Их Монгол Улсын бутралын эхлэл( III хэсэг)

2009-03-23 Tsengel бичсэн.

Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ.

Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, “Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ?” гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх “миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ” гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж, харин түүнтэй талцан хамт явсан ноёдыг “алтан ураг”-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ. Хубилай хаан ширээ булаалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ. Хубилайд Аригбөх дийлдэсний гол шалтгаан нь хүчин чадлын тэнцүүргүй байсанд оршино. Монгол гүрэн нэгэнт задран бутарч эхэлсэн учир эзэнт гүрний төвийн хүч ихэд суларч, Аригбөх эцэстээ ганцаардахад хүрчээ. Гэтэл Хубилайн захиргаанд өмнө зүгт байлдаж явсан монгол цэргийн гол хүч байсны дээр хятадын цэрэг, эдийн засгийн нөөц баялгыг ашиглан, Аригбөхийг эсэргүүцэн тэмцэх бололцоо нөхцөл бүрдсэн байна. Аригбөх, Хубилайн тэмцлийн тухай БНМАУ-ын гурван боть түүхийн тэргүүн ботид “Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөө тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж монголыг урьдын адил гүрний төв хэвээр үлдээхэд чиглэгдэж байжээ” хэмээн дүгнэн бичжээ. “Хубилай хятадын талыг барьсан хүн байсан учраас монгол орныгоо хүндэтгэн үзэгч бүлгээс Хубилайтай тэмцэл хийх нь зүй ёсны хэрэг байв” хэмээн Ивамура Кафуджи нар бичжээ. Хятадын зарим түүхчид ч Аригбөх, Хубилай хоёрын тэмцлийг нэлээд зөв үнэлж байжээ. Жишээлбэл: Чжоу Гучэн бичсэн нь: “Мөнх хаан нас барсны дараа Хубилай 1260 оны хавар 3-р сард хуучны горим дүрмийг эвдэж олон ноёдын их хуралдайны шийдвэргүйгээс дур мэдэн... өөрөө хаан болсон юм” гэжээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хоорондын тэмцэл нь дундад зууны үед хаан ширээний төлөө удаа дараа гарч байсан хаан хөвгүүдийн хоорондын тэмцлийн нэгэн байсан боловч, хэргийн явц эцсийн үр дүнгийг нь авч үзвэл Аригбөхийнх нь тэмцэл монгол улсын төрийн уламжлалт заншлыг баримтлан Их хуралдайг монгол газар хуралдуулж, улс орныхоо төвийг уугуул нутагт хэвээр төвлөрүүлэх дэвшилт чиглэл бүхий, нөгөө Хубилайнх төрийн уламжлалын хэв ёсыг зөрчиж монгол улсын нийслэлийг харь улсад шилжүүлэн аваачих гэсэн сөрөг хандлага бүхий ажээ.

1 сэтгэгдэл:

uundaa said... ( 27/3/09 00:11 )

...Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж монголыг урьдын адил гүрний төв хэвээр үлдээхэд чиглэгдэж байжээ...энэ шдээ тэ,бас тэр Хубилайн хэлсэн үг нь нээх зэвүүн, хариулт нь ч бас дутахгүй л юм байналдаа хэхэ...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...