Tugu's Photo Album in Singapore

2007-08-08 uundaa бичсэн.
Манай Төөгөө Сингад хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирснийг бид мэдээлсэн. Тэгвэл бид энэ удаа түүний зургийн альбомыг тавьж байна. Тайлбар хэрэггүй байх өөрсдөө түүнээс асуугаарай.



ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

uundaa бичсэн.
Буудалласан нь ба бужигнасан нь хэмээх ТАВДУГААР БҮЛЭГ
Зааланд аяллын талаар ярилцахад тэд 3 галтай байжээ. Яг л тулгын гурван чулуу шиг. Тэгээд гишүүдээ драфтлаж аваад л... Гэтэл нэг нь ор сураггүй болж, ганцхан гишүүн Төөгөөгөө илгээчихээд өөрсдөө элдэв шалтаг тоочин ирсэнгүй ажээ. Үүнд ангийн зарим нөхөд гомдсон гэж жигтэйхэн.
Буудалласан газрын сайхныг “Миний нутаг” шүлэгтэй зүйрлүүлж арай л болохгүй ч “Миний Улаанбаатар” шүлэгнээс хавьгүй дээр газар байлаа. Гол байна уу гол байна, Мод байна уу мод байна, Уул байна уу уул байна, Компьютерээс бусад ихэнх юм тэнд цогцолжээ.
Эхний галыг “Уран гавал” Тэмүгэ ахалжээ. Тэднийг гал 2 майхантай, олон гишүүнтэй. Бүрэлдэхүүнд ерөнхий тогооч Будмаа, туслах Мөнхзаяа, хамгаалагч Баттогтох, заргач Цолмон, зохион бүтээгч Мөнх-Очир, хөлбөмбөгийн багийн ахлагч Бямбаа, тагнуулууд Саруултөгс, Яруу, газарч Баттөр, дээрээс нь Баянбат гэсэн нөхдүүд багтсан бөгөөд нэр нь “ДӨЛ” байлаа.
Дараагийн галын нэр “БОРОО” бөгөөд дөлийг усаар унтраах зорилготой ажээ. Ахлагч зохицуулагч удирдагч майхны эзэн Билгүүн бөгөөд ерөнхий тогооч нь Золжаргал, эд аж ахуйг Цэцэгдэлгэр, бусдыг Хулан гэсэн гол 4 хүнээс тогтох бөгөөд энгийн иргэд нь “алиа анчин” Өлзий, Uundaa, Энхүүш, Нацгаа, Нямхүү, Мөөгий, Дагваа нар байлаа. Энгий иргэд ахлагч БЕК-ийн гаргасан шийдвэрийг сонсон, тогоочийн хоолыг хүлээн суух өөрсдийгөө баясгах, өрөөлийг ч баясгах үүрэгтэй байжээ.
“Дөл” галынхан майхан барьж байх агшинг ашиглан эдийн засаг, улс төр, аж ахуйн тагнуулуудаа “БОРОО” гал руу явууллаа. Тэд зорилгоо амжилттай гүйцэлдүүлж зарим стратегийн онц чухал хэрэгслүүд гамбанз, хутга зэргийг хулгайлан галынхаа гавьяат ажилчин цолны болзлыг хангажээ.
Тэр үед “Бороо” багийнхан майхангаа барих гэж будилж гүйцэж байв. Азаар нэг барьж, тогтоож хаячихаад, ачаагаа чихээд оруулчихав. Үүний дараа тогоочийн хонх жингэнэж цайндаа орохыг хүслээ.
Батбилэг, Ганзориг хоёр багш маань ажил төрөл, эхнэр хүүхдийн асуудлаас болон явахаар болжээ. Тэд хоёр галын чанасан цайны амтыг мэдээд бас ходоодоо хөөрхөн баярлуулчихаад гэртээ хот руу харихаар шар автобусыг маань дайчлан авч одлоо. Тэдний бараа тасран тасартал, автобусны маань тоос бужигнан алга болтол 131dg-ийнхан баяртай гэж араас нь даллаж байсан юм.
Гэхдээ тэд багш луугаа биш автобусаа үдэж байлаа....

ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

uundaa бичсэн.
Дэмийрэл ба зөгнөл гэх ГУТГААР ДЭД БҮЛЭГ
Яруу өөрийгөө хүүхдүүдэд харагдаж байгаа гэдгээ мэдсэн даруй бантсандаа сүм лүү гүйгээд орчихов. Түүнийг шоолон инээсэн хүүхдүүдийн дуу түүнд тодхон сонсогдсоор байв.
Түүнд гэнэт айх хачин сэтгэгдэл төржээ. Тэр өмнө нь орсон хэдийгээ буцаж ирээгүйг санан гарахаар ухасвийв. Тэдэнд юу ч тохиолдсон юм билээ. Гэнэт түүний мөрөн дээр САХИУСАН ТЭНГЭР бас ЭРЛЭГИЙН ЭЛЧ хоёр гараад ирэв.
- Муу пайтагч минь, хурдхан буц. Тэгээд өөрийнхөө тэгтлээ их хүсээд байгаа зүйлээ шөнө хий майханд нь шүү. Зохицуул.
- Үгүй дээ, тэгж болохгүй. Чиний анд найзууд чинь ямар байдалд байгааг чи гадарлаж байна уу. Бас багш нар чинь. Тэд эргэж ирэх болов уу. Тэдэнтэй гурван толгойтой нохой, хорт могой, толгойгүй сүнс ч таарсан юм билүү. Чи тэдний эцсийн найдвар байж магад шүү.
- Ээ нэг цагаан нөмрөг нөмөрсөн юм байнга л худлаа мунхруулж байдгийн. Яалаа даа хөөрхий тэр Флинстоун нээх сайн хүн болох гэж байгаад л үлэг гүрвэлд бариулан зөндөө олон “цахиур чулуу” болон хувираа биз дээ. Найз минь түүнд бүү итгэ.
- Чи сайн сонс хүү минь. Яруу яруухан минь чи тийм үйлдэл хийж болохгүй шүү. Утгагүй яриаг сонсож залхсан Яруу яадаг ч байсан Баяка багш дээр очихоор шийдлээ. Гэхдээ тэр түүнийг аврахаар биш харин юм асуухаар араас нь явсан бөлгөө.

Манайхан Хөлбөмбөгөөр

uundaa бичсэн.

Манай хөлбөмбөгийн 2 тоглогч Батцэнгэл Зол-Эрдэнэ нар маань Хүүхдийн хөлбөмбөгийн Лигийн идэрчүүдийн ангилалд F.C.Мазаалай багийн нэр дээр амжилттай тоглосоор байна. Тэдний баг одоогоор нэлээн олон хожил 1 тэнцээ, 2-хон хожигдолтойгоор лигтээ ГУРАВДУГААР байрт жагсаж байна. Манай Батцэнгэлийг байхгүй эзгүй үед нь тэд 2 хожигдлоо амсан түүний үүрэг ролийн ихийг мэдэрчээ. Харин Зоогий маань Блак Морган багтай тоглосон тоглолтонд гоол оруулан гоолынхоо салхийг хагалжээ. 9 сарын нэгэн хүртэл үргэлжлэх лигтээ амжилттай оролцон түрүүлээрэй гэж нийт ангийнхныхаа өмнөөс ерөөж байна.

Өчигдөр бас Өнөөдөр

uundaa бичсэн.
Өчигдөр 8 сарын 7-ны өдөр манай ангийнхан заал авлаа. Өнгөрсөн удаагийн гашуун сургамжаас улбаалан бид зохих ёсны гэрээ хэлцэл хийж байж тоглолоо. Гэвч Мөнхцэцэг багшийн гаргасан алдаанаас болж, Баяка багшийн хуучин төгсөлтийн 10г-тэй цуг авч, тэдэнтэй тоглосон. Магадгүй Мөнхцэцэг багш биднийг тэдэнтэй андуурсан байж болох юм /утас гэдэг ийм л аюултай/

Мөн өнөөдөр 8 сарын 8-нд Олон Улсын Найрамдал Зусланд Монгол Улсын Аварга Шалгаруулах Триатлоны тэмцээн болно. Тэмцээнд манай Оргил маань оролцох ёстой бөгөөд түүнийг дэмжихээр Галаа, Түвшинбаяр нар маань аяны жолоо залах сурагтай байсан. Иймд нийт ангийнхныхаа өмнөөс миний бие Оргилдоо амжилттай оролцон СЕЙКО брендийн цагаар гангарахыг ерөөж байнаа. /Тэмцээнд түрүүлбэл СЕЙКО цаг өгнө/

Өнөөдөр манай зуслан явж амарсан нөхдүүд эргэж иржээ. Найрамдлаас манай Гээдээ, Төөгөө, Пүү-даш нар маань эргэж ирээд сонин хачнаа хуваалцах биз дээ. Бид удахгүй блогоороо тэднийг уулзуулах болноо. Гэвч Төөгөөд мартагдашгүй сэтгэгдэл үлдсэн бололтой маргааш өглөө дахиж Найрамдал руугаа явахын гэнээ...
/Манай хэдийн амарсан Одод бүлгийн зураг/
2007-08-05 uundaa бичсэн.
Манай LMO MKA 2 маань явахынхаа өмнө Нийслэлийн Засаг Даргатай уулзаж ажил хэргээ ярилцсанг бид UBS телевизээр гарсан хувилбараар нь үзүүлж байна.
Тэд одоо хааяа нэг мессенжерт үнэгүй орчоод Цэргийн сургууль дээр нь бодлого үстэй толгойгоо арзайтал бодож байгаа сурагтай байнаа.


ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

uundaa бичсэн.
Будилсан нь ба элчийн ирүүлсэн мэдээ хэмээх ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Удалгүй тэд нэгэн нууцлагдмал газар ирлээ. Газарч Баттөр заасны дагуу Зөвлөгч Жолооч гуайтай хэлэлцэн байж ирсэн тэр газар аялагчдыг маань тийм ч таатай хүлээж авсангүй ээ. Хөөрхий муу шар тэрэг маань саяхан орсон ч хатчихсан бороо буюу шаварт суучих нь тэр.
Шар Автобус маань сандарч эхэллээ. Гарахаар, сугарахаар, мултрахаар хэд хэд оролдсон ч бүтэлгүйтэв. Гэтэл аргагүй атаман хүний занг Нямхүү маань гарган хэдэн хөвгүүдээ зад зандран автобусаа түрж гаргах нөр их ажлыг эхлүүллээ.
Хүсэн хүлээсэн мөч удалгүй ирж “олны хүч оломгүй далай” гэдгийн үнэнг харуулан ядарч туйлдсан шар найз минь эх орны 4-р дайнаас эсэн мэнд үлдлээ.
Яруу тэр үед автобусанд ганцаараа сууж байлаа. Бусад хөвгүүдийн ямар их хөлс хүч гарган автобусыг түлхэж байгааг, Нямкаг ямар их сэтгэлийн зовлон амсан удирдан уриалж байгааг тэр ч бүү хэл Баттогтохын Будмаад шивэгнэн ярих тод үгсийг ч үл тоон суусаар л... Тэр зүүдэндээ орсон шокноосоо гараагүй л байв.
Гэнэт хажууд нь зэрлэг гахай гарч ирснийг дууллаа. Гахай Галаагаас маань мэдээ авчирчээ. Өөрөө ирч чадаагүйгээ өрөөлөөр дамжуулан хүлцэл өчиж, сайхан амрахыг хүссэн ажгуу. Алдарт анчин Өлзий зэр зэвсгээ бэлдэн агнахаар шамдахад сайхан сэтгэлт Тэмка түүнийг саатуулан ахан дүүсийн эв нэгдлийн талаар лекц уншиж өгөв.
Адал явдал эхлэх цаг ойртсоор л....

ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

uundaa бичсэн.
Зүүд ба зөгнөл- 2 гэх ДЭД ДЭД ХЭСЭГ
Хүн бүхэн баяртайгаар автобуснаас буулаа. Гэхдээ хэний ч дуу үл гарна. Яруу өөрийгөө хэнд ч харагдахгүй байгаа гэдэгтэй итгэлтэй байлаа. Яруу ч бас шар автобуснаасаа буулаа.
Тэднийг төсөөлж, ярилцаж байснаас нь огт өөр зүйл угтан авлаа. Урд нь гэрэлтэн сүндэрлэх сүм байсангүй, харин тоногдон дээрэмдүүлсэн балгас байлаа.
Гүнжийн сүм гэгч энэхүү газрыг сүнстэй гэсэн яриаг хэн нэгэн дүрсгүй нөхөр автобусанд тарааснаас хэт итгэсэн зарим нь ойртож ч чадахгүй байлаа. Хүүхдүүд таран сонирхсон зүйлээ үзэхээр боллоо. Гэхдээ хэн ч сүмийг чиглэсэнгүй. Баянбат багш Ганзоригийг дагуулан сүм рүү орчихов. Араас нь Очгэрэл, Мөнхсаруул хоёр гүйлээ.
10 минут боллоо. Гарч ирсэнгүй. Бүгд айн сандран автобусныхаа хажууд зогсоцгооно. Хэн ч яахаа мэдэхгүй хүнд байдалд орчихсон байлаа. Тэр үед ганцхан Яруу л юу хийхээ яг таг мэдэж байв.
Яруу өмхий санаагаа үнэртүүлэн Ь******** руу/луу/лүү/рүү чимээгүй ойртлоо. Тэгээд хажууд нь зогсоод зүрхээ чангалан биед нь ойртлоо. Гэнэт тэнгэр нураад ирэх шиг газар цуураад хагарах шиг болж Яруу тэр охинд цөм алгадууллаа...

Interview of Byambaa

2007-08-04 uundaa бичсэн.
Манай супер од Дэлхийн Аварга шалгаруулах Математикийн тэмцээний Мөнгөн медальт Бямбаа маань сонин хэвлэлийн хуудаснаа тэргүүн нүүрэнд заларч фен охидуудынхаа хүрээг тэлсээр байнаа. Түүний “Зууны Мэдээ” өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагыг ангийнхандаа ямар ч засвар тайлбаргүй хүргэж байна.

