"Соёо "тууж by Д.Энхболд 1-р хэсэг

2008-03-13 uundaa бичсэн.
Д.Энхболдын "Соёо" туужийг ангийнхандаа зориулан тавьж байна... Энэ Цээмаа багшийн нэг амаар асууна гээд байсан зохиол мөн байх... Магадгүй нэг дэх өдөр асууна гэж байх шиг байсан... За тэгээд бүгдээрээ уншаад сайн асуугдаарай...

Соёо

Нэг.

Орж ирсэн хүмүүс цай уусангүй, машинаа ч унтраасангүй. Тэр нь гадаа сулбуухан сүр сүр дуугарч байв. Эх дэмий л зуухандаа аргал зэрэглэн галаа асаангуут тогоогоо тавитал тэдний нэг нь
-Должид гуай минь юу хэв дээ. Бид золгох гэж ирсэнгүй. Таны нүүрийг харах хэцүү л байна. Гэвч яая гэх вэ, бидний ажил ийм юм. Аавтай нь цаг нэг биш удаа л ингэж явсан юм. Түүнээ бодож байгаа нь энэ гэсээр ийм юманд хүргэчихлээ. Анхнаас нь зөв түшиж чадсангүй. Зайлуул, тэр залуу мэнд л үлдээсэй билээ. Бас уужим сэтгэл гаргаж биднийгээ уучлаарай даа. Хуулийн өмнө бид үнэндээ ялгаагүй, гар мухар болчихдог юм байна шүү дээ гэж учирлахыг эх сонсох ч шиг үгүй ч шиг байв. Хүү нь дув дуугүй шуухитнан хувцаслав. Гэнэтхэн шархийсэн чимээ гарахад эх цочив. Тэдний нэг нь тогоо түлэгдэж байхыг хараад ус хийсэн юм санжээ. Хүү нь багадаа алив нэгэнд гомдоод гэрийн хаяа ширтэн суудаг шигээ толгой унжуулан хөлөө жийрэглэж суув. Эх тэгж суугааг нь харангуут ухасхийн авдраа уудлаад эцгийнх нь гутлыг гаргаж өгөв. Цоо шинэ гялалзсан хром. Эцэг нь энэ гутлыг арван нэгэн жил өмссөн юм. Гэхдээ дандаа ч үгүй л дээ. Цол дэвших, одон авах, нийслэлд уригдах, наадамдахдаа л өмсдөг байв.
-Эцгийнх нь хийморь шингэсэн гутал юм шүү. Энүүний нь битгий хураачихаарай гэж хэлэхдээ л хамгийн тайван, тэр бүү хэл хорсолтой дуугарч байгаагаа анзаарав. Хүү хувцаслаж гүйцээд эх уруугаа ирж духайн зогсуут
-Ижий минь гэж хэлэв. Өөр үг хэлсэнгүй. Нулимс гялтганасан нүдийг нь хармагцаа илүү үг хэлж ч чадахгүй гэдгийг эх ойлголоо. Хүүгээ үнэрлэн үнсүүт
-За яв...яв... гэлээ. Мөнөөх улс ч хүүг аваад гарав. Цонхныхоо цаагуур төмөр тортой хуучин танил ногоон 69-өөр ирцгээжээ. Ар талынхаа хаалгыг онгойлгонгуут бүхээгтээ сууж байсан жолооч нь гэрлээ асаалаа. Бахим төмөр торны завсраар айдас хурсан алаг нүдээр хүү нь ширтэж байлаа. Хаалга хавхийн хаагдтал гэрэл ч унтрав.
-Цаг хэд болж байсан бэ?
-Гурав өнгөрч байна лээ...
Машин хэд хүчтэй хаазлаад ондгосхийн давхиж одов. Эх гэртээ орж шанагандаа сүү хутган авч гаруут хойноос нь өргөлөө. Ийнхүү яваад өгөх хүүгийнхээ араас эх удтал харж зогсоод чонын нүд шиг хоёр улаан гэрэл далд ормогц гэртээ эргэж, хоймрын авдар дээр хадган дундаас инээмсэглэн ширтэх нөхрийнхөө зургийн өмнө сөхрөн суув. Орчлон хорвоод хүн болсондоо, сэргийлэхийн ажилтан, дэд хурандаа болтлоо дэвшсэндээ, ганц хүүгээ хүний дайтай хүн болгосондоо баярласан юм болов уудаа. Ер одоо нэхэн бодоход энэ зургийг татуулсанаас хойш ингэж инээмсэглээгүй санагдана. Тий завдал ч болоогүй шиг... Мөнөөх ганган хромоо гаргууж өмсөөд нийслэлийг зорьж тэндээс мөрөн дээрх өнчин таван хошуугаа хос болгочихоод ирэхдээ энэ зургийг авчирч өөрийн гараар хийнэ гэсээр оройжин сууж баймаажин жаазалсан билээ.
-Аймаг нүүх болох нь шиг байна. Сайд тиймэрхүү зүйл дурсаж байна лээ. Гээд хүн амьтанд нэг их зар тараагаад юухэв. Шийдсэн хойно нь болъё. Хэлтсийн дарга болгох маягийн юм дурссан шүү гэж ярьж суусан. Тэгэхэд нь Должид дуртай ч биш байсан...
-Энэ суманд ирээд хорин хэдэн жил суулаа. Нутгийн улс болж дээ бид. Өлзий буянаа өгсөн газар даа. Ядахдаа хүүг иртэл эндээ байж болохгүй юм болов уу гэсэн
-Улсын ажил шүү дээ, өвгөн минь. Намайг өтлөчихлөө гэсэнгүй. Чадах хүн гэж итгэж байна. Тэгээд ч энэ олон жил юуны төлөө хөдөө хөхөрч гадаа гандлаа даа. Тийм биздээ.
