CL Review: Тэнцээгээр дүүрэн үдэш...

2009-04-08 uundaa бичсэн.

Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний шилдэг 8 багийн эхний тоглолтууд явагдлаа. Блог та бүхэндээ явагдсан 2 тоглолтын товч тоймыг танилцуулж байна.

Манчестер Юнайтед 2:2 Порту
Энэ өдөр цомыг хамгаалагч Манчестер Юнайтед өөрийн Олд Траффорд цэнгэлдэхдээ Португалийн аварга Порту клубыг хүлээн авч тоглосон юм. Премьер лигийн сүүлийн тойрогт Астон Вилла багтай хийсэн хүнд хэцүү тулааны дараа Сэр Алекс Фергюсоны багт өнгөрсөн тоглолтонд торуулийн улмаас оролцоогүй П.Скоулз, У.Руни, Н.Видич нар нэгдсэн бөгөөд 35 настай Уэльс эр Р.Гиггзийг энэ удаа сэлгээнд суулгажээ. Довтлогоонд У.Руниг дэмжих үүрэгтэйгээр Пак Жи Сун болон К.Роналду нар тоглож талбайн төвд Д.Флетчер, М.Каррик, П.Скоулз нарыг гаргасан байна. Хамгийн асуудалтай байгаа хамгаалалтын шугамд хашир туршлагатай Г.Невиллийн оронд Ж.О'шиг, гэмтэлтэй багийн ахлагч Р.Фердинандын оронд Н.Видич болон П.Эвра, Ж.Эванс нар хаалгач Э.Ван дер Сарын хамтаар 5 жилийн өмнөх өшөөгөө авахаар гарсан байна.
2004 онд Порту аварга болох замдаа Манчестер Юнайтедыг "мулталж" байсан, дээрээс нь лигийнхээ өмнөх тойрогт чухал ялалт байгуулснаар дараагийнхаа багаас 4 онооны илүүтэй болж, лигээ тэргүүлж буй Порту энэ удаа өмнө тоглодог байсанчлан 4-3-3 хувилбараар тоглохоор гарч ирсэн байна. Довтлогоонд бразил довтлогч Халкийг дэмжин мэргэн буучдын жагсаалтанд багтаж байгаа Лисандро болон уругвай довтлогч К.Родригез нар тоглосон бөгөөд бусад тоглогчдын байр төдийлөн солигдсонгүй.
Тоглолт хэний ч төсөөлөөгүйгээр эхэлж, Порту багийнхны эрчтэй, аваргуудаас үл зүрхшээсэн тоглолтоор эхэллээ. Улмаар Лисандро, К.Родригез нар тоглолт дөнгөж эхлээд л Ван дер Сарыг туршаад амжив. Харин сүүлийн үед тун амжилттай тоглож, Хойд Ирландын шигшээ багтаа дуудагдах болсон Ж.Эванс тун хариуцлагагүй тоглолтыг өөрийн 16-ын шугам дээр хийж, улмаар К.Родригез түүнийг нь ашиглан хаалгач Ван дер Сарын баруун доод буланд солгой хөлний гайхалтай цохилтоор гоол хийн салхийг хагалсан юм. Ерөөс энэ гоол ороогүй байсан ч Порту хэд хэдэн боломжоо ашигласан бол дахиад хэдэн ч гоолыг хийх боломжтой байлаа. Аргагүй л "Вондерсэйв" хаалгаа найдвартай манасны ачаар "улаан"-ууд ганцхан л гоол алдлаа. Харин Португалын шигшээ багт дуудагдаж байгаа Бруно Алвес хашир тоглогчоос гарамгүй хайнга алдааг гарган хаалгач Хэлтонд дутуу бөмбөг өгснийг хамгаалагчдын хойгуур "гүйж" явсан У.Руни ашиглан улмаар төгсгөлийг ч гайхалтай хийн гоол хийж онооны харьцааг тэнцүүлэв. К.Роналду болон Д.Флетчер ч нар Маню-аас идэвхтэй тоглон, довтлогоог дуусгаж байв. Илт ядралттай байгаа нь мэдрэгдэх П.Скоулз, М.Кэррик нар талбайн төвд яг үнэндээ үүргээ маш муу гүйцэтгэлээ, тэдний эсрэг Р.Мэйрэлэш болон Лучо Гонзалез нар хамаагүй илүү тоглон, тоглолтыг уншиж, найруулан, МанЮ-ийн хамгаалалтыг хялбархан сэтэлж, замбааргүй болгож чадаж байсан юм.
