Сэтгэл зүйн дайралтаас өөрийгөө хамгаалах нь:

2008-11-29 tuvshuu бичсэн.
Сайн байцгаана уу? Нийтлэл бичилгүй зөндөө удчихсан байна аа. Бараг яаж бичдэгийг нь ч мартах шахжээ гэж. За за тэр ч яахав энэ нийтлэл та бүхэнд бага ч гэсэн тус болж магадгүй л юм.
Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.

“Салхивч” арга
Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү.
Үүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.

“Аквариум” арга
Салхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Үүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан

“Диснейлэнд” арга
Таныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.

“Үнэг ба усан үзэм” арга
Та нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.

“Далай” арга
Далай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.

“Жүжигчилсэн тоглолт үзэх” арга
Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгайгүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиг­лагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуу­лахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л.
Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвтэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургааль үг хаана ч үйлчилдэг шүү дээ.

Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь

Madikha бичсэн.
Эрин М.Тулга

Өөрийгөө одоо хэр ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан хэн нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй байх биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авьяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авьяастай төрсөн хэрнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялхын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
"Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ."
"Self-reverence, self-knowledge, self-control-
These three alone lead life to sovereign power."
гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

Уруу татах хүч
Би багадаа "өөрийгөө ялах л хамгийн хэцүү" гэх юмуу "өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно" гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед "тийм л байх" гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин японд ирээд нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
"Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд "Уруу Татах Хүч"-нд ялагдсанаар болдог" гэж тэрээр хэлээд "зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна" гэж хэлж билээ. Түүнээс хойш "за яадгийм","дараа болъё" гэж бодох бүрд энэ "уруу татах хүч"-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
"Уруу татах хүч" энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг "байлдах урлаг" хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан хом уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. "Эрч хүч"-ээр жигүүрлээд "уруу татах хүч"-рүү сүр жавхлантай довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л байх байдаг руугаа буцсан байдаг. "Эрч хүч" унтарч "уруу татах хүч" ноёрхлоо.
Үнэндээ энэ "эрч хүч" гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл "уруу татах хүч" үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид "эрч хүч"-ийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.
Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь "өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ" гэх ч юм уу өөртөө амалдаг. Гурав хоног за сайндаа долоон хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горминдоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан тэгэх байсан гэж харуусан боддог юм. "Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав"
Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.
Хянах хүснэгт
Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн тэрийгээ бичих юм. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
"4 сарын 2. Юу ч хийсэнгүй"
"4 сарын 3. Юу ч хийгээгүй" гэх мэтээр гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ "мэдрэх" болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
Явандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань "Бага залхуугаас их залхуу" гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.

Тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь "байнга үргэлжлүүлэх" өөрөө хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад " үзүүлээд өгье" гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно.
Английн их зохиолч Самьюэл Жонсон:
"Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог" (Great works are performed, not by strength, but perseyerence) гэж хэлжээ.
Бас билгүүн шүлэгч Чойномын
"...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй,
Хаа ч очиж сэтгэлээр унаж, няцарч явсангүй.
Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй..."
гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг.

Мөрөөдөл
Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ.
Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Том том юм ярьж мөрөөдсөн хэр нь хийх ёстой наад захын ажилаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа авархын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай.
Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг.
Наполеон Бонапартын "Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг" (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна.

Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл
"Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно" гэсэн үг бас бий. Энд "хүсэл эрмэлзэл"-ийг "дур хүсэл"-ээс ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийх бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдарлынхаа төлөө тэмцэхэд эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдарлын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдарлын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно.
"Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм"

гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн "Санаа сайтын заяа сайн" хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ.

Санаа зүгшил
Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид зорилтоо мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь "санаа зүгшил" гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө саналуулж байхад оршино. Эзэн Чингис Хаан "Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай" гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний үг маань "Өөриөө хатуу бай" гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амархан боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж найддаг. Жишээ нь турхыг хүсдэг эмэгтэй бол "өнөөдөр ч гэсэн бага идэх" гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол "би биеэ хаигалттай дайчилж байна уу?" гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэндээ харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэггүй, тогтсон богинохон хугацаанд

Дайснаа нөхөр болгох нь
Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэгл өдөр ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг "шагнал" болгох аргын тухай ярьж байна. Ингэвэл харин ч уруу татах хүчийг өөрийн тал болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж "их үнээр" олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг.
Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ. Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.