... Бодоход Цэвэгийн хэлдэг үнэн юм. Түүнийг ирээд хэдхэн хонож байтал хүүгээс нь баяр хүргэсэн цахилгаан утас ирж байж билээ. Хүү нь тийм зантай. Аавыгаа цол ахих юм уу, одон медаль авах тэр байтугай баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулахад нь хүртэл хүү ер бусын ихээр баярлана. Заавал өөрийн гараар хоол цайг нь хйиж өгнө. Хичнээн амттай хийнэ гээч... Цайгаа бүүр нэг хөлс гартал хийцэлнэ. Тэгтэл хүү нь аравдугаар ангийг алтан медальтай дүүргэж гадаад улсад дипломат ажилтан бэлтгэдэг сургуульд явах болоход нь Цэвэг
-За хөө, аавын ээлж ч ирлээ дээ гээд ганж ганпанзаа шүүрсэн. Аав хичнээн сайхан хоол цай хийдгийг ээж хүү хоёр ч үзсэн. Тэр бол ёстой л нэг хийцтэй цай шиг уугаад уугаад ханамгүй амьдрал байсан даа...
... Тийнхүү Цэвэгийн сүүлийн удаа нийслэл явж ирээд сар болоогүй байтал аймгаас шинэхэн машин ирж аваад явчихав.
-Очоод орон гэр юу болох нь вэ. Дулаан ортол харзная. Тэр болтол чи минь эндээ байж бай даа гэж хэлчихээд Цэвэг мөнөөх машины урд талын суудалд суугаад явчихав. Нөхрийг яваад ер удаа ч үгүй байтал мөнөөх шинэхэн 69-ийг хөлөглөсөн залуухан ахлах дэслэгч довтолгон ирсэн нь саяын зөөлөн дуутай хүн байж билээ. Ахмад болчихсон явж байна.
-Дарга таныг аваад ир гэлээ
-Пээ би чинь одоо яадаг билээ. Ингээд хөглөрөөд сууж байдаг. Хэл өгдөггүй янзын хүн ээ дээ. Ажлаасаа гарах юм болов уу, яах юм болоо гэж ирээд л Должид бүүр тэвдэж хоцров.
-Өө тэр сүүлд болох байхаа. Бодвол танд чөлөө олдох л байлгүй. Хэд хоног л хүрээд ир гэсэн. Танайд шинэ байр өгсөн. Тэгээд чухам ямархуу янзын хэдэн өрөө байр авахаа сайн мэдэхгүй таныг дуудсан байх гэлээ...
...Должид нэг их баярлан дэгдэгнэж муу өвгөн минь намайгаа санаж дээ... Санаад байгаа юм байна гэж тааварлав. Аймагт буудалд суучихнаа гээд л чухам юу юу ч үгүй явчихсан. Цайгаа ч үгүйлж байгаа гэж бодов. Тэгээд сумын даргынх руу харайлгалаа.
-Эгч нь сум ороод ирмээр байх юм. Өвгөн унаа явуулжээ гэлээ.
-Өө тэгвэл явалгүй яах вэ, явалгүй яах вэ. Бид онцгой хэрэг гарвал сургуулийн бичээчээр юмаа цохиулчихаад байж болох байлгүй. Арагшаа яараад хэрэггүй шүү. Цэвэг гуай ч цайгаа ч санаж байгаа даа. Хэзээ явах юм бэ? Шөлний ганц юм цохуулна уу? Замд чинь Халтарынх байгаа ... тэндээс авчих гэлээ.
-Юүхэв, юүхэв. Бид нар одоо гарлаа гээд Должид тэднийхээс тун яаруу гарав. Сав суулга, жаал зугаа юмныхаа хажуугаар очсон хоёроос ичин байж хөнжил гудас, орон дээрээ дэвсэж байсан хоёр хивсээ хуйлж аваад явж өгөв. Үүрээр аймгийн буудалд учиргүй догдолчихсон иржээ. Бүр нэг багынх шигээ эрхэлмээр байсан ч тэсэв. Нөхрийгөө залуурхан дэгдэгнэхэд нь аргадан тайвшруулав. Өвгөн минь маргааш л манайх чинь шинэ айл болох нь... тэгэхэд л ... гэж хэлжээ. Өглөөгүүр нөрхий нь унаа болох мөнөөх шинэ 69 давхиж ирэв.Хамтдаа очиж байраа үзлээ. Аймгийн төвд ганцаараа сүндэрлэх таван давхар байшинд цэлийсэн гурван өрөө оногджээ. Бас гал тогоотой. Усанд орох өрөөтэй. Бүх юм нь жин тан бэлэн зэлэн.
-Энийг авах уу яах вэ өөрөө мэд гэж байна. Би тэгээд чамаас асууя гэж бодлоо
-Иш авалгүй яах вэ. Ийм сайхан юмыг чинь. Бид хоёрт арай цэлгэрдэж магадгүй юм. Гэхдээ Мөнхийн охин байранд шүү дээ. Охиноо байрнаас нь аваад ирнэ. Хүүг иртэл болоод л явчихна гэсэн билээ. Мөнх бол тэр хоёртой садан төрөл биш ч элэг нэгтэй хүн. Энэ суманд ирснээсээ хойш ижий ахай болтлоо нөхөрлөв. Мөнх Цэвэл хоёр мөндөл шиг бараг жил дараалсан олон хүүхдүүддээ ноолуулсаар номхроо юу даа гэмээр амгалан хүмүүс. Том охин нь тэднийхээр байх дуртай. Юм л бол гүйгээд ороод ирнэ. Хонож өнжихөө ч аядахгүй. Мөнх тоглоом шоглоомоор “Манай охиныг авбал ав л даа” гэх. Харин Цэвэл нурмайтал инээмсэглээд “Охиныг маань урвуулчих гээд л байна уу” гэдэгсэн. Гэтэл тэр охиныг нь тоонд сайн юм. Тусгай сургалтаар сургана гээд аймгийн багш нар аваад явчихсан билээ. Тэгэхээр охиноо авчраад л гурвуулаа суучихна. Должид ингэж бодсон хэрэг. Жолооч жаал жуул юмыг нь чимээгүйхэн зөөлцөж оруулаад мөн л чимээгүй гараад явчихав. Нөгөө үүрийн хорьж дийлэмгүй хүсэл дахин ундраад Должид нөхрийнхөө хүзүүг жаахан охин аятай ичингүйрэн байж үнсээд эрүүнд нь хацраа үрэв.
