131dg 2008 онд: 5-р сар [Дурсамжаар дүүрэн сар]

2009-01-02 uundaa бичсэн.
5-р сар бусад хаврын өдрүүд шигээ адал явдлаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин, олз омогтой сар байсан ч сургуулийн дүрэмт хувцсаа өмсөх цаг мөч маань бидэнд дахиж эргэн ирэхгүй холдон одсоор, мөнгөн хонхны жингэнээг сүүлчийн удаа сонсон хонхны баяраа хийн, 10 жилийн амьдралтайгаа салах ёс гүйцэтгэсэн хүндхэн сар байсан юм.

Энэ сар олимпиад тэмцээн, уралдаан, шалгалтуудаар дүүрэн байлаа. Уламжлал ёсоор сургууль дээр лам ирж ном уншин олимпиадынхны зам мөрийг засаж, ивээлдээ "авах" ёслол гүйцэтгэсний дараа Монгол Улсын Математикийн 44-р Олимпиад явагдан, энэ олимпиадад манай 131dg гал одтой наадаж, боломжит 6 медалийн 4-ийг нь, авах авахдаа эхний 4 байрыг нь хурааж, Э.Тэмүгэ Монгол Улсын аваргаар 2 дахь удаагаа тодорч, Н.Бямбажав, Б.Мягмаржав нар мөнгөн медаль, Г.Оюундарь хүрэл медалиар энгэрээ мялаалгав. Түүгээр ч зогссонгүй Н.Бямбажав Монгол Улсын Физикийн олимпиадад ангиа төлөөлөн ганцаараа оролцон улмаар Хүрэл медаль хүртэж, өөрийнхөө чадал чансаа, авьяас чадвараа Монгол улсад дахин нэг мэдрүүлээд амжлаа.
"АЛТАН ТҮЛХҮҮР" шагналын эзнээр манай ангийн Д.Батцэнгэл тодрон, Л.Сүхбат итгэл даасан сурагчийн номинациар "АЛТАН ТҮЛХҮҮР"-ийн эзэн болж ангийнхнийхаа магнайг дахин нэг тэнийлгэлээ.
Энтеровирусын халдвар манай оронд тархаж, сургууль дээр хорио тогтооно гэсэн цуурхал дэгдэн, Бажгаа Англи руу сурахаар мордох нь гэсэн мэдээлллийг блог нийтэлж, Яруу маань гараа хугалсныхаа дараахан хамраа гэмтээж хийморийн сан уншуулах хэрэгтэй болсноо мэдэрч, ангийнхан маань хичээлүүдийнхээ дүнгүүдийг гаргахаар багш нартайгаа хэн нь хэн бэ гэдгээ мэдэлцэж байлаа. Гуйж, гуядаж, уурлаж, учирлаж, загнаж, залж, инээж, уйлан, алиалж, балайрч байгаад бүгд л хангалттай сайн дүнтэйгээр хувийн хэргээ хаалгаж шалгалтаа өгөх л хүндхэн даваа үлдсэн юм.
Ангийн блогийн админ Төөгөө болон ангийн анхны хамтлаг The Gums нарын албан ёсны блог үүд хаалгаа уншигчиддаа нээж, ангиараа цуглан монтажныхаа зургийг авахуулахаар хэд хэдэн удаа оролдлоо. Усаар байлдаж зугаагаа гарган, халуунд нозоорч хөлбөмбөгөө тоглон хорхойгоо хааяа дарж, гольфийн бөмбөг ид моодонд орсон үе байлаа.
Саяхан л олимпиадад орон хамаг медалийг нь хурааж байсан олимпиадынхан маань түүний дараагаас л олон улсын олимпиадын бэлтгэлд сууж эхлэн, сорил шалгалтуудыг удаа дараа амжилттай өгсөөр Испани улсад болох Олон Улсын Математикийн олимпиадад Э.Тэмүгэ, Г.Оюундарь, Н.Бямбажав, Б.Мягмаржав нар Монгол улсын шигшээ багаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг хүлээх боллоо.
Улсын шалгалтуудаа үлдсэн ангийнхан маань өгч байлаа. Математикийн хичээлийн Улсын шалгалтыг аргагүй МГС анги гэдгээ харуулж бүрэн бүрэлдэхүүнээрээ А дүнтэй өгцгөөсөн бол Монгол хэлний хичээлийн шалгалтыг ч хангалттай дүнтэйгээр даван ард нь гарлаа. Сонгосон хичээлүүдийн шалгалтаа ч бүгдийг нь амжилттай өгч, сургууль төгсөхөд хэрэгтэй бүх зүйлсээ цуглуулж чадлаа. Гэвч чонын амнаас гараад барын аманд гэгчээр биднийг бүр илүү чухал зүйл хүлээж байсан юм.
Нэгэнт шалгалтаа өгчихсөн болохоор ХОНХНЫ БАЯР гэдэг зүйлд анх удаа орж үзлээ. 5-р сарын сүүлийн өдрүүдийг бид хэзээ ч мартахгүй. Энэ л өдөр манай ангийнхан ангидаа сүүлчийн удаа сурагчийн хувиар цуглан, тохой нийлүүлэн суух сурагчийн ширээнээ сүүлчийн удаа сууж, эрдэмт багш нарынхаа хичээл заахыг сүүлчийн удаа сонслоо. Хонхын баяраа, манай ангийнхан хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй, сонирхолтой тэмдэглэн, 10 жилээ үүрд дурсагдах дурсамжтай, мөнхөд яригдах амжилттайгаар өнгөрүүллээ.

5 сэтгэгдэл:

Anonymous said... ( 2/1/09 17:02 )

Дахиж формоо өмсмөөр л байна шүү... Өмсөнө гэж найдаж байгаа л даа хэхэ...

Anonymous said... ( 2/1/09 19:39 )

Harin tiim ee... mmmmmmmm

Anonymous said... ( 2/1/09 19:43 )

Harin tiim ee... mmmmmmmm

Anonymous said... ( 6/1/09 23:52 )

Harin thh, ter montajnii zurag gej baahan yum bolchood neg hachin yum ugsun sh d neeree, uursduu goyo hiisen bol

Anonymous said... ( 10/1/09 14:21 )

yvah l bsiimdaa ntr

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...