Аваргуудын Лигийн тойм!!!

2009-02-25 uundaa бичсэн.
Өнгөрсөн шөнө удтал хүлээлгэсэн цэнхэр гарагийн ногоон талбай дахь цусгүй тулаануудын магадгүй энэ жилийн хамгийн хамгийн сонирхолтой нь байж болох Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын Лигийн тэмцээний хасагдах шатны эхний тоглолтууд явагдлаа.
Бидний хамгийн хүсэн хүлээж байсан тулаанууд болох Итали болон Английн багуудын өрсөлдөөн, Франц болон Испаний лигийг тасархай тэргүүлэгчдийн тоглолтууд явагдаж өнгөрсөн. Ингээд та бүхэнд өчигдөр шөнө болсон тоглолтын товч тоймыг хүргэе.


Интернационал Милан 0:0 Манчестер Юнайтед

"Улаан чөтгөрүүдийг там руу нь буцаах болно" хэмээсэн Интерийн Португали мэргэжилтэн Жозе Моуриньо болон клубын хэмжээнд авч болох бүхий л цомыг нэг бус удаа бараг аваад үзчихсэн эрхэм Сир Алекс Фергюсон нар хоорондоо дахин учирлаа. Челсиг удирдаж байхдаа 2 жил дараалан Премьер Лигт түрүүлэн, аль Портуд байхдаа л Аваргуудын Лигт түрүүлээд үзчихсэн Special One-д үнэндээ илүү боломж байсан юм. 1-рт тэд талбай дээрээ тоглож буй, 2-рт гарааны бүрэлдэхүүн дэх бүхий л тоглогчид нь түүнд байлаа. Харин Манчестер Юнайтедын хувьд хамгаалалтын шугам асуудалтай байсан бөгөөд тэдэнд багийн туршлагатай жигүүрийн хамгаалагч Гари Невилл, ирээдүй гэгдэж буй Рафаель, мөн саяхан Премьер Лигийн сарын шилдэг тоглогчоор шалгарсан Неманьяа Видич, мөн Уэс Броун нар нь эзгүй байсан. Ингээд Эвра, Фердинанд болон тоглох эсэх нь эргэлзээтэй байсан Жон О'Шеа, Жонни Эванс нарын эсрэг Адриано болон Ибрагимовичийн хослол гарсан ба хэд хэдэн өөрчлөлтийг хийн, Даррен Флечер, Пак Жи Сунг гарааны бүрэлдэхүүнд багтаан Р.Гиггз, М.Каррик нарын хамт хагас хамгаалалтын шугамд тавьсан юм. Харин Моуриньогийн хувьд Станкович, Мунтари, Камбиоссо нарыг сонгожээ. Уэйн Руни энэ удаа сэлгээний сандалд суун тоглолтыг эхлүүлж, Бербатов, Роналду нар Интерын хамгийн хүчирхэг гэж хэлж болохуйц хамгаалалт болох Занетти, Киву, Майкон, Ривас нарын эсрэг тоглох боллоо.
Тоглолтын эхний үе ерөнхийдөө Улаануудын давамгай байдал дор өндөрлөсөн. Интерчүүд манантай Жузеппиа Меаццадаа алдаа хийхээс өөр юуг ч хийж чадахгүй байлаа. Шүүгчид ч Интерын эсрэг байгаа гэмээр байдлыг хэд хэдэн удаа гаргасан бөгөөд эхний үед төдийгүй нийт тоглолтын турш Хулио Сезар нэлээн чухал хаалтуудыг хийн багаа хожигдлоос аварсан гэж хэлж болно. Тэр тусмаа Криштиану Роналдугийн чөлөөт цохилтууд болон булангийн цохилтоос мөргөсөн бөмбөгүүдийг хамгаалсан хаалтуудыг энд дурьдахгүй байхын аргагүй. Бербатов, Гиггз нар хамгаалагчдыг хөнгөхөн аргалан аюултай довтлогоонд оролцон Кэррик ч гэсэн гайхалтай найруулж байлаа. Гэсэн ч тэдэнд төгсгөл хийх хүн олдсонгүй.
2-р үеийн эхнээс буюу 1-р үеийн сүүлийн хагасаас Интерийн тоглолт орж эхэлсэн юм. Адриано-Ибрагийн хослол ч гайхалтай тоглох болж, Камбиассогийн идэвхтэй тоглолт уран дамжуулалтууд болон найруулгын ачаар тоглолтыг санаачлагыг авах болсон. Камбиассо, Станкович нарын довтлогоог энд бичиж болох ч бас л гоол оруулж чадсангүй. Тоглолтын төгсгөлд 2 дасгалжуулагчид нууц зэвсгүүдээ буюу Моуриньо залуу довтлогч Балотелли, хашир бурхи Хулио Круз нарыг гаргсан бол Фергюсон Уэйн Руниг талбайд илгээв. Гэвч тэдэнд юуг ч хийх боломж байсангүй, цаг дэндүү бага байлаа.
Энд Жонни Эвансын тоглолтыг мөн магтахгүй байхын аргагүй. Залуу хамгаалагч энэ тоглолтоо удтал санах нь гарцаагүй юм, төвийн шугамд хослон тоглосон Рио Фердинандын магадгүй энэ улирлын хамгийн муу тоглолтыг там болгохоос зөвхөн тэр л аварсан билээ. Браво Эванс...
80,000 орчим хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Интер хожил авч чадсангүй, харин ч Хулио Сезарын ачаар гоол алдсангүй. Криштиану Роналдуд багахан аз байсан бол үр дүн ямар ч байх байсныг хэлж мэдэхгүй нь. Юутай ч онооны харьцаа 0:0, МанЮ илүү давамгай байдалтай боллоо. Тоглолтын дараа Моуриньо Фергюсонтой гар барихгүй "зугтсан" хэмээн хэвлэлүүд шуугиж байгаа ч тэрээр хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол санаандгүй зүйл" хэмээгээд Олд Траффордод хожил авах дуртай, авдаг тухайгаа ч цухуйлгаж амжжээ.