-Цаг болохоо байлаа. Сайхан цай чанаад байж байгаарай гэчихээд нөхөр нь яараад явчихав. Должид хаалга түгжчихээд нөгөө олон өрөөн дундуураа ззөлөн зөөлөн гишгилэн явлаа. Ай мөн ч сайхан. Ёстой л жаргалын өргөө мөн дөө. Цоргоноос ус гоожуулж үзэв. Тэгснээ ялимгүй тоостож цайрсан шалыг нь хичээнгүйлэн угаагаад нөхрөө ирэхээс нь өмнө усанд ороод авъя гэж бодов. Усанд орж байхдаа өөрийгөө их л шохоорхон харав. Энэ бол түүний зан. Биеэ хөөсөртөл савандахын өмнө ташаа, цээжээ шувтран илэх зуур их л сайн харж авдаг билээ. Нас тавь гарчихсан, бас энэ бүх жилүүдэд тордож байгаагүй мөртлөө тэгшхэн биетэй юмаа гэж өөрийгөө их л тоов. Хөгшрөв гээд бие нь шолбойсонгүй. Ер чанга хатуу хэвээр юм. Харин хөх нь толгойлсонгүй. Түүнийгээ хараад санаа алдав. Санаа алдтал том хүрэн толгойтой хөхөө гаргаад хүүхдээ хөхүүлэх Цэвэлмаа нүдэнд нь ургаад ирэв. Энэ хорвоод дөрвөн удаа эх болж үзэв. Гэтэл ууган гурван үр нь бойжиж чадсангүй. Тэр хүүхдүүд одоо зүс зүсээрээ сэтгэлд нь байж байна. Даа ялангуяа мөлхөж байсан гурав дахь хүү бүүр ч тод шулганах дуу нь сонстох шиг болуут нүдээ аньж чихээ дарав. Бурхан минь... тэр бол Чадраагийн хүү. Мөнөөх Сэд өвгөний олж өгсөн үр. Тэгэхэд Должид залуу байлаа. Нөхөр нь таван сум хариуцсан төлөөлөгч болохоор хээр амьтай амьтан шиг л гэрийн бараа үл харна. Явж явж аргалын утаа, салхи бас хөлс холилдсон нэхшмэл үнэр ханхлуулсаар ирнэ. Өдрөөр ирвэл халуун ус руу явчихна. Шөнө дөлөөр ирэхэд нь Должид дотуур хувцасыг нь илүү гэртээ оруулж тавина. Заримдаа дуст түрхэх явдал ч гардаг сан. Нөхрийн эзгүй нэг тийм үдэш Должид Цэвэлмаатай цайлангаа жаргал зовлонгоо ярьж суув Хүүхэд тогтдоггүй нь чухам юунаас болдгийг Цэвэлмаагаас асуужээ. Цаадах нь мэдэхгүй юм.
-Хэл амнаас болдог ч байж болох л юм. Нөхрийн ажил бэрх хэцүү. Ерөөх ч хүн бий. Эсрэгээр хэлэх ч хүн бий. Хэцүү юм даа гэж учирлав.
-Үгүй чи энэ Сэд гуайгаас асуугаач. Цаадах чинь хуучин хүрээ хийдэд сууж байсан, юмтай хүн шүү. Учрыг лав олно доо. Тус болохгүй юм гэхэд хор болох нь юу л бол. Ямар хоромжтой юм биш гэж Цэвэлмаа зөвлөв. Нээрэн тэгдэг ч юм билүү? Ер нь ч нэг асуугаадахад муудах нь ч юу байхав дээ. Нөхөртөө л хэлэхгүй байвал барав. Ингэж шийдээд Сэд өвгөн дээр орсны эцэст зорьж очсон учраа нэгэн амьсгаагаар давхцуулан хэлж орхив. Өвгөн доош тонгойн таг чиг болчихлоо. Тэгээд яасныг бүү мэд овсхийнгүүт хажуугаасаа нэгэн судар гарган ирж удтал өмөлзөн уншаад
-Охин минь, би юу мэдэхэв дээ. Номд гарсныг л хэлье. Харин чи цаадахдаа үг алдчихав даа. Муу өвгөн чинь дээлээ нөмрөх биегүй болсон хүн шүү. Ахыгаа тэгж л битгий хөөдөөрэй дээ гэж гуйв.
-Яалаа гэж дээ. Сэд гуай минь. Таныг ингэж тус болж байхад чинь би яалаа гэж тэгж сүнсгүй загнах вэ дээ. Би үг алдахгүй.
-За тэгвэл ийм байна аа, охин минь. Та хоёрын од л нийлсэнгүй. Ийм улсын үр хэврэг, харин үйлс бүтдэг учиртай юм байна.
-Ямар ч арга байхгүй гэж үү, Сэд гуай? Энд би өөр хэнийгээ гэх вэ? Та л надад тус болж чадна. Ядарсан бүсгүй надад та нэг тус болчихооч дээ .... Должид зуун төгрөг гарган барьчихаад өвгөн руу мөлхөх зуур ар араас нь ийнхүү давхцуулан хэлээд уйллаа. Сэд өвгөн ацан шалаанаас гарч чадахгүй хэсэг зуур чимээгүй бодлогошрон сууснаа
-За маргааш ир дээ. Би бас жаал зугаа юм харъя. Тус болох ч юуны магад гэв. Должид горьдсоор айсаар харилаа. Тэр шөнө унтаж чадсангүй. Орон дотроо тарчлан хөрвөөв. Гэхдээ Сэд өвгөнийг гэрийнхээ баруун сүүдэр дор Хайрхан уулын зүг сүсэглэн залбирч зогсоо ч гэж санасангүй. Өдөр нь сэтгэл дэгэлзээд ажил дээрээ олигтой базаалтай юм хийж шальсангүй, бүрий болмогц хонины дал дөрвөн өндөр чанаж халуун савтай цайны хамт аваад Сэд өвгөнийд очлоо.
-Арга байна уу, Сэд гуай?
-Та хоёрын хувьд хэцүү байнаа охин минь.
Должид бөхийн суугаад гашуудан эхэр татав.
-Гэхдээ бүр аргагүй болчихсон гэсэн үг биш л дээ...
