ADVENTURES OF 10G: YELLOW BUS AND YARUU

2007-08-03 uundaa бичсэн.
Матрын замыг дайран гол гатлахаар урагшаа хэмээх ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шар Автобус явсаар. Бензин дуусах болоогүй. Аккумулятор ч суух учиргүй. Аль эсвэл тоормос барихаа болихгүй. Ер нь тэгээд автобустай холбоотой элдэв муу юм болох үндэсгүй байлаа.
Харин түүн дотор сууж байгаа хүүхдүүдэд юу тохиолдох гээд байгааг чөтгөр ч гадарлаагүй байх. /чөтгөр мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлнэ л дээ/
Яруу сэрлээ. Гүн нойрноосоо гунигтайхан хагацлаа. Гайхамшигтай зүүднээсээ салах тун ч дургүй байв. Тэр дотроо зүүдээ яаж үргэлжлүүлэхээ төсөөлөн дотроо инээж байв.
Автобус зогслоо. 10г-ийнхан “матар” Баттөрын зуныхаа амралтаар дураараа хөрвөөж, бас эрвийхээрээ эрвэгнэж, ядартлаа сэгсгэнэдэг газар буудаллажээ. Баттөрын эмээгийнх ч буянтай айл байж таарч, тэд ч бас санаатай ч байж таарч, түр хашааных нь гадаа саатахдаа тараг сүү бас бус юм аваад гар хоосонгүй буцав.
Яруу зогссон хойгуур гарч цэвэр агаар амьсгалах нэрийдлээр зүүдээ санахаар оролдож байлаа. Хар цамц өмссөн манай баатар “ЯДРАВЧ БҮҮ ЯВГАН СУУ” гэдэг өвгөдийнхөө алтан сайхан сургаалыг санан, бодон, хүндэтгэн чулуун дээр суугаад зүүдээ яаж үргэлжлэх, дуусах байсныг санахыг хичээлээ. Гэхдээ тэр юуг ч санасангүй, SUNDAYSON-ий чихээр оролдсоноос бусдыг.
Бүгдээрээ хэнийг ч орхилгүй шар найз дотроо чихцэлдэн сууж, солгой нэгэн нь дуу дуулан, чалчаа нэгэн нь дуугаа хураан, сагсчид нь ДОТАчид болоод бүх хүн, зүйл орвонгоороо эргэчихсэн байлаа. Талхнууд Цэцэгдэлгэрийн чихэн дээр, Салют пуужингууд Баттогтохын өвөр дээр, пүүгээ цүнхнүүд Uundaa-ийн хөлөн доор гишгэгдэн явлаа. Энд яг Дэлхийн 3-р дайн болсон юм шиг сэтгэгдэл төрөх ажээ.
Харин Яруу унтахыг хүсэн сандлаа налан нүдээ анилаа.
Автобус удалгүй дахиад л зогслоо.Гунигт үйл явдал бидэнд тохиожээ. Цагаа олоогүй үедээ бид хөдөлжээ. Бидний очих ёстой, үзэх ёстой, мэдлэгэрхүү юм олж авах ёстой байсан ганц газар ГҮНЖИЙН СҮМ хэмээх газартаа бид очиж чадахааргүй болжээ. Өмнөх хэдэн хоногт шиврэн, хаялан, будран, асгаран орсон хайлан ууршсан ус гайтай борооны ачаар гол үерлэжээ. Гол үерлэж автобус байтугай, матар ч гатлахааргүй болжээ. Шар Автобус эргэлээ.
Хэрхэх байсныг, ямар газар байсныг, юу тэднийг хүлээж байсныг тэнгэр мэдэг.
Шар Автобус Яруу хоёрын адал явдал эхлэх гэж дүнгэнэсээр....

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...