С.Эрдэнэ : Хулан бид хоёр 1-р хэсэг

2007-12-23 uundaa бичсэн.

/Уран зохиол дээр Цээмаагийн өгсөн унших ёстой зохиолын 1-рийнх нь 1-р хэсэг. Хэт их тул 2 хуваалаа/

Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо.

Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хөлөг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлүүлэх, өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй, дундуураа ховилтсон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзсэнгүй. Нусгай жаалууд бол түүний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгүй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хүн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бүр Дариганга хүртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зүсээр нь ижилсүүлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь түүнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггүй хүн гэлцдэг билээ. Харин би бол түүнийг Чингис хаан шиг л хүн гэж бодно. Бид үүр цүүрээр өмнө зүг давхиж явлаа. Сумын төв хүртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгүүт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, үгүй дээ л эр хүний үнэр орсон байх шүү дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ үргэлж занчиж, үүр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхүү чойжин буулгаж байхыг нь үзсэнгүй.
За тэгээд Чингис хаан бараа сураггүй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морий нь хөтлөөд Хулан хүүхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрүүнд ээгсэн эргүүлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм.
Би Хулан хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хүрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин өмнөөс сэрчигнэнхэд уулын энтээ сүүдэр тусаж байхад, өрнө уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шүүдэрт ногоо хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгож жийжүү дөрөө жийж , хөх торгон тэрлэгийнхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүршсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэхийг үзвэл аягатай ус тавьсан ч асгармааргүй, морь эзэн хоёрын энэ байдалд хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний өмссөн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигүүн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сүргийн адаг, ааш муутай алаг үрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нүднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд, Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгүй улаа бутраатахлаа. Өнчин хүн дуулаач гэгчээр 6и тэрүүхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сүүндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагүй тул морио татаж сайхан алаг нүдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мөрөөдсөн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шүү. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангүй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бүр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах үес бага үд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил өнчин хүн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ өдөр аагим халуун боловч давааны өндөрт салхи сэрүүн бөгөөд шилмүүст ойн содон үнэр анхилж, тэртээ Дор хөх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...