Өөртөө хатуу, өрөөлд эелдүү
Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хэрнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг.
Өөрийгөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинд холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг "арай илүү хөрөнгө оруулалт орсон бол","гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга" гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаа хэл шамдахгүй байх жишээтэй.
Мэйжингийн эхэн үед Японд уригдаж ирсэн Амеркийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс "Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ" гэж сургаж байсан гэдэг.
Түүн шиг монголчууд бид ч энэ ч орон манай ноолуурын үйлдвэрийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно. Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ.
Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.

...Uundaa ингэж өгүүлэв...

2008-11-28 uundaa бичсэн.
Хэд хоног блог маань тун нам жим байлаа. Хэн ч сэтгэгдэл бичихгүй, хэн ч нийтлэл бичихгүй. Баярлаад түүнийгээ хэтрүүлсэндээ ч тэр юм уу, аль эсвэл ерөөс блогтоо дургүй болчихсондоо ч тэр юм уу лав бүгдээрээ л нийтлэлийн барааг харуулах нь байтугай блогтоо зочилж мөрөө үлдээхдээ тун хойрго хандсан гэдэгтэй санал нийлж байна. Дахиад нэг өдөр хоосон блог харж өнгөрүүлмээргүй санагдан, сүүлийн хэдэн өдөр бичих юмсан гэж бодсоор байсан зүйлсээ нэгтгээд хэдэн зүйл өгүүлье. Энэ удаа эхний хэсгийг хүргэе...