Олимпик Лион 1:1 Барселона
Францын аваргаар сүүлийн 7 жил тасралтгүй тэргүүлж байгаа Лиончууд энэ жилийн гол түрүүлэх магадлалтай баг Каталаны нэр хүнд Барселонаг Стаде Жерланддаа хүлээн авч тоглон 40,000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхалтай тоглолтыг үзүүллээ. Тоглолтын эхэнд л хаалттай цохилтоороо алдартай багийн лидер Жуниньогийн үнэхээр агуу цохилт Валдезийн хаалганд орсон. Хэдийгээр Эспаньолд амралтаар хожигдсон ч гэсэн Барселонагийн тоглолт, ялангуяа хагас хамгаалалт үнэхээр сайн байсан боловч гоол алдснаасаа хойш идэвхтэй болох нь уу гэтэл эсрэгээрээ сандарч, замбараагүй болж эхлэв. Үүнийг нь ашиглаад ч Лион хэд хэдэн гоолны момент гаргаж ирсэн, К.Кейта, Менса болон Эдерсон нар боломжийнхоо ядаж нэгийг ашигласан бол боломж Лионд ирэх байлаа. Гэхдээ К.Бенземагийн үнэхээр хэцүү байдлаас уран цохисон цохилт хаалганы шонг оносон нь оргил боломж байсан гэж хэлж болох юм. Харин яг 1-р үеийн төгсгөл, 2-р үеийн эхнээс Барселона илүү давуутай болж эхлэн улмаар тоглолтын санаачлагыг авч эхэллээ. С.Это'о, Л.Месси нар идэвхтэй байж, тэнцээний бөмбөгийг хийх нь үү гэтэл тэр хүн нь Францын гоолын машин Тьерри Анри байлаа. Хэдийгээр толгойгоороо тийм ч их гоол хийдэггүй ч Анригийн байрлалаа маш зөв эзэлсэн байдал нь гоол ороход хүргэн улмаар Барселонад маш давуутай байдлыг авчирсан юм. Үүнээс хойш Лиончууд илт ядарсан нь мэдэгдэж, Барса ч илүүтэй довтлож эхэлсэн ч экс Ницца багийн хаалгач Лльорисийн учрыг олж чадахгүй л байлаа. Гэхдээ сэлгээгээр орж ирсэн Ким Кальстром болон Бензема нар тоглолтыг төгсгөлд аюултай довтлогоог зохион байгуулсныг дурьдах хэрэгтэй. Иньестаг орлосон залуу тоглогч Бускет өндөр түвшинд тоглох болсноо энэ тоглолтоороо харуулж чадлаа. Харин эхэнд алдсан гоолоос болж тоглодгоосоо урагшлан тоглох шаардлагатай болсон Я.Туре тийм ч сайн тоглосонгүй. Л.Мессигийн ашиггүй тоглолтын шалтгаан Ф.Гроссо байж болох юм. Гроссо үнэхээр идэвхтэй тоглосон. Гэвч Жуниньо энэ тоглолтын баатар байлаа, зөвхөн гоол хийснээр зогсохгүй түүний найруулга, дамжуулалтууд үнэхээр энэ тоглолтыг чимж байлаа. Эсрэг багаас Хави л түүнд арай дөхөх биз ээ.
Эхний тоглолтын дараа Каталаны багт илүү ашигтай байдал харагдаж байгаа ч бөмбөг бөөрөнхий гэдгийг, аа гэхдээ бас уруу газраа өнхөрдөг гэдэгтэй хамт санахад илүүдэхгүй биз...

