Их Монгол Улсын бутралын эхлэл( I хэсэг)

2009-03-23 Tsengel бичсэн.


XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна. Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ. Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай. Чингисийн ургийн дотор нэлээд ухаалаг сэргэлэндүү хэмээгдэж байснаас түүнийг “Хубилай Сэцэн” хэмээсэн гэж түүнийг түүхийн сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. Тэр үедээ хятад оронд эрдэм номоороо нэр цууд гарсан Чжао Би, Ван Ө, Яо Шу, Лю Бинжчун, Хао Цзин гэх мэтийн түшмэд Хубилайд үйлчилж байжээ. Тухайн үеийн сурвалжаас үзвэл хятад түшмэл Хао Цзин Хубилайд төрийн эрхийг авч хаан суух ёсыг хүртэл зөвлөн зааж өгдөг байжээ. Хубилай зарим үед хятад түшмэд нарын үгийг сүрхий дагаж хаан ширээ залгамжлах эрхийг аажимдаа сэм булаан авах ажлыг хийж байгааг ялангуяа, монголын өмнөд хэсэгт шинэ нийслэл хот барих ажлыг 1252 оноос санаачилж, 1256 оноос хэрэгжүүлж эхэлсэнийг Аригбөх, Аландар ноён нар мэдэж, “Хубилайн эрх ямбыг хязгаарлах ялангуяа тэрээр монголын их хааны ширээ залгамжлуулж яасан ч болохгүй хүн” гэдгийг Мөнх хаанд удаа дараалан сануулан хэлж байжээ. Мөнх хаан Хубилайн тухай хэлсэн тэр бүхэнд үл итгэсэн байдалтай байсан боловч, Хархорум нийслэлтэй монгол орныг захирах эрхийг Аригбөхөд өгч, нийслэл хотыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Нөгөө талаар дүү Хубилайг дуудаж уулзах гэж завдан байгаад амжаагүй гэнэт нас эцэслэсэн байна. Чингис хаан “Хубилай хөвгүүний үг нь ажигтайхан гарнам бүлгээ. Хотлоор түүний үгээр явагтун” гэж хэлсэн хэмээн Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лу “Алтан товч” зэрэг монгол сурвалжид бичсэн байхаас үзвэл, Хубилай багаас сэргэлэн ухаантай хөвгүүн байсан байна. Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3-р сарын 24-нд буюу аргын 1260 оны 5-р сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 5-р сарын 12-ноос 6-р сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их Монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нйислэл гарсан билээ. Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “Их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ.

(Эх сурвалжийг http://www.pambaga.net/index.php/Tuuh/H%D0%B0%D0%B0n-shireenii-tolooh-temtsel.html хаягаас)

2 сэтгэгдэл:

uundaa said... ( 26/3/09 23:49 )

...Монголчууд ЭВТЭЙ байхдаа ХҮЧТЭЙ...ер нь бол тэр Хубилайн түшмэд хийж байсан хужаанууд л мань хүнд их нөлөөлсөн байхдаа, эндээс уншсан чинь бас багаасаа хужаа школоор хүмүүжсэн юм байнашд, тээл баг алаад нийслэл нүүлгээд хэхэ...Тулуй байсан бол????...

өлзий said... ( 12/5/09 17:24 )

ээ би хаан байсан бол элэг шааж бхгү юу...хэхэ

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...