Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA
2009-05-09
Tsengel бичсэн.
Өнгөрсөн 20-р зууны эхээр “буурал тив”-д олон улсын гэх нэртэй боловч яг үнэндээ цөөхөн хэдэн улсыг хамарсан тэмцээнүүд хэд хэд зохиогдож байжээ.Мэдээж үүнтэй зэрэгцэж олон улсын холбоо байгуулах санаа эхнээсээ гарах болсон байна. Нөхцөл байдал ийм байсан боловч хөлбөмбөгийн “эх орныхон” гэгдэх англичууд хэдий нь 1863 онд өөрсдийн холбоогоо байгуулчихсан байсан юм. Ийм ч учраас Голландын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Карл Хиршман англичуудад дэлхийн холбоо байгуулах саналыг дэвшүүлсэн боловч цаадуул нь өөрсдийн холбооны гүйцэтгэх зөвлөл гэх Шотланд, Уэльс, Ирландын хөлбөмбөгийн холбоодтой хэлэлцэж байж шийдээ гаргая гээд хүнд суртал гаргачихав.
Цаг хугацаа ч нилээд өнгөрч Францын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Робер Герен удаан хүлээхийг хүссэнгүй Европ тивийн улсуудад нэгдмэл нэг холбоотой болъё гэсэн уриалга явуулжээ. Энэ саналыг багагүй тооны улсууд дэмжсэнээр 1904 оны 5 сарын 1-нд анхны ажил хэрэгч уулзалт болж Франц-Бельгийн шигшээ багуудын уулзалт тоглолт зохиогджээ. Франц эрхэм энэ боломжийг ашиглан бусад холбоодыг урьж 1904 оны 5-р сарын 21-нд Парисын Сент-Онерийн 229-р байшинд байрлах Францын спортын сэтгүүлчдийн холбооны төв байранд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу бидний нэрлэж зашсанаар FIFA-г албан ёсоор байгуулжээ. Анхны албан бус чуулганд Франц , Бельги , Дани, Швед , Швейцарын төлөөлөгчид оролцож FIFA-гийн тулгын чулууг тавилцжээ. (анхдагчдыг танилцуулбал: Францыг Робер Герен, Андре Эспир, Бельгийг Луис Мулинхаус , Макс Кан, Данийг Людвиг Силов, Голландыг Карл Хиршман , Швейцарыг Виктор Шнайдер нар төлөөлөн оролцжээ)
Мөн FIFA-гийн анхны дүрмийг баталжээ.Үүнд хэд хэдэн чухал заалт орсон нь: үндэсний холбоодыг хүлээн зөвшөөрөх, баг ,тоглогчид хоёр өөр улсын холбоонд нэгэн зэрэг тоглохыг хориглох, гишүүд холбоод жил бүр 50 швейцар франк төлнө гэсэн заалтууд юм. Эдгээрээс гадна FIFA нь олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэсэн чухал заалт орсон байсан ч ДАШТ-ийг зохион явуулах төлөвлөгөө хэрэгжих боломжгүй байлаа.
Хоёр өдрийн дараа буюу 5-р сарын 23-нд FIFA-ийн албан ёсны чуулган болж ерөнхийлөгчөөр Робер Герен, дэд ерөнхийлөгчөөр Виктор Шнайдер ,Карл Хиршман, ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Мулинхаус, Л. Силов нарыг тус тус томилжээ.
FIFA нь ердөө цаасан дээрх байгууллага байсан учраас анхдагчдын нуруун дээр тун их ажил байлаа. Иймд туршлага арвин англичуудыг холбоонд элсүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байв. Жил орчмын дараа буюу 1905 оны 4-р сард англичууд FIFA-д элсчээ.Үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн Бельгийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Эдуард де Лавей хожим FIFA-гийн анхны хүндэт гишүүн болсон билээ.
FIFA-гийн хоёр дахь чуулган 1905 оны 6-р сарын 10-12-нд Парист боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Герман,Австри,Итали,Унгар,Шотланд,Уэльс,Ирланд зэрэг улсууд англичуудын жишгээр FIFA-гийн бүрэн эрхт гишүүд болоод байв.Энэхүү чуулганаар ноён Хиршман улс бүрээс нэг баг оролцох багуудын аварга шалгаруулах тэмцээн зохион явуулах санал гаргажээ.Түүнийхээр багууд доорх байдлаар хуваагдах байлаа.
1. Англи,Шотланд,Уэльс,Хойд Ирланд
2. Бельги,Франц,Голланд,Испани
3. Итали,Австри,Швейцар,Унгар
4. Дани, Герман,Швед
Дээрх санал нь клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн тэмцээн 1955 онд бус 1905 онд мэндлэх боломжтой байсныг илтгэж байна. Харамсалтай нь ноён Хиршманы санал цаг үеэсээ хэтэрхий түрүүлсэн байжээ.Уг тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 1905 оны 8-р сарын 31-ийг дуустал авах байсан боловч нэг ч баг мэдүүлгээ өгөөгүй байна.