Арсенал Лондон 1:0 Рома
2 баг 2-уул лигтээ тийм ч сайн тоглохгүй байгаа учраас энэ тэмцээнд маш их ач холбогдол өгч байсан ч аль аль багийн зарим нэг тоглогчид энэ тоглолтонд оролцох боложмгүй байсан нь сонголтын асуудалд багийн дасгалжуулагчдыг орууллаа. Арсене Венгерийн багт Т.Росицки, Э.Адебайор, Т.Уалкотт, Эдуардо нар нь гэмтэлтэй, дээрээс нь Аршавин тоглох боломгүй байсан бол, Ромагийн гол довтлогч М.Вучинич, гол хамгаалагч Хуан, А.Аквилани, Сисиньо нар нь талбай дээр гарах боломжгүй болжээ.
Тоглолтын эхнээс Арсеналчууд илт илүүрхэж Эмирейтсд зөвхөн ялалтын төлөө тоглож байгаагаа үзүүлж буй тоглолтоороо харуулсаар байлаа. Эхний боломжийг Н.Бендтнер үгүй хийсэн. Ер нь ч Бендтнер энэ өдөр жинхэнэ угаалгын машин шиг ажиллаж байлаа. Улмаар Насри болон Ван Перси нар тун идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан ч Рома эхнийхээ довтлогоогоор л гоол хийх дөхлөө. Өвлийн наймаагаар авсан Мотта нь 30 орчим яардаас гайхлтай цохилт гүйцэтгэснийг Алмуньяа хурууныхаа дөнгөж үзүүрээр хааж амжлаа. Гэвч энэ Ромагийн хувьд бараг сүүлчийн боломж байлаа. Их буучид улам идэвхтэй болсоор 30 дахь минутанд Франц хамгаалагч Мексес Ван Перси дээр алдаа гарган улмаар торгуулийн цохилтыг хохирогч өөрөө гүйцэтгэн онооны харьцааг 1:0 болгосон юм. Үүнээс хойш Донигийн ачаар Рома нэмж гоол алдаагүй гэж хэлж болно. Арсенал үнэхээр илүү байлаа. Д.Де Росси шар хуудас авснаар Олимпикод тоглох тоглолтонд оролцох боломжгүй болсон нь хамгийн харамсалтай зүйл болсон. Түүнийг Пизарро орлох биз ээ. 2-р үеийн эхэнд Арсеналчууд 9-үүлээ тоглолтыг эхлүүлсэн нь хачирхалтай зүйл болсон, багийн ахлагч болон экс ахлагч К.Туре, У.Галлас нар хувцас солих өрөөнөөс хоцорч гарч ирснээс энэ явдал болсон юм. Ромагийн довтлогооны хослол Тотти, Баптиста нар бараг юу ч хийж чадсангүй, гэхдээ Вучинич нэмэгдвэл тэднээс юу ч ирж болох юм. Финалын тоглолт болох Олимпикодоо тоглохын тулд Ромачууд дараагийн хариу тоглолтонд илүү олон гоол хийх шаардлагатай боллоо. Гэхдээ Английн багт илүү боломж байгаа мэт харагдаж байна.