-Хэзээнээс Математикаар хичээллэж эхлэв?
Бага ангиасаа математикаар хичээллэж эхэлсэн. Математик бол их сонирхолтой шинжлэх ухаан. Математик сэтгэлгээгээ сайн хөгжүүлбэл аль ч мэргэжлээр сурахад хялбар болов уу гэж би боддог.
-Олон улсаас олимпиадад оролцох эрхээ яаж олж авав?
Улсын олимпиадад анги өгсөн оролцож 11 дүгээр ангийнхантай өрсөлдөж мөнгөн медаль авсан.
-Өмнө нь олон улсын олимпиадад оролцож байв уу?
Бразилд өнгөрсөн онд болсон олон улсын байгалийн ухааны олимпиадад оролцож, анхны мөнгөн медалийг авчирсан. Уг олимпиадаас өмнө нь монголчууд хүрэл медаль хүртэж байсан. Олон улсын математикийн олимпиадын хувьд анх удаагаа оролцож байна.
-Олимпиадын бодлогын хувьд ямар байв?
Жил жилийн олимпиадын нэг, дөрөвдүгээр бодлого харьцангуй хялбар, харин гурав зургадугаар бодлого нь хүнд байдаг. Хоёр өдөрт нийт 6 бодлого бодсон. Өглөөний 9,00-13,30 хүртэл 3 бодлого бодсон.
-Амжилт үзүүлэхэд юу нөлөөлөв?
Энэ жил бэлтгэл сайтай байлаа. Сүүлийн гурван жил математикаар эрчимтэй хичээллэсэн нь нөлөөлсөн байх. Би өдөрт 6-8 цаг математикаар хичээллэдэг. Өмнө нь олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан А.Ганбат надтай өөрийн туршлагаасаа хуваалцаж олимпиадад бэлдэхэд тусалдаг байлаа. Ханойд жаахан халуун байсан. Гэхдээ зохион байгуулалт их сайн байв.
-Олимпиадад хэдэн орны хүүхдүүд оролцов?
Олимпиадад 94 орны 520 гаруй хүүхэд оролцсон. Эдгээр хүүхдүүд бүгдээрээ л улс орноосоо шалгарсан шилдгийн шилдгүүд нь байв.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Би спортод дуртай. Тэр дундаа хөлбөмбөг, теннис тоглох бүрч дуртай.
-Ямар мэргэжилтэй болох вэ?
Байгалийн ухааны чиглэлээр мэргэших байх. Яг ямар мэргэжил эзэмшихээ шийдээгүй байгаа.
-Вьетнамд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Олон орны хэл заншилтай танилцаж, олон хүүхдүүдтэй найз болсон. Бас Вьетнамын гудамжинд машинаасаа ч олон мотоцикльтой хүмүүс байдаг нь анх харахад их сонин санагдсан.
Зууны Мэдээ сонин, 2007.8.3 №183 (2631) 11-нүүр

ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

2007-08-03 uundaa бичсэн.
Матрын замыг дайран гол гатлахаар урагшаа хэмээх ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шар Автобус явсаар. Бензин дуусах болоогүй. Аккумулятор ч суух учиргүй. Аль эсвэл тоормос барихаа болихгүй. Ер нь тэгээд автобустай холбоотой элдэв муу юм болох үндэсгүй байлаа.
Харин түүн дотор сууж байгаа хүүхдүүдэд юу тохиолдох гээд байгааг чөтгөр ч гадарлаагүй байх. /чөтгөр мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлнэ л дээ/
Яруу сэрлээ. Гүн нойрноосоо гунигтайхан хагацлаа. Гайхамшигтай зүүднээсээ салах тун ч дургүй байв. Тэр дотроо зүүдээ яаж үргэлжлүүлэхээ төсөөлөн дотроо инээж байв.
Автобус зогслоо. 10г-ийнхан “матар” Баттөрын зуныхаа амралтаар дураараа хөрвөөж, бас эрвийхээрээ эрвэгнэж, ядартлаа сэгсгэнэдэг газар буудаллажээ. Баттөрын эмээгийнх ч буянтай айл байж таарч, тэд ч бас санаатай ч байж таарч, түр хашааных нь гадаа саатахдаа тараг сүү бас бус юм аваад гар хоосонгүй буцав.
Яруу зогссон хойгуур гарч цэвэр агаар амьсгалах нэрийдлээр зүүдээ санахаар оролдож байлаа. Хар цамц өмссөн манай баатар “ЯДРАВЧ БҮҮ ЯВГАН СУУ” гэдэг өвгөдийнхөө алтан сайхан сургаалыг санан, бодон, хүндэтгэн чулуун дээр суугаад зүүдээ яаж үргэлжлэх, дуусах байсныг санахыг хичээлээ. Гэхдээ тэр юуг ч санасангүй, SUNDAYSON-ий чихээр оролдсоноос бусдыг.
Бүгдээрээ хэнийг ч орхилгүй шар найз дотроо чихцэлдэн сууж, солгой нэгэн нь дуу дуулан, чалчаа нэгэн нь дуугаа хураан, сагсчид нь ДОТАчид болоод бүх хүн, зүйл орвонгоороо эргэчихсэн байлаа. Талхнууд Цэцэгдэлгэрийн чихэн дээр, Салют пуужингууд Баттогтохын өвөр дээр, пүүгээ цүнхнүүд Uundaa-ийн хөлөн доор гишгэгдэн явлаа. Энд яг Дэлхийн 3-р дайн болсон юм шиг сэтгэгдэл төрөх ажээ.
Харин Яруу унтахыг хүсэн сандлаа налан нүдээ анилаа.
Автобус удалгүй дахиад л зогслоо.Гунигт үйл явдал бидэнд тохиожээ. Цагаа олоогүй үедээ бид хөдөлжээ. Бидний очих ёстой, үзэх ёстой, мэдлэгэрхүү юм олж авах ёстой байсан ганц газар ГҮНЖИЙН СҮМ хэмээх газартаа бид очиж чадахааргүй болжээ. Өмнөх хэдэн хоногт шиврэн, хаялан, будран, асгаран орсон хайлан ууршсан ус гайтай борооны ачаар гол үерлэжээ. Гол үерлэж автобус байтугай, матар ч гатлахааргүй болжээ. Шар Автобус эргэлээ.
Хэрхэх байсныг, ямар газар байсныг, юу тэднийг хүлээж байсныг тэнгэр мэдэг.
Шар Автобус Яруу хоёрын адал явдал эхлэх гэж дүнгэнэсээр....

ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

uundaa бичсэн.
Зүүд ба Зөгнөл-1 гэх ТЭРГҮҮН ДЭД ХЭСЭГ
“Шар Автобус ба Яруу. Эргэн тойрон 20 тэнэг бас 3 солиотой багш бас жолооч. Өөр юу ч байхгүй. Үгүй ээ 39 цүнх бас бөөн ундаа. Тэдний яриа юу ч сонсогдохгүй. Ялаа ч дүнгэнэхгүй.
Яруу бослоо. Түүнийг хэн ч анзаарахгүй аж. Аль эсвэл хэн ч түүнийг харахгүй байгаа мэт тус тусынхаа үйлдлийг хийх аж. Босоод Яруу Өлзийг хамгийн эхэнд цохилоо. Өлзий юу ч мэдэрсэнгүй. Нацгаагийн гэдэс лүү, Нямхүүгийн чих лүү, Энхүүшийн далавч руу, Дагваагийн эрхий хуруу руу цохиж үзлээ.
Түүнд сайхан сэтгэгдэл төрж эхэллээ. Тэр одоо юуг ч хийж болно. Бусад хүмүүс түүнийг тоохгүй учраас тэр хүссэнээ хийхээр нэгэнт шийджээ. Тэр охидуудын сууж байсан сандал руу аажим аажмаар ойртлоо...

ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

2007-08-01 uundaa бичсэн.
Яруу ба цонхоор харагдсан хачин сонин хэмээх ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цонхоор харагдах нов ногоон биш ч ногооны төрлийн өнгөтэй өвс, түүнийг идэн ходоодоо дүүргэх элдэв янзын амьтад, өрөөд тавьчихсан юм шиг аварга том чулуунууд, түүн дээрээс унах гэж байгаа юм шиг тогтчихсон жижиг чулуунууд. Энэ бүхэн замд тааралдсан бүх юм. Гэхдээ тэд замаараа үлэг гүрвэлүүдийн хөшөө, Мэлхий хад, 2 бөхтэй тэмээ, бас халтар царайтай хүмүүсийг харсан. Харин шар автобусанд шал ондоо байдалтай байв. Тэнд залуусын хөгжилтэй яриа, тоглоомын тухай маргаан, алиа хошигнол, бүр зодоон ч болж байлаа. Гэхдээ нэг л хүн ...
Яруу ганцаархнаа л гуниглан сууна. Түүний байдлыг найзууд нь анзаараад асуухад, дотор муухайрч байна гэхээс өөр хариулт өгөхгүй бөгөөд нэг л сэжигтэй байв. Магадгүй бөөлжчих ч юм билүү тэгвэл миний хувцас бас цүнх гэсэн бодол зарим хүнд төржээ.

Яруу хэсэг зүүрмэглэжээ. Гэхдээ тэр унтсангүй. Соргог 2 чинхнийхээ нэгийг амрааннөгөөгөөр нь бусдын яриаг анхааралтай сонсож байлаа. Түүний зүүдийг хэн ч мэдэхгүй, гадарлахгүй, өөрөө ч санахгүй.
Адал явдал шар автобус, Яруутай хамт эхлэхээр айсуй...
Үргэлжлэл бий.....

ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

uundaa бичсэн.
Аз жаргалтай эхлэл ба хотоос гарсан нь хэмээх НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

6-р сарын 15-ны зуны эхэ сарын нарлаг тэр нэгэн өдөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн гаднаас хаашаа ч юм нэг газар луу нэгэн шар автобус хөдөлснөөр энэхүү нууцлаг явдал эхэлсэн юм. Автобусанд сууж явсан 21 хүүхдийн хэн нь ч хаашаа явж байгаагаа үл мэдэх төдийгүй ирээдүйл тэдэнд юу тохиолдохыг зүүдлээ ч үгүй байлаа. Тэдний Final Destination нь ГҮНЖИЙН СҮМ
Замдаа гараад нэлээд удаж, очих газраа дөхөж буй мэт. Бүгд л тус тусынхаа яриаг хоорондоо өрнүүлж, бүгд л хөгжилтэй сэтгэл нь ихэд хөдөлсөн мэт явах боловч ердөө 2-хон хүн л гунигтай сууна.
Эхнийх нь Төөгөө. Түүний бүтэн нэр Саруултөгс бөгөөд бүжиглэх үнэн хоббитой гар. Гэвч тэр өдөр энэ шар автобусанд суухаасаа өмнө сургуулийнхаа зааланд Нямхүү, Дагваа, Яруу, гэх мэтийн нөхдүүдтэй сагс тоглож байгаад өөрийн хамгийн үнэтэй PSP-ээ алдчихсан яваа. Тийм ч учраас урвайхгүй байхын аргагүй билээ. Гэхдээ тэр зовлон гунигаа мартахын тулд бусадтайгаа яриагаа өрнүүлэн, өөрийгөө танилцуулсан шигээ сууж байв.
Харин нөгөөгийнх нь нэр Яруу. Энэ түүний жинхэнэ нэр, хэрвээ гайхсан бол. Яруу хэнтэй юу ч ярихгүй, бас юуг ч сонсохгүй, зөвхөн доошоо харж толгойгоо гудайлган сууна.
Автобусанд нэг бол Хөлбөмбөгийн тухай, нэг бол ДОТА-гийн тухай яриа, бүр цаашлаад Наруто, Яруу гэх мэт зүйлсийн талаарх яриа цуурайтан сонсогдоно.
Батбилэг or Батбилиг мөн Ганзоо or Ганзориг, Баяка or Баянбат гэсэн хэдэн багш нар автобусны урд хэсэгт буу халан, шар айраг or пиво шимэн сууна.
Гэхдээ автобусанд сууж явсан Тэмка ч тэр, БЕК ч тэр, Өлзий ч тэр, Цолмон ч тэр ер нь хэн ч энд сууж буй хэдэн “азгүй” хүүхдүүдэд юу тохиолдох гээд байгааг даанч мэдсэнгүй ээ.
Шар Автобус явсаар…

