Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?

2009-06-05 Tsengel бичсэн.
Ой тогтоолт. Энэ тун хачин үзэгдэл гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Учир нь ямар нэг зүйлийг цээжлэхэд хэцүү атал тун амархан мартдаг. Өнөөг хүртэл ой тогтоолтын гол зарчмын талаар нэгдсэн нэг онол гараагүй л байгаа юм. Ой тогтоолт бол хүний сэтгэцийн хамгийн нууцлагдмал зүйл бөгөөд түүнгүйгээр оюун ухааныг хөгжүүлэх ямар ч боломжгүй. Ой тогтоолт нь мэдээллийг боловсруулдаг маш нарийн үйл явц.

Ихэнх хүмүүс өөрсдийнхөө тогтоох чадварт сэтгэл дундуур байдаг хэр нь ой тогтоолтоо сайжруулахад юу хийх шаардлагатайг тэр бүр мэддэггүй юм. Тэгвэл юуны түрүүнд сайн ой тогтоолттой байхад анхаарал онцгой ач холбогдолтой. Ямар нэг зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлж чадвал бидний тархинд тухайн мэдээлэл илүү тодорхой сууж өгдөг байна. Анхаарал төвлөрөөгүй үед ямар нэг зүйлийг тогтоох боломжгүй болдог. Аль болох олон мэдрэхүй ажиллах тусам анхаарал илүүтэй төвлөрдөг бөгөөд энэ үед бүр жижиг зүйлсийг ч анзаарч тогтоож авдаг юм.

Өдөр тутмынхаа амьдралд хэсэг зуур боловч пауз авч байх хэрэгтэй. Пауз, түр завсарлага авах нь эрэгцүүлэн бодох, нөхцөл байдлыг дүгнэх, буруу шийдвэр гаргахаас зайлсхийхэд тустай байдаг юм. Тухайлбал, гэрээсээ гарахын өмнө хэсэгхэн пауз авч, цахилгаан хэрэгслэлээ салгасан эсэх, цонхоо хаасан эсэхийг шалгаж ажиглаж бай.

Заримдаа ямар нэг зүйлийг тун амархан тогтоочихдог бөгөөд энэ нь таны мэдлэгийн хүрээнээс хамаардаг байна.
Аливаа зүйлийг тогтоох хамгийн ашигтай аргын нэг бол давталт. Тухайлбал ямар нэг чухал материалыг долоо хоногийн дараа эргэн санах шаардлагатай бол яах хэрэгтэй вэ. Үүний тулд анх уншсанаасаа хойш хорин минутын дараа дахин нэг хар. Түүнээс хойш найман цагийн дараа, цаашлаад нэг хоногийн дараа гэх мэтээр дахин давтан унших хэрэгтэй.
Ой тогтоолт сайтай байхад бас зөв хооллолт маш тустай. Тархины эд эсүүдийн тогтоох чадварыг сайжруулахад ханаагүй тосны хүчил зайлшгүй шаардлагатай. Ханаагүй тосны хүчил нь тархины цусан хангамжийг сайжруулахын зэрэгцээ, тархины эд эсэд илүү тэжээл болдог.

Харин ханаагүй тосны хүчил нь ургамлын тос, шош, олив, наранцэцгийн тос, самар, үрэнд баялаг агуулагддаг. Үүнээс гадна хүрэн манжин, лууван, будаа, загасанд их байдаг нүүрс ус ч тархины үйл ажиллагаанд онцгой чухал үүрэгтэй. Мөн төмөр, магни, цинк зэрэг микро элэментүүд, А, В, Е аминдэмүүд ч тустай.

Нас ахих тусам хүний ой тогтоолт огцом мууддаг. Энэ нь тархинд явагддаг жам ёсны үзэгдэл бөгөөд мэдээллийг бүрэн төгс хүлээж авах чадварт нөлөөлдөг аж. Харин сүүлийн үед ой тогтоолттой холбоотой хүндрэл нь залуу хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагдах болсон байна.

Ой тогтоолт муудах явц ийнхүү залуужиж буйн гол шалтгаан нь стресс, сэтгэлийн дарамт, хэт ядрах явдал гэнэ. Мөн жил ирэх тусам бидний амьдарч буй орчны мэдээллийн урсгал улам бүр нэмэгдэх болсонтой ч холбож үзэх хэрэгтэй. Юу гэвэл энэ их мэдээллийг хүмүүс өдөр бүр хүлээн авч, санаатай бас санаандгүйгээр ой ухаандаа тогтоон авч байдаг.

Иймд сэтгэл зүйчид залуу болон дунд насны хүмүүст зориулж өөрийнхөө ой тогтоолтыг хэрхэн сайжруулах тал дээр 8 ашигтай зөвлөгөөг боловсруулан гаргажээ.

Зөвлөгөө:

Нэг:
Ой ухаанаа хэт их ачааллах хэрэггүй. Үүний тулд хуанли, электрон сануулга ашигла. Бас дэлгүүрээс юм худалдан авах бол тухайн зүйлийнхээ нэрсийг жагсаан бич. Бас утасны лавлах, хаягийн жагсаалтыг ашигла. Гэртээ гэхэд, түлхүүр, гар утас, цаг гээд өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсээ байнга тавих байрлалыг тусгайлан гарга.

Хоёр: Бодол санаагаа цэгцэлж байх хэрэгтэй. Ялангуяа шинэ мэдээллийг авахдаа товч, гол хэсгийг нь л тогтоож ав.

Гурав: Аливаа мэдээллийг баттай тогтоож авахын тулд ой тогтоолтын бүх л аргыг хэрэглэ. Ингэхдээ аль болох мэдрэмжээрээ бас утгыг нь холбож бодохыг хичээгээрэй.

Дөрөв: Зайлшгүй тогтоох ёстой мэдээллийг дахин давтан олон удаа унш. Илүү хялбар арга нь уг мэдээллийг өөр хэн нэгэнд давтан ярих явдал.

Тав: Завсарлага авч бай. Нэг зүйлийг богино хугацаанд олон арав дахин давтсан бол цаг хэртэй түүнээс хөндийрч амрах хэрэгтэй. Ингэж амарсныхаа дараа эргээд тухайн зүйлээ дахин уншиж, судла.

Зургаа: Аливаа данс тооцоог тогтоох шаардлагатай бол ямар нэг код, томьёолол зохио. Ингэвэл илүү хялбар цээжлэгдэх болно.

Долоо: Ой тогтоолтыг сайжруулах курс, дамжаанд сууж байх хэрэгтэй. Ингэхдээ энэ чиглэлийн судлаач, эмч нарын явуулдаг дамжааг сонговол илүү үр дүн сайтай байх болно.

Найм: Аль болох их амарч, бие болон сэтгэл санааны тайвширлыг олж байх хэрэгтэй. Үүний тулд шөнө нойроо сайн авах, амралт ажлаа зөв зохицуулах шаардлагатай. Ингэж чадвал амралт нь таны ой тогтоолт сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ.

Энэхүү зөвлөмж мэдээллийн эх сурвалжийг http://news.gogo.mn/r/54702 сайтаас авав.

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 5/6/09 23:39 )

Bayrlala

KYo said... ( 7/6/09 20:13 )

Uneher heregtei zuil bna shu! enig sain mordvol yu ch martaxgui bas tolgoi ovdoxguin hehe

Anonymous said... ( 22/10/09 18:18 )

сайхан хэрэгтэй мэдээлэл байна. Батцэнгэлд баярлалаа (IFE-н нөхдүүдээс ...)

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...