Атлетико Мадрид 2:2 Порту
Бусад тоглолтууддаа дарагдан, хүмүүсийн сонирхлыг тэгж их татаагүй хэдий ч энэ тоглолт эхнээсээ л үзүүштэй болох нь тодорхой байсан гэж хэлж болно. Аль аль нь үзүүштэй тоглодог, дээрээс нь довтлогоог эрхэмлэсэн учраас олон гоол орох байх гэсэн шинжээчдийн дүгнэлт талаар болсонгүй. Тоглолтын салхийг С.Агуэрогийн уран дамжуулалт, Д.Форланы ухаалаг салалтын ачаар М.Родригез тун сайн төгсгөлийг хийн хагалсан. Үүнээс хойш л зочид тоглолтын санаачлагыг аван тоглох болсон. Сүржин нэрт Бразил довтлогч Халк гайхалтай тоглон Антонио Лопез, Уйфалуши нарыг хөнгөхөн аргалаад довтлогоогоо төгсгөөд байв. Улмаар Порту 28 дахь минутанд зорилгодоо хүрэн Лисандро Лопез Паблогийн гаргасан том алдааны ачаар 16-ын шугам дотор ганцаархнаа үлдэн улмаар гоол оруулсан. Халк, Лисандро нар хаалгачийн эсрэг нэг бус удаа гарсан ч туршлагатай хаалгач Лео Франко түүнийг нь зогсоож чадаж байлаа. Порту бөмбөгийн илүүтэй эзэмшин, Висенте Калдерон цэнгэлдэхэд нь яг л талбайн эзэд шиг аашилж байх тэр мөчид буюу 1-р үеийн шүүгчийн мэдлийн минутанд Д.Форлан азаа үзсэн цохилтыг хийх нь тэр. Хүн бүхэн түүний оролдлого амжилтгүй болон шүүгч шүглээ үлээнэдээ хэмээн бодож байтал хаалгач Хелтон уучилж баршгүй алдаа гарган бөмбөгөө гарнаасаа алдан улмаар гоол алдан Атлетико ахин тэргүүлж эхэллээ.
2-р үед Порту бүр давуу тоглож эхэллээ. 57 дахь минутанд Рауль Гарсиа Атлетикогийн энэ үеийн цорын ганц аюултай довтлогоог хийсэн бөгөөд Лисандро, Халк нар аюул учруулсаар, гагцхүү хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэднийг ивээхгүй л байсан юм. Гэхдээ 72 дахь минутанд зүүн жигүүрээс Сиссокхогийн дамжуулсан бөмбөгийг Лисандро Лопез ямар ч алдаагүй чулуу болгосноор оноо дахин тэнцсэн. Тэнцсэн ч санаа нь амраагүй Портучууд давуу тоглосоор тоглолтыг дуусгасан юм.
Хариу тоглолт ямар ч болж магадгүй ч яг одоогоор Португийн фенүүд илүү баяртай байгаа нь тодорхой юм. С.Агуэрогийн тоглолт орчихвол Атлетико шиг довтлогоотой баг үгүй мэт болох ч Порту ч гэсэн Аваргуудын Лигт азтай ордог, аварга баг гэдгийг мартаагүй гэж найдаж байна...

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 26/2/09 21:28 )

Интер үнэхээр санаанд хүрэхээргүй тоглосон би бүр 2-р үе дээр нь нам унтцан байна лээ. Дараагийн тоглолтондоо илүү анхаарахгүй бол хүнд байдалд орох болно до .

Bilguun said... ( 3/3/09 20:26 )

ManU ugaasaa laanoo.ManU bol ManU shuu de!!!

Bilguun said... ( 3/3/09 20:27 )

Hariu toglolton dr Inter ch hundrene de! Haha.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...