Манайхан Найрамдал руу

uundaa бичсэн.

Манай ангийнхан Пионерийн зуслан явж байна. Саяхан алс холын Сингапур орноос англи хэлэндээ ус цас болоод хамаг эрдмийг нь өвөртлөөд ирсэн Mr.Saruultugs маань өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал зусланд амрахаар явлаа. Түүнтэй хамт “робот” Гээдээ, “пүнтүүз” Пүрэвдаш нар хамт явж байгаа. Пүрэвдашийн хувьд 11-р ангиа амжиллтай төгсөн, улмаар хэр зэрэг охидуудтайг нь харж харж МУИС-ын Эдийн Засгийн ангид элсэн суралцахаар болжээ. Мөн мань нөхөр TOEFL /institution/ өгч, 563 оноо аван алс холын Америк орон луу явж магад гэнээ. Харин Гээдээгийн сонин хачинг сонирхвол, “шалгалтаас оргон” Америк луу зугаалгаар яваад тэндээ олон хотоор аялж явахдаа сагсан бөмбөгийн ур чадвараа ихэд дээшлүүлэн тохдог болоод, ангийнхандаа хөлбөмбөгийн бөмбөг авчирч өгсөн. Тэгэхдээ бас Hollywood-ээр аялж явахад нь нэртэй найруулагчид олж харчихаад TRANSFORMERS-2 кинонд тоглох урилга өгсөн гэнэ шүү.
Юутай ч гэсэн гуравтаа аятайхан намбатай сайхан амраад ирээрэй гэж хүсье дээ.

Манайхан Заал цэвэрлэв

uundaa бичсэн.
Сургуулийн зааланд “хуулийн цоорхой” ашиглан бэлтгэл сургуулилтаа хийж, чөлөөт цагаа өнгөрүүлэн, хөлсөө гаргаж байсан манай ангийнхан саяхны нэг өдөр заал угааж, цэвэрлэгчдийн ажилд маш их тус хүргэв. Заалнаас хаягдсан түлхүүр олсны гайгаар, тэрийгээ бүр заалны түгжээнд тааруулж үзсэний гайгаар, тэр нь бүр таарсны гайгаар Мөнхцэцэг багшид гардуулж, эгээтэй л хяргуулчихсангүй. Захирал дээр очихгүйн тулд, Баяка багшийн дэмжлэгтэйгээр заал цэвэрлэх ажлыг хийн, зарим нэг нь ирээдүйн ажлаа олчих шиг. Зоогий, Батос хоёр их сургууль энээ тэрээ гэж санаа зоволтгүй цэвэрлэгчтэй 3 сар дадлага хийгээл мэргэжилтэй болох талаар судлахаа амласан. Мөөгий маань ганцхан өдөр ирээд ажилд дайчлагдсанаа ямар их золгүй өдөр вэ гэсэн шигээ явж байлаа.

Манайхан Беларусь руу

uundaa бичсэн.
Тэгвэл Болгар улсын Минскт болох Олон Улсын Хот Хоорондын олимпиадад оролцохоор манай ангийн Мөнх-Очир, Мягмаржав хоёр маань 7 сарын 26-ны өдөр хөдөллөө. Тэднийг гаргаж өгөх ёслолд тэдний төрөл төрөгсөд, Энхбаатар багш, Баянбат багш, болон ангийн хэсэг нөхөд нь байцлаа. Гэхдээ тэдний аялал тун урт бөгөөд 5 хоног явж Москвад очин галт тэргээ хүлээн 1 хоног саатан, цаашаа бас л явсаар хар оросын нутаг дэвсгэрт очих хуваарьтай. Тэнд очин Математикийн жил бүр болдог сургалтанд суун, бодлого бодох бөгөөд төгссөн гэсэн сертификатыг өвөртлөн 8 сарын 19-нд эх орондоо ирэх сурагтай. Тэднийг саяхан Бээжинд болсон олимпиадад сурагчдаа дагуулан явж ирээд удаагүй Бат-Орших багш дагуулж явжээ.