-Өөр арга байн уу? Ямар арга байна? Та хэл л дээ. Би юугаа ч хайрлахгүй шүү
-Мэлхий од.... Мэлхий од гэснээ өвгөн амаа өмөлзүүлэн чимээ тасрав.
-Мэлхий од гэж байдаг юм уу... Манай Цэвэг тэгээд тийм одны хүн биш юм уу? Тийм үү...
Өвгөн чимээгүй л толгой дохилоо. Должид нэгийг шийдэж ядан эргэлзсэнээ хүн дуулчих гээд байгаа юм шиг арагшаа хяламхийн харангуут шүлсээ гүдхийтэл залгиад
-Хэн бэ? Тийм одны хүн сумын төвд байна уу? гэж шивэгнэв.Өвгөн ч мөн үүд рүүгээ хяламхийнгүүт Чадраа л ... гэж шивэгнэх нь тэр.... Тэгснээ үгээ түргэсгэн
-Миний хүү муу ахыгаа өршөөгөөрэй... Чамайг хараад яаж ч болсонгүй. Ах нь ... Должид минь би чамайг өрөвдөөд байна. Должидод хэлэх үг олдсонгүй. Гарахаар бостол
-Иш хүү минь муу ахыгаа гэж арчаагүйтэн шивнэх дуу ард нь гарлаа. Өвгөний хрэлсэн үг Должидод хэдийгээр цоошинэ биш ч нэг л хачин санагдаад байлаа. Хэдэн жилийн өмнө ямаачин Дарь эмчид үзүүлэхээр ирж тэднийд хонохдоо тийм хүүхэд ер бусын чийрэг байдаг тухай сануулсан, эсвэл зүгээр л энгүүн хүүрнэсэн алин болохыг бүү мэд, энэ мэтээр ярьж байсан удаатай. Цэвэлмаа ч тиймэрхүү юм цухуйлгадаг. Гэхдээ алин ч энэ Сэд гуайнх шиг үнэмшилтэй сонстож байсангүй. Хэд хонож байтал нөхөр нь ирэв.
Хэд хонож байтал нөхөр нь ирэв. Түүнийг хармагцаа сэтгэлд нь Чадраа эргэлдээд түүнтэй ямар нэг юм болчихоод нууж чадахгүй байгаа юм шиг оргиод юу болсноо бүгдийг дэлгэн яриад санаа амармаар санагдаад арай ядан хэлээ хазан тэсэв. Дан тэрлэгийг нь тайлж байгаа нөхрий нь гар ер бусын уян эервүү ч болчихсон юм шиг урьд нь ер үзээгүй ч юм шиг, тэр байтугай энэ бол нөхөр нь биш харин Чадраа юм шиг санагдаад байв. Тэгээд өглөө нь тайван унтаж байгаа нөхрөө сэрээхгүйн тулд сэмхэн босож орныхоо өмнөөс дан тэрлэгээ авч ханцуйлахдаа “Намайгаа өршөөгөөрэй” гэж сэтгэлдээ наманчлав. Нөхөр нь хоёр гурав хоночихоод эргээд л явав.
-Удахгүй биз дээ? Энэ бол түүнийг явах бүрд нь асуудаг танил үгс юм.
-Хойд хоёр сумаар орно. Гэнэтийн юм таарчихгүй бол юун удаа аж. Долоо хоногоос ирнэ. Должид хоёр хоног яахаа мэдэхгүй дэнслэн тарчлав.Архи ч юм уу, юу ч юм нэг их гашуун, амттай юм уучихмаар, тэгэхдээ бүүр учир зүггүй залгилмаар, эсвэл сэтгэлдээ хуйлралдан байгаа бүхнийг хэн нэгэнд Цэвэлмаад ч юм уу нээж яриад тайвширмаар санагдана. Гэтэл хэлж болохгүй, хэнд ч хэлж болохгүй. Цэвэлмаа сул амтай бүр ч болохгүй. Хөөрхий муу Сэд гуайг баллачихна.гэж өөрийгөө тас хорив. Тэгээд гурав дахь шөнө нь тэссэнгүй, мал эмнэлгийн цонх руу мярааж очоод сэмхээн шиг шагайв. Манарсан утаан дунд Чадраа юу ч юм бичиж сууна. Яах вэ? Цонхыг нь тогшчих уу. Ороод бүх л үнэнээ ярьчих уу? Гэтэл ингээд зогсож байхыг минь хэн нэгэн харчихаагүй байгаа гэхээс тэсгэлгүй ичиж бушуухан буцав. Маргааш нь халуун усанд орчихоод ажил дээрээ өдөржин дэнсэлж, орой нь хэн нэгнийг тэсгэлгүй үгүйлэн ганихраад гэгээ тасармагц нөгөө цонх руу очиж шагайлаа. Чадраа тамхиа татсаар л юмаа бичсээр л сууна. Тэгтэл намайг шившиглэвэл яах вэ? Хүн хард энэ намайг гуйсан барьсан гээд ярьчихгүй байгаа. Одоо л ёстой эрүүл чийрэг сайхан хүүтэй болчих юм биш биздээ хэмээн айх гайхах, горьдох хосолсоор гэр руугаа гэлдэрлээ. Тэгж байтал өнөө хэд хоног нисэн одоод нөхөр нь хүрээд ирлээ. Мөн л хэн нэгэн нөхрөөсөө харь хамаагүй хачин уян налархай хүнтэй ойртож байх шиг санагдан жирвэлзсээр өглөөгүүр сэмхэн босож дан тэрлэгээ ханцуйлахдаа “Чадраа нээрээ ямар бол” гэсэн нүгэлт бодол бодчихоод сэртхийн нөхрөө харав. Нөхөр нь жигдхэн амьсгалан унтсаар.
-Удахгүй биз дээ?
-Урьд хэдэн сумаар орно. Ажил нэлээд их. Арван хэд хонох байхаа. Гэхдээ гэнэтийн юм гарахгүй л бол тэр шүү дээ. Должид нөхрөө явуулчихаад “Ингэж болохгүй” гэж сэтгэлээ чагтлан хорьсон авч тэссэнгүй нэг өдөр мал эмнэлгээр оров.
-За энэ чинь огт үзэгддэггүй дагина. Мал эмнэлгийн босго давж муу утаатай өрөөнд морилох чинь. Өглөө нар хаанаас ургалаа даа.