Парисын чуулганаар удирдах зөвлөл дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдсон ч анхны тэмцээн амжилт ололгүй бүтэлгүйтэж,зарим улсуудын холбоод санхүүгийн хүнд байдалд орсон зэрэг шалтгааны улмаас ерөнхийлөгч Герен албан тушаалаа орхиж түүний үүрэгт ажлыг дэд ерөнхийлөгч В.Шнайдер түр зуур гүйцэтгэх болжээ.
1906 онд Бернд болсон чуулганаар Английн иргэн Даниел Вулфоллыг FIFA-гийн хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгов.Түүний удридлага доор хөлбөмбөгийн холбоод нэгдмэл, эвтэй болсон ч албан ёсны олон улсын тэмцээн зохион байгуулж чадахгүй хэвээр байлаа.1908,1912 оны олимпийн наадмын хөтөлбөрт хөлбөмбөг багтаж , хоёуланд нь Английн шигшээ баг түрүүлсэн ч хөлбөмбөгийг хүмүүс өрсөлдөөн бус үзүүлэх тоглолт маягаар хүлээн авч байлаа.
1909 оныг хүртэл FIFA зөвхөн Европын улсуудаас бүрдэж байв.Харин өөр тивээс тус холбоонд анх нэгдсэн улс бол ӨАБНУлс юм. Харин удаах жилүүдэд буюу 1912 онд Аргентин, Чили 1913 онд АНУ элссэнээр FIFA олон улсын гэх тодотголдоо дөхөж очжээ.
Дэлхийн 1-р дайн болон ерөнхийлөгч Вулфоллын нас барсан зэрэг нь FIFA-г тун хүнд байдалд оруулж үйл ажиллагаа нь зогсонги байдалд оруулаад байв.Энэ хүнд байдлын үед ноён К.Хиршман FIFA-г устаж алга болохоос сэргийлж бусад улсын холбоодтой холбоотой байж, удирдах зөвлөлийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байсан юм.
Дайн дуусангуут эрхэм Хиршман Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жюль Риметэй хамтран 1919 онд Брюссельд FIFA-гийн ээлжит чуулганыг хуралдуулж, хурал ч ширүүн уур амьсгал дунд болсон.Дайнд ялагдсан улсуудыг FIFA-гаас хасах ёстой гэсэн англичуудын санал дэмжигдээгүй тул Британийн дөрвөн холбоо FIFA-гаас гарав.
Ингэж FIFA-ийн үйл ажиллагаа улам хүнд байдалд орж 29 сарын турш ерөнхийлөгчгүй байсны эцэст 1921 оны 3-р сарын 1-нд болсон чуулганаар Жюль Риме тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.Британчууд холбоог орхиж, Бразил, Уругвай чуулганд оролцоогүй тул ердөө 20 улс тус чуулганд оролцсон юм.
Франц эрхэм ерөнхийлөгчөөр ажилласан 33 жилийн хугацаандаа туйлын их амжилтад хүрч, өнөөдрийн дэлхийн хамгийн хүчирхэг холбоог ёстой л хөлий нь дөрөөнд, гары нь ганзаганд хүргэж өгсөн их ачтан билээ.Риме FIFA-г шинэчлэн зохион байгуулж олон талын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь анхны ДАШТ-ийг зохион байгуулсан нь байлаа.
1924, 1928 оны олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнийг FIFA амжилттай зохион байгуулсан нь тэдэнд урам зориг өгч өөрийн гэсэн ДАШТ зохион байгуулах хүсэл нь энэ үеэс эрчээ авчээ. Анхны ДАШТ-ийг зохион байгуулах бүх ажилд эрхэм ерөнхийлөгч гар бие оролцож түүнд Францын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Анри Делони шадарлан тусалж байлаа.
Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан энэ гайхалтай саналыг 1928 оны 5-р сарын 28-нд Амстердамд болсон FIFA-гийн чуулганд оролцсон гишүүд бүгд дэмжсэн байна.Харин ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгох амаргүй байв.Анхны ДАШТ-ийг зохион байгуулахаар Голланд, Итали,Испани,Унгар,Уругвай,Швед зэрэг улсууд нэрээ дэвшүүлж байжээ. 1929 онд Барселонад болсон FIFA-гийн чуулганаар анхны ДАШТ-ийг зохион байгуулах улсаар тусгаар тогтносныхоо 100 жилийн ойг тэмдэглэж байсан Уругвай сонгогдсон юм.
Дэлхийн хамгийн хүчирхэг спортын холбоо болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA , хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй,хамгийн хамгийн...гэсэн тодотголтой тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ ингэж үүсч , байгуулагдаж байсан билээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...