1. 11-р сарын 26 буюу Улс Тунхагласны баярын өдөр, түүний талаарх миний бодол
Хичээл ордоггүй өдөр болгонд би дуртай, тэрийгээ ч нуугаад яахав. Улс орон даяар амардаг Мартын 8, Хүүхдийн баяр, Цагаан сар, Шинэ жил гээд баяруудад дургүй хүн байхгүй биз. Харин хэдхэн хоногийн өмнө бид "Улс Тунхагласны Баяр"-ыг тохиолдуулан манайхан хичээлдээ явсангүй бүр давраад заал авч, буу халж сууцгаасан бол, Монголчууд маань даруухан л тэмдэглэлээ: томчууд нь хөшөөндөө цэцэг өргөж, бөхчүүд нь "барьцалдан" барилдаж, архагууд нь далимдуулан найр хийж, эрүүлжүүлэхийн ачаалал эрс өсч, зурагтаар Монгол кинонууд гарсан гээд л.
Англи хэлний хичээл дээр унтчихгүйхэн шиг, зүүрмэглэсэн ч багшдаа мэдэгдчихгүйхэн шиг сууж байлаа.
Багш асуув: Лхагва гарагт хичээл орохгүй, яагаад билээ хүүхдүүд ээ?
Сурагчид хариулав: Independence Day болохоор...[сурагчид ч гэж зарим нэг нь л]
Багш хэлэв: Маш зөв, Independence Day-ээр бүгд амардаг шүү дээ...[бид цэцэрлэгийн хүүхдүүд биш]
Энэ яриаг би яах гэж бичив ээ. Лхагва гарагт English ороогүй талаар өгүүлэх гэсэндээ биш, аль эсвэл хичээл дээрээ идэвхтэй суудаг онц сурлагатан оюутнуудын талаар биш харин тэдний хариулт Independence Day гэж хэлсэнд оршиж байна. Монголчууд 84-хөн жилийн өмнө "Тусгаар Тогтнол"-оо зарласан юм гэж үү...
Угтаа 84 жилийн өмнө 1924 онд Намын хурлаараа анхдугаар Үндсэн Хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Тунхагласан өдөр болохоос биш Монголчууд тусгаар тогтносон өдөр биш. БНМАУ гэж одоо байхгүй, яг л ЗСБНХУ-ын олимпоос хүртсэн медалийн ОХУ-аас тусад нь тоолдог шиг. Түүнийг хайвал эзэн Чингис хаан маань 1206 онд Онон мөрний хөвөөнөөө Их Монгол улсыг нэгтгэснээ зарлан, өөрөө хаан эзэнд суусан биш бил үү. Түүнээс цаашлаад түүхийн дэвтрээ сөхөн үзвэл МЭӨ 209 онд Хүннү гүрэн бий болсон гэсэн байна, хэрвээ Монголчуудын өвөг эцэг Хүннү мөн гээд батлачих юм бол бид чинь аль Есүсийг төрөхөөс өмнө тусгаар тогтночихсон биш юм уу...
1924 оны үйл явдал 1990 онд хэсэг залуучууд нэгэн зорилгын дор нэгдэн нийлж, нууц бүлгэм байгуулан улмаар өлсгөлөн зарлаж, Ардчилал хэмээх дэлхий дээр "одоогоор" олдоод байгаа хамгийн сайн системд шилжих үндсийг тавьсантай яг л адилхан үйл явдал биш гэж үү. 1992 оны 1-р сарын 13-нд Шинэ Үндсэн Хуулиа баталж Монгол улс хэмээн дэлхийд дуудагдах болсныг тэгвэл бид яагаад чухалчилдаггүй юм бэ?...1-р сарын 13нд зүгээр л бөх барилдаал, цэцэг өргөөл дуусчихдаг, weekend л таарчихгүй бол бид амардаггүй, муухай царайлаал хичээлдээ явдаг биз дээ.
Ерөөс Богд Жибзундамба хутагт нас баран 1924 онд Хэмжээт эрхт хаант засаглалтай байсан Монгол улс бүгд найрамдах улс болсон л өдөр ч юм шиг. 20-р зуун Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор нь олж авах гэсэн эмгэнэлт, бас баатарлаг туульс байлаа гэж Баабарын хэлсэн яг оносон мэт. 1907 оноос Халхын ноёд сэм бүлэглэн нэгдэж улмаар 1911 оны 12-р сарын 29-нд Манжийн ноёрхол Бээжинд алдагдсныг далимдуулан тусгаар тогтносон шиг, 1920-оод оноос Консулын дэнж, Зүүн хүрээний гэж нэрлэгдсэн нууц бүлгэмүүд үүсэн хоорондоо эвсэлдэн нэгдсний хүчинд 1921 оны 7-р сарын 11-нд Нийслэл хүрээг чөлөөлөн, Ардын Хувьсгал ялсныг зарласан шиг, 1980-аад оны сүүлчээр ЗХУ-д өрнөсөн "перейстройка"-ийн нөлөөнд Монголд хэд хэдэн газар зэрэг нууц бүлгэмүүд үүсэн улмаар жагсаал цуглаан хийн, тэр нь өлсгөлөнгийн хэлбэрт шилжин, УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцроон, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ Монголд ялсан ялалтын мэдээг дэлхий нийтэд түгээсэн гэдгээс нь аваад үзэхэд Монголын ард түмэн тэмцдэг, тэмцээд ялдаг ард түмэн, тусгаар тогтнолоо эргүүлээ авахын төлөө [эргүүлэн авахын төлөө шүү!!!] эвлэлдэн нэгддэг, нэгдээд зорьсондоо хүрдэг гэдгийг харуулсан түүхт зуун болсон юм. 24 онд л зөвхөн тусгаар тогтносон юм биш, түүнтэй дүйцэхүйц олон үйл явдал монголд энэ зуунд өрнөсөн гэдгийг би хэлэх гээд байна