-Даяанч хүн яаж суудгийг үзмээр санагдаад ...
-Үгүй тэр... Ашгүй нэг хадны дундаас хөндийрүүлэх ахайтан морилчихсон юм биш биз дээ. Юутай ч нэг суниагаадахъя. Сэтгэлийн хужирхай ч тэнийх юуны магад вэ? гээд суниахдаа далимдуулан өгзгийг нь хурууныхаа өндгөөр тэмтрээд авав. Должид хөнгөнөөр инээмсэглэн
-Далимч гэдэг нь... Уг нь тэгж л бодож ирсэн юмсан. Гэлэн гуай минь тэгтэл дэндүү юм гэснээ царайгаа төв болгон
-За за тоглосон юм. Жаахан дуст өгөөч гэлээ.
-Яагаа вэ? Энд тэнд чинь ирвэгнээд байна уу? тиймэрхүү юманд дустээсээ илүү эзэн нь илүү хэрэг болдог юм даа гэж марзаганаснаа цаасанд боочихсон дуст авч өглөө. Должид мал эмнэлгийн өндөр босгоор бүдчин алдан гараад гэр уруугаа зүглэхдээ “Чадраа ер ойлгоо болов уу үгүй болов уу” гэж битүүхэн түгшиж явлаа. Хаалгаа онгойлгон орох зуураа “За заяа нь мэдэг. Өөрийнхөө зүгээс хийж чадах бүхнийг хийлээ. Одоо боллоо” гээд бодоодохсон чинь бүүр тайвширч орхив. Хэд хоноод хагас сайны орой улаан буланд болсон бүжиг рүү очлоо. Чадраагийн харц нэг л жоготой болсон төдийгүй хэд хэдэн удаа урьж бүжиглэхдээ зориуд гижгийг нь хүргэх гээд байгааг анзааруут
-Энэ чинь гадарлачихжээ. Юунаас тэр вэ? Эртийдийн ярианаас уу? гэж сэрэмжлэн бодтол өөрийн нь харц мөн л жоготой болчихоод яваа мэт санагдан хажуугийн улсаас тэсэлгүй ичихдээ “энэ бүжгийг дуусгаад би явлаа” гээд хэлчихжээ. Түүнийг нь Чадраа өөрийнхөөрөө ойлгон “Тэг тэг. Би удахгүй очно” гэх нь тэр. Тэгж хэлэнгүүт нь Должид энэ ерөөсөө бүжиг хийх гэж ирээгүйгээ мэдээд сулдгасхийгээд явчихав. Бүжиглэх ямар ч хүсэлгүй болчихыгоо мэдэнгүүт бушуухан гарч түргэн түргэн алхалсаар гэртээ ормогц үүдээ түгжээгээр нь түгжээд нөхрийнхөө бүсээр ханатай хэрж галынхаа хайчаар хатавчтайгаа чагталж орхив. Тэгээд орондоо орж зүрхнийхээ цохилтыг чагнан хэвтлээ. Яана аа гэсэн айдсын хажуугаар яадгийм бэ? Энэ бол нүгэл биш шүү дээ. Энэ бол өөртөө ч нөхөртөө ч хийж байгаа буян биш үү? Цэвэлмаагийн саяын хүүхэд чинь намын даргынх гэсэн. Гэтэл нөгөө нь мэдээ ч үгүй. Цэвэлмаагийн тэр бол ёстой нүгэл шүү дээ. Тэгэхэд юу гэлээ. “Чи дандаа бантан идээд байвал уйдахгүй юу” гэж улаан цайм асуугаа биздээ... Хүн гэдэг ийм л байдаг байна. Гэтэл би... Ер нь больчихоод хүүхэд өргөдөг ч юм билүү. Тэгсэн хүний хүүхдийн мөн л өөрийнх шигээ болгочихвол яана. Үгүй юмаа гэхэд тээж төрүүлээгүй болохоор хайраар дутаачихвал яана. Ер нь би яагаад тээж төрүүлж чадсан мөртлөө өсгөж жаргах хувьгүй хүн бэ? Хүний эдэлдэг аз жаргалыг би яагаад дутуу эдлэх болсон амьтан бэ? Салчихдаг ч юм билүү? Бурхан минь. Ингэтэл нээрээ Чадраа ямар болоо... Яавал ч яаг. Ямар хүүхэд биш. Ирээд хаалга түгжээтэй байхаар буцаад явчих ч юм билүү. Яадаг юм гэж бодоод хайч бүс хоёроо авчихаад хэсэг зуур тээнэгэлзэн зогссоноо түгжээгээ мулталчихав... Хаалга сэвхийн нээгдэхэд өөдөөс нь харах гэснээ чадсангүй. Хөнжил уруугаа улам шургалаа. Чадраа бол ёстой араатан байжээ. Түүний тэр инээмсэглэл бол шал хуурамч баг байсан юм санж. Яаран адган чичирч байгаад дан тэрлэгийг нь шар хийтэл цуулчихав. Тэгээд цангасан адуу мэт дайран үмхлээд түүндээ ханалгүй энд тэнд хорсгоход тэсэлгүй
-Болиоч чи... Балиар хог вэ гэчихэв.Тэр тоосон ч үгүй, чихгүй толгой шиг л аашлав. Удалшзй тэрээр бүх л хүсэлт газрыг нь эзэмдэн халуун цөлд дагуулаад оччих шиг болоход Должид өөрийн эрхгүй гиншив. Зөвхөн гиншээд зогссонгүй, сэтгэлийн нь хаа нэгтээ нуугдан байсан, нөхөр нь өдий болтол эрж тэмтчээд олж чадаагүй үүд нээгдэн тэндээс ганихарсан охин бар үсрэн гарч ирээд эр бараа дагуулан давхиж өртсөн бүхнийг сандчаан тавлах мэт увайгүй авирлав. Гэр орон нь нураад уначих шиг... тэр байтугай орчлон ертөнц бут үсрэн будаа болох шиг болов. Тэгээд хоёул сульдан хоёр тийш харж хэсэг хэвтэн ялимгүй тайвширмагцаа
-Үерт автсан усны далан сэтэрч байна гэж чи бод лдоо. Ямар байх вэ. Дөлгөөн урсахын аргагүй биз дээ. Гэхдээ чи ч бас амаргүй байна шүү. Үхрийн олгой шар тос идчих шиг л болглчихлоо
-Чи дандаа л ямааны олгойгоор идэж байгаа юу?