Тоглолтын 2-р үе эхлэхэд улаан чөтгөрүүд арай илүү итгэлтэй тоглож эхэлсэн. Гэхдээ л П.Скоулзын оновчгүй дамжуулалт, М.Кэррикийн итгэлгүй тоглолт хэвээрээ л байлаа. К.Роналду ч өнөөдөр ид шидийг бүтээх хувьгүй байсан бололтой. Гэвч тэдэнд нэг баатар байсан нь сэлгээгээр орж ирсэн К.Тевез байлаа. У.Рунигийн ухаалаг өсгийдөлтийг довтлогч хүний мэдрэмжээ ашиглан гайхалтай дуусгаж, 85 дахь минутанд гоол хийж МанЮ давамгайлж эхэлсэн юм. Яг энэ үед хүн бүхэн болдог юм болдгоороо л боллоо гэж бодож байсан биз, гэтэл Портучууд, сэлгээгээр гарч ирсэн Мариано Гонзалезын бодол өөр байжээ. МанЮ-ийн хамгаалалтын ахиад л нэг бүдүүлэг алдаанаас болж ямар ч хүнгүй ганцаараа сул үлдсэн Марианод Лисандро гайхалтай хөндлөн дамжуулалт өгөн улмаар гоол хийн онооны харьцааг тэнцүүлэх нь тэр. Олд Траффорд байтугай, МанЮ-ийн хаалганд гоол хийх хэцүү байсан цаг нэгэнт өнгөрч, Ливерпүль 4 гоолыг, Фулхэм 2 гоолыг, Астон Вилла 2 гоолыг хийсэн бол энэ удаа Порту 2 гоол хийж, давуу байдлыг өөртөө авчирч чадлаа. Энэ юу гэсэн үг вэ? Манчестер Юнайтедыг хожих тийм ч хэцүү биш болжээ!!!
Халк vs Шрек. Энэ тулаанд МанЮ-ийн Шрек арай илүү тоглосон гэж хэлж болно. Тэрбээр тун ухаалаг дамжуулалтуудыг хийж, дээрээс нь хаалгачид аюул тарихуйц олон довтлогоог хийж байлаа. Харин Халк өөрийн хүчирхэг биеэ ашиглан МанЮ-ийн "туриа" биетэй хамгаалагчдыг аргалан, 16-ын шугам дотор орж ирэн аюул тарьж байсан. Торгуулийн цохилт ч өгч болох хэд хэдэн алдааг авсан хэдий ч шүүгч тоосонгүй.
Юутай ч Порту эхний даалгавраа биелүүллээ. Тэд Английн багт талбай дээрээ хэзээ ч хожигдож байгаагүй бөгөөд Фергюсоны шавь нар түүнийг нь эвдэж чадах эсэхийг бид дараагийн долоо хоногт харах боломжтой болно.
Вийяреал 1:1 Арсенал
Эл Мадригал цэнгэлдэх хүрээлэнд Испаний Вийяреал клуб 2006 онд хожигдсон өшөөгөө авахаар Лондоны Арсеналыг хүлээн авлаа. Тэд тэр оны Аваргуудын лигт, гэхдээ хагас шигшээд хоорондоо тааран А.Хлебийн цорын ганц гоолын ачаар Арсеналчууд финалын тоглолтонд шалгарсан түүхтэй. Гэвч тэр үеэс хойш хэдхэн жил өнгөрсөн ч 2 багийн бүрэлдэхүүн аль аль нь багийн бүрэлдэхүүн бараг бүгд шинэчлэгдэн, цөөн хэдэн тамирчин үлдсэн байгаа юм. Тухайн үеийн багийн лидерүүд Т.Анри, Х.Рикельме нар багаа орхин, харин М.Сенна, Ф.Фабрегас нар тэдний орыг авчээ.