Манайхан Хандгайтад

uundaa бичсэн.
Манай ангийн Хөлбөмбөгийн шигшээ буюу 1-р сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан энэ өдрүүдэд завгүй байлаа. Тэд 7-р сарын 21-нд Хандгайтын талбай дээр болсон АСУУЛТ-ЦОМ-2007 тэмцээнд амжилттай оролсон байна. Нийт 7 баг 2 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд А хэсэгт Асуултын Архагууд, МСS компанийн багуудтай орсон байлаа. Тоглолтын талаар бид Таван Цагариг сониноос хөрвүүлэн хүргэж байна.
Тоглолт-1
Асуултын Архагууд 1:2 1-р сургуулийн шигшээ.
Гоол: Бямбажав /12,16/
1-р сургууль: Дагвадорж, Бат-Оргил, Билгүүн, Түвшинбаатар, Зол-Эрдэнэ, Ундрал, Бямбажав, Яруу, Энх-Оргил

Сугалаа ёсоор энэхүү тэмцээний нээлтийн тэмцээнийг хийсэн хоёр багийн тоглолт үндсэндээ 1-р сургуулийн багийн илт давамгайлал дор өндөрлөлөө. Тоглолтын эхнээс 1-р сургуулийн цагаан өнгийн хувцсаар жигдэрсэн багийн довтолгоо ширүүсэн үр дүндээ 12 дахь минутад хүрэн баруун жигүүрийн хагас хамгаалагч Бямбажав зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтаар эхний гоолыг оруулсан юм. Үүнээс 4 минутын дараа хагас хамгаалагч Ундралын цохисон бөмбөгийг Бямбажав дахин нэмэн тэмцээний 2 дахь гоолоо оруулжээ. 1-р үеийн завсарлагаанаар багууд хэд хэдэн сэлгээ хийсэн бөгөөд довтолгоонд хангалтгүй тоглож байсан Энх-Оргилыг Цэнгэлээр солисон. Гэвч Архагууд шүүгчтэй нийлж байгаад нэг гоол хийсэн бөгөөд тоглолтонд дахиж гоол оруулсангүй 2:1-ээр 1-р сургуулийнхан давамгайллаа. Хаалга руу тэд бараг 20 удаа хаалга руу цохисон боловч, хэд хэдэн тоглогчдын толгойг эргүүлэн хуурч байсан боловч, хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэднийг ивээсэнгүй ээ.

Тоглолт-2
MCS 2:1 1-р сургуулийн шигшээ
Гоол: Зол-Эрдэнэ
1-р сургууль: Түвшинбаатар, Бат-Оргил, Билгүүн, Дагвадорж, Цэнгэл, Зол-Эрдэнэ, Ундрал, Бямбажав, Яруу

Тэмцээний өнгийг тодорхойлох 2 баг ийм эрт таарсан нь тун харамсалтай. Мэдүүлгээ албан ёсоор өгөөгүй байсан MCS-ийн баг мөнгөөр зодон тэмцээнд орсон нь тодорхой болсон. Тоглолт хэдийгээр 30 минут 1-ийнхэн довтолсоор байсан ч энэ өдөр тэднийх байсангүй бололтой. 1-р үед Бат-Оргилын цохисон бөмбөгөнд эсрэг багийн хамгаалагч гар хүрснээр пенальти болоход багийн хагас хамгаалагч Монголын Хүүхдийн Лигт тоглодог Зол-Эрдэнэ амжилттай цохин гоол оруулсан. Гэвч 1-р үеийн цаг дуусч байхад Монголын Хөлбөмбөгийн амьд домог Батмөнх хаалттай цохилт гүйцэтгэн гоол оруулж, улмаар 2-р үед сөрөг довтолгооноор хаалгачийн тоглолтын туршид гаргасан цорын ганц алдааны улмаас гоол хийн тоглолт өндөрлөлөө. Хамгийн залуу, хурдан, хүчтэй баг ийнхүү золгүйгээр хэсгээсээ шалгарч чадсангүй.

Тиймээ, ийм л юм болсон. Бид медальд хүрч чадсангүй. Гол тоглогчид Батцэнгэл, Өлзийхутаг нарыг байсан бол...
Гэхдээ бид сайн тоглосон. Өмнөх нөхөрсөг тоглолтуудад ч ялагдашгүй байж бэлтгэлийг их хийсэн. Тэр өдөр үнэхээр хөлбөмбөгийн бурхан тэнгэр биднийг ивээсэнгүй ээ.
Бидний дараагийн тэмцээн- Сургуулийн Спартакиад. /жич-заавал түрүүлнэ/

Манайхан Казахстанд

uundaa бичсэн.

Манай бас нэг од Триатлоны спортыг Монголд хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж яваа Үндэсний Шигшээ багийн тамирчин Н.Оргил маань Азид болж байгаа Азийн цомын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож урьд урьдын амжилтаа ахиулсаар байна. Казахстан улсын Бурабайд болсон Азийн цомын гараанд 51 тамирчнаас 23-р байранд 1 цаг 09 минут 26 секундын амжилтаар орон мэргэжилтнүүдээс өмнө нь авсан үнэлгээгээ улам бататган өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ баталсаар байна. Одоо 8-р сарын 8-ны өдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал зусланд Монгол Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд амжилт гаргахыг хүсэж байнаа.
Дашрамд дурьдахад түүний төрсөн дүү Н.Тэмүүлэн Азийн цомын цуврал гараанаас хүрэл медаль хүртэн, Монголын триатлоны спортын түүхэнд анхны олон улсын медалийг эх орондоо авчран, чөтгөрийн бага нь адтай гэдгийг амьд жишээн дээр харуулжээ. Мөн түүний аав Ноож гуай Монголын Триатлоны Холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд энэ спортод нэгэнт зүрх сэтгэлээ өгөн, Монголд хөгжүүлж байгаа спортын нэрт зүтгэлтэн нэгэнт болжээ.