-За даа, бараг л тийм дээ...
-Жаахан байзна л даа
-Чиний цээжийг ....
-Яаж байна. Хүүеэ аяар л даа.
Үүр цайх дөхжээ. Чадраа шалавхан босож хувцаслав.
-Өнөөдөр чи яана даа. Должид түүнийг ийнхүү шоолон инээв.
-Давгүй ээ. Манайх ямар цаг маг гэх биш чи л харин хэцүүднэ дээ. Нээрэн л тэгнэ дээ гэж бодов.
-Би дахиад ирж болно биз дээ
-Өөрөө л мэд. Чадраа тэднийх рүү арваад хоног сүүтгэнэв. Тийн байтал нөхөр нь хөдөөнөөс хүрээд иржээ. Мөнөөх л уян зөөлөн цалгар ч юм шиг хөдөлгөөнөөрөө дан тэрлэгийг нь тайлав. Тэгтэл нэгэн их гэмшил түүнтэй нь цуг тайлагдан тооноор нисэн одох шиг болохуйд тэсэлгүй санаа алдав.
-Яав хөө.
-Чамайгаа санажээ, их санаж. Бид хоёр одоо үртэй болох болов уу. Хол явуулчихаад санаж бэтгэрэх, холоос ирэхэд нь уралдаж үнсэх ханхар сайхан үртэй болох боловуу? Тэгж хэлүүт хэн хэн нь санаа алдав.
-Болно оо. Должид минь заавал болно. Нөхрий нь явсан орой хүн хаалгаар оролдов. Тайлаад өгвөл Чадраа муур аятай гэтсээр ороод ирсэн төдийгүй гэрийн баруун хойморт очиж бүсээ тайлах гэлээ. Должид түүн рүү очиж гараас нь баримагц
-Найз нь чамд хоол хийгээд өгөх үү гэв
-Хоолоор юухэв. Би гэртээ идчихсэн. Чамайгаа мөн ч их саналаа даа. Өнөөдөр ч би ёстой цадаж ханахгүй байхаа.
-Тэгвэл найз минь одоо яв даа. Би хүсэхгүй байна. Тэгэхэд ч хүсээгүй. Гэхдээ надад зоволн бий. Түүнийг минь нимгэлж өгсөнд чинь би баярлаж явна шүү.
-За боль доо. Чи аяв. Сэтгэл чинь тавгүй байна уу? Би одоохон тайвшруулаад өгье гээд гар нь Должидын мээмийг тэмтрэв. Тэгснээ Должидийн чимээгүй байгааг өөрийнхөөрөө ойлгон
-Хөш Должид оо, өвгөнийхөө гутлыг татаадах даа. Бушуулахгүй бол юу юугүй оройтох нь гэж шавдуулав.
-Үгүй, Чадраа чи одоо чв. Эс тэгвэл би хүн дуудна шүү.
-За боль доо. Юун маягтай юм. Би ямар тоглоом биш.
-Би ч бас охин бар биш. Намайг бүү зовоо за юу Чадраа. Хоёулаа урьдын гэмгүй сайхан танил хэвээр....
-Үгүй чи яачихваа вэ?
-Яах юу байх вэ? Сут орноороо шуугиж байхад чинь...
-Нээрэн үү? Тэгвэл ч ёстой баларлаа шүү. Чи хэнээс сонсов оо. Намын дарга мэдчихээгүй байгаа.
-Би сонсох хүнээсээ л сонссон. Гэхдээ одоохондоо бол намын дарга мэдээгүй байхаа. Энэнээс хэтэрвэл юу ч биш болно шүү.
-За за би явлаа. Гэхдээ нэгэнт ирснийх шөнө дунд хүргээд явъя.
-үгүй үгүй. Чи бушуухан яв. Чадраа жаал тээнэгэлзсэнээ сэтгэлээ барьж дийлэлгүй түүнийг тэвэрч аваад ор луу нь чирлээ.
-Хүүшээ болиоч.. Хүн дуудлаа шүү. Шагдар гуай.
Чадраа түүнийг орхиж үүд рүү санд мэнд очмогц эргэж хараад
-За яах вэ? Харамсавзай гэчихээд гарлаа.
Должид үнэхээр харамсаж билээ. Дэмий юм болов уу? гэхдээ тэр өөрийгөө ялсандаа тайван, бараг л баяртай байлаа. Түрүүн мээмий нь тэмтрэхэд яалаа. Золтой л дуу алдчихаагүй. Хэрэв тэгсэн бол өдийд өнгөрсөн. Цэвэгээс салж гэмээ нь Чадраа мөн түүнтэй суух байхдаа. За за боллоо боллоо. Тэр ч өөрийнхөөрөө би ч өөрийнхөөрөө. Тэгээд босож зургийн цомогоос Цэвэгийнхээ томоос тос зургийг сугалан авчраад тэврэн хэвтэх зуур “Намайгаа өршөө. Нэг ийм юм болох учир тавилан байсан юм байлгүй. Би чамаасаа өөр хэндээ ч ээнэгших билээ дээ” гэж шивэгнээд хэд хэд үнсчихээд хажуудаа тавьлаа. Цэвэгийн зураг өөдөөс нь инээмсэглэн ширтэнэ....
