Соёмбо

2009-03-18 Tsengel бичсэн.


Соёмбо үсэгний билэгдэл:



(Соёмбо үсгээр
"Монгол")





Соёмбо бол монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байгаа билээ.
Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлэгдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэдэг заншилтай.
Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд монгол түмний ашид мандан бадрахын бэлэгдэл болдог.
Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайснийг дарах гэсэн утгатай юм.
Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг.
Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм.
Соёмбын хоёр хажуугийн босоо тэгш өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэгтэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ.
Ийнхүү монголдчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон,төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.

1 сэтгэгдэл:

uundaa said... ( 19/3/09 01:31 )

...ммм, их хэрэгтэй мэдээлэл байна шүү, тэр зураг нь их таалагдлаа, МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...