Манайхан Вьетнамд

uundaa бичсэн.

Вьетнам улсын Ханой хотноо 7 сарын 19-31-ны хооронд Олон Улсын Математикийн 48-р олимпиад амжилттай болж өнгөрлөө. Энэхүү олимпиадад Монгол улсыг төлөөлөн оролцсон манай 3 сурагч амжилтаар дүүрэн эх орондоо иржээ. Н.Бямбажав маань энэ удаа нийт боломжит 42 онооноос 23 оноог цуглуулснаар МӨНГӨН медалийн болзол хангасан байна. Энэ нь түүний олон улсаас олзолж авчран буй 2 дахь медаль бөгөөд өмнө нь Бразил улсад болсон Байгалийн ухааны олимпиадаас мөн л Мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэгвэл манай Монгол улсын багийн нэгдүгээр оролцогчоор шалгарч явсан Э.Тэмүгэ 12 оноо авч Honorable Mention буюу Хүндэтгэлийн дурсамжийн бичиг хүртжээ. Өнгөрсөн жил Словенд болсон 47-р оимпиадаас Тэмка маань бас л энэ шагналыг хүртэж байв. Манай багийн цорын ганц эмэгтэй гишүүн Г.Оюундарь 8 оноо авч мөн л Honorable Mention авсан байнаа, Бусад 131dg-ийн бус гишүүдээс Сумьяа мөнгөн медаль, Энхзаяа хүрэл медаль, Балжинням honorable mention хүртсэн бөгөөд манай МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ шигшээ Баг 2 мөнгө 1 хүрэл, 3 шагналт байрын амжилтаар 88 оноотойгоор 93 орноос 34-р байранд орж бахдам амжилт үзүүлжээ.
Нийт ангийнхныхаа нэрийн өмнөөс админы хувьд Бямбаа, Тэмка, Оюундарь гуравтаа баяр хүргээд цаашдын кареерт нь өндөр их амжилтыг хүсэн, цаашид алтан медаль авахыг ерөөж байнаа.


Дэлгэрэнгүйг үзэх

HAPPY BIRTHDAY

uundaa бичсэн.


Энэ өдрүүдэд манай МЭЛХИЙН ордныхон төрсөн өдрөө тэмдэглэн баярлалдан байна. 7-р сарын 24-нд Өлзий маань 17 нас хүрсэн бөгөөд баяраа морьдын тоостой цуг л тэмдэглэсэн бололтой.
Мөн алдарт тоглоомчин Дагваа маань 7-р сарын 26-нд бас л 17 нас хүрэн, нас бие гүйцсэн “тарвага” /joke/ болсноо олонд зарласан. Төрсөн өдрөө хар ус олддоггүй, цэлгэр сайхан талд хийсэн тухай мэдээ сонинуудаар гарчээ. 7-р сарын 31-нд манай проффесор Мөнх-Очирын хорвоод мэндэлсэн 17 дахь жилийнх нь баяр болжээ. Гэвч мань нөхөр төрсөн өдрөөрөө монголд байсангүй. Азаар галт тэргэнд биш харин түүхт Москвад тэмдэглэн өнгөрүүлжээ.
Тэдэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн блогороо дамжуулан баяр хүргэж амжаагүй тэртээ 16 жилийн өмнө эхээ зовоо байж төрж байсан Цэнгүүний 6-р сарын 15-ны, Баткагийн 6-р сарын 18-ны баяруудад өнгөрсөн ч гэсэн аз жаргал сайн сайхан гээд бүгдиг нь хүсэн ерөөж байна.
Гэвч битгий тайвшраарай 131dg-ийнхэн, удахгүй 8-р сарынхны дараалсан урт баярууд болно.

Сайн Байцгаана уу

uundaa бичсэн.
Сайн Байцгаана уу. Блогийн нийт хэрэглэгчид минь ээ. Удаан хугацаанд уулзсангүйдээ хүлцэл өчье. Энэ сарын хугацаанд админ миний бие тун завгүй байсны дээр наадам гэж нэг ёрын утгагүй баяр таараад, бүр халуун бүгчим агаар, гал түймэр зэрэг хэд хэдэн хүчин зүйл давхцан, ерөөсөө зав гаргасангүй ээ. Харин азаар энэ өдрүүдэд бурхан тэнгэр хур бороогоо хайрлаж миний сэтгэл санааг сэргээсний үндсэн дээр сая өнгөрсөн сарын хугацаанд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг товчлон хүргэхээр боллоо. Удахгүй бид админы бүтээл ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU жижиг зохиолыг хүргэн Тэрэлж лүү яаж зугаалснаа эргэн нэг санах болно. Таалан соёрхоно уу.