Тэгээд л хүүтэй болов. Анх удаа хөхүүлэх гэж авахдаа л бяцхан Чадраа мөнийг үзээд цочив. Дух нь мэлийгээд, яльгүй хавчиг хамар нь яг мөн, яана аа гэж сэтгэлдээ уулгалав. Харин нөхөр нь ухаангүй баярласандаа юу ч анзаарсангүй. Хүүхэд задгай байна, үүд бүү онголзуул гэж дахин дахин захидаг төдийгүй хүүгээ хумиарай, өвгөн чинь гарч тамхиа татчихаад ирье гэнэ. Ууган хоёрын насыг давахад сэтгэлийн бөөдий арилан Сэд гуай дээрээ очиж сан тавиулаад учиргүй баяраа хэлэв.Өвгөн буйлаа гарган инээж
-Аштайв дээ, охин минь. Чиний л сэтгэл онгойсон бол болох нь тэр. Өвгөн ах нь та хэддээ ухааны мэлмий хүрэх, нөмын мухар тултал хэдэн маань чадлаараа хэлж явна аа. Чи харин хэрхэхээ өөрөө л мэд гэсэн билээ. Тэр юун үг болохыг Должид мэдээгүй тул За л гэж байв. Дандаа эс ч ирж байгаарай хүүхэд минь. За за.
Гэтэл мөнөөх гайт сүүдэр хүүг яг л мөлхөж явахад туссан даа. Сумын яслид явдаг байв. Сум нэгдлийн даргын учиргүй олон албан тоот, тушаал сэлтийг нүдээ ширгэтэл ширтэн амандаа гүвтнэн цохиж суутал хаалга дархийн яслийн асрагч ороод ирэв. Бүх юм өнгөрч одсоон гээд бөртийх ч үүлгүй цэлмэсэн тэнгэр шиг тайвширсан сэтгэлд нь шуурга манасхийн босож
-Ээ чааваас... яачихав даа гээд хашгирчихлаа. Асрагч үг хэлэх гээд амаа ангалзуулсан авч чадсангүй ухасхийн гараас нь шүүрүүт үүд рүү чирвээ. Эмнэлэг дээр ирээд “Цахилгаан менингит” гэсэн цаазын илд шиг үгийг сонсоод л ухаан тавьжээ. Аймаг дээр яаж ирсэн, тэндээсээ нийслэлд юугаар яаж ирснээ ч мэдсэнгүй. Эмчийн оройтжээ гэсэн үгийг ч сонссонгүй. Юу ч сонсохгүй, юу ч харахгүй байгаа мөртлөө чухам яагаад уначихгүй, сонсоод байгаа юм шиг, хараад байгаа юм шиг байсныхаа учрыг одоо хүртэл ололгүй гайхдаг билээ. Бүх юм өнгөрч одсоны хойно ч тийм байв. Тэр үед тархи толгойд юм байсан юм уу, үгүй хоосон болчихоод байсан юм уу бүү мэд... Хүн юм ярьж байхад дув дуугүй л доошоо хараад суудаг байсан гэж хэзээ хойно нь хүмүүс хэлж байсан. Шөнө унтахгүй. Хөдлөх ч үгүй. Мэлтийтэл ширтээд л амьсгал ч үгүй болчихсон юм шиг хэвтэж байхад нь...
-Үгүй энэ чинь арай ... гэж олон удаа сандарснаа Цэвэг хожим нь ярьж билээ. Уйлах ч үгүй үг ч хэлэлгүй хоёр сар болжээ.
Хотоос дуудлагаар ирсэн мэдрэлийн эмч
-Онцын сандрах хэрэггүй. Тархи нь мэнэрсэн байна. Сайн асар, гайгүй биз гэсэн байжээ. Тийнхүү асруулсны хүчээр оюун ухаан нь буцаж ирэхдээ мөнөөх асрагчийн орж ирж байсан нь, түүний дүрлийж цочсон нүд л харагдахаас мөнөөх аймшигт менингит гэсэн үг л сонстохоос бусдыг санахгүй байлаа. Тэгж тэгж сүүлдээ бүр цөхөрч орхив. Сэд өвгөн дээр очиж оройжин уйлав. Ер тэр бол согтоод ухаан алдсан хүн мэдрэмжгүйгээр агсан тавихын адил болжээ.
-Та даанч яав дээ. Та намайг яасан муухай хуурав аа. Та бол тэр чигээрээ худал ертөнц. Энэ ертөнц бол тэр чигээрээ та. Хуурамч муу өвгөн өвгөн та өөрийнхөө алган дээр л зоос эргэлдүүлэхээс биш хүний алган дээр юу тавьсан юм бэ? Цас уу% тэр чинь хайлаад урсчихлаа, урсчихлаа. Чиний зоосны нүхээр багтаж чиний алган дээр ирэх гэж, хуурамч муу өвгөн чамд ирэх гэж би ариун нандин бүхнээ дэвсэллээ шүү дээ. Чи намайг тэг гэсэн биз дээ. Хаа байна тэр чинь гэж аашлав. Тэгээд бахардсан байжээ. Муу бүхний хорлолыг бид хоёр л үүрэх тавилантай юм байна гэсэн нэгэн гоморхолт бодолдоо бат нот итгэв. Бүх юм чиний хараалт ажлаас болов хэмээн нэгэн үе нөхрөө загнавч ажлаасаа гаръя гэхэд нь одоо өнгөрсөн гэж тас хорьжээ.
-Одоо дүүрсэн, бүх юм дууссан гэдэг болжээ. Тэгтэл хэзээ хожим өвгөн Сэд өөрөө тэднийд ороод ирэв. Тэгэхдээ сэтгэл нь юунд ч юм их л хөөрөн дэгдэгнэсэн байлаа. Зуухан дээр нь арц чимхэн шившиж уугиулаад
-Та хоёрын саад барцад энэ хорвоогоос удахгүй явах нь ээ. Өвгөн ах нь түүнийг үзлээ. Тэр зэтгэр нэг чонын соёонд шингэсэн байна, эзэн чоно нь удахгүй төрөл арилжмагц соёо нь мөн төрөл сэлгэнэ. Гэхдээ сүнс нь нэг их удахгүй эргэж биежнэ шүү. Тэр хооронд л та хоёрт хүү ирнэ. Бүр заавал хүү ирнэ. Битгий шантар, бүү цөхөр. Бие биендээ улам шадар дотно бай.Харин одоо наад дотуур дан ногоон тэрлэгээ тайлаад өг дөө. Муу өвгөнөөсөө бүү зов. Тэр чинь чонын хэвтэр болоод байна. Өвгөн нь гал руу хийчихье гэхэд нь Должид сэрдхийв.Өвгөнд биширч байсан мөнөөх бишрэл нь дахиад л амилаад ирэв.Тэгээд дээлээ тайлаад жаал тээнэгэлзсэнээ дан тэрлэгээ тайлаад өгчихөв. Өвгөн түүнийг авуут уугих арцан дээрээ эргэлдүүлэн хэд хурайлснаа гал руу хийчихээд
-Хөхөвчөө гэхэд нь цочсондоо наад цаадыг бодсонгүй тайлаад л өгчээ. Өвгөн түүнийг нь мөн гал уруу хийчихэв. Тэгээд хөх рүү нь тарнидан хоёр гурав үлээснээ толгойг нь зөөлөн зөөлөн имэрч эхлэх нь тэр.
