Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь

2008-11-29 Madikha бичсэн.
Эрин М.Тулга

Өөрийгөө одоо хэр ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан хэн нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй байх биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авьяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авьяастай төрсөн хэрнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялхын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
"Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ."
"Self-reverence, self-knowledge, self-control-
These three alone lead life to sovereign power."
гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

Уруу татах хүч
Би багадаа "өөрийгөө ялах л хамгийн хэцүү" гэх юмуу "өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно" гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед "тийм л байх" гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин японд ирээд нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
"Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд "Уруу Татах Хүч"-нд ялагдсанаар болдог" гэж тэрээр хэлээд "зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна" гэж хэлж билээ. Түүнээс хойш "за яадгийм","дараа болъё" гэж бодох бүрд энэ "уруу татах хүч"-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
"Уруу татах хүч" энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг "байлдах урлаг" хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан хом уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. "Эрч хүч"-ээр жигүүрлээд "уруу татах хүч"-рүү сүр жавхлантай довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л байх байдаг руугаа буцсан байдаг. "Эрч хүч" унтарч "уруу татах хүч" ноёрхлоо.
Үнэндээ энэ "эрч хүч" гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл "уруу татах хүч" үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид "эрч хүч"-ийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.
Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь "өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ" гэх ч юм уу өөртөө амалдаг. Гурав хоног за сайндаа долоон хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горминдоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан тэгэх байсан гэж харуусан боддог юм. "Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав"
Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.
Хянах хүснэгт
Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн тэрийгээ бичих юм. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
"4 сарын 2. Юу ч хийсэнгүй"
"4 сарын 3. Юу ч хийгээгүй" гэх мэтээр гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ "мэдрэх" болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
Явандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань "Бага залхуугаас их залхуу" гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.

Тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь "байнга үргэлжлүүлэх" өөрөө хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад " үзүүлээд өгье" гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно.
Английн их зохиолч Самьюэл Жонсон:
"Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог" (Great works are performed, not by strength, but perseyerence) гэж хэлжээ.
Бас билгүүн шүлэгч Чойномын
"...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй,
Хаа ч очиж сэтгэлээр унаж, няцарч явсангүй.
Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй..."
гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг.

Мөрөөдөл
Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ.
Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Том том юм ярьж мөрөөдсөн хэр нь хийх ёстой наад захын ажилаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа авархын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай.
Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг.
Наполеон Бонапартын "Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг" (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна.

Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл
"Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно" гэсэн үг бас бий. Энд "хүсэл эрмэлзэл"-ийг "дур хүсэл"-ээс ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийх бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдарлынхаа төлөө тэмцэхэд эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдарлын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдарлын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно.
"Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм"

гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн "Санаа сайтын заяа сайн" хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ.

Санаа зүгшил
Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид зорилтоо мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь "санаа зүгшил" гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө саналуулж байхад оршино. Эзэн Чингис Хаан "Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай" гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний үг маань "Өөриөө хатуу бай" гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амархан боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж найддаг. Жишээ нь турхыг хүсдэг эмэгтэй бол "өнөөдөр ч гэсэн бага идэх" гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол "би биеэ хаигалттай дайчилж байна уу?" гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэндээ харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэггүй, тогтсон богинохон хугацаанд

Дайснаа нөхөр болгох нь
Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэгл өдөр ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг "шагнал" болгох аргын тухай ярьж байна. Ингэвэл харин ч уруу татах хүчийг өөрийн тал болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж "их үнээр" олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг.
Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ. Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.

Өөртөө хатуу, өрөөлд эелдүү
Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хэрнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг.
Өөрийгөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинд холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг "арай илүү хөрөнгө оруулалт орсон бол","гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга" гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаа хэл шамдахгүй байх жишээтэй.
Мэйжингийн эхэн үед Японд уригдаж ирсэн Амеркийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс "Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ" гэж сургаж байсан гэдэг.
Түүн шиг монголчууд бид ч энэ ч орон манай ноолуурын үйлдвэрийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно. Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ.
Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.

7 сэтгэгдэл:

Anonymous said... ( 29/11/08 21:29 )

Bayrlalaa. Uneher saihan heregtei zuil b.aa

Anonymous said... ( 1/12/08 01:47 )

Гайхалтай... Энэ бичсэн хүн нь яааааг одоогийн миний байдлыг мэдэрч байсан хүн байна... Тийм ч учраас энэ нийлтлэлээ бичсэн байх. Голыг нь олоод биччихсэн байна...

uundaa said... ( 1/12/08 22:12 )

...энэ "Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, өөрийгөө ялснаар ирдэг ажгуу." гэж үнэн үг шүү, тээл худлаа том том яриаал суугаал байдаг, үнэндээ хийсэн бүтээсэн юм байхгүй бол жинхэнэ waste of time л болох байлгүй дээ...гоё нийтлэл байнаа...

Anonymous said... ( 4/12/08 21:52 )

Unexeer goe zuil bna yag l odoo miniii ortson bgaa bdal shig unshaad setgel mash ix sergelee gaixaltai bas unen zuil bna

Anonymous said... ( 4/12/08 22:04 )

Мөн аливаа ажлыг эхлэх нь хамгийн чухал нэгэнт эхэлчихсэн бол цааш өөртэйгээ ажиллан үргэлжлүүлж болно "Аливаа зүйлийг эхлэх нь уг ажлын тавин хувь нь байдаг" хэмээн Пифагорын хэлсэн үгийг санаарай

Madikha said... ( 5/12/08 16:48 )

ih gd zalhuuralgui unshsan bayrlalaa hehe

Anonymous said... ( 14/12/08 13:46 )

mash ih uram erch huch hairlasan bichleg bna M.Tulgat ahdaa bayarlalaa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...