудаад байгаа юм. Залхуурал бол миний авьяас билэг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл гэж санаж сэрж явах хэрэгтэй.

Жинхэнэ бүтээлч хүний амин сүнс болсон хараат бус, бие даасан, чөлөөт байдлыг гагцхүү мэдлэг дадлага, мэргэн ухаанд суурилсан хөдөлмөр зүтгэлээр олох болно. Хувь тавилангийн элдэв гай барцдыг толгой гэдийн сөрөн алхах сэтгэлийн хаттай болох нь онцгой чухал. “Бялдуучилж бөхөлзөхгүй л юм шүү” гэсэн суутны хэлсэн үг хорвоогийн эрээнтэй бараантай уртын урт амьдралын замыг туулах залуу хүний ёс суртахууны цадиг болон хэвшиг.

Турьхан яргуй цэцэг хавар болохоор бүрэн гэсэж амжаагүй шахам газрын хатуу хөрсийг эвлэгхэн түлхэн, цасан дороос цухуйн цэцэглэх нь “атар хээрийг чимэглэх” өөрийнх нь хичээл зүтгэлийн илэрхийлэл гэлтэй. “Өнөө цагийн намайг буй болгосон нь миний өөрийн минь онцгой цөхрөлтгүй хүч билээ” гэх алдрын оргилд гарсан ухаантны өөрийгөө дайчлан амжилт олсон тухай энэ товч үг Та бүхэнд сэтгэл итгэлийн дуудлага болон хоногшиг. Сайн үйлтэн сайныг бүтээдэг, сайныг бүтээгч аз жаргалтай.

9 сэтгэгдэл:

Bd said... ( 20/6/09 16:23 )

aimar aimar..unshaad bsan chin uuriinhuu tsagiig her ur dungu urdgiig medevshd.odoonoos ehlen "hun" bolsoon..
thanx enhuush,

Bd said... ( 20/6/09 16:25 )

ter zuragni der bga ug,zurag ni goy shuu..

tugu said... ( 20/6/09 16:42 )

uneheer unen ugnuud bn!!!

uundaa said... ( 20/6/09 22:57 )

...баярлалаа, үнэхээр хэрэгтэй үгнүүд байна, үнэхээр үнэн ч үгнүүд байна...яг л надад хандаад байгаам шиг, бүр яг намайг мэдээд зориулж яриад байгаам шиг санагдчлоо, дахиад баярлалаа энхүүшээ..

Anonymous said... ( 20/6/09 23:38 )

hehe titem ugiig Bagabandi ch aimaar xeldeg shuu setgeld xadagttal xeldeg hehe

Chimedee_d said... ( 21/6/09 11:12 )

Иймэрхүү эрч хүч урам зориг хайрласан зүйлсийг ч байн байн бүр өглөө босох бүртээ сонсдог бол ч, хүн хэлэхээс цаас чичихээс гэдэг шиг мэдээд байгаа юм шиг мөртлөө л найзгайрчихсан явж байдаг юм. Ээлжит найзгайрлыг маань үл хөөсөн чамд үнэхээр их баярлалаа. Амжилт

Chimedee_d said... ( 21/6/09 11:15 )

хэхэ бага зэрэг зөв бичгийн дүрмийн алдаа гарчээ. "үл+дэн=үлдэн", "найзгайрлыг-наазгайрлыг"

Enkh said... ( 21/6/09 23:04 )

Баярлаа хэхэ
Надаас ийм үг гардаг бол аааяаяа.....кккккккк
Нэг блогоос олсон юмаа даанч доор нь тэрнээс гэдгийг мартжээ
sorry ter blog kkkk

Enkh said... ( 21/6/09 23:44 )

Chimedee_d -д
баярлалаа алдааг маань хэлж өгсөнд.....

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...