Арсеналын хувьд лигтээ сүүлийн 4 тоглолтонд дараалан хожил авч, форм сайтай байгаагаа харуулаад байгаа. Ялангуяа гэмтлээсээ эргэж ирээд л 2 гоол хийсэн Адебайор, түүнийг дэмжин мөн л гэмтлээс ирсэн Т.Уалкотт, мөн С.Насри нар довтлогоонд тоглосон. Хамгийн чухал нь багийн ахлагч Ф.Фабрегас гарааны бүрэлдэхүүнд багтсан явдал байлаа. Харин Вийярреалын хувьд бараг эсрэгээрээ. Гол тоглогчдын нэг, шигшээгийн тоглогч С.Карсола гэмтэл аван, лигийнхээ сүүлийн тойрогт бараг оутсайдер Альмериад 3:0-ээр уншуулсан гээд л. Гэхдээ багийн ахлагч М.Сенна эгнээндээ ирж, формондоо орсон байсан юм.
Тоглолт "шар шумбагчид"-ын ялимгүй давуу байдалтайгаар эхэлсэн. Тэгээд ч талбайн эзэд өөрсдийн нутагтаа Аваргуудын лигт ганц ч хожигдож үзээгүй, дээрээс нь энэ жил Манчестер Юнайтед багтай тэнцэж, басч болохооргүй өрсөлдөгч гэдгээ харуулсан билээ. Улмаар 10 дахь минутанд багийн ахлагч Испаний шигшээ багийн гол тоглогчдын нэг Маркос Сенна 25 орчим метрээс гайхалтай цохилт хийн гоол хийн тэргүүлж эхэлсэн. Үүгээр ч зогссонгүй хэд хэдэн аюултай довтлогооныг хийж байсан ч дуусгаж чадсангүй. Харин Арсеналчууд их л гарзтай нэгдүгээр үеийг дуусгалаа. Хаалгач М.Альмунья, хамгаалагч У.Галлас нар гэмтэл аван талбайг орхиж, А.Венгерийн хувьд ашиггүй 2 ч сэлгээ хийх нь тэр. Арсеналд гологдон Испанид ирсэн франц залуу Р.Пирес сэлгээнээс удаа гарч ирэн багтаа тийм ч тус болж чадаагүй ч нөлөөтэй тоглолтоороо залуусаа удирдаж байв. 2 багийн хамгаалагчид, ялангуяа Х.Капдевилла, Б.Санья нар тун сайн тоглосныг дурьдах хэрэгтэй. Залуу буучид зүгээр байсангүй, Диего Лопезыг хэд хэдэн удаа шалгаад амжив. Ф.Фабрегас хаалттай цохилт цохин гоол хийсэн хэдий ч шүгэл үлээгээгүй байсан тул түүнийг нь тооцоогүй ч Арсеналчууд хэрэгтэй нэг гоолоо 2-р үе эхлээд, 66 дахь минутанд Того довтлогч "Одбаяр" цээжин дээрээ бөмбөгөө тогтоон улмаар унаж татан гоол хийж оноог тэнцүүлсэн юм. Магадгүй энэ улирлын хамгийн шилдэг гоол болох биз ээ. Үүнээс хойш 2 багийнхан ээлжлэн довтлогоог хийж байсан ч талбайн эзэд арай давамгай тоглосоор тоглолт өндөрлөлөө.
Юутай ч залуусаас бүрдсэн А.Венгерийн баг үүргээ биелүүлсэн, тэд одоо өөрсдийн Эмирэйтс цэнгэлдэхдээ хожигдохгүй, их гоол алдчихгүй байхад л болно.

4 сэтгэгдэл:

Bilguun said... ( 9/4/09 00:07 )

Novshiin shunu.Gehdee yhvee yhv.Harj l baiy do...

Anonymous said... ( 11/4/09 01:59 )

manutd daragin togloltond hojnooo, harj l baigaarai.

Mahaona said... ( 12/4/09 20:19 )

ene nogoo goshgordog shono baina hehe

Byambaa said... ( 13/4/09 17:22 )

ManU, Arsenal 2 odoo erh bish hojchih bailguidee

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...