Тусгаар тогтнолоо зарласан өдөр гэж буруу сэтгэхүй бүү тогтоосой, Холливудын хэдэн кино үзчихээд 7-р сарын 4-ыг [7+4=11 бас л сонин тохиолдол шүү] Independent гэж хэлдэг юм байна гээд, тэрийгээ өөрсдөөсөө хайн, ерөөсөө 11-р сарын 26-ыг тэгж нэрлэе гэж битгий муйхарлаасай гэсэндээ бичиж байна. Зурагтаар хүртэл тэгж л ярьсан Independence Day-ээ тэмдэглэж байнаа гэж. Их сургуульд багш нар нь хүртэл тэгж заагаад байх юм. Нарийндаа ярьвал 1921-1946 онд тусгаар тогтнолыг маань хэн ч зөвшөөрөөгүй л явж байсан, Төвд л зөвшөөрсөн байдаг санаж байна. 1911 онд Богдыг хаан ширээнд залахал төрийн эрхээ гартаа авсан Хятадууд бүр манай Автономит улс гэж зарлаад, Хаант Орос улстай гэрээ хэлцэл хийж байсан нь түүхэн үнэн. Бүгд найрамдах улс болсон, бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр гэж тэмдэглэсэн нь зүйтэй юм шиг, тусгаар тогтносон гэвэл түүнээс урд түүхийг сөхнө гэдгийг би дээр өгүүлсэн.
1990 оын ардчилсан хувьсгалаар бид жинхэнэ ёсоороо Тусгаар Тогтнолтой болсон гэдэгт би эргэлздэггүй. Түүний ачаар бид өөрсдийн асуудлаа өөрсдөө л шийддэг болсон, сиймхий ч гэр минь гэдэг шиг төрийн толгойд маань бидний өөрсдийн маань л сонгосон түшээд ажиллаж, биднийг жагсахад төр<ард түмэн гэдэг болохоор дур мэдэн шийдвэр гаргаж чадахгүй асуудал гацаж, цагдаа нар нь хүний эрхийг дээдэлж өөрсдөө бамбай ч үгүй хэрнээ чулуунд цохиулан эмнэлэгт хүргэгдэж, ард иргэдийнх нь талаас их нь гар утас хэрэглэж, арай бага нь ядаж эксель унаж, гадаад руу аялж, Макдональдс идэж, Диснейлэндээр аялж, сумог газар дээрээс нь үзэж байна.
1757 онд Ойрадууд эзлэгдснээс хойш бид тэгтлээ зовж, өлсгөлөнд автаж, уусгах бодолд автагдаж байгаагүй ч өөрсдийн төргүй, бидний асуудлыг Бээжинд шийдэж, арай гэж Хятадаас саллаа гэтэл Коминтерний нөлөө, бас бус юмнаас болон гадаад асуудлыг маань Москва л шийддэг байсан, хэдийгээр огт юм хийгээгүй гэхгүй ч дарга нарыг маань тэнд очиж алдаг байсан нь гашуун боловч үнэн түүх. [энд би Орос эхнэрүүдийн талаар дурьдсангүй.] Бид компьютер байтугай өнгөт телевизоргүй байлаа, чөлөөт хэвлэл байтугай ганц л телевиз радиотой, юун гамбургер, юун Батман, юун Микки Маус...
Би баярын өдрөөрөө анд нөхөр-wiki-ээрээ зочлоод дуу алдлаа. Мавритан улсын тусгаар тогтнолын өдрийн талаар бичсэн байдаг акулын маань "Энэ өдөр-Түүхийн Хуудаснаа" буланд Монголын тухай байсангүй. Тусгаар тогтнол биш юмаа гэхэд Монголын Бүх нийтээрээ амардаг өдөр гэж ч байсангүй. Интернет хөгжиж байна, хятадын сайтуудыг хакдлаа л гээд байдаг хэн ч шинэчилж болдог, хамгийн их хүн зочилдог сайтан дээр лав бидний тухай байсангүй. Бид эндээ маргалдаал, худлаа үнэн юм бичээд л байдаг, цаана чинь дэлхийн хандлага, дэлхийн бодол шал ондоо байгааг, Эзэн Чингисийг маань хүртэл Хятадаас авахуулаад Казахууд хүртэл өөрсдийн болгочихсон явж байна.
Дагуул улс, колони улс байсан хар үед маань өнгөрсөн...Бидний өмнө ирээдүй маань, чадварлаг боловсон хүчин бий болох гэж зүтгэж байна, бий болж ч байна, бидэнд баялаг байна, материаллаг баялгаас гадна бидэнд оюунлаг баялаг байна...Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, гажигдал, буруу ойлголтуудыг халж, шинэ-илүү хүчирхэг Монголыг хамтдаа бүтээцгээе...[1-р хэсэг төгсөв...2008 он]
...TO BE CONTINUED...