-Бурхан минь, өвгөн яаж байнаа гэж ширвээтэн бодтол
-Нүглийг бүү ороолдуулаа охин минь, үргээж орхи гэхэд нь улам сүслэн бишрэв. Өвгөн авчирсан шилтэй рашаанаасаа алгаа норгоод хэвлийг нь илэв. Тэгснээ
-За боллоо, өвгөний нь буяны мөр ч ингээд шувтарлаа. Харин соёо эргэж биежихээс өрсөж хүүтэй болохгүй бол эзэн чоно нь ирмэгцээ л хүүг чинь бэлтрэгээ болгоод аваад явчихна шүү. Тэр цагт муу өвгөндөө битгий гомдоорой гэж хэлчихээд гараад явав. Должид гэртээ аль ч учраа олж ядан мэлэрч суухад Сэд өвгөн сумын төвийн хойхно байх гурван бэсрэг толгойн голынх нь өндөр өөд мацаж явлаа. Өвгөн ихэд уухичан зүтгээд хоёр ч удаа амарч байж орой дээр нь гарав. Эндээс орчны цэлгэр тал бүхэлдээ харагдана. Толгойн жинс мэт овооны хөлд өвгөн таягаа тавиад сөхрөн сууж амьсгаа дарлаа. Тэртээ хойно Хайрхан хэмээх их уул сүүмийн цэнхэртэж зэрэглээнд хоёр тийшээ дайвалзан зариимдаа салхи ширүүсэхэд Хайрхан уулын орой салхин аясаар тасарч одох мэт жирвэлзэх авай.
-Эй, Алтан овоо минь. Наян жил утаа үнэрлэж ижий овоо таныхаа нөмөрт амьдарлаа даа, би чинь. Уулзахын хүслэн их байвч унаа минь хүрч ирэхээ болилоо. Ижий овоо таныгаа орчлонт ертөнцийн олон овооноос буурай байлгахгүйг хичээвч чадал минь аргагүй л мөхөстлөө. Ертөнц таны их салхинд туугдан одохынхоо өмнө овоо тандаа ирэхгүй байж бас чадсангүй.Дахиад ирж чадахгүй болчихвол өвгөн намайгаа нигүүлсэн болгоогоорой доо. Бас тэнгэрийн хээлэнд орж чадахгүй болсныг минь өршөөн хэлтрүүлэхийг гуйя. Энэхүү жижиг хорвоод хоргодсон зүйл үгүй. Ганц зовлонт нэгэн охиныг орхиод явчих сэтгэлийн зай олдсонгүйг минь болгоон соёрх. Та бол орчлонгийн бүх овооны ах нь биш ч дүү нь бас биш билээ. Та нэгэн богинохон насаар үл дутах уудам ертөнцсөн дөө гэж сүслэн яриад босож таягаа тулан овоогоо тойров. Тойрох бүрийдээ нэг чулуу овоондоо өргөж явлаа. Тийнхүү ес тойроод тэсэлгүй урссан нулимсаа ханцуйгаар шудран арчуут таягаараа тэмтчин уруудлаа. Өвгөнийг сут чиглэн алхаж явахад толгойн зүүн талын нарийвтар жалганаас нэгэн чоно мөлгөр соёогоо нууж чадахаа байсан завжаа унжуулан гал нь унтарсан нүдээр сүүмийтэл ширтэн хэвтсэнээ өвгөний барааг алдармагц жалгаа уруудан тэртээд сүүмэлзэгч Хайрхан уулын зүг пөг пөг шогшин одлоо. Түүнээс хойш өвгөн Сэд сар ч бололгүй дагшин тэнгэрийн орноо заларчихав. Сүүлд нэг уулзахад сэтгэлд нь эргэлдээд байсан хэрнээ хараахан баригдаж өгөөгүй нэг их нандин үгийг хэлж амжаагүй байтал өвгөн яваад өгсөнд Должид цочирдон мэлэрч
-Яана аа, Сэд гуай нас барчихаж гэж нөхөртөө сандран дуулгавал
-Аль? Эцэг эхийн байрны нөгөө лам Сэд үү гэж хайнгахан сураглав.
-Тийм
-Зайлуул даа, гэмгүй амьтан шиг байдаг юм. Яваад өгч үү, зайлуул...
-Би тийшээ явлаа шүү
-Тэгээ тэг. Дэмбэрэлийнх нэг ат алдчихаж гэнэ. Би жаахан юм бодмоор байна.
Должид ийнхүү хэдэн өдөр өвгөнийг хөдөөлүүлэх буяны ажилд оролцохдоо “Зайлуул, надад тус болохсон гэж үнэхээр мэрийж байсан даа. Ганц баярлуулж чадсангүй” хэмээн ихэд харуусан яг хөдөөлүүлэх тэр хоромд өөрийн эрхгүй эхэр татан уйлж билээ. ...
Ингээд бодохоор энэ хоёр том хөх мөн ч ихийг үзэж дээ. Должид нэгэнтээ санаа алдаад хөхнийхөө толгойг имэрч үзвэл халбага охь галд өргөхийн адил сэтгэлийн нь тэртээ буланд нэгэн оч дүрсхийж байв. Тийнхүү биеэ ялимгүй агдагнуулан сэрээгээд уснаас гарч цайгаа чанан нөхрөө хүлээлээ.

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 21/8/08 20:50 )

Bi aztai hun yumaa shuud soyo ene ter geel...

Anonymous said... ( 21/8/08 20:59 )

Azaa uzsen yumaa.ngo Bandit-shilii sain er tei hlbootoi bhaa geel .... keke

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...