Муу сурагч

2008-11-27 Tsengel бичсэн.
Дэлхийн хамгийн муу сурагч

Энэтхэгийн Раджастхан мужийн нэгэн өндөр настан дунд сургуулийн төгсөлтийн шалгалтандаа 39 дэх удаагаа унасан байна.


Их Британийн "The Daily Telegraph" сонинд мэдээлснээр өдгөө 74 настай Шив Чаран нь арван шалгалт өгөхөөс зөвхөн нэгийг нь амжилттай өгсөн байна. Тэр­бээр анхны шалгалтаа 1969 онд өгч байжээ.

Тэр үедээ Ш.Чаран бүрэн дунд боловс­ролын үнэмлэх автлаа гэр­лэх­гүй хэмээн хатуу шийдсэн гэнэ. Тэр үеэс хойш жил бүр шалгалт өгсөн ч бүтэлгүйтэж байгаа ч зорилгодоо хүртэл шантрахгүй байгаа аж. Дэл­хийн хамгийн муу сурагч хэмээн хочлогдох тэрбээр одоог хүртэл эхнэр аваагүй гэнэ.

Хэдийгээр шалгалтандаа бүтэлгүйтэж байсан ч тэрбээр өөрийн зорилгоос няцахыг хүсэхгүй байгаа аж. Тиймээс Ш.Чаран дахин шал­галт өгөхөөр бэлдэж байгаа гэнэ. Харин шалгалтаа ам­жилт­тай өгснийхөө дараагаар гучин нас хүрээгүй эхнэртэй боло­хыг мөрөөдөж байгаа юм байна.

Эх суралжийг "Өдрийн сонин"-оос.

Attention

2008-11-25 Tsengel бичсэн.
Маргааш өглөө 8 цагаас 1-р сургуулийнхаа спорт зааланд ангиараа цуглаж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж, арван нэгэн жилийнхээ "алтан" дурсамжаа сэргээцгээе.

Өглөө та бүхэн цагтаа ирээрэй

Бахархал

Tsengel бичсэн.






Ангийн анд та бүхэндээ "Улс тунхагласны" 84 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

1924 оны 11-р сарын 26-ы өдөр Бүгд найрамдах Монгол ард улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-ыг тунхаглан анхдугаар үндсэн хууль батлав.

Энэ өдрөөс хойш 84 жилийн хугацаа нэгэнт өнгөрч , манай улс 84 "насныхаа" босгон дээр ирээд байна. Хэдийгээр он цагийн хэлхээсэнд 84 жил гэдэг богинохон хугацаа боловч манай улс энэ л хугацаанд нүүдлийн соёл иргэншлээс үсрэнгүй дэвшил хийж чадсан билээ. Цаашид ч хөгжсөөр...хөгжлийн өндөр түвшинд хүрнэ гэж найднам...




...Манай нийслэлийг Парис гэдэггүй Улаанбаатар гэдэг, манай мөнгөн тэмдэгтийн доллар гэдэггүй төгрөг гэдэг.... Биднийг энд амьдарч байсныг түүх мэднэ, амьдарч байгааг ч мэднэ, амьдрах болно гэдгийг ч мэднэ... тийм ээ бид Монголоороо ярина, Монголоороо бичнэ , Монголоороо бахархана, юу л байна бүгдийг Монголоороо ...

Монгол Улс мандан бадраг!!!